Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2020/0299

 

“Н з” хоршооны нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 126 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Н з” хоршооны нэхэмжлэлтэй, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 126 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.2.1, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.2.7, Автотээврийн тухай хуулийн 6.1, 6.1.4, 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.2, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасныг тус тус баримтлан “ “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар, Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд “Н з” хоршооны үйлчилгээ үзүүлж байгаа гарагууд болох 2,4,6,7 дахь өдрийн 19:00 цагийн давтамжийг олгох талаар “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-нд буюу гэрээний графикт өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ХХНТ-059/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-нд буюу гэрээний графикт 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг оруулж өөрчлөлт хийхийг хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т даалгуулах, мөн тухайн чиглэлд “Н з” хоршооны үйлчилгээ үзүүлж байсан 1810 нэмэлт цагийн давтамжийг үндэслэлгүйгээр хассан хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, тус чиглэлийн 1810 нэмэлт цагийн давтамжийг “Н з” хоршоонд буцаан олгож, тухайн чиглэлд 1810 нэмэлт цагийн давтамжийг хуваарийн дагуу зорчигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх боломжоор хангахыг хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т даалгуулах, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Ч х т” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХХНТ-120/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ” буюу гэрээний графикт 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг олгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Ч х т” ХХК-д хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай гэх баримт /ажлын хэсгийн дүгнэлт/-ийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан гэрээний заалтуудыг чанд мөрдөх үүрэгтэй. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт “Энэхүү гэрээнд заагдсан чиглэл, давтамж, гэрээний заалт, хавсралтад өөрчлөлт оруулах тохиолдолд талууд харилцан тохиролцож, тэмдэглэл үйлдэж, гарын үсэг, тэмдгээр баримтжуулах бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг байна” гэж заасан. Энэхүү заалт нь гэрээний талууд болох хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон 3 аж ахуйн нэгжүүдийн хооронд харилцан тохиролцсон тохиолдолд гэрээний давтамжид өөрчлөлт оруулж болохоор тусгасан заалт болох нь тодорхой харагдаж байгаа. Үүний дагуу хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас уулзалт зохион байгуулж 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус 3 аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан хуралдаж, 19 цагийн давтамжийг 3 аж ахуйн нэгжүүдийн одоо явж байгаа гарагууд дээр нэмж, гэрээнд өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцож, тэмдэглэл үйлдэж, гарын үсэг, тэмдгээр баримтжуулсан болно. Энэ нь хариуцагч “Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-аас шүүхэд ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлээр нотлогдож байгаа. Харин дараа нь хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ дээрх шийдвэрээсээ ухарч дахин 3 удаа хуралдаан зарлаж, энэхүү хуралдаанаар нэг компанид давуу эрх олгохоор шахалт үзүүлж, УИХ-ын гишүүдийн нөлөөлөл байгаа учраас “Ч х т” ХХК-д тухайн 19 цагийн давтамжийг олгох талаар хариуцагч “Автотээрийн үндэсний төв” ТӨҮГ-аас оролцсон төлөөлөгч тайлбарласан. Үүнийг манай “Н з” хоршоо болон “Минтранс” ХХК-аас хүлээн зөвшөөрөөгүй. Хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас нэг компанид давуу эрх олгож, манай “Н з” хоршооны үйлчилгээ үзүүлж байгаа гарагууд болох 2, 4, 6, 7 дахь өдрийн гарагуудад 19 цагийн давтамжийг нэмж, өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцсон тохиролцоогоо биелүүлж гэрээнд өөрчлөлт оруулахгүй эс үйлдэхүй гаргасан учраас үүнийг хууль бус болохыг тогтоолгож, гэрээнд 19 цагийн давтамжийн талаар өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Гэтэл шүүх 19 цагийн давтамжийн тухай гэрээнд огт тусгагдаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд 19 цагийн давтамжийг гэрээнд тусгаагүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.2.1 дэх хэсэгт заасан зарчмуудыг баримтлан талуудын тэгш байдлыг хангаж шударга ёсны зарчмыг алдуулахгүйгээр ажиллах ёстой байсан. Мөн манай “Н з” хоршоо нь 1810 цагийн нэмэлт цагийн давтамжийг 2015 оноос хойш үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд харин энэхүү цагийн давтамжийг гэрээнд тусгаагүй байсан. Гэтэл 19 цагийн давтамжийг “Ч х т” ХХК-д олгохоор 2019 оны 4 сард хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ гэрээ байгуулж, суудал ашиглалт тааруу байсан тул манай хоршооны үйлчилгээ үзүүлж байсан 1810 нэмэлт цагийн давтамжийг хассан юм. Үүний улмаас манай хоршооны олох ёстой байсан орлого буурсан. Энэ байдал нь хэнд ч ойлгомжтой. Харин энэ талаарх маргааныг иргэний хэргийн шүүхэд гаргах боломжтой байгаа. Мөн шүүх Өрсөлдөөний тухай хуулийн заалтуудыг баримталсан нь ойлгомжгүй бөгөөд давуу байдал олгохгүйн үүднээс шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Эцэст нь хэлэхэд “Их эрсдэл” нь арилаагүй компанитай хариуцагч нь гэрээ байгуулсан учир “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Ч х т” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХХНТ-120/2019 дугаартай гэрээний холбогдох хэсэг хүчингүй болох учиртай гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж үзэхэд гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Н з” хоршоо нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдуулан “Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар, Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд тус хоршооны үйлчилгээ үзүүлж байгаа гарагууд болох 2,4,6,7 дахь өдөр 19:00 цагийн давтамжийг нэмж “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-нд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг гэрээнд 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг оруулж өөрчлөлт хийхийг болон тухайн чиглэлд “Н з” хоршооны үйлчилгээ үзүүлж байсан 1810 нэмэлт цагийн давтамжийг үндэслэлгүйгээр хассан үйлдэл хууль бус болохыг тогтоон, 1810 нэмэлт цагийн давтамжийг буцаан олгож хуваарийн дагуу зорчигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх боломжоор хангахыг тус тус “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т даалгуулах, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Ч х т” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХХНТ-120/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-нд 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг олгосон хэсгийг хүчингүй болгуулах, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “Ч х т” ХХК-д хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

1/ “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Ч х т” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХХНТ-120/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-нд 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг олгосон хэсгийг хүчингүй болгуулах, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “Ч х т” ХХК-д хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан 38-07-003,076/07 дугаартай удирдамжийн дагуу “Ч х т” ХХК-ийн автотээврийн хэрэгслийн ашиглалтын үйл ажиллагаанд Зөрчлийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн тухай хуулиудын хэрэгжилт, холбогдох дүрэм, журам, улсын стандартын мөрдөлтийн байдалд хийсэн шалгалтаар “Нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагыг шалгах хяналтын хуудас”-аар эрсдэлийн үнэлгээ хийхэд 73,2 хувиар “Их эрсдэлтэй”, хууль тогтоомжийн хэрэгжилтийг 50 хувьтай үнэлсэн Зам тээврийн хөгжлийн яамны улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 38-07-003,076,111/42 дугаар дүгнэлт гарчээ.

Харин “Ч х т” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Автотээврийн үндэсний төвийн тэргүүн дэд захирлын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар ажиллах удирдамж”-ийн дагуу дахин шалгалт хийгдэж 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Зөрчил дутагдлыг богино хугацаанд арилгасан, гэрээ байгуулах аж ахуйн нэгж, байгууллагад тавих шаардлагыг хангасан” тухай дүгнэлт гаргасан байх бөгөөд энэхүү дүгнэлттэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яамны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03/2317 дугаар албан бичгээр “...Ажлын хэсгийн дүгнэлтэд дүн шинжилгээ хийж, хяналтын хуудсаар эрсдэлтэй гэж дүгнэгдсэн зөрчлийн оноог хасч үнэлэхэд “Ч х т” ХХК-ийн эрсдэл 30 оноо буюу 9,4 хувиар буурсан боловч тухайн байгууллагын үйл ажиллагааны эрсдэл 203 оноо бүхий 63,8% “Их эрсдэлтэй” үнэлэгдэж байна. ...Мэргэжлийн хяналтын газартай хамтран хийгдсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг “Ч х т” ХХК нь бүрэн арилгаагүй, эрсдэлийн төвшин буураагүй байхад буруу дүгнэлт гаргасан” гэж мэдэгдэн зөрчил дутагдлыг цаашид давтан гаргахгүй байхыг анхааруулжээ.

Мөн “Ч х т” ХХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гаргасан хүсэлтийн дагуу тус газраас биелэлт, гүйцэтгэлийн байдалд шалгалт хийж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Шалгалтын дүнгийн тухай” 07/1867 дугаар албан бичгээр “...”Ч х т” ХХК-ийн үйл ажиллагааны эрсдэлийн үнэлгээ хийхэд 67% буюу “Их” эрсдэлтэй үнэлэгдэж, эрсдэл буураагүй байна. Гэвч танай ажлын хэсгээс дээрх зөрчлийг арилгаж, стандартын шаардлага хангасан гэсэн дүгнэлтийг гаргаж, “Ч х т” ХХК-д үйлчилгээний чиглэл, гаралт нэмж өгсөн байгаа нь зорчигчдын ая тухтай аюул осолгүй зорчих болон тээвэрлэлт, хөдөлгөөний аюулгүй нөхцөл байдлыг хангаж чадахгүй байна. ...буруу дүгнэсэн холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй” гэж,  дахин 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 07/2701 дүгээр албан бичгээр “...”Ч х т” ХХК-ийн автотээврийн хэрэгслийн ашиглалтын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлт болон зөрчлүүдийг арилгасан тухай удаа дараа үндэслэлгүй баримт бичиг гаргаж, зөрчил арилгалтыг буруу дүгнэж байгаагаас холбогдох хууль, дүрэм, стандартын шаардлагыг хангаагүй тус компанийг хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг эрхлүүлэх нөхцлийг бүрдүүлж байна” гэж тус тус мэдэгдэж, арга хэмжээ авахыг шаардаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Автотээврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Автотээврийн салбарын үйл ажиллагаанд тавих захиргааны хяналтыг автотээврийн хяналт, шалгалтын асуудал эрхэлсэн төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын мэргэжлийн хяналтын алба, автотээврийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ” гэж зааснаар тээвэрлэлтийн үйл ажиллагаанд төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй  этгээдүүдээс “Ч х т” ХХК-ийн үйл ажиллагааны эрсдэлийн үнэлгээг “Их эрсдэлтэй” хэвээр байгааг тодорхойлсоныг үнэн зөвд тооцох бөгөөд хариуцагч нь ажлын хэсгийн дүгнэлт хууль бус болохыг удаа дараа мэдэгдсээр байхад ямар нэгэн арга хэмжээ аваагүй төдийгүй “Ч х т” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 3 сарын хугацаатай, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1 сарын хугацаатай, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 1 сарын хугацаатай түр гэрээ байгуулж, улмаар 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 120/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г гурван жилийн хугацаатай байгуулсан нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор батлагдсан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дүрмийн 6.8-д “Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь үйлдвэрийн газрыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана” гэж заасантай нийцээгүй, Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвийн хооронд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Ажил, үйлчилгээг хариуцуулан гүйцэтгүүлэх гэрээ”-ний 4.1.27-д “нийтийн зорчигч тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн байгууллагад сахилга хариуцлагыг дээшлүүлэх, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах, 4.1.28-д “...тээвэрлэлтийн үйлчилгээг осол, зөрчил, сааталгүй зохион байгуулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах” үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Ийнхүү маргаан бүхий ажлын хэсгийн дүгнэлт хууль бус болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх “шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэх үндэслэлээр 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасанд нийцээгүй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “Ч х т” ХХК-д хийгдсэн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/319 дүгээр тушаалаар батлагдсан “Нийтийн тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуй нэгжийн хүсэлтийг судлах, гэрээ байгуулах болон гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх журам”-ын 2.1-д заасан “Автотээврийн тухай хууль, “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011 улсын стандартыг хангасан байх” шаардлагыг зөрчсөн болох нь Зам тээврийн хөгжлийн яамны улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 38-07-003,076,111/42 дугаар дүгнэлт болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 07/2701 дүгээр албан бичгээр тогтоогдсон, тээвэрлэгч нартай байгуулдаг “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-ний 6.2-т “Дараах тохиолдолд алдаа, зөрчил дутагдлыг бүрэн арилгатал тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсооно”, 6.2.1-д “Автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр “Их эрсдэлтэй” дүгнэгдсэн тохиолдолд зөрчлийг арилгах хүртэл” гэж, 8.1-д “Дараах тохиолдолд үйлдвэрийн газрын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсооно”, 8.1.5-д “Автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр “Их эрсдэлтэй” дүгнэгдэж, тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй бол” гэж заасныг хэрэгжүүлээгүй байх тул “Ч х т” ХХК-д Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар, Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд  долоо хоног бүрийн 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг олгосон нь хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.

Хариуцагч байгууллага холбогдох дүрэм, журмаа зөрчиж “Ч х т” ХХК-тай гэрээ байгуулснаар адил төрлийн, нэг чиглэлд тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг нэхэмжлэгч “Н з” хоршооны тухайн чиглэлд өөрийн үйлчилгээ үзүүлдэг 2,4,6,7 дахь өдрүүдэд 19 цагийн давтамжаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, тэрээр захиргааны гэрээг хүчингүй болгуулахаар маргах эрхтэй.  

Харин Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зөвхөн захиргааны гэрээ илт хууль бус байх үндэслэлийг заасан, хуулийн 56 дугаар зүйлд  зохицуулсан захиргааны гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах тусгай тохиолдлууд маргаан бүхий энэ тохиолдолд хамаарахгүй ч нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар захиргааны гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхтэй тул гэрээний зарим хэсгийг илт хууль бусд тооцох нь хууль зөрчихгүй гэж үзлээ.

 Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах шаардлагыг хангаагүй, тээвэрлэлтийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, зогсоох үндэслэл бүрдсэн этгээдтэй байгуулсан гэрээг “илэрхий алдаатай” гэрээ гэж үзэх нь зөв бөгөөд “Их эрсдэл” нь арилаагүй компанитай гэрээ байгуулсанаар зорчигчдын ая тухтай аюул осолгүй зорчих болон тээвэрлэлт, хөдөлгөөний аюулгүй нөхцөл байдалд эрсдэл учрах боломжтой тул “хор уршигтай үр дагавар бүхий” гэж дүгнээд Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7-д зааснаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Ч х т” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХХНТ-120/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-нд 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг олгосон хэсгийг илт хууль бусд тооцож шийдвэрлэлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар захиргааны гэрээний зарим хэсэг илт хууль бус байх нь түүнийг бүхэлд нь илт хууль бусд тооцох үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.

 

         2/ “Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар, Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд тус хоршооны үйлчилгээ үзүүлж байгаа гарагууд болох 2,4,6,7 дахь өдөр 19:00 цагийн давтамжийг нэмж “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-нд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг гэрээнд 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг оруулж өөрчлөлт хийхийг, тухайн чиглэлд “Н з” хоршооны үйлчилгээ үзүүлж байсан 1810 нэмэлт цагийн давтамжийг үндэслэлгүйгээр хассан үйлдэл хууль бус болохыг тогтоон, 1810 нэмэлт цагийн давтамжийг буцаан олгож хуваарийн дагуу зорчигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх боломжоор хангахыг тус тус “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т даалгуулах” шаардлагын тухайд:  

          Нэхэмжлэгч “Н з” хоршоо нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “тус хоршооны үйлчилгээ үзүүлж байгаа өдрүүдэд 19 цагийн давтамжийг нэмж, гэрээнд өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцсон боловч тохиролцоогоо биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан” гэж тайлбарлажээ.

         “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/319 дүгээр тушаалаар батлагдсан “Нийтийн тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуй нэгжийн хүсэлтийг судлах, гэрээ байгуулах болон гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх журам”-ын 3.6-д “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн хүсэлт, түүнд хавсаргасан баримт материал, судалгааг үндэслэн тус үйлдвэрийн газраас томилогдсон ажлын хэсэг дүгнэлт гаргана”, 3.7-д “...давтамж нэмэгдүүлэх хүсэлтийг судлан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг үйлдвэрийн газрын захирлын тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна”, 3.8-д “...ажлын хэсгийн дүгнэлтэд дарга, гишүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, 3.9-д “ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг Захирлын зөвлөлийн хуралд танилцуулж, шийдвэрлүүлнэ” гэж тус тус зааснаар аж ахуйн нэгжээс гаргасан давтамж нэмэгдүүлэх хүсэлтийг Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/28 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг судалж, дүгнэлт гарган, уг дүгнэлтийг Захирлын зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлэх журамтай байна.

Хэрэгт авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд “Минтранс” ХХК, “Н з” хоршоо, “Ч х т” ХХК-иудад 19 цагийн давтамжийг тээвэрлэлт хийж буй гарагуудын графикт нэмж өөрчлөлт оруулахаар тогтсон ч 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дахин хуралдаж ямар нэгэн тохиролцоонд хүрж чадаагүй үйл баримт тогтоогдож байх тул дээрх журмын дагуу нэхэмжлэгч “Н з” хоршооны үйлчилгээ үзүүлж байгаа өдрүүдэд 19 цагийн давтамжийг нэмж, гэрээнд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй.

Мөн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь “Н з” хоршоотой байгуулсан 2017 болон 2019 оны гэрээгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд 7 хоног бүрийн  4 өдөр  08, 15, 18, 20 цагуудад нийтийн тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохирсон байх бөгөөд нэмэлт цагийн давтамж гэх 1810 цагаас үйлчилгээ үзүүлэх талаар гэрээнд тусгаагүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь 2016 оноос 1810 нэмэлт цагийн давтамжаар тээвэрлэлтийн үйлчилгээ эрхэлж байсан баримтууд хэрэгт авагдсан ч энэ нь гэрээний бус тохиролцоогоор, зорчигчын урсгал ихсэх цаг үеийн байдалтай холбоотойгоор хийгддэг тогтмол бус тээвэрлэлт байх тул 1810 нэмэлт цагийн хуваарийг олгохыг шаардах эрх нэхэмжлэгч “Н з” хоршоонд хуулиар болон гэрээгээр үүсээгүй, хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзнэ.

          Иймд “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-нд 19 цагийн давтамжийг нэмсэн өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг гэрээнд 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг оруулж өөрчлөлт хийхийг даалгах, тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлж байсан 1810 нэмэлт цагийн давтамжийг үндэслэлгүйгээр хассан үйлдэл хууль бус болохыг тогтоон, 1810 нэмэлт цагийн давтамжийг буцаан олгож хуваарийн дагуу зорчигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх боломжоор хангахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. 

 Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчээс гаргасан “Их эрсдэл нь арилаагүй компанитай хариуцагч нь гэрээ байгуулсан учир 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХХНТ-120/2019 дугаартай гэрээний холбогдох хэсэг хүчингүй болох учиртай” гэх гомдлыг ханган, үлдсэн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 126 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 55 дугаар зүйлийн 55.1.7, Автотээврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Н з” хоршооны нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “Ч х т” ХХК-д хийгдсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгож, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Ч х т” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХХНТ-120/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-нд 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай” гэж,           

2 дахь заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн  56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Н з” хоршооны нэхэмжлэлээс “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-нд 19 цагийн давтамжийг нэмсэн өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, уг гэрээнд 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг оруулж өөрчлөлт хийхийг, тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлж байсан 1810 нэмэлт цагийн давтамжийг үндэслэлгүйгээр хассан үйлдэл хууль бус болохыг тогтоон, 1810 нэмэлт цагийн давтамжийг буцаан олгож хуваарийн дагуу зорчигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх боломжоор хангахыг тус тус “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т даалгах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

4 дэх заалтын “улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Б.Тунгалагсайхан    

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН