| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 302/2025/00578/И |
| Дугаар | 212/МА2026/00005 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 212/МА2026/00005
Х.Д нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн, 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 302/ШШ2025/00808 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**] дугаар багт оршин суух хаягтай Х***** овогт Х******** Д********* нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Н********* сумын И******* төлөөлөгчдийн хурал /дарга Х.Д/-д холбогдох,
“2022 оны ээлжийн амралтын мөнгө 4,832,982 /дөрвөн сая найман зуун гучин хоёр мянга есөн зуун наян хоёр/ төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Ө илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, нэхэмжлэгч Х.Д нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан учраас нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Х.Д нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Н********* сумын И******* төлөөлөгчдийн хурал /дарга Х.Д/-д холбогдуулж 2022 оны ээлжийн амралтын мөнгө 4,832,982 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж, шүүхэд хариу тайлбар ирүүлжээ.
3. Тодруулбал, нэхэмжлэгчээс Н********* сумын И******* хурлын даргаар ажиллаж байсан М.Т нь 2022 онд ажлын зайлшгүй шаардлагаар, ээлжийн амралтыг биечлэн эдлүүлэхгүйгээр бүтэн жил ажиллуулснаар мөн оны ээлжийн амралтын урамшуулал мөнгийг үндсэн амралтын хугацааны ажлын 15 өдөр, нэмэгдэл амралтын хугацааны 14 өдрийг нэмж, нийтдээ ажлын 29 өдрөөр тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу миний ээлжийн амралтын урамшуулал цалинг 1,5 дахин нэмэгдүүлж, 2023 оны эцэст буюу 2024 оны эхээр гаргаж өгнө гээд амласан атлаа өгөөгүй, тэрээр 2024 оны орон нутгийн сонгуулиар хурлын даргын ажлаас чөлөөлөгдсөн, одоо хурлын даргаар төлөөлөгч Х.Д ажиллаж байна гэж тайлбарлажээ.
Т***** уг шаардлагын талаар хурлын дарга Х.Д хандахад төсөвт тодотгол хийж, оны эцэст өгнө гэсэн атлаа тус урамшууллыг өгөөгүй, нэг сард ноогдох дундаж цалин 2,334,621 төгрөг, нэг өдрийн цалин 111,172 төгрөг ба ээлийн амралтыг биечлэн эдлэх 29 хоногоор тооцоход 3,223,988 төгрөг, үүнийг хуульд зааснаар 1,5 дахин нэмэгдүүлэхэд 4,835,982 төгрөг гарч байх тул тус мөнгийг хариуцагчаас гаргуулахыг шаардаж байна гэжээ.
Харин хариуцагч Баян-Өлгий аймгийн Н********* сумын И******* төлөөлөгчдийн хурал /дарга Х.Д/-аас иргэн Х.Д 2022 оны ээлжийн амралтаа эдэлсэн эсэх, эдлээгүй бол амралтын мөнгийг авсан эсэхийг мэдэхгүй, тухайн үед ажилласан бол амралтын мөнгийг авсан байх ёстой, төсвийн захирагчийн хувьд өөртөө цалин, амралтын мөнгийг тухайн үед Х.Д өөрөө тооцож авсан байх, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлстэй холбоотой маргааныг 3 сарын дотор шүүхэд гаргахаар заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсэж шүүхэд хариу тайлбар ирүүлжээ.
4. Анхан шатны шүүх уг иргэний хэргийг хуульд заасан үндэслэлээр тусгайлсан журмаар хянан шийдвэрлэж, маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 110.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Х.Д хариуцагч Баян-Өлгий аймгийн Н********* сумын И******* төлөөлөгчдийн хурал /дарга Х.Д/-д холбогдуулан 4,835,982 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...ажилтан ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй бол ээлжийн амралтын цалинг ... нэмэгдүүлж олгоно гэж заасан байх ба нэхэмжлэгч Х.Д нь ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа эдэлж чадаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй, мөн ээлжийн амралтын цалинг нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно, хэрэгт авагдсан нотлох баримтаар зохигчид ээлжийн амралтын цалинг нэмэгдүүлж олгох талаар харилцан тохиролцон байдал тогтоогдохгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд нэхэмжлэгч Х.Д нь хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5. Анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон дээрх дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсгийн 154.2.2 дахь заалтад тус тус нийцсэн буюу хууль ёсны байх шаардлагыг хангасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан байна. Энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан “анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага ба түүний үндэс болж байгаа байдлын талаарх, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлж өөрийн нэхэмжлэлийн шаардлага нотолж чадаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хэрэгт цугларсан нотлох баримтаар ажилтан Х.Д нь 2022 оны ээлжийн амралтаа ажлын зайлшгүй шаардлагаар биечлэн эдэлж чадаагүй, энэ талаар ажил олгогчийн зохих шийдвэр гарсан, эсхүл бусад байдлаар тогтоогдсон талаарх баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн цалин хөлстэй холбоотой бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлын талаар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдсон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
7. Хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тусгайлсан журмаар явуулахдаа процессын ноцтой зөрчил гаргаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
8. Давж заалдах гомдлыг хүлээж аваагүй тул нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 302/ШШ2025/00808 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Д давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргахгүйг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК