Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 212/МА2026/00002

 

Н.Е нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/00827 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багт оршин суух, Т**** овогт Н******* Е****** нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн [****] [*******] хаягтай У** овогт Б****** А******* холбогдох, 

 

“Зээлийн үлдэгдэл 23,600,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Ө илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч Н.Е, түүний өмгөөлөгч Х.З, хариуцагч Б.А, түүний өмгөөлөгч Я.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Миний найз болох Б.А нь надаас 28,000,000 төгрөг зээлсэн ба дараа нь зээлийн гэрээг бичгээр баталгаажуулсан. Зээлдэгч Х.А нь 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 4,400,000 төгрөгийг өгсөн.

1.2. Гэтэл үлдсэн мөнгөө хугацаандаа өгөхгүй өнөө маргааш өгнө гээд, сүүлдээ утсаа ч авахгүй яваад байхаар нь 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч зээлдэгч болох Б.А нь эвлэрэн зуучлах ажиллагаанд оролцохоос татгалзсан учир шүүхэд хандаж байна.

1.4.Иймд зээлийн гэрээний дагуу үлдсэн мөнгө болох 23,600,000 төгрөгийг зээлдэгч Б.А гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзал:

2.1. Би 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэн Н.Е бид хоёр Т******** аппликейшн дахь цахим тоглоом тоглож, олсон ашгийг хувааж авахаар амаар тохиролцон улмаар оруулсан мөнгийг хэд дахин өсгөж өгнө гэсэн хуурамч мэдээлэлд хэт итгэж, бид хоёр их хэмжээний мөнгө төгрөг алдаж санхүүгийн хохирол амссан.

2.2. Уг цахим тоглоомыг тоглох үед Б.А надад мөнгө төгрөг байгаагүй учраас иргэн Н.Е надад дөрвөн удаагийн үйлдлээр /эхлээд 200,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 1,300,000 төгрөг/ нийт 8,000,000 төгрөг зээлдүүлж цахим тоглоомын залиланг санхүүжүүлсэн болно.  

2.3. Уг цахим тоглоомыг үргэлжлүүлэн тоглож, би өөрийн нэр дээр бүртгэлтэй, унаж байгаа К**** 50 автомашинаа “Б** А***” төвд байрлалтай Е барьцаалан зээлдүүлэх төвд барьцаанд тавьж 11 сая төгрөг зээлээр авч байсан.

2.4. Иргэн Н.Е гаргасан өргөдөлд дурдсан надад цахим тоглоомыг үргэлжлүүлэн тоглоход олгосон 8 сая төгрөгийн 4.4 сая төгрөгийг амар заяа үзүүлэхгүй шахаж шаардсанаар аргагүй эрхэнд аймаг дахь “Н** К******” банк бус санхүүгийн байгууллагаас 18 сарын хугацаанд өндөр хүүтэй зээл авч төлбөр хийсэн болно.

2.5. Иймд одоогийн байдлаар Б.А би иргэн Н.Е 3,600,000 төгрөгийн өглөгтэй тул түүнийг төлж өгнө. Харин түүний илүү нэхэмжилж буй 20,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/00827 дугаар шийдвэрээр:

3.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А 23,600,000 (хорин гурван сая зургаан зуун мянган) төгрөгийг гаргуулан Н.Е олгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,950 (хоёр зуун далан таван мянган есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.А 275,950 (хоёр зуун далан таван мянган есөн зуун тавин) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Е олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд:

4.1.Анхан шатны шүүх Н.Е нэхэмжлэлтэй Б.А холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.2. Иргэн Б.А 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэн Н.Е телеграмм аппликейшн дахь цахим тоглоом тоглож, олсон ашгийг хувааж авахаар хоорондоо амаар тохиролцон улмаар үл таних этгээдийн оруулсан мөнгийг хэд дахин өсгөж өгнө гэсэн хуурамч мэдээлэлд хэт итгэж, тэд их хэмжээний мөнгө төгрөгийг бусдад алдаж санхүүгийн хохирол амссан юм. И******* цахим тоглоом тоглох үед Б.А мөнгө төгрөг байгаагүй учраас тэрээр иргэн Н.Е дөрвөн удаагийн үйлдлээр \эхлээд 200,000, дараа нь 1,500,000, дараа нь 5,000,000, дараа нь 1,300,000 төгрөг\ нийт 8.000,000 \найман сая\ төгрөг зээлж аваад уг мөнгө төгрөгийг цахим тоглоомд зарцуулсан байна. Ингээд уг цахим тоглоомыг үргэлжлүүлэн тоглож, Х.А нь өөрийн нэр дээр бүртгэлтэй, унаж байгаа Саmгу 50 автомашинаа “Б** А***” төвд байрлалтай Е барьцаалан зээлдүүлэх төвд барьцаанд тавьж 11,0 сая төгрөг зээлээр авч байсан үйл баримт явагджээ.

4.3. Иргэн Н.Е гаргасан өргөдөлд дурдсан Б.А цахим тоглоомыг үргэлжлүүлэн тоглоход олгосон 8,0 сая төгрөгийн 4,4 сая төгрөгийг амар заяа үзүүлэхгүй шахаж шаардсанаар аргагүйн эрхэнд аймаг дахь “Н** К******” банк бус санхүүгийн байгууллагаас 18 сарын хугацаанд өндөр хүүтэй зээл авч төлбөр хийсэн болно. Иймд одоогийн байдлаар Б.А нь иргэн Н.Е 3.600.000 \гурван сая зургаан зуун\ төгрөгийн өглөгтэй тул түүнийг төлж өгөхөө анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа дурджээ.

4.4. Гэтэл анхан шатны шүүх Н.Е Б.А илүү нэхэмжилсэн гэх 20.0 сая төгрөгийг төлүүлэхээр болсон явдалд гомдолтой байна. Анхан шатны шүүх уг Б.А 20,0 сая төгрөгийг төлүүлэх үндэслэлдээ Н.Е, Б.А нарын хооронд 2025 оны 3 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээг дурджээ. Хариуцагч Б.А тайлбарлаж байгаагаар уг гэрээг сүүлд Н.Е болон түүний эхнэрийн дарамт шахалтаар Б.А надтай хүчээр хуурч мэхлэн байгуулсан гэж үзэж байна. Харин бодит байдалд Б.А **** банкны дансанд уг 20,0 сая төгрөгийг Н.Е данснаас зарлагаар гарч Б.А дансанд орлогоор ирсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

4.5. Анхан шатны шүүх хариуцагч Б.А [**********] дугаартай дансны 2025.02.28-аас эхэлж 2025.05.20-ны өдөр дууссан огноотой **** банкны депозит дансны хуулгыг анхаарч үзээгүй байна. Уг депозит дансны хуулгаар Н.Е 20,0 сая төгрөгийн зарлага гарч хариуцагч Б.А дансанд 20,0 сая төгрөгийн орлого ороогүй байна.

4.6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-д заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 302\ШШ2025\00827 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан Н.Е илүү нэхэмжилсэн 20,0 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгон Б.А нь Н.Е 3,6 сая төгрөг төлөх болохыг батлах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье.

 

            5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

            5.1. Тухайн үед хувьцааны мөнгө орж байсан болохоор А********* утас нь гацаад, **** банкны аппликейшн орохгүй байгаа гэхээр би А********* явуулсан данс руу мөнгө явуулж байсан ба  200,000 төгрөгийг АТМ-ээс бэлнээр авч өгсөн. Би 2,3 ажил хийгээд мөнгө хадгалж байгаад найз охинтойгоо нийлээд 13,000,000 төгрөгийг цуглуулж, БНХАУ руу очиж, бараа авахаар явах гэж байсан өдөр гэнэт А****** надтай уулзаж  “яаралтай мөнгөний хэрэг гарлаа андаа” гэсэн  бид хоёр багаасаа найз болохоор найздаа итгэж бүх мөнгийг А*******  өгсөн. Т** өдөр хувьцаа орсноос болж **** банкны аппликейшн гацаад байсан.

 

            6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн  827 дугаар тоот шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Б.А нь цахим тоглоом тоглодог хүүхэд юм байна. Ц**** тоглом тоглоод 28,000,000 төгрөгийг алдаж, найз болох Н.Е 28,000,000 төгрөг аваад, төлж өгөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулсны дараа 4,400,000 төгрөгийг сайн дураар төлж өгсөн. Э**** хасаж тооцоход 23,600,000 төгрөгийн өглөгтэй байх нь нотлох баримтын хүрээнд тогтоогдсон.

6.2. Б.А шүүх хуралдааны шатанд мэтгэлцэхэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч барим буюу гэрээгээр нотлогдож байгаа. Иймд анхан шатны шүүх хууль ёсны буюу үндэслэлтэй шийдвэр гаргасан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

8. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв сэргээн тогтоож, Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийг оновчтой тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Н.Е нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Нэхэмжлэгч Н.Е шаардлагынхаа үндэслэлийг “...найз Б.А надаас 28,000,000 төгрөг зээлсэн ба дараа нь зээлийн гэрээг бичгээр баталгаажуулсан. Зээлдэгч Х.А нь 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 4,400,000 төгрөгийг өгсөн. Гэтэл үлдсэн мөнгөө хугацаандаа өгөхгүй өнөө маргааш өгнө гээд, сүүлдээ утсаа ч авахгүй болсон” гэж тайлбарласан бол  хариуцагч Б.А “...Н.Е бид хоёр Т******** аппликейшн дахь цахим тоглоом тоглож, олсон ашгийг хувааж авахаар амаар тохиролцон, улмаар оруулсан мөнгийг хэд дахин өсгөж өгнө гэсэн хуурамч мэдээлэлд хэт итгэж, их хэмжээний мөнгө төгрөг алдаж санхүүгийн хохирол амссан. Уг цахим тоглоомыг тоглох үед Б.А надад мөнгө төгрөг байгаагүй учраас иргэн Н.Е надад дөрвөн удаагийн үйлдлээр /эхлээд 200,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 1,300,000 төгрөг/ нийт 8,000,000 төгрөг зээлдүүлж цахим тоглоомын залиланг санхүүжүүлсэн. ...цахим тоглоомыг үргэлжлүүлэн тоглоход олгосон 8 сая төгрөгийн 4.4 сая төгрөгийг амар заяа үзүүлэхгүй шахаж шаардсанаар аргагүй эрхэнд аймаг дахь “Н** К******” банк бус санхүүгийн байгууллагаас 18 сарын хугацаанд өндөр хүүтэй зээл авч төлсөн, ... одоогийн байдлаар Б.А би иргэн Н.Е 3,600,000 төгрөгийн өглөгтэй, илүү нэхэмжилж буй 20,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

10. Анхан шатны шүүх Н.Е, Б.А нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу биш, шүүх талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааны талаар зохигчоос гаргаж өгсөн, хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.А 23,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Е олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарт тулгуурласан байна.

 

11. Нэхэмжлэгч Н.Е нь хариуцагч Б.А 28,000,000 төгрөгийг зээлдэгч Б.А заасан дансанд бэлэн бусаар шилжүүлэх замаар шилжүүлэн өгч түүнд зээлдүүлсэн, Б.А нь зээлдэж авсан нь зохигчийн тайлбар, хэргийн 2 дахь талд авагдсан зээлийн гэрээ, хэргийн 5-6 дахь талд авагдсан Н.Е **** банк дахь дансны хуулгаар тус тус нотлогдсон, үүнээс 4,400,000 төгрөгийг зээлдэгч Б.А нь зээлдүүлэгч Н.Е буцаан төлсөн нь мөн зээлдүүлэгчийн дансны хуулгаар нотлогдож байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

12. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

 

13. Нэхэмжлэгч Н.Е **** банк дахь [**] тоот данснаас 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 4,950,000 төгрөгөөр 4 удаа, 4,000,000 төгрөг, 2,441,600 төгрөгийг “А******” гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус зээлдэгчийн заасан дансанд шилжүүлсэн, хариуцагч Б.А нэхэмжлэгчид 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 4,400,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн нь баримтаар тус тус нотлогдон бөгөөд харин хариуцагчийн “бид хоёр хамтарч цахим тоглоом тоглосон, Н.Е нь тус тоглоомыг санхүүжүүлсэн, энэ талаар мэдэж байсан” гэх тайлбар хууль зүйн болон бодит үндэслэлгүй. Тодруулбал, хариуцагч энэ талаарх үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

14. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй талуудын гарын үсэг бүхий зээлийн гэрээ гэх баримтад “...Миний бие Н***** овогтой Е*** нь Б**** овогтой А******* 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 28,000,000 /Х**** найман сая/ төгрөг буцаан авах хэлбэрээр зээлүүлсэн. Үүнээс зээлдэгч Б.А нь 2025 оны 3 дугаар сарын 06-ы өдөр 4,400,000 /дөрвөн сая дөрвөн мянга/ төгрөг төлсөн. О*** үлдэгдэл 23,600,000 /Х**** гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийн үлдэгдэлтэй. Үүнийг 15 хоногийн хугацаатай буцаан төлөх гэрээтэй зээлдүүлсэн болно. Зээлдэгч Б**** овогтой А****** миний бие дээр бичигдсэн гэрээнд татгалзах зүйлгүй, зээл авсан нь үнэн болно. Мөн хугацаандаа төлөөгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.” гэжээ. 

З******** тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Н.Е нь хариуцагч Б.А 27,941,600 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлсэн байх бөгөөд тухайн үйл  баримт болох үед талууд зээлийн гэрээг бичгээр хийгээгүй нь тогтоогдож байна. Харин талууд 2025 оны 3 дугаар сарын 08-ны өдөр дээрх баримтыг үйлдэж, гарын үсэг зурсан байх ба үүгээр хариуцагч Б.А “нэхэмжлэгчээс 8,000,000 төгрөг зээлсэн, үүнээс 4,400,000 төгрөгийг төлсөн, одоо 3,600,000 төгрөг л төлнө” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

15. Иймд, нэхэмжлэгч Н.Е нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн “...шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулан Н.Е илүү нэхэмжилсэн 20 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгон Б.А нь Н.Е 3,6 сая төгрөг төлөх болохыг батлах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэсэн давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/00827 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.А, түүний өмгөөлөгч Я.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК