| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 150/2025/00352/И |
| Дугаар | 208/МА2026/00011 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 208/МА2026/00011
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 150/ШШ2025/00412 дугаар шийдвэртэй
Хариуцагч Б.У******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 23,126,900 төгрөг гаргуулах тухай
Хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Миний бие М******* Ц******* нь 20** оны ** дүгээр сараас эхлэн 20** оны ** дугаар сар хүртэл олон удаагийн давтамжтай Б******* У*******ын Хаан банкны ******* данс руу мөнгө шилжүүлсэн. Б.У******* нь мөнгө зээлээч цалингийн зээл авхуулж эргүүлж төлнө, одоо нэг зээл хаачаад нэмээд төлнө гэх мэтээр авсан. 2025 оны 06 дугаар сард бүх зээлээ бүрэн барагдуулна гэж бичиг үйлдэж өгсөн боловч одоог хүртэл төлөөгүй тул Б.У******* аас үндсэн зээл болох 19,346,900 төгрөгийг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан.
20** оны 04 дүгээр сараас эхлэн 20** оны 08 дугаар сар хүртэл Б******* У******* ад нийт 23,126,900 төгрөг зээлсэн бөгөөд өмнөх өргөдөл дээрээ дутуу нэхэмжлэгдсэн тул үлдэгдэл болох 3,780,000 төгрөгийг нэмж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбартаа:
М.Ц******* ын нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Би Ц******* тай 20** оны *-р сараас эхлэн харилцаа тогтоож уулздаг болсон. Би өөрөө ганц бие, ээжтэйгээ амьдардаг бөгөөд Ц******* ын нөхөр нь Солонгос улсад олон жил болсон гэж надад хэлсэн тул уулздаг болсон. 2024 оны 6 сараас эхлэн өөрийгөө мөнгөтэй гэж тайлбарлаад намайг дуртай зүйлээ аваарай, өөрийнхөө хэрэгцээнд зарцуулаарай гэх мэтээр дансаар мөнгө шилжүүлж эхэлсэн. Би өөрөө Ц ХХК-ийн Геологи уул уурхайн хэлтэст жолоочоор ажилладаг тогтмол орлоготой байдаг. Бид хамт Сэлэнгэ аймаг, Дархан руу байнга хамт явж хоол идэж, гадуур зугаалдаг байсан нь над руу шилжүүлсэн мөнгийг хамт хэрэглэж зарцуулдаг байсан. Надад хэлэхдээ энэ мөнгийг зээлж байна дараа нь буцааж өгөөрэй гэж ганц ч удаа хэлж байгаагүй. Тухайн үедээ хэлж байсан бол би энэ их мөнгийг авахгүй, хамт зарцуулахгүй байх байсан. Учир нь би өөрөө өндөр зээл төлдөг цалингаа өөрийнхөө хэрэгцээнд зарцуулаад болгож ирсэн. Гэтэл одоо Ц******* нь гэнэт гарч ирээд энэ их мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 150/ШШ2025/00412 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 285 дугаар зүйлийн 285.1-д зааснаар хариуцагч Б.У******* аас 23,126,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ц******* т олгон,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч М.Ц******* ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,114 мянган төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У******* аас 273,584 төгрөгийг гаргуулан М.Ц******* т олгож, мөн улсын орлогоос илүү төлөгдсөн 56,530 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгон,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдэн,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдан, ...гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч М.Ц******* нь Б.У******* аас 23,126,900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “зээл мөнгө” гэж нэхэмжилсэн байна.
Хариуцагч Б.У******* нь 900,000 төгрөгийг зээлж авснаас өөрөөр мөнгө зээлээгүй бөгөөд М.Ц******* тай дотно харьцаатай байсан. Б.У******* нь “надад машин авч унаарай гэж тодорхой хэмжээний мөнгийг өгсөн ба бусад мөнгийг бид хоёр хамт амарч, зугаалгаар явахдаа үрж, хамт зарцуулсан учраас би уг мөнгийг нь төлөхгүй” гэж маргасан байна. Гэтэл анхан шатны шүүх уг мөнгийг зээлийн гэрээний харилцаа гэж хэргийн үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.
Учир нь; Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч М.Ц******* нь хэдэн сард, хэдэн төгрөгийг, хэдэн удаагийн үйлдлээр, ямар зориулалтаар хариуцагч Б.У******* ад шилжүүлэн өгсөн талаар тус бүрд нь огт дүгнэлт хийгээгүй байна, Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан 20 сая төгрөгийн өртэй, өрөө 8 сард төлж барагдуулна гэх бичиглэлтэй иргэний үнэмлэхийг канондсон бичиг баримтыг шинжлэн судлахад хариуцагч нь “би бичээгүй, хуурамч байна” гэж маргасан байхад хуульд заагдаагүй аргаар цуглуулсан нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн байна.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн бүх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт биш байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.
Жич: Хариуцагчийн өмгөөлөгч миний бие Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хэргийн материал танилцах явцад нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь хэргийг шийдвэрлэгдэж дуусчихсан, шүүхийн шийдвэр таарагдаж байхад дахин хэргийн материалтай танилцах нэрээр хэргийн баримтанд засвар, тодруулга хийх гэж байгаад өмгөөлөгч миний эсэргүүцлээр хуурамч нотлох баримт үйлдэх, хэргийн нотлох баримт засварлах зэрэг үйлдэл нь таслан зогсоогдсон болохыг дурьдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ямар үйл баримтыг тогтоолгох гэж байгаа, ямар утаснаас хэн канондоод болсон болоогүй зүйл биччихсэн байсан. Үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм байна гэж үзэж байгаа. Энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзнэ үү. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Надад мөнгө явуулахдаа огт зээл гэж хэлж байгаагүй. 900,000 төгрөг над руу явуулаад машин авахдаа нэмэрлээрэй энэ зун хоёулаа аялъя гэж хэлж байсан. Зээл байсан бол зээл гэж явуулах байсан байх. Бүх баримтаа канондоод гаргаад ирчихсэн байсан. Ямар ч тамга бичиг байхгүй. Сайханы шүүхэд хэлэхэд миний үгийг хүлээж аваагүй. Өмгөөлөгч нь хүртэл намайг шүүх дээр дарамталсан. Би авсан 900,000 төгрөгөө өгнө гэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Б.У******* аас 23,126,900 төгрөг надаас гуйж зээлээр авсан үнэн тэр баримт нь М.Ц******* миний шүүхэд гаргаж өгсөн банкны хуулга дээр тодорхой байгаа. Миний хаан банкны тоот данснаас Б.У*******ын хаан банкны ******* тоот дансанд дугаараа тавьж шилжүүлж байсан баримт нь хавтаст хэргийн 10-30 хуудсанд байгаа.
2. М.У******* нь надаас мөнгө олон удаа зээлсэн бөгөөд би шүүхэд өглөө гэхэд намайг гуйгаад чи хүрээд ир гээд гэртээ 2025 оны 03 дугаар сарын 29-нд өөрийн гараар 20 сая төгрөгийг 06 сард төлж барагдуулна гэж баталгаа гаргаж өгсөн, өөрөө худлаа яриад өмгөөлөгч нь хуурамч гэж үзэж байгаа бол М.У******* ын бичиг мөн эсэхийг шинжээч томилуулж тогтоолгох хүсэлттэй байна. Түүний 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар дээрхи гарын үсэг надад бичиж өгсөн баталгаа зэргийг шинжээч болон шүүх харьцуулж үзнэ гэдэгт итгэж байна. Түүнээс биш би түүний баталгааг өөрөө бичээгүй тул маш их гомдолтой байна. /хавтаст хэргийн 43 хуудас/
3. Би Б.У******* аас зээлсэн мөнгөө авах гэж олон удаа хөөцөлдөж сайндаж муудалцаж үзсэн. Сүүлдээ бүр цагаандаа гарч би шорон оронд явсан хуулиа сайн мэддэг, шүүхэд булайг чинь дэлгэнэ гэж ярьж мессеж бичиж өдөр шөнөгүй дарамталсан. Үүнээс болж би сэтгэл санааны хямралд орж унтаж чадахаа байсан. Надад баталгаа гаргаж өгснөөс хойш түүнийг 2025 оны 06 сар хүртэл харсан ч амласандаа хүрч мөнгө өгөөгүй тул түүнд шүүх цагдаа өглөө гэтэл янз бүрээр дарамталж хөгшин авгай банзал авгай хэлэх хэлэхгүй үгээр дарамталж, сүүлдээ би чамайг янхан болгосон бол одоо хоёр охиныг чинь янзалж янхан болгоно. Дарамталж цагдаад өгсөн өргөдлийг минь буцаалгасан. Сая шүүх дээр янз бүрээр доромжилсон бичлэг нь шүүх хурлын камер бичлэг дээр байгаа энэ шүүх хурал болсноос хойш өдөр шөнөгүй дарамталж чамайг болон 3 охин ах дүү нарт би хэн бэ гэдгийг харуулна, чи муу сумын өмгөөлөгчтэй, би бол аймгийн нэртэй өмгөөлөгчтэй чи харна. Би чамд 1000 төгрөг ч өгөхгүй. Чамайг ялаад мулт үсэргээд гараад ирнэ гэж байнга ярьж байна. Би өөрийнхөө болон 3 охиныхоо амь насыг шүүх, цагдаад тэмдэглүүлж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Тухайн үед зээл гэж бичээгүй. Ийм олон удаагийн буюу 20 гаруй сая төгрөгийг зээл биш бол шилжүүлэхгүй. Банкны хуулгуудад тодорхой байгаа. Түүнд бүгдийг нь тодруулчихсан. Зарим зүйлийг нь дутуу орхичихсон байсан. М.Г******* өмгөөлөгчийн хэлдэг үнэн. Хамгийн гол нь Б.У******* нэхэмжлэгчийг байнга дарамталдаг. ... Хавтаст хэргийн 9 дүгээр талд өөрийнх нь бичсэн тайлбар байгаа. Хэн ч хариуцагчийн гарын үсгийг зурж чадахгүй. Тодорхой нотлох баримт юм. Бид нь явалдсан, үерхсэн гэсэн зүйлийг хэлдэг ч хэчнээн өгөөмөр хүн байсан ч 20 гаруй сая төгрөг өгөхгүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй М.Ц******* ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт, хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь дүгнэж чадаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдоос нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн байх тул хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж зохих дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3.Хэргийг судлан үзвэл: Хэргийн зохигчид болох М.Ц*******, Б.У******* нар нь найз нөхөд, танилын харилцаатай бөгөөд нэхэмжлэгч М.Ц******* нь тодорхой хэмжээний бэлэн мөнгийг хариуцагч Б.У******* шилжүүлсэн, нэхэмжлэгчийн мөнгийг Б.У******* буцаан өгөөгүй өөрийн хэрэгцээнд зарцуулсан байна. Талуудын хооронд үл ойлголцол үүсэн маргалдан улмаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлдүүлсэн мөнгөө буцаан гаргуулахаар хариуцагч Б.У******* холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.У******* нь дотно харилцаатай байсан нэхэмжлэгчээс бэлэн мөнгийг санхүүгийн дэмжлэг болгон авсан талаар маргаагүй боловч нэхэмжлэлд дурьдсан хэмжээний мөнгийг буцаан өгөхгүй, 900.000 төгрөгийг л зээлдсэн, бусад мөнгийг өөрөө надад сайн дураар шилжүүлэн өгсөн, би зээлдэж авъя гээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын ихэнх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан байх ба давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж тайлбарласан байна.
4.Хэргийн үйл баримтаар: Хариуцагч Б.У нь зээлийн гэрээ байгуулаагүй, харин дотно харилцаатай байхдаа надад санхүүгийн дэмжлэг үзүүлж тусалж байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” буюу бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж,
492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус заасан.
Зохигчдын хооронд маргаан гарснаар нэхэмжлэгч түүнд шилжүүлэн өгсөн бэлэн мөнгөө буцаан шаардсаныг анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь учир дутагдалтай нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн түүний дансны хуулгаар 1 жил гаруй хугацаанд 50+ удаагийн гүйлгээгээр доод тал нь 2000 төгрөгөөс дээд тал нь 2.000.000 төгрөг нийт 23.126.900 төгрөгийг нэхэмжилснийг нийтэд нь зээлийн гэрээний харилцаа үүссэн байжээ гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зээлийн гэрээний үүрэгт зээлсэн 23.126.900 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэсэн үндэслэл болох бөгөөд давж заалдах шатны шүүхээс дээрхи хууль зүйн дүгнэлтийг хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэхтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүх зохигчдоос ирүүлсэн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой хэрэгт хамааралтай талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.
6.Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Б.У*******аас 9.509.300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ц******* олгож түүний нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.617.600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 150/ШШ2025/00412 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
“Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Б.У******* аас 9.509.300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ц******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.617.600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг:
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч М.Ц******* ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,114 мянган төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У******* аас 167.099 төгрөгийг гаргуулан М.Ц******* олгож, мөн улсын орлогоос илүү төлөгдсөн 56,530 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 269,085 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан хариуцагчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Б.ЭРДЭНЭХИШИГ
Bottom of Form