Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 212/МА2026/00003

 

 

М.Ж нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 302/ШШ2025/00765 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн [****] [*******] хаягтай Ш********* овогт М****** Ж********** нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн [****] [*******] хаягтай Ш*****  овогт Х****** Ш***** холбогдох,

 

“Нэхэмжлэгч М.Ж [****] сумын 1 дүгээр баг Х*** арал буюу Б*******-4, [**] [*******] хаягт байрлах, нэгж талбарын [**********] дугаар бүхий 1148 м.кв эзэмшлийн газрын баруун талд байршилтай хариуцагч Х.Ш зөвшөөрөлгүй блокоор барьсан амбаар, баруун хойд буланд хураасан төмрийн хаягдлуудыг болон эзэмшил газрын зүүн талд байршилтай төмрөөр хийгдсэн вагончикийг тус тус албадан нүүлгэх, мөн эзэмшил газрын баруун талын захад байршилтай өөрийн эзэмшлийн амбаарын баруун талын үзүүрээс зүүн тал руу эгц 15 метр, хашааны хаалганы урьд баруун талын босгоноос хойд тал руу эгц 16 метр газарт тус тус хашаа татахад саад хийхгүй байхыг хариуцагч Х.Ш үүрэг болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч М.Ж, түүний өмгөөлөгч Я.С, хариуцагч Х.Ш, хариуцагчийн өмгөөлөгч С.А, хэлмэрч, орчуулагч М.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Миний бие Баян-Өлгий аймгийн [****] сумын ***** баг, Х*** арал буюу Б*******-4, [*******] хаягт байршилтай 1148 м.кв газрыг [****] сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16/тоот захирамжаар 38 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-[**********] дугаарт бүртгэж, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Түүнчлэн уг газарт 120 м.кв талбайтай миний өвлийн сууц, амбаар байдаг. Миний эзэмшлийн хил залгаа иргэн Х.Ш хувийн өвлийн сууц байдаг. Харин миний эзэмшлийн газар дотор Х.Ш өмчлөлийн амбаар, вагончик байрладаг. М.Ж би өнгөрсөн хугацаанд Х.Ш хандаж, “миний эзэмшлийн газраас амбаар, вагончикийг нүүлгэж аваарай би шинээр байшин барих гэж байна, түүнчлэн би өөрийн эзэмшлийн газрыг зааг шинээр хашаа татна.Та саад болж болохгүй байгаарай” гэж олон удаа хэлсэн боловч тэр миний шаардлагыг хүлээн авахаас татгалзсан.

1.2. Түүнчлэн Х.Ш нь М.Ж миний эзэмшлийн хашаан дотор хог үнс хаях, нохой барих зэргээр орчныг маш их бохирдолтой байдалд хүргэж байна. М.Ж миний одоо амьдарч байгаа өвлийн сууцыг 1990 онд аав ээж барьсан, одоо маш их элэгдэн хуучирсан, хүйтэн байдаг бөгөөд цаашид хүн амьдрах боломжгүй байдалтай байгаа. Тиймээс би өөрийн эзэмшлийн газарт шинээр өвлийн сууц барих зорилготой байна.

1.3. Гэтэл миний өвлийн сууц шинээр барих газарт Х.Ш амбаар, вагончик байгаа нь маш их саад болж байна. Н**** талаас миний бие өөрийн эзэмшлийн газрын заагт шинээр хашаа татаж авъя гэхэд бас л Х.Ш саад хийж бариулахгүй байна.

1.4. Иймд миний [****] сумын 1 дүгээр баг Х*** арал буюу Б*******-4, [**] [*******] хаягт байрлах, нэгж талбарын [**********] дугаар бүхий 1148 м.кв эзэмшлийн газрын баруун талд байршилтай хариуцагч Х.Ш зөвшөөрөлгүй блокоор барьсан амбаар, баруун хойд буланд хураасан төмрийн хаягдлуудыг болон эзэмшил газрын зүүн талд байршилтай төмрөөр хийгдсэн вагончикийг тус тус албадан нүүлгэх, мөн эзэмшил газрын баруун талын захад байршилтай миний эзэмшлийн амбаарын баруун талын үзүүрээс зүүн тал руу эгц 15 метр, хашааны хаалганы урьд баруун талын босгоноос хойд тал руу эгц 16 метр газарт тус тус хашаа татахад саад хийхгүй байхыг хариуцагч Х.Ш үүрэг болгох тухай шийдвэр гаргаж өгнө үү.

 

2. Х*********** хариу тайлбар, татгалзал:

2.1. Миний бие гэр бүлээрээ энэ маргаантай гэх газарт 2007 оны 4 дүгээр сард нүүж ирснээс хойш нийт 19 дэх жилдээ амьдарч байна. Энэ хугацаанд эхнэр нас бараад 5 жил болж байгаа бөгөөд одоо хоёр хүүхдийн хамт амьдардаг. Миний бие **** банкны Баян-Өлгий салбарын 2007 онд [****] сумын 1 дүгээр багт байдаг 1175 м.кв талбайтай газар, үл хөдлөх хөрөнгийн худалдана гэсэн зарын дагуу зар өгсөн **** банкны холбогдох албан тушаалтантай очиж уулзахад тэд [****] сумын 1 дүгээр багийн иргэн М****** Х****** гэгч [****] сумын 1 дүгээр багт байршилтай 1175 м.кв талбай бүхий газар, мөн газарт баригдсан 120 м.кв талбайтай байшинг хамтад манай банканд барьцаалж 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 347 дугаартай гэрээ хийж манай банкнаас сарын 2,9 хувийн хүүтэй 1,800,000 төгрөг зээлдэн авсан боловч М.Х гадаад улс руу оргон төлбөр зээлээ төлөхөөс зайлсхийж тус банкийг хохироосон тул бид барьцаалсан хөрөнгийг нь худалдаж байгаа юм гэж хэлснээр миний бие уг газар, байшинг авахаар тохирч 2007 оны 4 дүгээр сард М.Х бүх төлбөрийг банканд төлж өгч дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг авсан.

2.2. Энэхүү 1175 м.кв талбайтай газар шинээр одоогийн блок хашааг барьж босгосон бөгөөд хашаан тодор амьдарч буй өвлийн сууцыг шинээр барьж гүний худаг ухаж ашиглаж амбаар гараашийг 2008 онд, бусад үл хөдлөх хөрөнгүүдийг барьж босгосон. Энэ хашаанд 18 жил амьдарч эдгээр барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгө барьж ашиглаж байхад М.Ж болон гаднын хэн нэг нь манай хашаанд Ш**** гэгч нь ирж газрыг минь ухаж үл хөдлөх хөрөнгөд маань халдлаа гэж гомдол гаргаагүй байна. Харин М.Ж нь дээрх 1175 м.кв талбай бүхий газраас Х.Ш албадаж нүүлгэж өг гэж тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ш***** холбогдох нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг анхан болон давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэсэн боловч Улсын ДЭЭД Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхээс анхан болон давж заалдах шатын шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183 дугаартай тогтоолоор магадлал болон шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

2.3.Нэхэмжлэгч М.Ж болон түүний төрөл гэх Я.С нь 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улсын ДЭЭД Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 183 дугаартай тогтоолыг уншиж танилцсаны дараа ялагдахаа мэдээд Х.Ш надтай дотночилж ярилцаад тухайн үед М.Ж гэрт эмээ А**** нь байсан болохоор тэдний хүсэлтээр 1175 м.кв газрыг адил хэмжээгээр тэнцүү болгож хувааж авахыг санал болгож харилцан зөвшөөрснөөр нэхэмжлэгч М.Ж нь тус шүүхэд 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өгсөн 1175 м.кв газраас Х.Ш нүүлгэн зайлуулах, албадан нүүлгэж өгнө үү гэсэн шаардлагатай нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг. Энэ талаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 375 дугаартай шүүгчийн захирамж гарсан ба одоо хүртэл хуулийн хүчин төгөлдөр болно. Гэтэл уг 1175 м.кв газрыг М.Ж бид хоёр хувааж авах ёстой байтал одоо хүртэл тохироогүй шалтгаан нь Ж******* элдэв маргаан ярьж, хүч түрэмгийлсэн тул миний бие газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж олон жил хөөцөлдсөн бөгөөд Г***** алба, аймгийн Засаг даргад хүртэл, бүр сүүлд нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан.

2.4.Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацааны эцсийн хугацаа 10 жил болсон бөгөөд 1175 м.кв хэмжээтэй газрын маргаан нь 2007 оноос 18 жил явж ирсэн боловч тус шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 375 дугаар шүүгчийн захирамжаар эцэслэн шийдвэрлэсэн байдаг ч М.Ж миний газар ашиглах өмчлөх эрхэд халдаж өдий хүрсэн. О******* байдлаар миний бие 1175 м.кв талбайтай газрыг тойруулсан өөрийн хөрөнгөөр блокон хашаа татаж, мөн хашаан дотор 13 метрийн гүний худаг ухаж дотор, гадаргууг нь бүрж босгон янзалсан бөгөөд эдгээр ажлыг хийгээд 14 жил болсон ч М.Ж ямар ч хөрөнгө мөнгө туслалцаа болоогүй. Мөн миний бие энэ 18 жилийн хугацаанд хуучин олон жил болсон нурах дөхсөн байсан байшинг 2013 онд бүрэн нурааж одоогийн сууж байсан байшинг 8 өрөө тасалгаатай болгон барьж шинэчлэн одоо тэнд амьдарч байна.

2.5.Миний бие тус шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр О*** жилийн хугацаанд маргасан гэр бүлийн зориулалтын 1175 м.кв газрыг Х.Ш, М.Ж бид хоёрт тэнцүү хувааж өгөхийг хүсье гэж нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 802/ШЗ2025/00424 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ү******* нь Газрын тухай хуулийн 21, 22, 27 дугаар зүйлүүдийн холбогдох заалтууд 21.4.5, 22.1, 27.1-ийг дурдаж газрын тухай маргааныг орон нутгийн Засаг дарга шийдвэрлэхийг хуульчилсан, урьдчилан шалгуулаагүй, шийдвэрлүүлээгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэсэн байна. Энэхүү шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан [**] тоот захирамжийг үндэслэн аймгийн Засаг дарга Е.З өмгөөлөгчийн хамтаар Г***** маргааныг урьдчилан хянан шалгаж шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт гаргахад Засаг даргын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Б [****] сумын Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 82 дугаартай захирамжаар М.Ж, А.А, М.Р, М.Х нарт уг маргаан бүхий газрыг эзэмшүүлжээ гэсэн хариуг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 8-03/488-[**] тоот хариу хүргүүлэх албан бичгээр өгсөн.

2.6. Ер нь 1175 м.кв газраас намайг албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч М.Ж татгалзаж байсан тухай тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 375 дугаартай захирамж одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Уг захирамжид: Иргэн М.Ж, М.М бид шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна. Х.Ш албадан нүүлгэх шаардлагагүй гэж үзэж байна. Б***** татгалзсанаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. Энэ асуудлаар дахин гомдол гаргахгүй гэж гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх М.Ж нарын [****] сумын 1 дүгээр багт оршин суух Х.Ш албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж тусгасан байгаа. Тиймээс 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тус шүүхийн 375 дугаартай захирамж нь бидний маргаад буй 1175 м.кв хэмжээтэй газрын маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн хамгийн сүүлчийн болох хүчин төгөлдөр болсон шийдвэр мөн болно. Энэ захирамж гарсны дараа М.Ж бид хоёр газрын албанд очиж газрыг адил тэгш тэнцүү хэмжилт хийлгэж байгаад хувааж авъя гэж тохирсон байсан ч нэг хэсэг зав гаралгүй явж байснаа сүүлд нь би хэд хэдэн удаа газрын албанд очиж хүсэлт тавихад М.Ж очихгүй гэж сүүлдээ маргаан гаргаж байснаар бид газрын өөртөө оногдох хэсгийг хуваан авч чадаагүй болно.

2.7. Гэтэл М.Ж надад мэдэгдэхгүйгээр газрын гэрчилгээ авсан гэж надад  хэл ам гаргаж асуудал үүсгэснээр би анх шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийг маань хүлээн авахаас татгалзсан. У***** Засаг даргын зүгээс урьдчилан шалгуулсан үед М.Ж энэ тухай дуулж мэдээд өмгөөлөгч авч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Т****** гадна М.Ж нь намайг уг газраас хөөж туухаас гадна одоо миний харьяаны болох энэ газарт дур мэдэн барилга барина гэж дээрэлхэж байна. Би тэр 1175 м.кв газарт М.Ж хамт нэг хашаан дотор гэр бүл үр хүүхдүүд, орон байр үл хөдлөх хөрөнгийн хамт 2007 оноос өнөөдрийг хүртэл нийт 18 жил хамт амьдарч байна. Х******** олон жил болж амьдарсан гэсэн утгаар энэ 1175 м.кв хэмжээтэй газрыг хоёр гэр бүл бид 587,5 м.кв хэмжээгээр хувааж авах аль алинд нь давуу эрх байгаа. Гэвч энэ маргааныг газрын албаны том нөлөө бүхий албан тушаалтан этгээд мэдсээр байгаад М.Ж давуу байдал бий болгон түүнд газрыг эзэмшин авахад нь тусалсаар өдий хүрлээ. М.Ж нь Засаг даргын дээрх газрын албаны албан тушаалтантай үгсэн тохирч байж 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 82 дугаар болон дараа нь өөрийнхөө ганц хүний өмч гэж өөрчлөн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 369 дугаартай захирамжуудыг гаргуулан авахдаа хүчин төгөлдөр бус болсон байсан тус аймаг дахь Сум дундын анхан шатын шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 719 дугаар шийдвэрийг нотлох баримт болгон хуурамч баримт материал бүрдүүлж аймгийн Засаг даргад өргөдөлд нь хавсарган өгч маргаантай 1175 м.кв газрын бүрэн эзэмших эрхийн захирамжийг гаргуулж гэрчилгээг авсан нь тодорхой байна. Энэ үйлдэл нь Засаг даргыг хууран мэхэлж залилж хуурамч баримт материал бэлдэн өгч байгаад газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан гэмт хэрийг шинжтэй гэж үзэж байна. Энэ талаар цагдаагийн газарт гомдол гаргасан байгаа. Мөн [****] сумын Засаг даргад ч гарын маргааны асуудлаар гомдол гаргаж 1175м.кв газрыг хууль бусаар эзэмшихэд нь гарсан зөрчилтэй захирамжуудыг хүчингүй болгуулахаар өргөдлөө бэлдсэн.

2.8.Иймд миний бие 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдөр хүртэл 18 жил энэ 1175 м.кв газарт М.Ж хамт амьдрахдаа би өөрийн хөрөнгөнөөс 600 м.кв талбайд 2м өндөр блок хашааг татсан, 8 метрийн гүний худаг ухаж, хуучин 3 өрөө байшинг нурааж шинээр 8 өрөө бүхий модон байшин барьсан. Энэ бүгдийг 2009 оноос 2010 оны хооронд барьж дууссан. О*** энэ хашаанд ус ууж М.Ж бид хоёр амьдарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч М.Ж эзэмшлийн газрын баруун баруун хойд буланд хураасан төмрийн хаягдлуудыг болон эзэмшил газрын зүүн талд байршилтай төмрөөр хийгдсэн вагончикийг тус тус албадан нүүлгэхийг зөвшөөрч байна. Харин эзэмшил бүхий газрын баруун талын захад байршилтай М.Ж эзэмшлийн амбаарын баруун талын үзүүрээс зүүн тал руу эгц 15 метр, М.Ж эзэмшлийн хашааны хаалганы урьд баруун талын босгоноос хойд тал руу эгц 16 метр газарт тус тус хашаа татахыг зөвшөөрөхгүй энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэсэн байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 302/ШШ2025/00765 дугаар шийдвэрээр:

3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Ж [****] сумын 1 дүгээр баг Х*** арал буюу Б*******-4, [**] [*******] хаягт байрлах, нэгж талбарын [**********] дугаар бүхий 1148 м.кв эзэмшлийн газрын баруун хойд буланд хураасан төмрийн хаягдлуудыг болон эзэмшил газрын зүүн талд байршилтай төмрөөр хийгдсэн вагончикийг тус тус албадан нүүлгэж хариуцагч Х.Ш хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Ш 35,100 (гучин таван мянган нэг зуун) төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ж олгож шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Монгол Улсын иргэн М.Ж надад Баян-Өлгий аймгийн [****] сумын [**]-р баг “Х*** арал” буюу Б*******-4, [*******] хаягт байршилтай 1148 м.кв газрыг [****] сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А\[**] тоот захирамжаар 38 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-[**********] дугаарт бүртгэж, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. М.Ж надад төрөөс газар эзэмшүүлсэн эрхийн гэрчилгээ одоо хүчин төгөлдөр байна.

4.2. М.Ж миний эзэмшлийн газарт 120 м.кв талбайтай миний өвлийн сууц, амбаар байдаг. М.Ж миний эзэмшлийн газартай хил залгаа иргэн Х.Ш хувийн өвлийн сууц байдаг. Харин миний эзэмшлийн газар дотор Х.Ш өмчлөлийн амбаар, вагончик, төмрийн хогууд байрладаг. М.Ж би өнгөрсөн хугацаанд Х.Ш хандаж “Миний эзэмшил газраас амбаар, вагончик, төмрийн хогийг нүүлгэж аваарай, би шинээр байшин барих гэж байна, түүнчлэн би өөрийн эзэмшлийн газрын заагт шинээр хашаа татна, Та саад хийж болохгүй шүү” гэж олон удаа хэлсэн боловч тэр миний шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байсан. Түүнчлэн иргэн Х.Ш нь М.Ж миний эзэмшлийн хашаан дотор хог үнс хаях, нохой барих, олон тооны адуу байлгах зэргээр орчныг маш их бохирдолтой байдалд хүргэж байна.

4.3. М.Ж миний одоо амьдарч байгаа өвлийн сууцыг 1990 онд аав, ээж барьсан, одоо маш их элэгдэн хуучирсан, өвөлд маш их хүйтэн байдаг бөгөөд цаашид хүн амьдрах боломжгүй нөхцөл байдалд орж байна. Тиймээс би өөрийн эзэмшлийн газарт шинээр өвлийн сууц барих зорилготой байна.

4.4. Гэтэл миний өвлийн сууц шинээр барих газарт Х.Ш амбаар, вагончик, төмрийн хог байгаа нь маш их саад болж байна. Н**** талаас М.Ж би өөрийн эзэмшлийн газрын заагт шинээр хашаа татаж авъя гэхэд бас л Х.Ш саад хийж хашаа бариулахгүй байна. Иймд надад төрөөс хууль ёсоор эзэмшүүлсэн газарт Х.Ш дур мэдэн барьсан амбаарыг албадан нүүлгэх, М.Ж миний эзэмшил газрын баруун талын захад байршилтай миний эзэмшлийн амбаарын баруун талын үзүүрээс зүүн тал рүү эгц 15 метр, миний эзэмшлийн хашааны хаалганы урьд баруун талын босгоноос хойд тал рүү эгц 16 метр газарт тус тус хашаа татахад саад хийхгүй байхыг Х.Ш үүрэг болгох нь миний газрыг чөлөөтэй эзэмших эрхийг хангах ёстой юм. Миний хууль ёсоор эзэмшиж байгаа газарт Х.Ш дур мэдэн барьсан амбаар, вагончик байрлаж буй нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон гэж үзэж байна.

4.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 302/ШШ2025/00765 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан М.Ж миний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүйд тооцон, давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье.

 

5. Хариуцагчийн давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Би ХААН банкнаас авсан,  аав, ээж нь зөвшөөрлийг өгсөн, ах нь К******** Улс руу зугтаад явсан, миний зөвшөөрөлгүйгээр бүх юмыг авсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй  байна.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. 1990 онд Ж******* нь К******** Улс руу нүүгээд явчихсан ба тухайн газар болон байшинг Х****** гэдэг ах нь авч үлдсэн байсан. Х****** байшин, үл хөдлөх хөрөнгө, газрыг банканд барьцаанд тавиад К******** Улс руу зугтдаг. Тэгээд банканд төлбөр төлдөггүй, зугтаад явсан тул тухайн байр, газар, үл хөдлөх хөрөнгийг худалдах зарын дагуу Х.Ш тухайн газар болон үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан.

6.2. Тэгээд газрыг чөлөөлүүлж авна гэж М.Ж шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэж, Улсын ДЭЭД шүүх рүү гомдол гаргаж, Улсын ДЭЭД шүүхээс хэргийг буцаасан байсан. Хэргийг буцаасны дараа М.Ж одоо шүүхээр маргахгүйгээр газрыг хувааж авъя гэж нэхэмжлэлийг буцааж авсан. Ш******* захирамжаар нэхэмжлэлийг хүчингүй болгосон. Хариуцагч тал нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй гэж байна. Хавтаст хэрэгт хангалттай нотлох баримт байна. Тэгээд Х.Ш Г***** харилцаа, барилга, хот байгуулалтын газарт удаа дараа очиж, газрыг хувааж авъя гэхэд М.Ж нь очдоггүй. М.Ж байхгүй бол газрыг хувааж өгөхгүй гэж газрын алба татгалзсан. Сүүлд аймгийн Засаг даргад өргөдөл өгсөн, уг өргөдөл хавтаст хэрэгт авагдсан. 2024 онд М.Ж нь мэдэгдэхгүйгээр бүх газрыг өөрийн нэр дээр авсан байдаг. Тэгээд албадан нүүлгэх тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Х.Ш ганц бие амьдардаг хөгшин хүн, эхнэр нь нас барсан, ганц хүүхэд нь цэрэгт явсан. Шүүхийн шийдвэрээр вагончик болон төмрийг нүүлгэх тухайг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед газар эзэмших гэрчилгээ авч чадаагүй, хувааж авах ёстой газрыг мэдэгдэхгүйгээр М.Ж өөрийн нэр дээр авсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн, давж заалдах гомдол гаргаагүй.

6.3. Г***** хувааж өгөх талаар аймгийн Г***** харилцаа, барилга, хот байгуулалтын газарт удаа дараа хандсан, дахиад ч хандана. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье.

 

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгч М.Ж давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, нэхэмжлэгч М.Ж хариуцагч Х.Ш  холбогдуулан гаргасан “[****] сумын 1 дүгээр баг Х*** арал буюу Б*******-4, [**] [*******] хаягт байрлах, 1148 м.кв эзэмшлийн газрын баруун талд байршилтай хариуцагч Х.Ш зөвшөөрөлгүй блокоор барьсан (1) амбаар, баруун хойд буланд хураасан (2) төмрийн хаягдлуудыг болон эзэмшил газрын зүүн талд байршилтай төмрөөр хийгдсэн (3) вагончикийг тус тус албадан нүүлгэх, мөн эзэмшил газрын баруун талын захад байршилтай өөрийн эзэмшлийн амбаарын баруун талын үзүүрээс зүүн тал руу эгц 15 метр, хашааны хаалганы урьд баруун талын босгоноос хойд тал руу эгц 16 метр газарт тус тус (4) хашаа татахад саад хийхгүй байхыг хариуцагч Х.Ш үүрэг болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

9. Анхан шатны шүүх “…Хариуцагч Х.Ш шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч М.Ж эзэмшил газрын баруун хойд буланд хураасан төмрийн хаягдлуудыг болон эзэмшил газрын зүүн талд байршилтай төмрөөр хийгдсэн вагончикийг тус тус албадан нүүлгэхийг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй, харин нэхэмжлэгч М.Ж өөрийн эзэмшлийн газрын баруун талд байршилтай хариуцагч Х.Ш зөвшөөрөлгүй блокоор барьсан амбаарыг албадан нүүлгэхийг хүссэн боловч энэхүү үйл баримттай холбоотой Баян-Өлгий аймаг дах Сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 375 дугаартай “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий газраас албадан нүүлгэхтэй холбогдолтой асуудлыг шүүхээр дахин нотлох шаардлагагүй. Нэхэмжлэгч М.Ж өөрийн эзэмшлийн амбаарын баруун талын үзүүрээс зүүн тал руу эгц 15 метр, миний эзэмшлийн хашааны хаалганы урьд баруун талын босгоноос хойд тал руу эгц 16 метр газарт тус тус хашаа татахад саад хийхгүй байхыг хариуцагч Х.Ш үүрэг болгохыг хүссэн боловч энэ газарт Х.Ш эзэмшлийн амбаар, ухаж гаргасан худаг, ухсан жорлон, үнсний цэг зэрэг хөрөнгүүд байрладаг. Мөн дээрх хуулийн хүчин төгөлдөр Баян-Өлгий аймаг дах Сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 375 дугаартай шүүгчийн захирамж гаргахаас өмнө буюу 2007 оноос хойш хариуцагч Х.Ш гаргасан гаргасан худаг, ухсан жорлон, үнсний цэг зэргийг нэхэмжлэгч М.Ж хамт ашиглаж байгаа байдал, зайлшгүй шаардлагатай одоо ашиглаж байгаа хашааны орох гарах хаалгыг өөрчлөх бодит үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэж нэхэмжлэгч М.Ж хариуцагч Х.Ш холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

 

10. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогджээ. Үүнд:

- Нэхэмжлэгч М.Ж нь [****] сумын Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 82 дугаартай захирамжийг үндэслэн нэгж талбарын *********** дугаартай, [****] сумын [**]-р баг К******** хашааны доод талаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1175 м.кв газрыг 18 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон №[*******] дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдсон,

- Нэхэмжлэгч Х.Ж эмээ нь болох А.А [****] сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/369 дугаартай захирамжийг үндэслэн [****] сумын [**]-р баг Б*******-4, [**] [*******] хаягт байрлах, нэгж талбарын [**********] дугаар бүхий 1148 м.кв гэр, орон сууцны хашааны зориулалтаар 42 жилийн хугацаатай эзэмшүүлэн, эрхийн улсын бүртгэлийн Э-[**********] дугаарт бүртгэж 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр №000162531 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон ба энэхүү гэрчилгээнд хамтран эзэмшигчээр М.Ж 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн,

- Х*** овогт А******* А**** нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон №[**********] дугаартай Н** барсны гэрчилгээгээр тогтоогдсон,

-А.А ач хүү нэхэмжлэгч М.Ж нь өвлүүлэгчийн эзэмшилд байсан [****] сумын [**]-р баг Б*******-4, [**] [*******] хаягт байрлах, нэгж талбарын [**********] дугаар бүхий 1148 м.кв эзэмшил газрыг өвлөж авсан нь Баян-Өлгий аймгийн тойргийн нотариатч Т.З 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 36 минутад үйлдсэн 0022 бүртгэлийн дугаартай Ө**** эрхийн гэрчилгээгээр нотлогдсон,

- Нэхэмжлэгч М.Ж [****] сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/16 дугаартай захирамжийг үндэслэн [****] сумын 1 дүгээр баг Х*** арал буюу Б*******-4, [**] [*******] хаягт байрлах, нэгж талбарын [**********] дугаар бүхий 1148 м.кв газрыг гэр орон сууцны хашааны газрын зориулалтаар 38 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн Э-[**********] дугаарт бүртгэж эзэмшүүлсэн,

- Хариуцагч Х.Ш маргаан бүхий [****] сумын 1 дүгээр баг Х*** арал буюу Б*******-4, [**] [*******] хаягт байрлах, нэгж талбарын [**********] дугаар бүхий 1148 м.кв газраас хуваан эзэмшүүлсэн эрхийн акт байхгүй болох нь тогтоогдсон,

- Хариуцагч Х.Ш өвлийн сууцны зориулалттай найман өрөө байрны байрлах /байрны суурь/ 130 м.кв талбайтай газрыг тэрээр өөрөө эзэмшиж байгаа, үүнд нэхэмжлэгч маргаагүй ба өөрийн 1175 м.кв эзэмшлийн газраас хасуулж тооцуулсан гэсэн боловч тухайн газрыг Х.Ш эзэмшүүлсэн эрхийн гэрчилгээ байхгүй,

- М****** бүхий [****] сумын 1 дүгээр баг Х*** арал буюу Б*******-4, [**] [*******] хаягт байрлах, нэгж талбарын [**********] дугаар бүхий 1148 м.кв эзэмшил бүхий газарт татсан хашаанд нэхэмжлэгч М.Ж, хариуцагч Х.Ш нар нь өөр өөрсдийн хувийн байшин, амбаараа бариад, худаг гаргаж, нийтийн нэг жорлон, үнсний саваа ашиглан 2007 оноос хамт амьдарч байгаа зэрэг үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдсон байна.

 

11. Нэхэмжлэгч М.Ж нь өөрийн эзэмшлийн газрын баруун талд байршилтай хариуцагч Х.Ш зөвшөөрөлгүй блокоор барьсан амбаарыг албадан нүүлгэхийг хүссэн боловч анхан шатны шүүхээс энэхүү үйл баримттай холбоотой Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 375 дугаартай “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий газраас албадан нүүлгэхтэй холбогдолтой асуудлыг шүүхээр дахин нотлох шаардлагагүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэх журмыг зөрчсөн байна.

Учир нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 375 дугаартай “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар “...хариуцагч Х.Ш манай хашаанаас албадан нүүлгэхээр шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь Х.Ш хашаа байшингаас нүүлгэх, эсхүл эзэмшил газарт байгаа байшинг нүүлгэх тухай байсан нь тодорхойгүй, тус шүүгчийн захирамж гарсны дараа нөхцөл байдал өөрчлөгдөж, нэхэмжлэгч Х.Ж [****] сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/16 дугаартай захирамжийг үндэслэн [****] сумын 1 дүгээр баг Х*** арал буюу Б*******-4, [**] [*******] хаягт байрлах, нэгж талбарын [**********] дугаар бүхий 1148 м.кв газрыг гэр орон сууцны хашааны газрын зориулалтаар 38 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн Э-[**********] дугаарт бүртгэж эзэмшүүлсэн байх тул нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсоор эзэмшиж буй хашаанаас бусдын эд хөрөнгийг албадан нүүлгэх, өөрийн эзэмших эрхийг хэрэгжүүлэх саад болж буй аливаа зүй бус үйлдлийг таслан зогсоолгохоор шүүхэд шинээр мэдүүлэх эрхтэй. Тиймээс Сум дундын шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 375 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэж нэхэмжлэгчийн эзэмшил газар буюу хашаанд баригдсан хариуцагчийн амбаарыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

 12. Нэхэмжлэгч М.Ж нь энэ удаад “өөрийн хууль ёсоор эзэмшиж буй хашаалсан газраас хариуцагч Х.Ш зөвшөөрөлгүй блокоор барьсан амбаар, баруун хойд буланд хураасан төмрийн хаягдлууд, эзэмшил газрын зүүн талд шахаж тавьсан вагончик /зөөврийн амбаар/ зэргийг тус тус албадан нүүлгэж, өөрийн эзэмшил газрыг тусгаарлах, ингэхдээ нэхэмжлэгчийн өмчлөлийн байшингийн тал бүрээс, нэхэмжлэгч өөрийн эзэмшил газраас тодорхой зай үлдээн, дундаа ашиглагддаг худгаас ус авах зориулалттай хаалга гаргаж өөрийн эзэмшил газрыг хашаалахад хариуцагч саад болохгүй байхыг үүрэг болго тухай нийт 4 төрлийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эхний 2 шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч удаах 2 шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшил газарт хариуцагч Х.Ш барьсан амбаарыг нүүлгэх, улмаар хариуцагч нь нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшил газарт төмрийн хаягдал үлдээх, амбаар барих, улмаар тус газрын зүүн талд шахаж зөөврийн сууц буюу амбаар тавьж байршуулах зэргээр нэхэмжлэгчийн өөрийн эзэмшил газраа хууль ёсоор ашиглахад нь саад учруулсан нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

13. Нэхэмжлэгч М.Ж эзэмшлийн 1148 м.кв газарт хариуцагч Х.Ш блокоор барьсан амбаар байгаа нь зохигчдын тайлбар болон анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын  01-ний өдрийн маргаан бүхий газар, амбаарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр тогтоогдсон ба нэхэмжлэгч М.Ж өөрийн эзэмшлийн газрын баруун талд байршилтай хариуцагч Х.Ш зөвшөөрөлгүй блокоор барьсан амбаарыг албадан нүүлгэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  блокоор барьсан амбаарыг албадан нүүлгэж, хариуцагч Х.Ш хууль бус эзэмшлээс чөлөөлж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

14. Нэхэмжлэгч М.Ж  “эзэмшил газрын баруун талын захад байршилтай өөрийн эзэмшлийн амбаарын баруун талын үзүүрээс зүүн тал руу эгц 15 метр, хашааны хаалганы урьд баруун талын босгоноос хойд тал руу эгц 16 метр газарт тус тус хашаа татахад саад хийхгүй байхыг хариуцагч Х.Ш үүрэг болгохыг хүссэн” тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс “энэ газарт Х.Ш эзэмшлийн амбаар, ухаж гаргасан худаг, ухсан жорлон, үнсний цэг зэрэг хөрөнгүүд байрладаг байна. Мөн дээрх хуулийн хүчин төгөлдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 375 дугаартай шүүгчийн захирамж гаргахаас өмнө буюу 2007 оноос хойш энэхүү хариуцагч Х.Ш гаргасан худаг, ухсан жорлон, үнсний цэг зэргийг нэхэмжлэгч М.Ж хамт ашиглаж байгаа байдал, зайлшгүй шаардлагатай одоо ашиглаж байгаа хашааны орох гарах хаалгыг өөрчлөх бодит үндэслэл тогтоогдохгүй байна.” гэж дүгнэж нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь нэхэмжлэгч М.Ж нь [****] сумын 1 дүгээр баг Х*** арал буюу Б*******-4, [**] [*******] хаягт байрлах, нэгж талбарын [**********] дугаар бүхий 1148 м.кв газрыг гэр орон сууцны хашааны газрын зориулалтаар 38 жилийн хугацаатай эзэмшдэг болох нь [**********] дугаартай Иргэний газар эзэмших эрхийн  гэрчилгээгээр нотлогдсон ба уг газарт хариуцагч Х.Ш нь ямар нэгэн газар эзэмшдэг, өмчилдөггүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.” гэж, Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах, газар эзэмших өөрийн эзэмшлийн газарт хашаа татах, хөрөнгөө хамгаалах үндсэн эрхтэй байхад хариуцагчийн хашаа татахад саад болж байгаа үйлдэл нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна. Хариуцагч нь бусдын эзэмшил газарт дур мэдэн амбаар барьсан, мөн тус газарт хаягдал төмөр байршуулж, хашааны зүүн буланд гадна талаас зөөврийн сууц тулгаж байршуулах зэргээр нэхэмжлэгийн газар эзэмших эрхэд илтэд үл хүндэтгэлтэй хандсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн эзэмшил газраа тусгаарлан хашаалах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үүнд хариуцагчийг саад учруулахгүй байхыг үүрэг болгох нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсэгт нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

15. Х********  хариуцагч Х.Ш нь уг газарт миний өмчлөлийн амбаар, ухаж гаргасан худаг байгаа, газрыг тэнцүү хувааж эзэмших ёстой, 2007 онд **** банкны барьцаанд байхад худалдаж авсан гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч М.Ж нь маргаан бүхий [****] сумын 1 дүгээр баг Х*** арал буюу Б*******-4, [**] [*******] хаягт байрлах, нэгж талбарын [**********] дугаар бүхий 1148 м.кв газрыг гэр орон сууцны хашааны газрыг зориулалтаар нь 38 жилийн хугацаатай эзэмшдэг, уг газарт хариуцагч Х.Ш амбаар, худаг байдаг, олон жил хамт амьдарч ирсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт, тухайн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон зохигчдын тайлбараар тогтоогдсон боловч хариуцагч Х.Ш нь  [****] сумын 1 дүгээр баг Х*** арал буюу Б*******-4, [**] [*******] хаягт байрлах, нэгж талбарын [**********] дугаар бүхий 1148 м.кв газрын өмчлөгч, эзэмшигч болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тохиолдолд түүний татгалзал хууль зүйн үндэслэлгүй болно.

 

16. Хариуцагч нь үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах, газар эзэмших, өмчлөх эрхтэй боловч тухайн маргаан бүхий, [****] сумын 1 дүгээр баг Х*** арал буюу Б*******-4, [**] [*******] хаягт байрлах, нэгж талбарын [**********] дугаар бүхий 1148 м.кв газрыг  өөрийн эзэмшлийн, өмчлөлийн гэдгийг нотлоогүй тохиолдолд тухайн газрын хамтран эзэмшигчээр, эсвэл тэнцүү хувааж авах шаардах эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

 

17. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөх тухай хүсэлт гаргасан тул давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүх тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдов.

 

18. Иймд дээрх үндэслэлүүдээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 302/ШШ2025/00765 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

 

“Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Ж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, [****] сумын 1 дүгээр баг Х*** арал буюу Б*******-4, [**] [*******] хаягт байрлах, нэгж талбарын [**********] дугаар бүхий 1148 м.кв эзэмшлийн газрын баруун талд байршилтай хариуцагч Х.Ш зөвшөөрөлгүй блокоор барьсан амбаар, баруун хойд буланд хураасан төмрийн хаягдлуудыг болон эзэмшил газрын зүүн талд байршилтай төмрөөр хийгдсэн вагончик /зөөврийн сууц/-ийг тус тус албадан нүүлгэж хариуцагч Х.Ш хууль бус эзэмшлээс чөлөөлж, М.Ж эзэмшил газрын баруун талын захад байршилтай өөрийн эзэмшлийн амбаарын баруун талын үзүүрээс зүүн тал руу эгц 15 метр, хашааны хаалганы урьд баруун талын босгоноос хойд тал руу эгц 16 метр газарт тус тус хашаа татахад саад хийхгүй байхыг хариуцагч Х.Ш үүрэг болгосугай” гэж, 2 дахь заалтын  “Х.Ш 35,100 төгрөг” гэснийг  “Х.Ш 70,200 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Ж гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн давж  заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж М.Ж буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                            Ж.ОТГОНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ