Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2026/00007

 

 

Б.А нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий  шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 302/ШШ2025/00972 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын 01 дүгээр багт оршин суух С****** овогт Б****** А********* нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэг /эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Ж/-д холбогдох,

 

“Тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн томилуулах” тухай гомдлоор авч хэлэлцэх иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е, түүний өмгөөлөгч Х.З, Я.С, хариуцагчийн өмгөөлөгч С.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Нэхэмжлэгч Б.А нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар цэцэрлэгийн галчийн орон тоонд томилогдон ажиллаж байсан. Т***** ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа ямар нэгэн доголдол, дутагдалд гаргаж байгаагүй ажиллаж ирсэн.

1.2. Гэтэл 2025 оны 4 дүгээр сараас тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон Х.Ж гэгч түүнийг ялгаварлан гадуурхаж, ямар нэгэн аргаар ажлаас гаргаж зайлуулах бодлого барьж ажиллаж ирсэн нь мэдрэгдэж байна. Мөн Б.А “чи Монгол ардын намын хүн, чамайг дэмждэг эрхлэгч Т.К чинь явсан, цаашдаа ажлаас гарах болно, чи тэтгэмж авдаг юм байна, иймд ажил хийлгүүлэхгүй” гэж байсан байна.

1.3. Харин 2025 оны 5 дугаар сарын 15-нд галч нарын хийдэг ажил дуусаж улмаар амралтад явах байсан. Гэтэл эрхлэгч Х.Ж та нар амрахгүй, 06 дугаар сарын 01 хүртэл байх болно гэж галч нарт мэдэгдсэн. Б***** хийх ажил байхгүй ч гэсэн бид гал зуухны үнсийг ачих, цэвэрлэгээ хийх, дотор талыг нь шохойдох зэрэг ажлуудыг хийсэн. Нэхэмжлэгч Б.А нь “2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хөдөө гэртээ яваад ирье” гэж эрхлэгчид утсаар хэлээд 4 өдрийн чөлөө авъя гэхэд тухайн үед эрхлэгч Х.Ж нь У******* суманд гар бөмбөгийн тэмцээнд оролцож явж байсан ба тэрээр зөвшөөрсөн учраас хөдөө аавынхаа гэрийг нүүлгэж явж байсан байна. Б.А нь тухайн үед эрхлэгч Х.Ж дугаарыг асуухаар тус цэцэрлэгт багш хийдэг Х.Г [********] дугаар утас руу холбогдож асуухад тэрээр эрхлэгч миний хажууд гар бөмбөг тоглож байна гэж түүнийг яриулсан байна. Тэгээд эхлэгч Х.Ж нэхэмжлэгч Б.А Х.Г утсаар ярьж түүнд чөлөө олгосон байна.

1.4. Гэтэл 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Ж нь сумын төвд байгаа нэхэмжлэгчийн бэр эгчтэй холбогдож “ажил гарлаа Б.А дуудаарай” гэж хэлсний дагуу Х.А нь 06 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн үед цэцэрлэгт очиход, эрхлэгч Х.Ж, нярав Х.Т, арга зүйч Ө.А нар байсан ба түүнд 3 төрлийн цаасанд гарын үсэг зуруулж авсан байх ба “энэ юу вэ? монгол хэл мэдэхгүй” гэхэд тэд “зүгээр, зүгээр ажлын бичиг юм зурчих” гэхээр нь гарын үсэг зураад өгсөн байна. Б.А нь ямар бичиг болохыг мэдэхгүй байна. Т** өдрийн 12 цагийн үед Б.А дахиж дуудаад ажлаас чөлөөлсөн тушаалыг өгсөн байна. Я*** ч шалтгаангүйгээр нэхэмжлэгч Б.А ажлаас чөлөөлсөн байна.

1.5. Х.Ж нь цэцэрлэгийн эрхлэгчээр шинээр томилогдсон боловч Б.А ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, гэрээ хийе гэж хэлээгүй ба галчийн ажил гэрээт ажил бөгөөд ажлаа улирлын чанартай хийдэг юм. Г*** нар 09 дүгээр сарын 15-аас дараа оны 05 дугаар сарын 15-нд ажлаа зогсоож амралтад явцгаадаг ба энэхүү улирлын чанартай ажилладаг зохицуулалтыг ЭРЧИМхүчний сайдын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Х******** улирал эхлэх дуусах хугацааг тогтоох тухай А/129 дугаар тушаалаар баталсан байхад эрхлэгч Х.Ж дур мэдэн өөрчилж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, төсвийг зүй бусаар зарцуулж та нар 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилла гэж хууль бус шийдвэр гаргаж, улмаар хүний эрхийг зөрчиж амралтад байгаа хүнийг 06 дугаар сарын 06-ны өдөр “чи ажлаас чөлөөлөгдлөө” гэж ажлаас гарсан тушаал өгч байгаа нь хэрхэвч болохгүй үйлдэл гэж үзэж байна. Г****** ажил 2025 оны 5 дугаар сарын 15-нд зогссон байхад чи ажил тасалсан гэж ажлаас гаргасан тушаалд дурдсан нь хууль бус байна. Б.А нь эрхлэгчийг хүндэтгэж 2025 оны 05 дугаар сарын 15-аас хойш байгууллагад ажилласан болоод явж байсан, дараа нь 05 дугаар сарын 24-ний өдөр мөн хүндэтгэлтэй хандаж мэдэгдэж чөлөө авсан байхад нэхэмжлэгч Б.А ялгаварлан гадуурхаж ажлаас чөлөөлж байгааг зөвшөөрөхгүй шүүхэд гомдол гаргасан.

1.6. Б.А байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн гэдгийг 06 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн байдаг. Тийм учраас ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиудыг зөрчсөн. Б.А эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байгаа учраас шүүхэд хандах болсон. Б.А ажлаас гаргасан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80, 123 дугаар зүйлийг үндэслэсэн байдаг. 80 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан байгаа. Б.А хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулиар сахилгын зөрчлийг 2 болон түүнээс дээш удаа гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болдог. Б.А өмнө нь сахилгын зөрчил гаргасан тухай ямар ч нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгчийн хувьд өмнө нь зөрчил гаргасан удаа байхгүй. Ажлаас чөлөөлсөн тушаалд хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэсэн байна. Ц*********** эрхлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ноцтой зөрчил гэдгийг эд хөрөнгийн хохирол учруулсан байх, байгууллагын нэр хүндийг гутаах, байгууллагын эрх ашиг сонирхолд нөлөөлсөн сөрөг үр дагавар бий болгохыг ойлгоно гэдгийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байна. Мөн 2 өдөр ажлаас тасалсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцно гэж заасан байна. Н***** зөрчилд тооцогдохгүй байх нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс эд хөрөнгийн хохирол учруулаагүй учраас ноцтой зөрчил гэж үзэх үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан байна. Т******* сахилгын шийтгэл ноогдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэх ёстой. Гэтэл Б.А энэ талаар мэдэгдээгүй байна. Т****** авах ёстой байсан боловч ямар нэгэн тайлбар аваагүй байна. 05 дугаар сарын 15-ны өдөр гэрээт ажилтны хугацаа дууссанаас хойш 1 сарын дараа сахилгын шийтгэл ноогдуулж ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус байна. ЭРЧИМхүчний сайд халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай ЭРЧИМхүчний сайдын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/129 дугаар тушаалаар Баян-Өлгий, Б*********, Б*****, Г***-А****, Д***** зэрэг аймгуудын дулааны эрчим хүчний хэрэглээний халаалтын эхлэх хугацааг 09 дүгээр сарын 15, дуусах хугацааг дараа жилийн 05 дугаар сарын 15-ны өдөр гэж халаалтын хугацаа тогтоосон байна. Ү**** дагуу Б********** яамнаас сургууль, цэцэрлэгт 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх төсвийг хуваарилж өгдөг юм байна. Тухайн үед ажиллаж байсан ажилтнуудыг гэрээт ажилтан гэж тооцогддог юм байна. Ц********** эрхлэгч Ж******* нь Б.А ажлаас гаргах зорилготой байсан гэж үзэж байна. Б.А байгуулсан гэрээг цуцалж, ажлаас халсан асуудал нь хууль бус гэж үзэж байна. Г***** ажилтнуудтай 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, 05 дугаар сарын 15-ны өдөр гэрээ дуусгавар болох үед дахиж гэрээ байгуулсан байдаг. Тухайн гэрээг зөвхөн Б.А байгуулсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах үед цэцэрлэгчийн эрхлэгч 3 төрлийн гэрээг баримтаар гаргаж өгсөн. Г*** Б.А өөр О******, Е****, С**** гэдэг хүмүүсийн гэрээг Б.А гэрээтэй адилхан болгож авчирсан байна. Э***** хүмүүсийн эрх ашиг нь зөрчигдөж байсан учраас би уулзсан байдаг. Тухайн гэрээнүүд нь хуурамч байж болзошгүй гэж үзэж байгаа. Т******* Б.А ажлаас халсан үйл явц бүгд хууль бус гэж үзэж байна.

1.7.  Иймд тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.А тус цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн томилуулахыг шүүхээс хүсье.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч Б.А гаргасан гомдолтой танилцав. М**** цэцэрлэгийн галчийн ажлын байр нь улирлын шинжтэй, хугацаатай гэрээгээр ажиллуулдаг ажлын байр юм. Б.А нь гэрээний хугацаа дуусаагүй байхад 5 хоног үргэлжлүүлэн ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. Н***** гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж удаан хугацаанд ажил тасалсан тул түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан тул түүний гомдол үндэслэлгүй байна.

2.2. А****** Б.А нь удирдлагыг хүлээн зөвшөөрдөггүй нэгэн юм. Өөрөөр хэлбэл цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Х.Ж намайг хэл амаар доромжилдог байсан. Б.А ажил үүрэгтэй холбоотой шаардлага тавихад хэрүүл маргаан гаргаж, бусад ажилтнуудын дунд хагарал үүсгэж байгууллагын уур амьсгалыг эвддэг. Г******** хүлээсэн ажил үүрэгтээ хайнга хандаж, дур мэдэн ажлаа орхиж явчихдаг байсан. Сүүлд нь удаан хугацаагаар буюу 5 хоног үргэлжлүүлэн ажлаа орхиж явсан тул түүнийг ажлаас чөлөөлөх хариуцлага хүлээлгэсэн юм.

2.3. Хэрэв Б.А хариуцлага хүлээлгэхгүй бол бусад ажилтнууд мөн адилхан барьцаж ажилдаа хайнга хандаж эхэлж байсан. Тус цэцэрлэгт угаасаа дүрэм, журам, хууль үйлчилдэггүй гэдэг яриа хүртэл гарч байсан. Б.А нь бусад ажилтнуудыг ийм байдлаар уриалдаг байсан. Тодруулбал, “эрхлэгч хийж байгаа энэ эмэгтэй юугаа мэдэх юм, та нар өөрсдийгөө битгий удирдуулж бай” гэх мэтээр байгууллага дотор эмх замбараагүй байдал удаа дараа гарсаар байсан. Б.А урьд нь бага багаар ажил тасалж, үүрэгт ажилдаа хайнга хандаж, удирдлагаас өгч байсан үүрэг даалгаврыг биелүүлэхгүй хойш нь тавьж ирсэн. Гэхдээ би түүнд ямар нэгэн байдлаар хариуцлага тооцоогүй байсан.

2.4. Гэтэл сүүлдээ бүүр улам цайм өөрөө өөрийгөө мэдэж 5 хоног дараалан ажилдаа ирэлгүй явахаас гадна утсаа унтраасан байсан. Г** рүү нь хүн явуулахад гэр нь түгжээтэй болж таарсан. И***** дараа хамт олны хурал хийхэд тэр “миний хийх ёстой ажлыг үлдээчихгүй яасан юм вэ? би ирсний дараа хийнэ шүү дээ” гэх байдлаар хандаж дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтыг үл тоомсорлосон. Т***** гомдолд бичсэн зүйлүүд дандаа худал байна. Н***** 4 өдрийн чөлөө авъя гэж холбогдож байгаагүй, би түүнд чөлөө өгсөн удаа байхгүй.

2.5. Х** мэдэхгүй учраас цаасанд гарын үсэг зуруулж авчхаад намайг ажлаас халсан гэж худлаа гүтгэсэн байна. Би хамт олны хуралд түүний асуудлыг оруулсан бөгөөд тэр өөрөө 5 хоног ажил тасалсан гэдгээ зөвшөөрсөн. Гэвч 5 хоног ажил тасалсан хүний гэрээг цуцлаагүй нь өөрөө бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг болно гэсэн тул түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан.

2.6. Иймд нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 302/ШШ2023/00972  дугаар шийдвэрээр:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтал нэхэмжлэгч Б.А хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Х******* 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.А энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 302|ШШ202500972 дугаар шийдвэрийг хуулийн хугацаанд хүлээн авч давж заалдаж дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

4.2. Шүүх миний нэхэмжлэлд шаардсан асуудлуудад хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэсэн атлаа тогтоох хэсэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэсэн нь энэхүү нэхэмжлэлд шүүхийн зүгээс ямар ч ач холбогдол өгөлгүй анхаарал хандуулалгүй зөвхөн нэг талыг баримталсан нь харагдаж байна.

4.3. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т төсвийн шууд захирагч батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих; 16.5.5-т батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэж заасныг Х.Ж нь ноцтой зөрчсөнийг анхан шатны шүүх анхаараагүйд гомдолтой байна. Тухайлбал, төсвийн шууд захирагчийн батлагдсан төсвийг зарцуулах хугацаа нь төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээ болон эрчим хүчний сайдын 2020 оны халаалтын улирал эхлэх дуусах хугацааг тогтоох тухай 170 дугаар тушаалд зааснаар дууссан байхад тэрээр өөртөө давуу байдал олгож, гэрээт ажилтнуудтай дахиж гэрээ хийж улмаар Б.А ажлаас чөлөөлөх нөхцөлийг зохиомлоор бүрдүүлснийг шүүх яагаад харж үзээгүй юм вэ.Төсвийн шууд захирагч нь зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд өдөр тутмын үйл ажиллагааг явуулахыг хуульчилсан байхыг шүүх анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл гэрээт ажилтнуудыг ажиллуулах хугацаа жил бүрийн 9 дүгээр сарын 15-аас дараа оны 5 дугаар сарын 15-ны хоорондох хугацаа юм. Х.Ж энэ хугацаанд гэрээт ажилтнуудад юу ч хийлгүүлж болох бөгөөд байгуулсан гэрээг дүгнэж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийн аль ч хэлбэрийг хэрэглэж, арга хэмжээ тооцож болох байтал тэрээр гэрээний хугацаа дууссан хойно эс үйлдэхүй хийж байгаа нь буруу билээ. Ийм эрх хэмжээ төсвийн шууд захирагч Х.Ж хуулиар олгогдоогүй юм. Үүнийг анхан шатны шүүх анхааралгүй буруу үнэлж, гэрээт ажилтан болох Б.А, эрхлэгч Х.Ж хооронд 5 дугаар сарын 15-аас хойш болсон үйл баримтуудыг үндэслэл болгож, иш татаж шийдвэр гаргасан нь буруу болжээ үзэж байна. 

4.4. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол Х******* эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан байх бөгөөд гэрээт ажилтан Б.А эрхлэгч Х.Ж нь ажлаас чөлөөлөхөөс өмнө нэг ч удаа сахилгын арга хэмжээ аваагүй байгааг шүүхээс яагаад харгалзаж үзээгүйд гомдолтой байна. А*** олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хуульд заасан сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасныг зөрчсөн, нэхэмжлэгчээс тайлбар аваагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, Б.А ажил тасалсан гэдгийг батлах цагийн бүртгэл байхгүй, зөвхөн өөрийн хууль бус хугацаанд ажил хийлгүүлсэн гэж бүрдүүлсэн хуурамч хурлын тэмдэглэл зэргээс үзэхэд ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байгааг шүүхээс анхаараагүйд гомдолтой байна.

4.5. Түүнчлэн Б.А байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.6-д “ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нь нөлөөлсөн сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл,эс үйлдлийг ойлгоно” гэж тодорхой заасан байх ба Б.А нь энэхүү үйлдлийн нэгийг ч хийгээгүй, үйлдээгүй нь хэргийн материалд тодорхой байгааг шүүх анхаараагүй байна. Б*********** эд хөрөнгийн хохирол учруулсан тухай нотолгоо материал байхгүй байна. Хөдөлмөрийн гэрээний 7.6-д ноцтой зөрчлийг тодорхойлсон атлаа гэрээний 7.6.4-т 2 ба түүнээс дээш хоног ажил тасалсныг ноцтойд тооцно гэж ойлгомжгүй гэрээ хийснийг шүүхээс анхаараагүй байна

4.6. Хариуцагч ажилтныг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авахдаа хөдөлмөрийн хуульд заасан дараалал, сахилгын шийтгэл ногдуулах журмыг үндэслэж хэрэгжүүлэх үүргийг ноцтой зөрчсөнийг шүүх анхаараагүйд гомдолтой байна. Тухайлбал шүүх, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 302|ШШ202500972 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.10-т “хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2025 оны6 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн эрхийн акт гарсны дараа үйлдэгдсэн бичгийн нотлох баримт байх боловч” гэж, энэхүү нотлох баримтыг Б.А аль хэдийн ажлаас чөлөөлөгдсөний дараа үйлдэгдсэн бичиг болохыг нотолж байгаа нь харагдаж байна. Гэтэл энэхүү нотлох баримтыг шүүхээс яагаад нотлох баримтаар үнэлж Б.А эсрэг ашигласан нь сонин байна.

4.7. Хэргийн үйл явц аль хэдийн өнгөрсөн байхад ажлаас чөлөөлсөн тушаалыг баталгаажуулахын тулд 3 төрлийн бичигт Б.А гарын үсэг зуруулсан байх ба үүний дотор буюу тухайн өдрийн хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч Б.А “би хамт ажиллаж байгаа хүмүүстэй миний ажлыг орхиж яваарай гэсэн эрхлэгчээс чөлөө аваагүй, үүрэгт ажлаа ажлын цагаар орхиод явсан нь үнэн, тэр бол миний буруу, хүлээн зөвшөөрч байна” гэх үг өгүүлбэрүүд байх ба энэ бүгд хариуцагчийн талаас өөрөө санаачилж бичиж бэлэн болгочхоод зөвхөн 6 сарын 17-ны өдөр Б.А дуудаж авчраад энэ “бичигт гарын үсэг зурчих, энэ зүгээр ажил үүргийн талаарх бичиг” гэж худал хэлж, гарын үсэг зуруулж авсан бичгүүд билээ. 2025 оны 6 сарын 17-ны өдөр Б.А гарын үсэг зуруулсан 3 төрлийн бичгийг тодруулбал, 1 .Б.А хийсэн хөдөлмөрийн гэрээ, 2.Ө******* хөтөлсөн хурлын тэмдэглэл, 3.А********* ажлаас чөлөөлж гаргасан тушаал зэрэг байна. Б.А гарын үсэг зуруулж авчхаад чи ажлаас чөлөөлөгдлөө гэжээ.

4.8. Энэ үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Х********** нь Б.А нь ямар ч монгол хэл, бичиг мэддэггүй хүн бөгөөд айж сандраад тухайн бичигт гарын үсэг зурсан нь буруу билээ.

4.9. Хэргийн үйл явц дээрх байдлаар аль хэдийн гэрээт ажилтнуудын гэрээт бус хугацаагаар өнгөрсөн цагаар өрнөж, нотлох баримтыг хууль бусаар цуглуулж, хуурамч нотлох баримт бүрдүүлж хууль зөрччихөөд байхад анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Н***** баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасныг зөрчиж нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй тал бүрээс нь үнэлээгүй хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.10. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохыг, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцох, ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хуульд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэхийг, мөн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр эсхүл цахим хэлбэрээр гаргахыг тус тус заасан байна. Т******* хэлбэл, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлийг болон шийтгэл ногдуулахдаа ажилтанд мэдэгдэж, түүний үгийг сонсож, улмаар гаргасан зөрчилд тохирсон сахилгын шийтгэлийг хүлээлгэж, шийтгэл ногдуулсан шийдвэрийг танилцуулж, хувийг хүлээлгэн өгөх журмыг хуулиар тогтоосон байна.

4.11. Гэтэл ажил олгогч Х.Ж нь дээрх хуулийн заалтуудын нэгийг ч хэрэглэлгүй, бүр дураараа дургиж төсвийн мөнгийг зарцуулах хуулийн хугацаа өнгөрсөн байхад Б.А ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргаж хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэж байна.

4.12. Түүнчлэн хариуцагчаас гэрээт ажилтнуудыг 2025 оны 5 сарын 14-өөс 6 сарын 01 хүртэл ажиллуулахаар хурал хийсэн бөгөөд тухайн үед зөвхөн галч Б.А хийх гэрээнд 2025 оны 6 сарын 17-ны өдөр гарын үсэг зуруулж авсан байдаг. Энэ нь төсвийн тухай хууль болон халаалтын хугацааг мөрдөх эрчим хүчний яамны сайдын тушаалыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хүсэлт гаргаж эрхлэгч Х.Ж нь зөвхөн Б.А ажлаас чөлөөлөх зорилготой гэрээ хийсэн, бусад ажилтнуудтай гэрээ хийгээгүй гэх гомдлыг гаргаж байсан. Ү**** дагуу Х.Ж нь мөн бусад гэрээт 3 ажилтны гэрээг хуурамчаар үйлдэж шүүхэд ирүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Ш***** тус 2 дугаар цэцэрлэгийн бичиг хэргийг яаралтай хамгаалалтад авч нэмж материал бүрдүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх хүсэлтийг мөн тухайн үед гаргасан ч ямар  ч арга хэмжээ аваагүй болно. Энэ нь хариуцагчийн зүгээс ямар ч бичиг баримт үйлдэх боломж олгосон явдал билээ.

4.13. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 302|ШШ202500972 дугаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд миний гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэр гаргаж өгөхийг хүсье.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн Нэхэмжлэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Анх нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаас хойш яагаад ажлаасаа чөлөөлөгдсөн нөхцөл байдлыг үгүйсгэсэн, тайлбар, мэдүүлгийг өгсөн. Б.А би ажил таслаагүй гэж хэлээгүй. Би ажил тасалсан, гэхдээ тэр үед чөлөө авсан. Тухайн чөлөө авах хугацаа дээр ажил хийх ёсгүй байсан, сургууль, цэцэрлэгийн галлагааг зогсоосон гэдэг үндэслэлээр маргасан.  Ө****** ажил тасалсныг нь нотлоогүй, ажилчид байсан цагийн бүртгэл алга, хөдөлмөрийн гэрээгээ хуурамчаар үйлдсэн, дур мэдэн 2,3 цаасан дээр гарын үсэг зуруулж аваад, тэрийгээ ашиглаж шүүхэд нотлох баримт үйлдэж өгсөн гэдэг зүйлийг ярьж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын ярьж байгаа зүйл нь гэмт хэрэг байна. Хариуцагч хүний гарын үсгийг ашиглаж хуурамч гэрээ хийгээд шүүхэд нотлох баримт болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлэх гэж байвал энэ нь гэмт хэрэг юм.  Т** хүний гарын үсгийг зуруулж аваад хуралдаанд оролцсон мэтээр хуурамч баримт бичиг үйлдээд өгсөн бол мөн гэмт хэрэг юм. Гэтэл энэ асуудлыг тогтоох шаардлагатай. Өмгөөлөгч хүн хэрэгт авагдсан үйл баримтыг нотлох баримттад тулгуурлаж хууль зүйн үндэслэлийг гаргаж ирээд тайлбарлах болохоос биш Ж******* хуурамч юм хийгээд байна гэж гаргаад ирсэн. Т** гэрээ нь хуурамч, тэмдэг нь ч хуурамч гэдэг зүйл ярьж байгаа нь илт хүнийг гүтгэсэн шинжтэй, хавтаст хэрэгт авагдаагүй нотлогдоогүй зүйлийг ярьж байгааг эсэргүүцэж байна.

5.2. Хөдөлмөрийн гэрээг гаргаж өгсөн,  гэрээ дээр зурсан гарын үсэг дээр маргаагүй, гэрээгээ хуурамчаар үйлдээгүй, хуурамч гэдэг нь тогтоогдоогүй. Ж******* гэдэг хүний хувьд түр орлон гүйцэтгэх, албан үүрэгт томилогдсон хүн байгаа. О*** амаржсан байна, амралтад байгаа, оронд нь өөр хүн томилогдон түр орлон гүйцэтгээд ажиллаж байх шиг байна. Дараа нь хэн энэ орон тоон дээр томилогдохыг хэн нэгэн мэдэхгүй. Гэхдээ энэ төрийн ажил, ялангуяа боловсролын салбар, хүүхдийн цэцэрлэгийн асуудал зогсолтгүй явагдана. Ц***** сумын төв гэдэг хүйтэн, сэрүүхэн газар байна. Тэгээд 6  дугаар сарын 01-ний өдөр хүртэл халаалтыг зогсоохгүйгээр халаалт дууссаных нь дараа 100 жилийн ойн арга хэмжээ, бусад цэвэрлэгээний арга хэмжээг, үнс нүүрс ачуулахтай холбоотой галч, манаач нар ажиллаад, бэлтгэл ажил хийхтэй холбоотой хуралдаан хийгдсэн байна. Хамт олны хуралдаан хийгдсэний дараа та нар 5 сарын 15-ны өдөр галч нар амарч явахгүй, сунгаж ажиллана, төсөв манаач, цэцэрлэгт нь байгаа цалингаа өгнө гэсэн бусад галч нар ажилласан.

 5.3. Б.А зүгээс “би энэ эмэгтэй Ж******* гэдэг түр ажиллаж байгаа хүнд захирагдахгүй, би өөрөө дураараа явна” гэдэг асуудал гаргаж ирсэн байна. Э****** болоод үргэлжлүүлэн ажиллах ёстой хүн нь ажлаа орхиод яваад өгсөн, 5 хоног үргэлжлүүлэн ажил тасалсан. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил нь тогтоогдсон, ажил тасалж байгааг зөрчил гэж үзнэ. Өмгөөлөгч Х.З зөрчил биш юм гэж тайлбарлаж байгаа нь буруу. Я***** гэхлээр хөдөлмөрийн гэрээнд тухайлан зааж өгсөн.

5.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийг баримталж байгааг үгүйсгэх боломжгүй. С******* шийтгэл мөн, тогтоогдсон, нотлогдсон байна. Үүнтэй холбоотой хуульд нийцүүлэн арга хэмжээ аваад, сахилгын арга хэмжээ аваад, түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж байна.

 5.5. Б.А хувьд гар утсаар холбогдож, залгаад чөлөө авсан гэдэг зүйл ярьдаг боловч энэ  нь тогтоогдоогүй. Ч******* холбоотой би өргөдөл гаргасан, чөлөө авах хүндэтгэн үзэх  шалтгаантай байсан гэдгийг нотолж чадаагүй байна. Х******** үзэх шалтгаантай байсан бол өргөдлөө гаргаад, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу чөлөө хүсэх эрхтэй. Гэхдээ эрхлэгчийн зүгээс заавал чөлөө олгох үүрэггүй, олгож болно, татгалзах ч бас боломжтой. Гэхдээ Б.А зүгээс огт чөлөө хүсээгүй, чөлөө аваагүй байсан шалтгаан нь тухайн үед эрхлэгчээр ажиллаж байсан ажилтныг үл тоомсорлож, чамд удирдагдахгүй, захирагдахгүй гэдэг асуудал гарч байсан гэдэг тайлбар, нотлох баримтыг гаргаж өгсөн, гаргаж байсан нотлох баримт бүгдийг нь хуурамчаар үйлдсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

5.6. Х********* гэрээ хийсэн, хугацаа дууссан учраас ажлаас нь чөлөөлж байгаа зүйл биш, гэрээ нь хугацаатай байлаа гээд энэ хүний эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй. Ж** жилдээ гэрээгээ хийгээд, үргэлжлүүлээд ажиллаад явж байгаа. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан  байхад сахилгын шийтгэл ноогдуулах эрхгүй гэдэг зүйл ярьж байгаа нь буруу. У****** шинжтэй ажлын байр байгаа. Гэхдээ үргэлжлүүлэн ажиллах боломжтой ажилласаар ирсэн. 2022 оноос ажиллаж байсан.  Б.А 4 хоногийн чөлөө авсан юм гэж нэг ярьдаг. Т***** би 5 дугаар сарын 15-ны өдрөөс ажиллах ёсгүй гэсэн зүйл ярьж байгаа.  А*** олгогчийн гэрээнд заасан үүргээ биелүүлээд явах үүрэгтэй байсан, галлагаа зогсоогүй, эсхүл зогссон зүйл байхгүй. Тиймээс энэ анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль зүйн үндэслэлтэй нотлох баримтад тулгуурлан олон хоног ажил тасалсан ажилтны хөдөлмөрийн гэрээг нь хөдөлмөрийн гэрээтэй холбоотой сахилгын шийтгэл ноогдуулсан, ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

6. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн Б.А нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын 2 дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Х.Ж нь цэцэрлэгийн эрхлэгчээр шинээр томилогдсон боловч Б.А ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, гэрээ хийе гэж хэлээгүй ба галчийн ажил гэрээт ажил бөгөөд ажлаа улирлын чанартай хийдэг юм. Г*** нар 09 дүгээр сарын 15-аас дараа оны 05 дугаар сарын 15-нд ажлаа зогсоож амралтад явцгаадаг ба энэхүү улирлын чанартай ажилладаг зохицуулалтыг ЭРЧИМхүчний сайдын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Халаалатын улирал эхлэх дуусах хугацааг тогтоох тухай А/129 дугаар тушаалаар баталсан байхад эрхлэгч Х.Ж дур мэдэн өөрчилж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, төсвийг зүй бусаар зарцуулж та нар 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилла гэж хууль бус шийдвэр гаргаж, улмаар хүний эрхийг зөрчиж амралтад байгаа хүнийг ажлаас чөлөөлсөн, Х.Ж нь 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр намайг дуудаж 3 төрлийн цаасанд гарын үсэг зуруулж авсан, монгол хэл мэдэхгүй гэхэд зүгээр, зүгээр ажлын бичиг зурчих гэхээр нь гарын үсгээ зурсан тэр нь ямар бичиг болохыг би мэдээгүй, тэр өдрийн үдээс хойш ажлаас чөлөөлсөн тушаалыг өгсөн.” гэж, хариуцагч Ц***** сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ”М**** цэцэрлэгийн галчийн ажлын байр нь улирлын шинжтэй, хугацаатай гэрээгээр ажиллуулдаг ажлын байр. Б.А нь гэрээний хугацаа дуусаагүй байхад 5 хоног үргэлжлүүлэн ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. Н***** гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж удаан хугацаанд ажил тасалсан тул түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан” гэж тус тус маргажээ.

 

8. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад  ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тус цэцэрлэгийн эрэгтэй ажилчид болох манаач, галч нартай хурал хийж, уг хурлаар ээлжийн амралтад явахаас өмнө гал зуухны үнсийг ачих, бохирын нүхийг цэвэрлэж цэвэрлэгээ хийх, мод тарих зэрэг ажлыг гүйцэтгэх талаар үүрэг даалгавар өгч, галч нарт 2025 оны 6 дугаар сарын 01-ний хүртэл ажиллах талаар сануулж, тухайн өдөр галч Б.О, А.Е, П.С нар болон нэхэмжлэгчтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, энэ хуралд ажилтан Б.А нь биечлэн оролцож, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. Гэвч ажилтан Б.А нь 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажлын 5 хоногийн чөлөөг ажил олгогч болох Ц***** сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Ж тус цэцэрлэгийн багш Х.Г [********] дугаар утсаар нь дамжуулан ярьж чөлөө авсан гэж тайлбарлаж, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажлын 5 хоногийн ажил тасалсан тухай үйл баримт тогтоогджээ.

 

9. Т******* хооронд 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.6 дахь заалтад ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах Н***** зөрчилд дараах зөрчлүүд орно гэж заасны 7.6.4 дэх заалтад ажлын 2 өдөр, ... ажил тасалсан, ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш хоног ирээгүй тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар харилцан тохиролцсон байна.

 

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т ажилтны хуулиар хүлээх үүргийг заасны 42.2.7-д ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх, 42.2.9-д ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тайлагнах тус тус үүрэгтэй мөн талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.2 дахь заалтад ажилтны хийж гүйцэтгэх ажил гэдэг дээр ... шаардлагатай бол ажил үүргийн онцлогоос шалтгаалан дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэх үүрэгтэй байхаар талууд харилцан тохиролцжээ.

 

11. А****** хүсэлтийн дагуу ажил олгогчоос түүнд чөлөө олгоогүй гэдэг нь хэрэгт авагдсан гэрч Х.Г мэдүүлэг  болон ажилтан Б.А хамт олны хурал дээр “5 өдрийн ажил тасалсан нь үнэн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн хурлын тэмдэглэлээр тогтоогдсон бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн “нэхэмжлэгч Б.А нь ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврыг үл тоож, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 5 хоног ажил тасалсан болох нь нотлогдсон” гэх дүгнэлт нотлох баримтад үндэслэгджээ.

 

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байхаар заасан ба ямар зөрчлийг ноцтой зөрчилд хамааруулах талаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байх, заасан зөрчлийг ажилтан гаргасан нь тогтоогдсон байх нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах урьдчилсан нөхцөлд хамаарах бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.А нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болох ажил тасалсан болох нь дээрх үйл баримтуудаар тогтоогдсон байх тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйлдэл хууль ёсны, үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

13.  Иймээс нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэх  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийн гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 302/ШШ2025/00972 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар З.М давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                            Ж.ОТГОНХИШИГ

 

                                   ШҮҮГЧ                                                             Д.КӨБЕШ