Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 554

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Л” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийн Л” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралданд гаргасан тайлбартаа: “Л” ХХК Т аймгийн Л сумын нутаг дэвсгэрт орших Ш нэртэй талбайд 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2032 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 30 жилийн хугацаатай ашигт малтмалын *********** дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. “Л” ХХК-ийн зүгээс 1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Тусгай зөвшөөрөл бий болсноос хойш ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий компанийн хийж гүйцэтгэх ёстой бүх үйл ажиллагааг хийсэн. Үүнд: Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ерөнхий үнэлгээ, үйлдвэрлэлийн тооцоо гэх мэт мөн хайгуулын үйл ажиллагааг хийж дууссанаар уурхай ашиглалтын үйл ажиллагаа болох алт олборлох, Монгол банканд тушаах үйл ажиллагааг явуулж байсан.

2016 оны 4 дүгээр улиралд хугацаа хоцруулсан гэсэн үндэслэлээр манай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр цуцалсныг 2017 оны 001 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар албан бичгээр албажуулсан. Түүнээс өмнө манай тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотой мэдэгдэл явуулаагүй. Тус шийдвэрийг гаргахаас өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар мэдэгдлийг зайлшгүй өгөх шаардлагатай. Мөн ямар шалтгааны улмаас тухайн жилийн төлөвлөгөөг төлөөгүй гэдэг дээр тайлбар өгдөг байх ёстой. Энэ тайлбарыг манайхаас авах үүргийг Ашигт малтмал, газрын тосны газар биелүүлээгүй гэж үзэж гомдол гаргасан.

Мөн хуулийн хугацаанд бид төлбөрөө төлж чадаагүй ч гэсэн алдангийн хувьд төлбөрийг төлсөн. Хавтаст хэрэгт авагдсан материалуудаас үзэхэд “Л” ХХК-д мэдэгдлийг хайхрамжгүй хандсаны үндсэн дээр хуучин хаягаар явуулсан. Мөн “Л” ХХК-ийн гүйцэтгэх захирал шинээр томилогдсоны дараа хаяг болон, гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж өгснийг хариуцагч тал болох Ашигт малтмал, газрын тосны газар нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг.

Ашигт малтмал, газрын тосны газраас “Л” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг өнөөдрийг хүртэл гардуулж өгөөгүй, зөвхөн мэдэгдлийг цуцалсан тухай мэдэгдлийг өгснөөс биш шийдвэрийг гардуулж өгөөгүй. Иймд “Л” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын хууль бус үйлдлийн улмаас ашиг эзэмшигчийн эрхээ эдэлж чадаагүй. Мөн “Л” ХХК хүндэтгэн үзэх шалтгаанаа хангалттай тодорхойлсон. Үүнийгээ Ашигт малтмал, газрын тосны газар хүргүүлсэн боловч гомдолд үндэслэлгүй хариу өгсөн. “Л” ХХК 2016 онд үйл ажиллагаагаа тогтвортой явуулж чадаагүйн улмаас Гүйцэтгэх захирал үйл ажиллагааг удирдаж явж байсан. Мөн гүйцэтгэх захирал маань эрүүл мэндийн шалтгаанаар тодорхой хугацаанд компанийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй байсан. Энэ тухай холбогдох нотлох баримтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Бие давхар хэвтрийн дэглэмтэй байгаа. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн “Л” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан гэв.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Т аймгийн Л сумын нутагт орших Ш нэртэй 154.28 га талбай бүхий газарт ашигт малтмалын ашиглалтын МБ-***** тоот тусгай зөвшөөрлийг 2002 онд “Х” ХХК-д олгосон. “Х” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МБ-***** тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн өргөдийг хянаад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр “Л” ХХК-д шилжүүлснийг Кадастрын хэлтсийн бүртгэлийн Уул уурхай Кадастрын компютэржсан системд бүртгэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж зааснаар “Л” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МБ-***** тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй.

Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаар шийдвэрээр “Л” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МБ-***** тоот тусгай зөвшөөрлийг цуцалж, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* тоот албан бичгээр цуцалсан талаарх мэдэгдлийг хүргүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан ба “Л” ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* тоот, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* тоот албан бичгүүдээр  мэдэгдэл  хүргүүлсэн  нь  баримт  бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна гэв.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаар шийдвэрийн “Л” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна

ҮНДЭСЛЭХ нь

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “Л” ХХК-ийн гаргасан “...Ашигт малтмалгазрын тосны газрын  Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийн ашигт малтмалын ашиглалтын MV-*********** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 722 дугаар шийдвэрээр “Х” ХХК-нд Т аймгийн Л сумын Ш нэртэй газарт 154 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай MB-******* дугаартай тусгай зөвшөөрлийг олгожээ.

“Х” ХХК болон “Л” ХХК-иуд 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай гэрээг байгуулж дээрх тусгай зөвшөөрлийг “Л” ХХК шилжүүлэн авахаар тохиролцож Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст TR-**** дугаартай өргөдлийг гаргасан байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т заасныг үндэслэн “Х” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн TR-**** дугаартай өргөдлийг хянаж үзээд Т аймгийн Л сумын нутаг дахь Ш нэртэй 154.28 гектар талбай бүхий MV-**** дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус компаниас “Л” ХХК-нд шилжүүлснийг бүртгэхээр шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг Ашигт малтмалын газрын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дугаар албан бичгээр “Л” ХХК-нд мэдэгджээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 11 дугаар сарын 04-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “Танай компани Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд дараах тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан хувь хэмжээний алдангийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтойг мэдэгдэж байна” хэмээн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх талаарх мэдэгдлийг “Л ” ХХК-нд хүргүүлсэн боловч, бодит байдал дээр энэхүү мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн аваагүй, Ашигт малтмалын газарт буцаан хүргэгдсэн болох нь хариуцагчаас ирүүлсэн Баримт бичиг хүлээлцэх дэвтэр, заасан хаягт байхгүй гэсэн тэмдэглэгээтэй шуудангийн дугтуй зэргээр тогтоогдож байна.

Улмаар Ашигт малтмал,газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэдэг үндэслэлээр “Л” ХХК-ийн MV-*********** дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан ба энэ тухай “Л” ХХК-нд Ашигт малтмал, газрын тосны  газрын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн ******* дугааралбан бичгийг хүргүүлжээ. “Л” ХХК уг мэдэгдлийг хүлээн аваад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2017 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн 17/3 дугаар албан бичгээр “...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заасан мэдэгдэл манайд хүргүүлээгүй тул бид гомдолтой байна” хэмээн өргөдөл гаргахад Ашигт малтмал, газрын тосны  газар 2017 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн дүгээр албан бичгээр хариу өгсөн байна.

Хариуцагч “Л” ХХК-нд MV- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг нэхэмжлэгчийн кадастрын бүртгэлийн  бүртгэлтэй албан ёсны хаягаар 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар албан бичгийг хүргүүлэхэд заасан хаягт байхгүй шалтгаанаар буцаагдсан тул уг мэдэгдлийг нэхэмжлэгчид мэдэгдсэнд тооцож Ашигт малтмал, газрын тосны  газрын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 4 дүгээр шийдвэрийг гаргасан” хэмээн маргаж байна.

Ашигт    малтмалын   тухай   хуулийн   56   дугаар   зүйлийн   56.2-т   “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасан ба хариуцагч хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг нэхэмжлэгч компанид 2016 оны ******* дугаар албан бичгээр мэдэгдсэн ч уг албан бичгийг “Л” ХХК хүлээн аваагүй нь Ашигт малтмалын газрын баримт бичиг хүлээлцэх дэвтэрт бүртгэгдсэн бүртгэл , Монгол Шуудангийн тэмдэглэгээтэй баримтаар тус тус нотлогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус зааснаас үзвэл 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахад нэхэмжлэгчид уг хуулийн 34.2, 34.6-д тус тус заасны дагуу төлбөр төлөх боломжийг хариуцагч олгоогүй байх тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн жилийн төлбөрийг урьдчилан төлөх бөгөөд энэхүү тохиолдолд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Л” ХХК-ийн төлбөр төлөх хугацаа дуусч байсан бөгөөд хугацаа хэтэрсэн хоног буюу алданги ногдуулах боломжит 30 хоногийн хугацаа 11 дүгээр сарын 24-ний өдөр дуусч байгаа тул цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл хүргүүлэх хугацаа нь 11 дүгээр сарын 24-ний өдрөөс тооцогдох боломжтой байх бөгөөд ийнхүү 11 дүгээр сард хүргүүлсэн мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн аваагүй байхад 01 дүгээр сарын 03-ны өдөр шууд цуцлах шийдвэр гаргасан хууль тогтоомжид нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Түүнчлэн энэхүү тусгай зөвшөөрөл нь ашиглалтын тусгай зөвшөөрөл бөгөөд “...хөрөнгө оруулалт хийж, цаг хугацааны хувьд олон жилийн хөдөлмөр шаардсан” гэх нэхэмжлэгчийн тайлбарын хувьд хүлээн авах үндэстэй, захиргааны байгууллага албан тушаалтан мэдэгдэл хүргэгдсэнийг шалган тогтоон, цуцлах шийдвэр гаргахдаа анхаараагүй үйлдлээс нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх нь хаагдахад хүрчээ.

Ашигт малтмал, газрын тосны газар 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Л” ХХК-ийн гарагсан гомдолд хариу өгөхдөө “...ашигт малтмал ашиглалтын ашиглалтын MB-******* тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 03 дугаар сарын 4-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан” гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн “Л” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр  тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт Ашигт малтмал, газрын тосны газарын дансанд шилжүүлсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд “Л” ХХК-ийн гаргасан “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01дүгээр сарын 03-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийн манай компанийн ашигт малтмалын ашиглалтын MV-*********** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан заалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийн “Л” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин нэхэмжлэгч “...гүйцэтгэх захирал М.У жирэмсний хяналтанд байсан, зулбаж, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнөө эмчлүүлж байсан” гэх тайлбар нь хүндэтгэн үзэх шалтаантай байсан гэдгийг бүрэн нотлохгүй тул, шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэн, энэхүү тайлбар, үндэслэлээр 4 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгоогүй болно.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан “Л” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дугаар шийдвэрийн “Л ” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч “Л” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид   урьдчилан   төлсөн  70200   /далан мянга хоёр зуу/   төгрөгийг   дүүргийн төсвийн    орлогод    хэвээр    үлдээж,   хариуцагчаас   70200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ЧАНЦАЛНЯМ