Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 608

 

 

 

 

 

 

 

 

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

                        нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

                        улсын яллагч Н.Уранбайгаль,

                        хохирогч Г.А,

                        шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Б.Дамба,

            шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Э.Э, О.А нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903000520113 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:           

1.Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эмси” ХХК-нд засварчин ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт С дүүргийн ..... дугаар хороо, .... гудамж, .... тоотод оршин суудаг,

2011 оны 4 дүгээр сарын 25-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Э.Э, /регистрийн дугаар /,

 

2.Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашин засварчин мэргэжилтэй, Япон барааны “Наран стор” дэлгүүрийн төв агуулахад нярав ажилтай, ам бүл-3 эцэг, дүү нарын ..... дүүргийн .... дүгээр хороо, ........ тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О.А, /регистрийн дугаар/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч О.А нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны оройн 22 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Мишээл” хүнсний дэлгүүрийн хойд замд “Тоёота Приус” маркийн 58-60 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж, Э.Эгийн жолоодож явсан “Kia K-5” маркийн 86-59 УНС улсын дугаартай автомашиныг шахсаны улмаас жолооч Э.Э нь зорчих хэсгийн хажуугийн гэрэлтүүлгийн шон мөргөж, уг автомашинд сууж явсан зорчигч Г.А эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Яллагдагч Э.Э нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны оройн 22 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Мишээл” хүнсний дэлгүүрийн хойд замд “Kia K-5” маркийн 86-59 УНС улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчих хэсгийн хажуугийн гэрэлтүүлгийн шон мөргөж, зорчигч Г.А эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт “…Би Дэнжийн 1000 талаас явж байсан. 32-н тойргийн гэрлэн дохиогоор гараад 9 дүгээр дэлгүүрийн орчим явж байхад нөгөө талын урсгалаас машины гэрэл орж ирсэн. Би сандраад машиныхаа жолоог дарахад хойно “түс” хийх чимээ гарсан. Буугаад харахад машин шон мөргөсөн байсан. Урсгал сөрсөн машиныг араас ирэх байх гэж бодож байсан боловч цаашаа явчихсан. Би тухайн үед авах ёстой байсан арга хэмжээгээ авсан гэж бодож байна. Зүүн гар тал руу дарах боломжгүй байсан. Хэрвээ тормоз гишгэсэн бол энэ ослоос илүү аюултай осол болох байсан. Осол гарсны дараа Э-гийн машинд явж байсан охин нь айж сандарсан байсан. Би охиныг нь тайвшруулж түргэн тусламж болон цагдаа дуудсан. Тухайн үед “надад баярлалаа” гэж байсан боловч хэрэг шалгагдаж эхлэхэд өөр зүйл ярьсан...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 12 дугаар сарын 15-ны 22 цаг 50 минутын орчимд 32-н тойргоос 100 айл руу чигт зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байснаа толинд хартал араас нэлээн хурдтай хар утаа саагсан киа-5 маркийн автомашин ирж байхаар нь би хурдаа саан тормозон дээрээ хөлөө тавих үед эсрэг урсгалаас цагаан өнгийн марк-2 маркийн автомашин хоёрдугаар эгнээгээр ороод ирэхээр нь би жолооны хүрдээ дараад саадыг тойрон эргэж хоёрдугаар эгнээндээ орон толиндоо харахад киа-5 маркийн автомашин миний автомашины ард надаас 1 алхмын зайтай байсан. Түс хийх чимээ гараад миний автомашины араас тас хийх дуу сонсогдохоор нь би автомашинаа зогсоогоод гараад хартал КИА-5 маркийн автомашин  хашлага даваад явган хүний зам дээр байсан гэрэлтүүлгийн шон мөргөөд бүтэн эргэхдээ миний автомашины араас мөргөсөн байсан. Та яагаад хашлага даваад гэрэлтүүлгийн шон араас мөргөчхөв өө гэхэд чамайг урсгал сөрсөн автомашинаас зайлсхийхийг хараад сандраад тормосоо гишгэж чадалгүй хазаа гишгэчихлээ гэж надад хэлсэн. Охин нь толгой өвдөөд байна гэхлээр нь би автомашиндаа суулгасан. Цагдаа болон 103 руу би найзынхаа утсаар дуудлага өгсөн юм. Эхнэрийнх нь амнаас цус гарсан байхаар нь би тайвшруулсан. Нөхөр нь сандраад юу хийхээ мэдэхгүй гар нь чичрээд өөрийнхөө автомашиныг тойроод гүйгээд байсан. Би Киа-5 маркийн автомашины жолоочтой уулзаад ахаа та ямар их хурдтай явдаг юм бэ гэхэд би хөдөөнөөс хүн авах гээд яараад явж байсан юм, ахыгаа уучлаарай ах нь бүрэн даатгалтай наадахыг чинь дор нь засуулаад өгнө гээд байсан…” гэсэн мэдүүлэг /хх-42-43, 176-177/,

 

Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 12 дугаар сарын 15-ны орой хадам ээжийгээ Хайлаастад гэрт нь хүргэж өгчхөөд ажил руугаа явж байсан. 32-н тойрог өнгөрөөд 9 дүгээр дэлгүүрийн орчим мөргөлдсөн. Би 50 км/цаг орчим хурдтай явж байсан О.Аын барьж байсан машины бөгс хавьцаа явж байхад огцом гэнэт шахсан. Дохио өгөөгүй. Би тухайн нөхцөл байдалд аль болох мөргөхгүйг бодсон. Огцом шахсан учир цочоод хажуу тийшээ хашлага мөргөсөн. Машинд эхнэр, эхнэрийн дүү нар хамт явсан. Эхнэрийн биед хүндэвтэр гэмтэл учирсан. Хамгийн анхны хэргийг шалгасан мөрдөгчид гомдолтой байна. Урсгал сөрсөн машиныг хайж олох боломжтой байсан. Би ослын дараа өөрөө явж байж камерын бичлэгийг олж авсан. Камерт урсгал сөрсөн машины дугаар харагдахгүй байсан. Мөрдөгч 100 хувь чиний буруу хэргээ хүлээ гэж хандаж байсанд гомдолтой байна...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр эгнээ байраа зөв эзлэн явж байсан. Зохих хэмжээний хурдтай явсан юм. Тоёота приус 20 маркийн 58-60 дугаартай автомашин огцом 2 дугаар эгнээнээс намайг шахсан. Хойд дугуйны ойролцоо миний автомашины хамар байхад жолооч нь толиндоо ч харалгүй шахсан. Тэгэхэд би тормос гишгэсэн боловч миний автомашин зогсохгүй болохоор нь ослыг зайлуулах зорилгоор тормос гишгээд баруун гар тал руугаа дарахад хашлага даваад гэрэлтүүлгийн шон мөргөсөн. Би зогсоох арга хэмжээ хангалттай авсан…” гэсэн мэдүүлэг /хх-83-85/,

 

Хохирогч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт “…Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоос өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 15-ны орой 22 цаг өнгөрч байхад нөхөр Э болон дүү, охины хамт Киа-5 маркийн автомашинтайгаа хайлаастад аавынд оччихоод буцаад гэр рүүгээ чигтээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Мишээл хүнсний дэлгүүрийн хойд замаар баруунаас зүүн тийшээ зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байтал Тоёота Приус маркийн автомашин 2 дугаар эгнээгээр явж байснаа манай автомашиныг нэгдүгээр эгнээнээс гартал нь шахахад би автомашины урд талд сууж явсан тул нөхрөөсөө зайлах боломж байна уу гэхэд манай нөхөр авч болох бүх арга хэмжээгээ авна гэснээ шууд хашлага даваад шонгийн мод шүргэсэн. Тэгээд автомашинаасаа буугаад Приус маркийн автомашины жолоочтой уулзахад ах аа миний буруу өөдөөс автомашин сөрөөд ороод ирлээ шүү дээ гэж хэлсэн. ...Тэгээд 103 автомашин ирэхээр нь манай дүү охин бид нар гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр явсан. 2 хоногийн дараа дүүргийнхээ гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд шүд дүүшин яс хугарсан байна. Нэгдүгээр эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Тэгээд нэгдүгээр эмнэлэг дээр эмч нарын зөвлөлгөөнөөр ороод эрүү нүүрний мэс засалд орсон. Дүүшин яс шүд авах юм байна гээд нийт 8 шүд авсан. 14 хоног нэгдүгээр эмнэлэгт хэвтээд 2018.12.31-нд эмнэлгээс гарсан. Одоо өвчин намдаах эм хэрэглэж байна. Оёдол авсаны дараа яаралтай шүд суулгахыг зөвлөсөн юм. Би өөрөө эрүүл мэндийн даатгалтай болохоор эмчилгээний зардлаа 100 хувь даатгалаар хийлгэсэн болно.                                             Намайг шүд хийлгэ гэсэн болохоор шүд хийлгэх зардлаа сүүлд нь нэхэмжилнэ. Одоогоор өгөх баримтгүй...” гэсэн мэдүүлэг /хх-26-27/,

 

Гэрч Г.Отгонтуяагийн “…Би 2018 оны 12 дугаар сарын 15-ны 22 цаг 52 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Мишээл” дэлгүүрийн хойд замаар хүргэн ах Эгийн автомашинтай хайлааст орж, аавынд оччихоод буцаад явж байхад зам тээврийн осол гарсан. Би Киа 5 маркийн 86-59 УНС дугаартай автомашины жолоочийн арын суудалд сууж явсан. Эгч А жолоочийн хажуу талын суудалд сууж явсан юм. Миний сууж явсан автомашин зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байсан юм. Хажуу талаар нь хоёрдугаар эгнээгээр явж байсан Приус маркийн саарал өнгийн автомашин шууд шахаад ороод ирэхийг би хараад юу болж байна гэх зуур манай автомашины хурд саараад буцаад хажуу тийшээ дарснаа зорчих хэсэг рүү орсон. Тэгтэл манай автомашин нэг мэдсэн хашлага даваад шон мөргөсөн. ... нэг хартал хажуу талаас урсгал сөрөөд нэг автомашин ороод ирлээ гэж Приус автомашинаас бууж ирсэн залуу хэлсэн. Манай эгчийн эрүү, ам гэмтсэн. Өөр гэмтсэн хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-33-34/,

 

Гэрч Ё.Берлэкболын “…Аын найз Амаржаргалыг дэнжийн мянгаас аваад шар хад руу чигтээ явж байсан. А өөрөө бор өнгийн Приус-20 маркийн УНА улсын дугаартай автомашинаа унаад эсрэг талын суудал дээр нь би суугаад ар талд Амаржаргал суусан. Тэгээд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Мишээл дэлгүүрийн хойд замаар зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 100 айл руу чигтээ явж байтал урсгал сөрөөд марк 2 маркийн автомашин орж ирсэн. Тэгтэл А саадыг тойрон гарахаар баруун дарсан. Тэгээд тойроод гарах үед ар талаас түс хийх чимээ гарсан. Тэгээд зогсоод буугаад хартал Киа К-5 маркийн автомашин хашлага даваад, гэрлийн шон мөргөөд миний сууж явсан автомашиныг мөргөөд эргээд зогссон байсан. Приус автомашины жолооч Киа маркийн автомашинд саад учруулсан эсэхийг анзаараагүй. Лав л ард явж байснаа л араас ирээд мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-35-36/,

 

Гэрч Б.Амаржаргалын “…2018 оны 12 дугаар сарын 15-ны орой гэгээ тасарсан байхад А намайг ажлаас аваад 32-ын тойргоос зүүн тийшээ явж байсан. 22 цаг өнгөрч байсан байх А Тоёота Приус 20 маркийн 58-60 УНА улсын дугаартай автомашинаа жолоодон “Мишээл” дэлгүүрийн урд замаар зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал урд талд Марк-2 маркийн цагаан өнгийн автомашин автобусны буудал дээр хөндлөн эргэж байсан. Голын зураас бараг давах гэж байхад нь А сигналдаад хамар хэсгийг нь гаргаад цааш явж байтал түс тас хийх чимээ гарахаар нь юу болж байна гээд хартал миний сууж явсан автомашины ар хэсэг рүү автомашин шүргэх шиг болохоор нь гараад хартал Киа К-5 маркийн автомашин шон мөргөөд буцаж эргэхдээ миний сууж явсан автомашиныг шүргэсэн юм. Киа-5 автомашиныг шахаагүй, хажуу талд яваагүй, Киа-5 автомашин миний сууж явсан автомашины хойно нэгдүгээр эгнээгээр явж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-38-39/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹569 тоот актын “…Т.Агийн биед доод эрүүний түүшингийн хугарал, зүүн доод 1, баруун доод 1,2,3,4,5-р шүдний мэс заслаар авагдалт, доод эрүүний шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. …Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,

 

Техникийн шинжээчийн 110 тоот актын 1. Киа К- 5 маркийн 86-59 УНС улсын дугаартай автомашины жолооч Эрдэнэбилэг овогтой Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Тоёота Приус маркийн 58-60 УНА улсын дугаартай автомашины жолооч Осоржан овогтой А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Зам тээврийн осол гарахын өмнө урсгал сөрсөн гэх улсын дугаар марк тодорхойгүй автомашин нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэл хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-64-65/,

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-10-11/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-12/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-17, 57-58, 87/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-94, 105/, шүүгдэгч нарын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-96/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-92-93/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /180-182/  зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч О.А, Э.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудыг харьцуулан дүгнээд шүүх шүүгдэгч Э.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, СиДи бичлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс харахад тухай осол болсон гэх 2018 оны 12 дугаар сарын 15-ны оройн 22:50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Мишээл” хүнсний дэлгүүрийн хойд замд Э.Э нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэр дээрх “Киа К-5” маркийн 86-59 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон өөрийн эхнэр Г.А, түүний дүү охин нарын хамтаар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зорчин явж байжээ.

Мөн тухай цаг хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 15-ны оройн 22:50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Мишээл” хүнсний дэлгүүрийн хойд замд шүүгдэгч О.А нь “Тайгын булаг кредит” ХХК-ийн нэр дээрх Тоёота приүс маркийн 58-60 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр тус тус зорчин явж байжээ.

Гэтэл шүүгдэгч О.А нь зорчих хэсгийн 2 дугаар эгнээнээс зорчих хэсгийн 1 дүгээр эгнээ рүү шилжин чиглэл өөрчлөхдөө Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана.” Гэсэн заалтыг зөрчин зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр зорчин явж байсан Э.Эгийн жолоодон явж байсан “Киа К-5” маркийн 86-59 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг шахан мөргөлдөж, улмаар “Киа К-5” маркийн 86-59 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан Э.Э нь баруун гар тийш дарж зорчих хэсгийн хажуугийн гэрэлтүүлгийн шон мөргөж тус автомашинд зорчин явсан Г.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мөн түүний жолоодон явсан “Киа К-5” маркийн 86-59 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.745.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Ийм нөхцөл байдал тогтоогдож байхад прокуророос Э.Эг дан ганц техникийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь буруу байна.

Үүнээс гадна техникийн шинжээчийн дүгнэлтээр Э.Эг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэсэн хэдий боловч Э.Э нь хэдэн км/цаг хурдтай замын хөдөлгөөнд оролцон явсан болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байх тул дан ганц шинжээчийн дүгнэлт үндэслэн түүнийг буруутгах боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-т зааснаар техникийн шинжээчийн Э.Эг буруутгасан хэсгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч О.А нь “эсрэг урсгалаас цагаан өнгийн марк-2 маркийн автомашин хоёрдугаар эгнээгээр ороод ирэхээр нь би жолооны хүрдээ дараад саадыг тойрон эргэж хоёрдугаар эгнээндээ орон толиндоо харахад киа-5 маркийн автомашин миний автомашины ард надаас 1 алхмын зайтай байсан. Түс хийх чимээ гараад миний автомашины араас тас хийх дуу сонсогдохоор нь би автомашинаа зогсоогоод гараад хартал КИА-5 маркийн автомашин хашлага даваад явган хүний зам дээр байсан гэрэлтүүлгийн шон мөргөөд бүтэн эргэхдээ миний автомашины араас мөргөсөн байсан.” гэдэг хэдий боловч осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт зэргээс үзвэл “Киа К-5” маркийн 86-59 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуугийн гэрэлтүүлгийн шонг мөргөж улмаар бүтэн эргэж Тоёота приүс маркийн 58-60 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд хэсгийг мөргөсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин О.А нь чиг өөрчлөхдөө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс Э.Э нь О.Аын жолоодон явсан тээврийн хэрэгслийн баруун хойд хэсгийг мөргөж, улмаар баруун гар тийш даран зорчих хэсгийн хажуугийн гэрэлтүүлгийн шонг мөргөсөн гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.А нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны оройн 22 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Мишээл” хүнсний дэлгүүрийн хойд замд “Тоёота Приус” маркийн 58-60 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж, Э.Эгийн жолоодож явсан Kia K-5 маркийн 86-59 УНС улсын дугаартай автомашиныг шахсаны улмаас жолооч Э.Э нь зорчих хэсгийн хажуугийн гэрэлтүүлгийн шон мөргөж, уг автомашинд сууж явсан зорчигч Г.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Г.А, гэрч Г.Отгонтуяа, Ё.Берлэкбол, Б.Амаржаргал нарын мэдүүлэг, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжээчийн 569 тоот актын дүгнэлт, шүүгдэгч О.Аын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч О.А нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Г.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд торгох ял оногдуулах үндэслэлтэй.

 

Хохирогч Г.А нь энэ хэрэгт холбогдуулан хохирол нэхэмжлээгүй хэдий боловч тэрээр өөрт учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй.

 

Мөн шүүхээс Э.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч О.Ааас Э.Эгийн жолоодон явсан Kia K-5 маркийн 86-59 УНС улсын дугаартай автомашинд учирсан “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон 5.745.000 төгрөгийг гаргуулж Э.Эд олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч О.Аын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 36.1, 36.2, 36.3, 36.4 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2.Шүүгдэгч О.Аыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай 

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан О.А нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           

6.Иргэний хуулийн 497, 499 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүгдэгч О.Ааас 5.745.000 (таван сая долоон зуун дөчин тав) төгрөгийг гаргуулж Э.Эд (РД:)-д олгож, хохирогч Г.А нь өөрт учирсан гэм хорын хохирол болон цаашид гарсан эмчилгээний зардлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Энэ хэрэгт хураагдаж ирсэн хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ат  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                                                           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР