| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0648/Э |
| Дугаар | 651 |
| Огноо | 2019-07-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 651
2019 07 02 2019/ШЦТ/651
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
насанд хүрээгүй хохирогч Г.М, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг,
шүүгдэгч Ч.У, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Марал овогт Чулуунбатын Уд холбогдох эрүүгийн 1903003530213 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, Олон улсын худалдаа эдийн засагч мэргэжилтэй, “Аэр маркет” ХХК-нд аяллын зөвлөх ажилтай, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Марал овогт Чулуунбатын У, /регистрийн дугаар /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ч.У нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 3 дугаар сарын 31-ний 10 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан унадаг дугуйтай зорчигч Г.Мг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.У шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 31-ний өглөө 09 цаг 10 минутын үед ажилдаа явах гээд гэрээсээ гарсан юм. Тэндээ хамт ажилладаг хүн болон Б.Үүрийнтуяаг аваад хамт явсан юм. Ер нь байнга хамт явдаг. Тэгээд би нөхөр Г.Тулгын эзэмшлийн Т.Приус маркийн 77-68 УБВ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явсан. Тэгээд бид 2 явсаар байгаад Сүхбаатарын талбай урд зам дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байгаад Гадаад хэргийн яамны баруун хойд уулзвараар баруун гар тийш эргэх гээд замын 2-р эгнээгээр явж байгаад 1 дүгээр эгнэ рүү орох үед уулзварт баруун гар тийш эргэх нэмэгдэл ногоон сум асчихсан байсан. Тэр үед хамт явж байсан Үүрийнтуяа ногоон гэрэл асчихсан байна гэж надад хэлсэн. Тэгээд бид 1-р эгнээгээр баруун гар тийш эргэх гээд 20 орчим км цагийн хурдтай явж байхад миний урд нилээн зайтай бас нэг машин баруун эргэх гээд явж байгаад эргээд уулзвар руу эргээд яваад өгсний дараа би уулзвар руу орох үед миний баруун гар талд замын 2, 3-р эгнээнд зогсож байсан машинуудын урдуур явган хүний гарцаар нэг дугуй унасан эмэгтэй хүүхэд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд зам хөндлөн гарах гээд маш хурдтай гараад ирэхэд нь би тоормос гишгээд автомашиныхаа урд хэсгээр буюу урд номерын дээд хэсгээр дугуйтай хүүхдийн баруун урд хэсэг рүү нь мөргөхөд хүүхэд дугуйтайгаа зүүн тал руу унаад босоод ирэх үед би машинаа зогсоосон байсан учраас машинаасаа буугаад явган хүний гэрлэн дохиог харсан чинь улаан гэрэл асчихсан байхаар нь хүүхдийг эгчийн дүү гэрлээ харж явахгүй яасан юм бэ гэж хэлсэн. Тэгээд би цагдаа, түргэнд өөрийн өөрийн 80901050 гэсэн дугаараас дуудлага өгчхөөд хүүхдээс аав, ээжийнх нь дугаарыг асуусан чинь хүүхэд утас байхгүй гээд 3-4 минутын дараа хүүхдийн аав нь гэх хүн дараа цагдаа нар ирээд хэмжилт хийсэн. Хэмжилт хийх үед хүүхдийн аав болон би хамт байсан…” гэсэн мэдүүлэг /хх-54-56/,
Насанд хүрээгүй хохирогч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 09 цагийн үед аав Ганзоригийн хамт Нарантуул зах орохоор хоёулаа дугуй унаад гарсан юм. Тэгээд явсаар байгаад Гадаад хэргийн яамны баруун хойд уулзварын баруун талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй ногоон гэрлээр дугуйгаа унаад зам хөндлөн гарч байхад миний баруун гар талаас нэгдүгээр эгнээгээр явж байсан машин ирээд мөргөсөн…” гэсэн мэдүүлэг /хх-16/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Нарантуул зах орохоор охин Мгийн хамт дугуй унаад гарсан юм. Тэгээд явсаар байгаад Гадаад хэргийн яамны баруун хойд уулзвар дээр ирэх үед миний явах чиглэлд ногоон гэрэл асахаар нь тэр чигээрээ машин замаар машинуудтай хамт уулзвараар хойноос урагшаа чиглэлтэй гартал манай охин явган хүний гарцаар зам гарна гээд надаас салаад уулзварын баруун талын гэрлэн дохиогоор явган хүний гарцаар зам хөндлөн гарсан юм. Тэгтэл нэг дугуй үсрээд явчихсан, гайхаад очтол охин өөдөөс доголоод явган хүний зам руу гарч байсан…” гэсэн мэдүүлэг /хх-18/,
Иргэний хариуцагч Г.Тулгын "...“Тоёота приус” маркийн, 77-68 УБВ улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийнх юм. Осол болсон гэх өдөр манай эхнэр У ажилдаа унаж явсан.Тэгээд тухайн өдөр 09 цагийн орчимд манай эхнэр над руу залгаад гарцаар гарч байсан дугуйтай хүүхэд мөргөчихлөө гэхээр нь түргэн дууд гэж хэлээд би өөрөө ослын газарт очсон. Автомашинд үнэлгээ хийлгэхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-23/
Гэрч Б.Үүрийнтуяагийн “...2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Угийн машинд суугаад хамт ажилдаа Гадаад хэргийн яамны баруун уулзварт 1 дүгээр эгнээгээр явж байтал баруун гар тийшээгээ эргэх нэмэлт ногоон суман гэрэл ассан.Тэгээд явган хүний гарц руу ойртон ирэх үед гэнэт миний зүүн гар талаас унадаг дугуй унаж явсан эмэгтэй хүүхэд ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд гараад ирсэн.Тэр үед У тэр хүүхдийг машины урд хэсгээр мөргөөд тоормос гишгээд зогссон.” гэсэн мэдүүлэг /хх 26/
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹4085 тоот актын “…Г.Мгийн биед ахар сүүлний 3-р нугалмын хугарал, баруун дунд чөмөгний хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-34/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-12/, хохирлын баримт /хх-66-67, 70-71/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-131/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-81/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /132-134/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ч.У нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 3 дугаар сарын 31-ний 10 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гадаад хэргийн яамны баруун хойд уулзвар замд “Тоёота приус” маркийн, 77-68 УБВ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан унадаг дугуйтай зорчигч Г.Мг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээр дурдсан насанд хүрээгүй хохирогч Г.М, гэрч Б.Үүрийнтуяа нарын мэдүүлэг, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹4085 тоот актын дүгнэлт, Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 22/708 дугаартай албан бичиг, шүүгдэгч Ч.Угийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.
Шүүгдэгч Ч.У нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, улмаар Г.Мгийн биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлүүдийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ч.Уг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.У нь мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Г.Мгийн эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн 857.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна.
Харин шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмгөөлөгчийн зардалд 1.000.000 төгрөгийг төлсөн энэ мөнгийг гаргуулж өгнө үү? Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмгөөлөгчийн зардалд төлсөн 1.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ганзоригт олгох нь зүйтэй гэж үзэв.
Мөн шүүгдэгчийн дээрх гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч нь цаашид эмчилгээ хийх шаардлагатай байх тул түүний цаашид гарах эмчилгээний зардлаа гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Угийн дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав
Шүүх шүүгдэгч Ч.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ч.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт хавсаргаж ирүүлсэн жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан №500424 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч Ч.Уд буцаан олгосугай.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Марал овогт Чулуунбатын Уг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Уг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ч.Уд оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.Шүүгдэгч Ч.У нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Угоос 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ганзоригт (РД:ГЖ78071812)-т олгосугай.
6.Насанд хүрээгүй хохирогч Г.М болон түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Ганзориг нар нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР