| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0611/Э |
| Дугаар | 617 |
| Огноо | 2019-06-21 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | О.Гэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 617
2019 6 21 2019/ШЦТ/617
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч О.Гэрэл,
шүүгдэгч Г.Х, Ч.Б, Э.Г, тэдгээрийн өмгөөлөгч А.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Буурлууд овогт Гансүхийн Х, Хатгин овогт Энхболдын Г нарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг Хатиган овогт Чоглойнамжилийн Б-г тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909003110078 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 23-нд Дорнод аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Буурлууд овогт Гансүхийн Х /регистрийн дугаар /,
2.Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 09-нд Дорнод аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Хатиган овогт Чоглойнамжилийн Б /регистрийн дугаар /,
3.Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 23-нд Дорнод аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Хатгин овогт Энхболдын Г, /регистрийн дугаар /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Х, Э.Г нар бүлэглэн 2018 оны 3 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон 4 /эр/ хүрэн баавгайн гаралтай 7 ширхэг сарвуу болох түүхийн эдийн зүйлийг өөрийн гэртээ болон 5453 ДОА улсын дугаартай Тоёота кроун маркийн тээврийн хэрэгсэлд хадгалж, тээвэрлэн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сан (SUN) гэх зочид буудлын гадна яллагдагч Ч.Бд худалдан борлуулах зорилгоор өгсөн гэмт хэрэгт,
Яллагдагч Ч.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 501 дүгээр байрны гадна өөрийн эзэмшлийн 61-06 УБЛ улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон 4 эр хүрэн баавгайн гаралтай 7 ширхэг сарвуу болох түүхийн эдийн зүйлийг худалдан борлуулах зорилгоор хадгалж, тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
шүүгдэгч Г.Х шүүх хуралдаанд “...Тухайн эд зүйлийг 2 жилийн өмнө манайд 2 хятад авч ирсэн. Би тэр үед гэртээ байгаагүй. Намайг ирсний дараа манай хүн ийм зүйл байгаа, тэмээн тавхай гэсэн гэж хэлсэн. Манай аавын хөлдөөгчид тухайн зүйл байсан. Хавар нь гаргаж ирээд үзэхэд баавгайн савар байсан. Эхнэр Бтай яриад зарах тухай хэлсэн. Худалдан авах хүн оллоо гэсний дагуу бид 2 хотод ирээд хэрэгт холбогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Улаанбаатар хот руу манай эхнэр Ч.Бтай яриад баавгайны сарвууг зарах гэж байна, авах хүн байна гэнэ, цуг явъя гэж хэлээд хамт явсан. Баавгайн сарвууг зарах зорилгоор авч явсан. Тэр баавгайны сарвууг хоёр хятад хүн 2 жилийн өмнө манайд үлдээсэн. Манайд яг үлдээх үед нь би байгаагүй, тэмээний тавхай гэж л хэлж байсан сүүлд баавгайны сарвуу болохыг нь мэдсэн…” гэсэн мэдүүлэг /1хх-180-183/,
шүүгдэгч Э.Г шүүх хуралдаанд “...2017 оны 11 дүгээр сард Далай гээд Өвөрмонгол хүн 1 хятад хүнтэй хамт манайд ирсэн. Улаанбаатар орчхоод буцахдаа манайхаар ороод гарсан. Явахдаа бид 2 энэ шуудайтай зүйлийг үлдээе, эргэж ирж авна гэж хэлээд явсан. Надад хэлэхдээ тэмээн тавхай гэж хэлсэн. Явснаас нь хойш хэсэг хугацааны дараа утсаар ярьж энэ зүйлээ авах юм уу гэхэд авна хөлдөөгөөд байж байгаарай гэж хэлсэн. Би хадгалж байгаад хавар дулаан ороод гэсчих вий гэж бодоод задалж үзтэл баавгайн савар байсан. Далай хавар яриад тухайн зүйлийг зараад мөнгө явуулах боломж байна уу гэхээр нь би өөрийн найз Солонгоогоос асуусан. 1 дүгээр сарын 11-нд яриад хүн олчихлоо аваад ирээ зарж борлуулж өгье гэж хэлэхээр нь хотод ирсэн...” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…11 дүгээр сарын үед манай хадам аав хөлдөөгчөө авна гэхээр нь манай нөхөр бид хоёр дахин гаргаж ирээд 8 ширхэг баавгайн сарвуу байгааг нь мэдээд сарвууг нь ялгаад хоёулаа зарж хэдэн төгрөг болгоё гэж ярилцаад 12 дугаар сарын эхээр би найз Солонготойгоо утсаар яриад ийм зүйл байна зарж болдог юм болов уу хэдэн мөнгө болгох гэсэн юм. Тэгтэл Солонго нөхөртэйгөө ярьж байж больё гэсэн. Тэгээд нөхөр нь над руу өөрөө залгаад ямар юм байгаа юм бэ гэж асуусан тэгээд би 7-8 сарвуу байна гэж хэлсэн. Б хүнээс асуугаад эргээд хариу хэлье гэж хэлсэн. Тэгтэл 01 дүгээр сарын 17-ны өдөр найз нь хүн олсон та хоёр аваад ирэх үү, нэг ширхэг нь 400,000 төгрөгөөр зарахаар болсон болох уу гэж асуусан. Тэр үед нь нөхөр бид 2 зөвшөөрөөд маргааш нь хот руу гарч ирсэн юм…” гэсэн мэдүүлэг /1хх-193-196/,
шүүгдэгч Ч.Б шүүх хуралдаанд “...Он сарыг нь сайн санахгүй байна. Манай эхнэр Солонготой Г холбогдож зарж өгөөч гэж утсаар ярьсан. Би “Монгол чулуу” гэсэн группт хөөрөг хийж зардаг байсан. Тэр группт баавгайн савар зарна гэсэн зар тавьсан. Тэрний дагуу нэг хүн худалдаж авъя гэсэн. Худалдаж авах хүн нь цагдаа байсан юм билээ. Тэгээд цагдаад баригдсан...” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2019 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 11 цагийн үед техникийн зах орж машин зарахаар өөрийн хоёр найзтай тохирсны дагуу гэрээсээ гараад замаасаа дэнжийн мянгаас Эрдэнэбаяр гэх найзыгаа аваад Баянзүрх захын орчмоос Эрдэнэбат гэж найзыгаа аваад техникийн зах явах замдаа 805-р ангийн урд орчмоос зочид буудлын гаднаас Г гэх Дорнодоос ирсэн эмэгтэйгээс 7 ширхэг баавгайн сарвуу авсан. Тэгээд цаашаа техникийн зах явсан. Тэнд машин тэрэгний үнэ ханш судлаад техникийн захаас хөдлөхдөө баавгайн сарвуу худалдан авна гэсэн хүнтэй утсаар ярьсан. Тэгтэл нөгөө хүн дэнжийн мянгад уулзъя гэсэн. Замдаа сансрын тойрог дээр Эрдэнэбатыг буулгаад цаашаа дэнжийн мянга явсан Тэгээд дэнжийн мянгад иртэл дээшээ хүнсний зах хүрдэг зам түгжрээ ихтэй байсан тул буцаж эргээд зам дээр түр зогсоод Эрдэнэбаярыг тамхи аваад ир гэж хэлээд Эрдэнэбаяр ширхгийн тамхинд явсан хойгуур би нөгөө худалдан авагчтайгаа дахин ярьсан. Худалдан авагч дээшээ өгсөж байна түгжрээ ихтэй байна гэж хэлсэн тэгээд яг авах хүн нь Хангай хотхонд байгаа гэж хэлсэн. Тэгээд би машины түлхүүрээ Эрдэнэбаярд өгөөд намайг утсаар ярихаар араас хүрээд ирээрэй гэж хэлээд алхаад явсан би нөгөө хүний машинд суугаад хангай хотхон орсон Хангай хотхон дээр очоод Эрдэнэбаярыг дуудсан Эрдэнэбаяр миний машиныг аваад араас унаад ирсэн. Тэгээд нөгөө худалдан авагч нь ирээд баавгайн сарвууг үзье гэсэн. Тэгээд машин багажид байсан сарвуугаа үзүүлсэн. Тэгтэл цагдаа байна гэж хэлсэн тэгээд баригдсан…” гэсэн мэдүүлэг /1хх-157-160/,
хохирогч Ц.Цолмонбаатарын “…Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтыг гаргаж баталж 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын 23 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний дагуу эр баавгай 6.500.000 төгрөг, эм нь 7.500.000 төгрөг гэж тооцохоор байгаа. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шинжилгээ хийгдсэн 7 ширхэг хүрэн баавгайн сарвуунд хийсэн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/57 дүгнэлттэй уншиж танилцахад 4 эр нас бие гүйцсэн хүрэн баавгай байсан, мөн Монгол орны хэмжээнд элбэг тархацтай саарал чонын гаралтай түүхий эдэд хийсэн шинжилгээгээр 7 бодгаль бөгөөд эр бодгаль 6, эм бодгаль 1 бүгд нас бие гүйцсэн болох нь тогтоогдсон. Саарал чонын амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодьгал 510.000 төгрөг, эм бодгаль 600.000 төгрөг байдаг. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т экологийн үнэлгээг нөхөн төлүүлэхдээ 2 дахин нэмж өсгөж тооцохоор заасан байдаг. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн амьтныг агнасан, барьсантай адилтган төлүүлнэ…” гэсэн мэдүүлэг /1хх-48-50/,
гэрч Ю.Эрдэнэбатын “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “...тэгээд тэндээсээ буцах замдаа зүүн зүг рүү явах чиглэлд КТМС-ийн автобусны дараагийн буудлаар урагш эргээд улаан тоосгон 4 давхар зочид буудлын гадаа очиж зогссон. Тэгээд Б буугаад 30 гаран насны, цагаан өнгийн годон гутал, хар өнгийн трикотой, хар өнгийн шубэн маягийн үслэг хувцас өмссөн эмэгтэй хүнтэй уулзсан. Б тэр эмэгтэйтэй уулзаж 10 орчим минут болсон байх буцаж ирэхдээ цагаан өнгийн шуудайтай эд зүйл болон хар өнгийн хайрцаг, гялгар уутанд хийсэн сүүний өрөм барьчихсан ирээд машиныхаа багаажийг онгойлгож хийсэн. ...тэгээд удалгүй цагдаа ирээд үнэмлэх бичиг баримтаа үзүүлээд хориотой ангийн наймаа хийх гэж байна гэж ярьсан. Тэгээд цагдаа нар Баттулгын машины багажийг онгойлгож үзлэг шалгалт хийхэд өдөр Баттулгын хүнээс авсан шуудайг нээхэд баавгайн савар гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-62-65/,
Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн баавгайн 7 ширхэг сарвуу, хоншоорын хэсэг нь хүрэн баавгай (Ursusarctos)-н дөрвөн бодгальд хамаарах бөгөөд бүгд эр бодгалиуд болохыг хүйс тодорхойлох шинжилгээгээр тодорхойлов. ...Сарвуунд хэмжилт хийж үзэхэд бие гүйцсэн бодгалиудынх болно. …Хүрэн баавгай (Ursusarctos) нь ховор зүйл бөгөөд ...Экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд үнэлснээр эр бодгаль 6.500.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-110-115/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-3-6, 87-89/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-7-10, 14-15, 90-94/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-11-13, 19-23/, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-24-31/, “ДАМНО” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-78, 81/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-243, 244, 245/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-247, 248, 249/, Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /2хх-1-4/, Амьтан аймагт учруулсан хохирлын тооцоо /2хх-59/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /2хх-60-63/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Г.Х, Э.Г нар бүлэглэн 2018 оны 3 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон 4 /эр/ хүрэн баавгайн гаралтай 7 ширхэг сарвуу болох түүхийн эдийн зүйлийг өөрийн гэртээ болон 5453 ДОА улсын дугаартай Тоёота кроун маркийн тээврийн хэрэгсэлд хадгалж, тээвэрлэн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сан (SUN) гэх зочид буудлын гадна яллагдагч Ч.Бд худалдан борлуулах зорилгоор өгсөн,
Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 501 дүгээр байрны гадна өөрийн эзэмшлийн 61-06 УБЛ улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон 4 эр хүрэн баавгайн гаралтай 7 ширхэг сарвуу болох түүхийн эдийн зүйлийг худалдан борлуулах зорилгоор хадгалж, тээвэрлэсэн болох нь дээр дурьдсан хохирогч Ц.Цолмонбаатар, гэрч Ю.Эрдэнэбат нарын мэдүүлэг, ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Г.Х, Э.Г, Ч.Б сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Г.Х, Э.Г нарын бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалтад орсон 4 эр хүрэн баавгайн гаралтай 7 ширхэг сарвуу болох ховор амьтны түүхий эд зүйлийг Дорнод аймаг дахь өөрийн гэртээ хадгалсан, мөн 5453 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт байрлах “САН” /SUN/” нэртэй зочид буудлын гадна яллагдагч Ч.Бд худалдан борлуулах зорилгоор өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу ховор амьтны түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан гэмт хэргийн шинжийг агуулсан, прокуророос тэдгээрийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл,
мөн шүүгдэгч Ч.Баттулгын Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалтад орсон 4 эр хүрэн баавгайн гаралтай 7 ширхэг сарвуу болох ховор амьтны түүхий эд зүйлийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг 501 дүгээр байрны гадна өөрийн эзэмшлийн 6106 УБЛ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд худалдан борлуулах зорилгоор хадгалж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг агуулсан, прокуророос түүний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тус тус тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Х, Э.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ч.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Х, Э.Г, Ч.Б нарын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн тэдгээрийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзаж, шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.
Шүүх шүүгдэгч Г.Х, Э.Г, Ч.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсгүүдэд заасан үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заажээ.
Хэрэгт авагдсан Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр 1 эр бодгаль хүрэн баавгай нь 6.500.000 төгрөгийн үнэлгээтэй байх бөгөөд 7 ширхэг бүрэн баавгайн сарвуу нь 4 бодгальд хамаарна гэсэн байх тул Амьтны тухай хуульд заасны дагуу 2 дахин өсгөж тогтооход дээрх 7 ширхэг бүрэн баавгайн сарвуу нь нийт 52.000.000 төгрөгийг үнэлгээтэй болж байх тул шүүгдэгч тус бүрээс 17.333.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэх нь зүйтэй хэдий боловч шүүгдэгч Г.Х, Э.Г нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус бүр 1.000.000 төгрөгийг төлсөн байна.
Иймд шүүгдэгч Ч.Бас 17.333.333 төгрөгийг, шүүгдэгч Г.Х, Э.Г нараас тус бүр 16.333.333 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Үүнээс гадна шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Тоёота кроун маркийн 54-53 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн Приус 30 маркийн 6106 УБЛ улсын дугаартай хэрэгслүүдийг улсын орлого болгох нь зүйтэй хэдий боловч Тоёота кроун маркийн 54-53 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Бичил глобус финанс ББСБ ХХК”-ийн эзэмшилд, Приус 30 маркийн 6106 УБЛ улсын дугаартай хэрэгсэл нь “Тайгын булаг кредит ХХК”-ийн эзэмшилд байх тул уг автомашиныг үнэлсэн хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон үнийн дүнг шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгө орлогоос хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч Г.Х, Э.Г нараас тус бүр 2.000.000 төгрөг, шүүгдэгч Ч.Бас 13.000.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр тогтов.
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийн үнийг тэдгээрээс гаргуулж шийдвэрлэсэн тул JKS1750003339 арлын дугаартай Тоёота кроун маркийн 54-53 ДОА улсын дугаартай автомашин, мөн ZVW305102873 арлын дугаартай Приус 30 маркийн 6106 УБЛ улсын дугаартай автомашинуудын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг Автотээврийн үндэсний төвөөр захиран, зарцуулах, шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарлах прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгох нь олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон 4 /эр/ хүрэн баавгайн гаралтай 7 ширхэг сарвуу болох түүхий эдийн зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу шийдвэрлэхийг Байгаль орчин, Аялал жуулчлалын яаманд даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Б, Э.Г, Г.Х нь энэ хэрэгт тус бүр 2 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хатгин овогт Энхболдын Г, Буурлууд овогт Гансүхийн Х нарыг ховор амьтны түүхий эд зүйлийг хадгалсан, худалдсан, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Хатиган овогт Чоглойнамжилийн Б-ыг ховор амьтны түүхий эд зүйлийг хадгалсан, худалдсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Э.Г, Г.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан мөн хуулийн ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар,
Шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй
3.Шүүгдэгч Ч.Б, Э.Г, Г.Х нарыг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, мөн зүйлийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг” хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т тус тус зааснаар шүүгдэгч Ч.Бас 17.333.000 төгрөг, шүүгдэгч Э.Ггаас 16.333.3333 төгрөг, Г.Хаас 16.333.3333 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хаас 2.000.000 төгрөг, Э.Ггаас 2.000.000 төгрөг, Ч.Бас 13.000.000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6.Энэ хэрэгт прокурорын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №176 дугаар зөвшөөрлөөр Автотээврийн үндэсний төвөөр захиран зарцуулах, шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарлах прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон 4 /эр/ хүрэн баавгайн гаралтай 7 ширхэг сарвуу болох түүхийн эдийн зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу шийдвэрлэхийг Байгаль орчин, Аялал жуулчлалын яаманд даалгасугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Б, Э.Г, Г.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР