Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 00137

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч О.Баярсайхан

Шинжээч Г.Ган-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ут холбогдох 1932000000153 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1989 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, арьсан эдлэлийн загвар зохион бүтээгч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт амьдрах, *оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Оюунцэцэгийн У. /РД: */

 

           Шүүгдэгч О.У нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн № 74 тоотод байрлах өөрийн гэрийн хашаанд бэр эгч А.Огтой маргалдаж зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Уийн өгсөн…. ... 2019 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 05 цаг 30 минутын орчимд манай ээжийн бага дүү Гэрэлцогт ах сүх барьчихсан хаалга нүдээд байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд цаашаа явсан. Тэгээд би удалгүй 15 минутын дараа гарч бие засчихаад Гэрэлцогт ахын гэрээр ороод аав чинь хаана байна гэж хүүхдээс нь асуусан чинь байхгүй гэсэн. Тэгээд би гарах гээд явж байгаад тамбарт нь Ог эгчтэй таарсан. Тэгтэл Ог эгч намайг архичин авгай энэ тэр гэж элдвээр хэлэхээр нь би та өөрөө архи уусан биз дээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаад барилцаж авсан. Тэгээд бид газарт унахад миний гэдэс рүү доороос өшиглөөд байхаар нь би нүүр лүү нь хоёр удаа самардсан. Тэгээд гарыг нь бариад дээр нь дараад цагдаа иртэл байж байя гээд байж байхад Гэрэлцогт ах орж ирээд над руу дайрч намайг цохиж аваад байхаар нь би гараад явсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Иймл зүйл болсон гэх мэдүүлэг

Шинжээч Г.Ган-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ....... А.Огы биед учирсан гэмтлийн зэргийг биеэр үзэж 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр дүгнэлт гаргасан боловч нэмэлт шинжилгээ хийж 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр № 159 дугаартай дүгнэлтийг гаргасан. А.Огы биед учирсан гэмтлүүдийг үзээд хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна гэж дүгнэлт гаргасан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч А.Огы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Ут чи яагаад хүүхэд загнаад байгаа юм бэ тэр архичин ахыгаа хэлээч архи уухаараа яадаг билээ шөнөжин агсан тавьдаг биз дээ гэж хэлэхэд У чи манайх руу явуулсан биз дээ гэж хэлээд намайг алгадахаар нь чи яаж байгаа юм бэ гэхэд шууд миний толгойтой үснээс зулгаагаад миний нүүрийг маажаад гэдэс орчим өшиглөөд намайг газар унагаагаад миний дээр гарахад нь би болиоч ээ гэж хэлэхэд өмхий авгай минь үхээрэй гэж хэлсэн. Тэр болсон явдлыг манай охин Болорцом хараад уйлахад нь би миний охин цагдаа дууд гэж хэлэхэд аав гар утас аваад явсан гэж хэлсэн. У намайг зодож байгаа хирнээ гар утсаараа цагдаад дуудлага өгөөд намайг хүн зодоод байна гэж дуудлага өгч байсан. Би аллаа болиоч ээ гэж зөндөө хэлээд гэрийн гадаа хашаан дотор хашгирсан. Намайг хашгирахад манай нөхөр Гэрэлцогт сонсоод ирсэн. ... Миний эрх чөлөөнд халдсанд нь гомдолтой байна гэх мэдүүлэг /Хх-н 15-16 дугаар хуудас/

Гэрч Д.Гэрэлцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Манай эхнэр Ог аллаа гэж орилохоор нь би гэр рүү очоод хашааны хаалгаар ороход манай байшингийн үүдэнд О.У манай эхнэр Огы дээр нь суучихсан алчих нь шүү гэж хэлээд Огы толгойтой үснээс зулгаачихсан байхаар нь би очоод Уийг салгах гээд 2-3 удаа татахад тавихгүй байхаар нь наадах чинь үхлээ шүү гэж хэлэхэд таньд хамаагүй гэж хэлээд тавихгүй байхаар би мод аваад Уийн хоёр гар луу нь цохисон. Би мотоциклийн тороосоор Уийг 2-3 удаа ороолгосон гэх мэдүүлэг /Хх-н 09 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Гцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Болорцом, Ирмүүн бид гурвыг гэрт байхад хажуу айлаас цагаан өнгийн плаж өмссөн эгч орж ирээд Гэрэлцогт хаана байна гэж асуусан. Бид нар мэдэхгүй гэхэд худлаа нуугаад байгаарай мэдэж байна шүү гэж хэлэхэд гаднаас Ог эгч орж ирээд чи яагаад хүүхэд загнаад байгаа юм бэ гэж хэлэхэд хажуу айлын эгч та нар архичин янхан гэж хэрэлдээд эхлээд Ог эгчийг алгадсан. Ог эгч яагаад байгаа юм бэ гэхэд яадаг юм янхан минь гэж хэлээд өшиглөөд нүүрийг нь маажсан. Ог эгчийн нүүрнээс зөндөө цус гарсан. Нөгөө эгч Ог эгчийн үснээс зулгаагаад байж байхад гаднаас Гэрэлцогт ах орж ирээд миний эхнэрийг зодохгүй шүү гэж хэлээд хажуу айлын эгчийг зодсон гэх мэдүүлэг /Хх-н 11 дүгээр хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн № 159 ...... Дүгнэлт:

1.А.Огы биед баруун хөмсөгний дотор дээд тал, баруун хацар, дээд уруулын баруун дээд тал, зүүн хацар, цээж, зүүн гарын бугалга зулгаралт, зүүн гарын бугалга, баруун хөх, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх  /Хх-н 22 дугаар хуудас/

О.Уийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 33 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянсуудлын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 33 дугаар хуудас/

  О.У нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 52 дугаар хуудас/ зэрэг болно.

         

             Шүүгдэгч О.У нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн № 74 тоотод байрлах өөрийн гэрийн хашаанд бэр эгч А.Огтой маргалдаж зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч О.Уийн хохирогч А.Огыг цохиж зодсон үйлдэл нь  хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч О.Уийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, жирэмсэн байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 06 сарын хугацаанд 6 хувааж сард 75000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч А.Ог нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Оюунцэцэгийн Уийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Уийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.У нь 450000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Уд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН