Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1177

 

“Ремикон” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/03149 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Ремикон” ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Мон-Жигүүр” ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг, үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тооцсон алдангид  нийт  4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Оюунсанаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мэндсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

   Нэхэмжлэгч “Ремикон” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Багахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ремикон” ХК нь 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Мон-Жигүүр” ХХК-тай БНГ-07/01-09 тоот дугаартай “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулж, 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд бетон зуурмаг нийлүүлсэн. Бид бүтээгдэхүүнийг хугацаандаа, тохиролцсон хэмжээгээр нийлүүлсэн бөгөөд “Мон-Жигүүр” ХХК нь хүлээн авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 3 000 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр болох 3 000 000 төгрөг, худалдан авагч нь төлбөр тооцоог хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги 1 500 000 төгрөг тооцож, нийт 4 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Уранбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Худалдах, худалдан авах гэрээний дагуу тооцоог хийж ирсэн боловч сүүлийн үед компанийн санхүүжилтгүйгээс 3 000 000 төгрөг төлөөгүй болно. Бид  үндсэн төлбөрийг сар бүр 1 000 000 төгрөгөөр төлөх саналтай байна. Алдангийн 1 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

   Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар “Мон-Жигүүр” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 1 500 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөгийг гаргуулж “Ремикон” ХК-д олгож,

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 86 965 төгрөг гаргуулж “Ремикон” ХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 965 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Оюунсанаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Зах зээлийн хямралаас үүдэн орон сууц худалдан борлогдоогүй удааширч байгаа тул алданги төлөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Ремикон” ХК нь хариуцагч “Мон-Жигүүр” ХХК-д холбогдуулан 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг, алдангид 1 500 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “… бетон зуурмагны үнэ 3 000 000 төгрөгийг төлнө, харин компанийн эдийн засгийн хямралт байдлаас шалтгаалан алданги төлөх боломжгүй байна”  гэж маргажээ.

Зохигчид 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр БНГ-04/01-09 тоот бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, “Ремикон” ХК нь “Мон-Жигүүр” ХХК-д бетон зуурмагийг нийлүүлэх, худалдан авагч нь захиалга өгөхдөө бүтээгдэхүүний үнийн 50 хувийг нийлүүлэгчийн нэхэмжлэхийг үндэслэн урьдчилан төлж, үлдэгдэл 50 хувийг төлбөрийг нийлүүлэгчийн нэхэмжлэхийг үндэслэн бүтээгдэхүүн нийлүүлснээс хойш ажлын 3 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. /хх 9-11/

Нэхэмжлэгч “Ремикон” ХК нь “Мон-Жигүүр” ХХК-ийн өмчлөлд гэрээгээр тохиролцсон хэмжээгээр бетон зуурмаг бүрэн нийлүүлж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн,  хариуцагч нь  3 000 000 төгрөг төлөөгүй үйл баримтад талууд маргаагүй. Иймд нэхэмжлэгч нь нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Талуудын гэрээний 4.6-т “Хэрэв худалдан авагч нь уг гэрээнд тогтоосон журмын дагуу хүндэтгэх шалтгаангүйгээр төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө” гэж заажээ.

Талуудын хүсэл зоригоос үл хамаарч хариуцагч “Мон-Жигүүр” ХХК-ийн барьсан барилга худалдан борлогдоогүйгээс төлбөрийн чадвар доройтсон, нэхэмжлэгчид төлөх төлбөрийн дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг багасгаж 750 000 төгрөгөөр тооцож хариуцагч “Мон-Жигүүр” ХХК-иас нийт 3 750 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ремикон” ХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч “Мон-Жигүүр” ХХК-ийн төлөөлөгч Б.Оюунсанаагийн гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/03149 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “… 232 дугаар зүйлийн 232.6” гэснийг дараа “232 дугаар зүйлийн 232.8” гэж нэмж, “…4 500 000 төгрөг…” гэснийг “…3 750 000 төгрөг…” гэж “… олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 750 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 2 дахь заалтын “…86 965 төгрөг…” гэснийг “…74 950 төгрөг…” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч хариуцагч “Монжигүүр” ХХК-ийн төлсөн 38 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                ШҮҮГЧИД                                 Т.ТУЯА

                                                                                  Ш.ОЮУНХАНД