| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0655/Э |
| Дугаар | 660 |
| Огноо | 2019-07-04 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 660
2019 7 04 2019/ШЦТ/660
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
улсын яллагч П.Ганбаатар,
шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Урианхад овогт Оргилын Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909014460721 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Урианхад овогт Оргилын Г, /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч О.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Ногоон нуурын гудамж “Равжив Гандийн нэрэмжит үйлдвэр урлалын сургууль”-ийн орчим иргэн Э.Анунаранг таксигаар хүргэж өгөхдөө түүний гээгдүүлсэн НР /Эйч Пи/ брэндийн зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгч, гоо сайхны хэрэгсэл зэрэг эд зүйлийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 455.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Гийг 2019 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Ногоон нуурын гудамж “Равжив Гандийн нэрэмжит үйлдвэр урлалын сургууль”-ийн орчим иргэн Э.Анунаранг таксигаар хүргэж өгөхдөө түүний гээгдүүлсэн НР /Эйч Пи/ брэндийн зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгч, гоо сайхны хэрэгсэл зэрэг эд зүйлийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 455.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч О.Г холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч О.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Ногоон нуурын гудамж “Равжив Гандийн нэрэмжит үйлдвэр урлалын сургууль”-ийн орчим иргэн Э.Анунаранг таксигаар хүргэж өгөхдөө түүний гээгдүүлсэн НР /Эйч Пи/ брэндийн зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгч, гоо сайхны хэрэгсэл зэрэг эд зүйлийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 455.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Э.Ануннарангийн “2019 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагийн орчим Тэнгис кино театр ийн хажууд байдаг “Чингис” нэртэй баарны гаднаас цагаан өнгөтэй “Тоёота платз” маркийн автомашин таксинд явна гэхээр нь найзуудын хамт суусан. Тэгээд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ганди нэрэмжит “Үйлдвэр урлалын” дунд сургуулийн дотуур байрны урд байрлах “Монгол Фарм” нэртэй хоёр давхар байрны дэргэд тухайн сууж явсан таксинаас найзууд болон нөхрийн хамт буухдаа “Эйч Пи”, /НР/ брендийн зөөврийн компьютер, цүнхэн дотор байсан гэрээ, гоо сайхны хэрэгсэл зэргээ мартаж буцсан. Таксинаас буугаад “Монгол фармм”-ын 2 давхарт байрлах гэр рүүгээ орж байхдаа нөхрөөсөө асуухад таксинд мартсан байна гээд гүйхэд яваад өгсөн байсан. Эйч Пи”, /НР/ брендийн зөөврийн компьютерийг 2018 оны 9 дүгээр сард Америкийн Нэгдсэн Улсаас 300 ам доллараар худалдан авсан. Одоо 1.200.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /хх-10/,
Шүүгдэгч О.Гийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…өмгөөлөгч авахгүй. Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зөөврийн компьютер надад 7 хоног байсан бөгөөд зөөврийн компьютерийг нь форматлаад кодыг нь гаргасан байсан. Тэгээд цагдаагаас дуудаад тухайн зөөврийн компьютерийг асуухаар нь кодыг нь гаргасан байсан болохоор санаа зовоод тухайн үед өгч чадаагүй…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч О.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч О.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч О.Г танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч О.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч О.Г 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Урианхад овогт Оргилын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан О.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Ялтан О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР