| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00124/Э |
| Дугаар | 00129 |
| Огноо | 2019-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 00129
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Н.Улсболд
Хохирогч Б.Тя
Шүүгдэгч Б.ЦА нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдооос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.ЦА-д холбогдох 1932000000145 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хөвсгөл аймаг Мөрөн суманд 1963 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 56 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, агротехникч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдрах, * 138 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ өндөр насны тэтгэвэрт байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хотгойд овогт Баяраагийн ЦА. /РД: */
Шүүгдэгч Б.ЦА нь 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Ганзам дэлгүүрийн орчим гудамж талбайд иргэн Б.Тяг замаа харсангүй гэж цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.ЦАийн өгсөн…. ... 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нөхрийн ангийн хүүхдүүдтэй нөхөр бид хоёр нийлж архи уучихаад өөрийнхөө машинтай явж байгаад Тягийн сууж явсан машинтай манай нөхрийн жолоодож явсан машин шүргэлцсэн. Тэгээд эдний нөхөр нь Баянхангайн архичид байна гээд шар малтаад байхаар нь бид хэд маргалдсан. Тэгээд би Тягийн толгой тархи руу нь цохиж үснээс нь зулгаасан. Би цохиж зодсон буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг
Хохирогч Б.Тягийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...... 2019 оны 07 дугаар сарын 06-ны орой 21 цаг 50 минутын үед би нөхөр, эгч 2 дүү, 2 хүүхдийн хамт нөхрийн эзэмшлийн 25-20 СЭА улсын дугаартай Субару порестр маркийн машинтай төмөр замын дэлгүүрийн голын зам дээр явж байсан юм. Тэгсэн өөдөөс нэг машин урсгал сөрж орж ирэхээр нь зам тавьж өгсөн боловч хоёр машин шүргэлцсэн. Бид нарын ар талд хамт явсан машин явж байсныг бас шүргэсэн байсан. Нөхөр намайг цагдаа дуудчих гээд машинаас бууж нөгөө машины жолооч дээр очих хооронд энэ эгч хүрч ирээд намайг замаа харсангүй гээд би машин бариагүй байхад шууд толгой руу цохиж зодон үснээс зулгаасан. Машинд учирсан хохиролд үнэлгээний байгууллагаар тогтоосон 250000 төгрөгийг авсан. Хүүхдээ үзүүлэхэд 80000 төгрөг авсан. Одоо өөрийн эмчилгээнд 89948 төгрөгийг нэхэмжилж байна. Одоо толгой маш их өвдөж байна. Цаашид эмчлүүлмээр байна. Гомдолтой байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Гэрч А.Мцын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би гэрийнхэнтэйгээ өөрийн субару маркийн 25-20 СЭҮ улсын дугаартай машинтай Мандал сумын 1 дүгээр баг Ганзам дэлгүүрийн орчим явж байхад Сивик маркийн машин манай машиныг мөргөн зогссон. Тэр үед би машиныхаа аваарын дохиог асаагаад буухад нөгөө талын машинаас нэг эмэгтэй хүн буюу ЦА гэх эмэгтэй бууж ирээд манай машины жолоочийн хажуу талын суудалд сууж байсан эхнэр Тя дээр очоод замаа хардаггүй юм уу пизда минь гэж хэлээд шууд толгой руу нь цохиод авсан. Тэр үед би нөгөө машины жолооч руу очсон юм. Тэгээд ослын шалтгаанаас болоод нөгөө машины хүмүүс маргаан үүсгэж эхэлсэн. Тэр машинд сууж явсан 4 хүн бүгд согтуу байсан.... Эргээд харсан чинь манай эхнэр Тя хүүхдээ тэврээд замын хажууд байсан чулуун дээр суучихсан нөгөө машинаас анх бууж ирсэн ЦА гэх эмэгтэй манай эхнэрийг цохиж байсан. Тэгээд би цагдаа нарт хэлээд болиулсан Дараа нь эхнэртэйгээ уулзсан чинь гарыг нь маажаад толгойг нь цохиж хавдсан байдалтай байсан гэх мэдүүлэг /Хх-н 17 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн № 144 ...... Дүгнэлт:
1.Б.Тягийн биед баруун гарын бугалга, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, зүүн гарын бугуйн үений гадна хэсэгт зулгаралт, хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 22 дугаар хуудас/
Хохирогч Б.Тягийн хохирол нэхэмжилсэн баримт /Хх-н 13 дугаар хуудас/
Б.ЦАийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 37 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянхангайн 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 38 дугаар хуудас/
Б.ЦА нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 41 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.ЦА нь 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Ганзам дэлгүүрийн орчим гудамж талбайд иргэн Б.Тяг замаа харсангүй гэж цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.ЦАийн хохирогч Б.Тяг цохиж зодсон үйлдэл нь замаа харсангүй гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.ЦАийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 8 сарын хугацаанд 8 хувааж сард 62500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.Тя нь одоогоор нэхэмжлэх зүйлгүй, цаашид эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Хотгойд овогт Баяраагийн ЦАийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.ЦАийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.ЦА нь 500000 төгрөгийн торгох ялыг 8 сарын хугацаанд 8 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.ЦА нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.ЦА нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.ЦА өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН