| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0671/Э |
| Дугаар | 674 |
| Огноо | 2019-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 674
2019 7 09 2019/ШЦТ/674
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
улсын яллагч Ц.Амгаланбаатар,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Ганбаатарын Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909001970506 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зэвсгийн албаны офицер мэргэжилтэй, ам бүл-2, хамтран амьдрагч,
2015 оны 02 дугаар сарын 09-нд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар,
2015 оны 06 сарын 08-нд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 сар 7 хоног баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Боржигон овогт Ганбаатарын Г/ /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах Эгшиглэн караокед бусадтай маргалдаж Б.Баярсайханы нүүр рүү 2-3 удаа цохиж биед нь зүүн зовхины шарх, цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би 2019 оны 01 дүгээр сарын 03-ны орой Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Өвөрмонгол рестораны хажууд байдаг Эгшиглэн караокед найз Бямбасүрэн, Өлзийтогтох хоёрын хамт орж суусан. Бид нар хүний хоёр, хоёр шил пиво уусан. Тэгсэн чинь би хажуу талын ширээн дээр сууж байсан залуучуудтай маргалдаж байгаад одоо хохирогч гээд байгаа Баярсайханыг хажуу ширээн дээр сууж байсан залуу байна гэж андуураад зүүн нүдэнд нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд хэрэлдэж маргалдаж байсан хүмүүсээсээ салаад гараад явсан....” гэсэн мэдүүлэг /хх-20/,
Хохирогч Б.Баярсайханы “...Би 2019 оны 01 дүгээр сарын 03-ны орой Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Өвөрмонгол рестораны хажууд байдаг Эгшиглэн нэртэй караокед урд нь хамт ажиллаж байсан эгч Энхтуяатай орсон. ...23:00 цагийн үед намайг ширээн дээрээ сууж байтал танихгүй залуу ирээд намайг 2-3 удаа цохисон. ...Миний баруун чих хавдсан, зүүн нүдний хөмсөгний доод хэсэг язарч гэмтсэн. Би хэнд юугаар цохиулснаа санахгүй байна…” гэсэн мэдүүлэг /хх-7/,
Гэрч Р.Бямбасүрэнгийн “...2019 оны 01 дүгээр сарын 03-ны 23:00 цагийн үед манай найз Г, Өлзийтогтох хоёр Сүхбаатар дүүргийн 7дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эгшиглэн нэртэй нийтийн караокед байна гэхээр нь би очсон. Г, Өлзийтогтох бид гурав караокегийн нийтийн зааланд суугаад пиво ууцгаасан. Бүжгийн ая явж эхлэхэд Г хажуу талын ширээн дээр сууж байсан эмэгтэйг урьж бүжиглээд байж байхад эмэгтэйгийн ширээн дээр сууж байсан нэг залуу ирээд Гтай бүжиглэж байсан эмэгтэйг татаж аваад Гтай маргалдсан. Тэгээд нэг харсан чинь Г ширээн дээр сууж байсан залуучууд Гыг зодож эхэлсэн. Би салгах гээд очиход намайг бас дээрээс дарчхаад намайг бас зодож цохисон. Намайг сүртэй зодож цохисон юм байхгүй. Намайг тэр залуучуудтай зууралдаж байх хооронд Г босож очоод зодоонд хамааралгүй залууг цохисон юм шиг байна. Тухайн үед караокед байсан хүмүүс Гыг чи ямар ч хамааралгүй залууг цохьчихлоо шүү гэж хэлсэн. Яг зодоон болох үед Өлзийтогтох гэртээ харьчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-13/,
Гэрч Ч.Энхтуяагийн “...Би 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр урд өмнө нь хамт ажилладаг байсан шавь Баярсайхантай хамт Өвөрмонгол рестораны хажууд байдаг Эгшиглэн нэртэй караокед орсон. Баярсайхан бид хоёр караокед нэг нэг пиво уусан. Баярсайхан хэд хэдэн дуу дуулсан чинь ямар овоо дуулдаг гар вэ. Энэ тэр гээд хэрүүл маргаан болох шиг болсон. Тэгсэн чинь нэг залуу ирээд Баярсайханыг зодсон. Баярсайханыг юмаар цохисон юм шиг хөмсөг нь сэтэрсэн. Тэгээд Баярсайхан хөмсгөө оёулна гээд явсан. Би гэртээ орсон. Тухайн үед Баярсайханыг зодсон залууг ямар хувцастай байсныг нь ч санахгүй байна...." гэх мэдүүлэг/хх-15/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹1147 тоот актын “…Б.Баярсайханы биед зүүн зовхины шарх, цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-10/,
Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-28/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-23/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-25-29/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-39-40/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах Эгшиглэн караокед бусадтай маргалдаж Б.Баярсайханы нүүр рүү 2-3 удаа цохиж биед нь зүүн зовхины шарх, цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт буюу хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Баярсайхан, гэрч Р.Бямбасүрэн, Ч.Энхтуяа нарын мэдүүлгүүд, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹1147 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Г.Гын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Г.Гыг хохирогч Б.Баярсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Хохирогч Б.Баярсайхан нь энэ хэрэгтээ холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй хэдий боловч шүүгдэгчийн зүгээс хохирогчид хохирол төлбөр гэж 500.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хохирогч нь шүүхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Г.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Гын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Гыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР