Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 00140

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Эрхэмбаатар

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, С.Сувдаа оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х, Э.О нарт холбогдох 1832002320016 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Бямбадоржийн Х. /РД:*/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1998 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин  овогт Эрдэнэбаярын О. /РД: */

 

           Шүүгдэгч Б.Х, Э.О нар нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг Элсний ам гэх газраас НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг болох дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах үйлчилгээтэй байгалийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хын өгсөн…. ...  2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Э.О бид хоёр Мандал сумын элсний ам гэх газраас мансууруулах төрлийн ургамал түүж хэрэглэж үзэхээр очоод хоёр атга орчим хатсан ургамлыг түүсэн. Тэгээд О бид хоёр Оын гэрт очоод нөгөө ургамлаа хэрэглэж үзсэн чинь ямар нэгэн нөлөө мэдрэгдээгүй. Тэгэхээр нь ахиж хэрэглээгүй. Ямар гэмт хэрэг хийсэн гэдгээ би ухаарч ойлгож гэмшиж байна. Цаашид гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Оын өгсөн ...... 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хын хамт Мандал сумын Элсний ам гэх газраас мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгэсэн. Тэгээд манай эмээгийн гэрт ирсэн. Хын найз гэх хоёр эмэгтэй Улаанбаатар хотоос ирснийг би зам дээрээс тосч авчирсан. Тэгээд бид хэд нийлж пиво уусан. Би болсон үйл явдлыг мартсан байна. Өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч О.Хсгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэнд хамт байсан нөгөө хоёр охин болон нөгөө зүс таних залуу бас тэр зүйлээс сорж хэрэглэсэн. Би тэр зүйлээс нь хэрэглээгүй. Уг зүйлийг хэрэглэсний дараа тэр хэд сонин болоод инээд алдаад байсан. Тэнд байсан хоёр охин Укагийнд өнөө шөнө нийлээд 4 хонож байгаа, одоо буцмаар байна гэж ярьж байсан. Дараа нь намайг гадаа жорлонд сууж байхад Укагийн ах, эгч, дүү гурав нь ирсэн. Намайг жорлонгоос гараад тэднийд ороход Укагийн ах нь шалдан нүцгэн шахуу нэг охин гүйгээд гараад явчихлаа наадах чинь хөлдлөө оруулж ирээч гэхээр нь би гараад тэр хавиар хайсан чинь олдохгүй байсан. Тэгсэн чинь нөгөө гарч гүйсэн охин Үтрэмийн тэнд явсныг хүн олоод гэртээ оруулаад цагдаад мэдэгдсэн байсан. Тэгээд цагдаа нар бид нар дээр ирсэн гэх мэдүүлэг /Хх-н 31 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Хлы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд Мц бид  хоёрын ам руу нөгөө ундааны савтай зүйлээ дөхүүлээд өгөхөөр нь би түүнээс нь хоёр удаа сорсон. Тэгэхэд дахиад толгой эргээд толгой өвдөөд босохоор хөл дээрээ тогтвортой байж чадахгүй байсан. Мөн дээрээс нь би пивоноос нилээн уусан байсан болохоор согтоод зарим зүйлээ санахгүй байсан. Тухайн үед Хс уг зүйлийг сорж хэрэглээгүй. Тэгээд О бид хоёр дэлгүүр явж замын эсрэг талд байсан хүнсний дэлгүүрээс 0.75 литрийн архи аваад буцаж ирсэн. Бид хоёрын араас тун удалгүй Х 0.5 литрийн архи авчихсан орж ирсэн. Тэгээд бид 5 архиа уусан. Бид нарыг архи ууж байхад Оын ах, эгч хоёр нь орж ирсэн. Үүний өмнөхөн Мц бөөлжинө гээд гарч явсан байсан. Тэгээд Х бид хоёр Мцийг хайхаар Оын гэрээс гарч явснаа санаж байна. Цаашаа юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа дээр ирчихсэн байсан гэх мэдүүлэг /Хх-н 37 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Г.Мцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Тэгээд бид нар пивоо уугаад сууж байхад дотор муухай оргиод байхаар нь би гарч бөөлжих гээд гарч явснаа санаж байна. Тэгээд цаашаа юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд би танихгүй айлд орчихсон тэр айлын хүмүүс намайг элдвээр хэлээд байж байсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг авч явсан.... Тэдгээр залуучуудын зүгээс Хлаа бид хоёрт хүч хэрэглэж архи согтууруулах ундаа өгөөгүй. Бид хоёр өөрсдийн сайн дураар архи согтууруулах ундааг хэрэглэсэн. Мөн  мансууруулах төрлийн зүйлийг бид хоёр сайн дураараа сонирхоод хэрэглэж үзсэн. Тэрнээс биш хүч хэрэглэсэн зүйл болоогүй гэх мэдүүлэг /Хх-н 40-41 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр № 12887...... Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

3. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцид багтдаг болно.

4. Манай лабораторийн хүрээнд хамаарахгүй болно.

5. Гялгар ууттай нойтон жин нь 21 грамм байна. Цэвэр жин нь 8,8953 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 8,7538 грамм болов.

6. Манай лабораторийн хүрээнд хамаарахгүй болно гэх /Хх-н 44 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн № 12896 ....... Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн Б.Х УЦ98030433 гэж хаягласан цус, Х 2018.11.26 гэж хаягласан шээс тус бүрт спиртийн агууламж илрэхгүй байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн Х 2018.11.26 гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол, tetrahydrocannabinol илэрч байна.

3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг болно гэх /Хх-н 52 дугаар хуудас/

 Шинжээчийн дүгнэлт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн № 12898 ....... Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн Э.О МИ98070216 гэж хаягласан цус, О 2018.11.26 гэж хаягласан шээс тус бүрт спиртийн агууламж илрэхгүй байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн О 2018.11.26 гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол, tetrahydrocannabinol илэрч байна.

3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг болно гэх /Хх-н 57 дугаар хуудас/

 Шинжээчийн дүгнэлт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн № 12901 ....... Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн Б.Хл УЦ03263006 гэж хаягласан цусанд 1,4 промилли, Б.Хл 2018.11.26 гэж хаягласан шээсэнд 1,7 промилли спиртийн агууламж илэрч байна.

2. Шинжилгээнд илэрсэн 1.4 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

3. Шинжилгээнд ирүүлсэн Б.Хл 2018.11.26 гэж хаягласан шээсэнд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрэхгүй байна /Хх-н 62 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн № 12914 ....... Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн С.Мц УЦ03250161 гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй, шээсэнд 1,0 промилли спиртийн агууламж илэрч байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн Мц гэж хаягласан шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй гэх /Хх-н 67 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 3-6 дугаар хуудас/

             Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 24-26 дугаар хуудас/

            Э.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 87 дугаар хуудас/

            Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр багийн засаг даргын Э.О нь ам бүл 5, Намгийн 10 тоотод оршин суудаг гэсэн тодорхойлолт /Хх-н 89 дүгээр хуудас/

            Э.О нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 92 дугаар хуудас/

            Б.Хын оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /Хх-н 93 дугаар хуудас/

           Б.Хын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 95 дугаар хуудас/

            Б.Х нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 99 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

            Шүүгдэгч Б.Х, Э.О нар нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг Элсний ам гэх газраас НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг болох дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах үйлчилгээтэй байгалийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж хууль бусаар бэлтгэсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрч нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл нь хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Б.Х, Э.О нар нь Элсний ам гэх газраас сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах үйлчилгээтэй байгалийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж хууль бусаар бэлтгэж, хадгалсан бөгөөд уг ургамал нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт.... Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.... гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж заажээ.

Шүүгдэгч Б.Х, Э.О нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй хэдий боловч шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх боломжгүй хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр, насанд хүрээгүй этгээдэд мансууруулах төрлийн ургамлыг хэрэглүүлж бусдад түгээн дэлгэрүүлсэн байдал зэргийг нь харгалзан шүүгдэгч Б.Х, Э.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээний хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэсэн саналуудыг хүлээн авах боломжгүй байна.

            Шүүх шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн ууттай 70 грамм ургамал, цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, Бонго буюу дээд доод хоёр хэсэг газар цоолж нүхэлж нүхэнд нь 100 төгрөгний дэвсгэртийг хуйлж шургуулж гадна амсар талд нь гялгар цаас тогтоож холбосон, ёроолд нь шаргал өнгийн шингэнтэй кока кола гэсэн бичээс бүхий улаан тагтай 2 литрийн багтаамжтай ундааны сав 1 ширхэг, Сэрүүн гэсэн бичиг бүхий саарал өнгийн бөглөөтэй 2.5 литрийн багтаамжтай савттай тал пиво зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэргийн газрын үзлэгийн дуу дүрсний бичлэг бүхий Сиди 1 ширхгийг хавтаст хэрэгт үлдээх, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Сартуул овогт Бямбадоржийн Х, Боржигин овогт Эрдэнэбаярын О нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Хыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар, Э.Оыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Хт оногдуулсан 01 жилийн хорих ял, Э.Оад оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн ууттай 70 грамм ургамал, цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, Бонго буюу дээд доод хоёр хэсэг газар цоолж нүхэлж нүхэнд нь 100 төгрөгний дэвсгэртийг хуйлж шургуулж гадна амсар талд нь гялгар цаас тогтоож холбосон, ёроолд нь шаргал өнгийн шингэнтэй кока кола гэсэн бичээс бүхий улаан тагтай 2 литрийн багтаамжтай ундааны сав 1 ширхэг, Сэрүүн гэсэн бичиг бүхий саарал өнгийн бөглөөтэй 2.5 литрийн багтаамжтай савттай тал пиво зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэргийн газрын үзлэгийн дуу дүрсний бичлэг бүхий Сиди 1 ширхгийг хавтаст хэрэгт үлдээх, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Х, Э.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Х, Э.О нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, эдлэх ялыг нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

           

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН