| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2018/0614/Э |
| Дугаар | 681 |
| Огноо | 2019-07-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Сундуй |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 681
2019 7 18 2019/ШЦТ/681
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Г.Сундуй,
Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Халбин овогт Энхчимэгийн Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809013550517 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 31-нд Хэнтийн аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын 9-11 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Халбин овогт Энхчимэгийн Э /регистрийн дугаар /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Э.Э нь 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын 20-ны хооронд нийт 5 удаагийн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 11 дүгээр гудамжинд баригдаж буй барилгад нэвтэрч, 1х16 голчтой цахилгааны утас 6.000 метр, 1х2.5 голчтой цахилгааны утас 16.000 метр, 1х50 голчтой цахилгааны утас 300 метр, цахилгааны молдок 1 ширхэг, 5 м.кв хэмжээтэй салхивчийн хийцийн хавтан 2 боодол, бүтэн резвотой анкер боолт 140 ширхэг, угсардаг шат 4 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 33.078.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“…би 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 11 дүгээр гудамжинд байрлах “Гэрэлт зам” ХХК-ийн баригдаж буй барилгад манаачаар ажилд орсон. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын сүүлээр барилгын хашаанд бохирын усыг 7 хоног соруулах ажил явагдсан ба баригдаж буй барилгын подвальд барилгын материал хураалгаастай байсныг анх мэдсэн юм. Тэгээд барилгын подволийг шалгаж байхдаа барилгын материал хураалгаастай байсан өрөөний хаалгыг би дутуу түгжсэн. 2017 оны 11 дүгээр сарын эхээр дутуу түгжсэн өрөөрүүгээ ороод агааржуулагчийн хавтан 3 боодлыг /1 боодол нь 10 ширхэг хавтантай/ аваад 100 айлд байрлах Санчир дэлгүүрт аваачиж 1 боодол хавтанг 70.000 төгрөгөөр зараад зарсан мөнгөөрөө идэж уугаад дууссан. 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр дахин подваль руу ороод 3 метрийн урттай дүүжин тааз тогтоодог хуруу шиг нарийхан төмрийг багцаагаар 140 ширхгийг хулгайлаад 1 ширхгийг нь 500 төгрөгөөр тооцож Санчир дэлгүүрт зараад 70.000 төгрөгөөр зарсан юм. 2017 оны 12 дугаар сарын сүүлээр уг подвалаас барилгад угсардаг япон шат 4 ширхгийг хулгайлан Санчир дэлгүүрт 1 ширхгийг нь 25000 төгрөгөөр нийт 100.000 төгрөгөөр зарсан юм.. 2018 оны 02 дугаар сарын эхээр нь дахин уг газраас 2 боодол агааржуулагчийн хавтан хулгайлаад 440,000 төгрөгөөр Санчир дэлгүүрт зарсан Би он сар өдрийг нь сайн мэдэхгүй байна уг газраас цахилгааны монтажны утаснуудыг аваад 25 килограммыг 10 ширхэг шуудайд хийж нэг нэгээр авч яваад 1 килограммыг 7000 төгрөгөөр зарсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-52-55/,
Хохирогч Ц.Цэрэнхүүгийн: “…Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хороо, Алтайн 11 дүгээр гудамжны 327, 329, 330, 331, 333, 313, 33а, 313б, 313в, 314, 315, 316 тоот хашааны газар дээр иргэн Хоролдаваагийн оффис үйлчилгээний барилгын ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулах гэрээ байгуулж, гэрээний дагуу барилгыг барьж гүйцэтгэх хугацаанд барилгын тэжээлийн цахилгааны утас алдагдан цагдаагийн байгууллагад хандсан. ...Бодит тооцоо хохирол нь 26.000.000 сая төгрөг болсон. Яг албан ёсны тооцоо гаргахад хэцүү, бланс гэхээр зүйл байхгүй. Ц.Цэрэнхүү миний хувьд болон “Гэрэлт зам констракшн” ХХК-ийн тухайд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-33/,
Гэрч М.Дамдиндоржийн “…Өнөөдөр 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 09 цагийн үед захирал Цэрэнхүү рүү залган “өнөөдөр завтай байна барилгаа үзэх үү” гэтэл захирал “за тэгье” гээд захирал бид хоёр барилга дээр 11 цагт уулзан барилга руу ортол “барилгын хаалганы лац байхгүй байна” гэж захирал манаачид хэлтэл манаач юм хэлэлгүй дуугүй цаашаа яваад өгчихсөн. Тэгээд захирал бид хоёр барилга руу ортол захирал “хоёулаа доороосоо дээшээ хүртэл бүх юм аа үзээд явъя” гэхээр нь “за” гэж хэлэн зоорийн давхар луу буун захирал цахилгааны өрөөний түлхүүрийг надад өгөхөөр нь би цахилгааны өрөөнд байсан цахилгааны тэжээлийн кабелууд байхгүй байсан болохоор гайхан давхаруудаа шалгаж үзтэл бүх цахилгааны тэжээлийн кабелуудыг маань бүгд байхгүй болсон тул би захиралд “хоёулаа цагдаа дуудъя“ гэж хэлэн барилгаас буун цагдаа дуудсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/,
Гэрч Б.Эрдэнэболдын “…би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 100 айлын барилгын материалын Санчир дэлгүүрт 2017 оны 11 дүгээр сард худалдагчаар ажиллаж байсан юм. Тэгэхэд Э гэх нөхөр манай дэлгүүр дээр ирээд ахаа хямдхан агааржуулагчийн хавтан авах уу гэхээр нь аваад хүрээд ир харъя гэсэн тэгсэн тэр хэсэг хугацааны дараа Портер машин дээр 3 боодол 4 метрийн урттай хавтан аваад ирсэн. Тэгэхээр нь би хөөе нөхөр энэ хулгайн болон буруу гарын эд зүйл биш биз гэж асуухад үгүй ахаа манай барилга дээр хэрэглэгдээд илүү гарсан зүйлс байгаа юм гэхээр нь тэр хүү их нүдэнд дулаахан харагдсан. Тэгээд түүнээс нэг боодлыг нь 70.000 төгрөгөөр бодоод 3 боодлыг 210.000 төгрөгөөр авсан. Тэр өөрөө нэг боодлыг нь 70.000 төгрөгөөр худалдаад авчхаач хүүхэд өвдөөд эхнэр лүүгээ мөнгө явуулах хэрэг гараад бэлэн мөнгө олдохгүй тэгээд барилгынхаа илүү гарсан хавтанг зарж байна гэсэн. Тэр явахдаа ахаа манай барилга баригдаад дуусчихсан юм. Тэгээд хэрэглэгдэхгүй шат резва төмөр байгаа та худалдаж авах уу гэсэн. Би аваад ир харж байгаад болъё гэсэн. Тэгсэн хэдэн өдрийн дараа барилгын угсардаг шат 4 ширхгийг Портер машин дээр нөгөө залуу ачаад аваад ирсэн. Тэгээд ах нөгөө яриад байсан шат чинь энэ байгаа юмаа. Та худалдаад авчих гэсэн. Би түүнээс хэдэн төгрөгөөр зарах юм гэж асуухад нэгийг нь 25.000 төгрөгт авчхаач гэхээр нь хэлсэн үнээр нь авсан. Тэр өдрөөс хэдэн өдрийн дараа нөгөө залуу дахиад Портер машин дээр 20 ширхэгтэй 25 боодол төмөр ачаад аваад ирсэн. Тэгээд ахаа энэ зах зээлийн ханш нь 2000 төгрөг байдаг юм. Хөдөө явах хэрэг гараад байна. Та ширхгийг нь 500 төгрөгөөр бодоод авчхаач гэхээр нь хэлсэн үнээр нь 25 боодлыг 250.000 төгрөгөөр авсан. Тэгээд тэр залуу хэсэг байхгүй айж байснаа 2018 оны 02 дугаар сард 4 метрийн урттай, 2 боодол агааржуулалтын хавтанг портер машин дээр ачаад аваад ирсэн. Тэгээд би нэг боодлыг нь 70.000 төгрөгөөр бодоод түүнд 140.000 төгрөг өгсөн. Би тэр эд зүйлсүүдийг өөрийн агуулах болон “Оч” дэлгүүрийн агуулахад хадгалж байгаад цагдаад хураалгасан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-18, 21-23/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-10/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-139/, Эд зүйлийн үнэлгээ /хх-136/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-56/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-57-63/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-140-141/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын 20-ны хооронд нийт 5 удаагийн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 11 дүгээр гудамжинд баригдаж буй барилгад нэвтэрч, 1х16 голчтой цахилгааны утас 6.000 метр, 1х2.5 голчтой цахилгааны утас 16.000 метр, 1х50 голчтой цахилгааны утас 300 метр, цахилгааны молдок 1 ширхэг, 5 м.кв хэмжээтэй салхивчийн хийцийн хавтан 2 боодол, бүтэн резвотой анкер боолт 140 ширхэг, угсардаг шат 4 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 33.078.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Ц.Цэрэнхүүгийн мэдүүлэг, гэрч М.Дамдиндорж, Б.Эрдэнэболд нарын мэдүүлэг, шүүгдэгч Э.Эын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Э.Эыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ц.Цэрэнхүүгийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Эын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, мөн түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж, шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эын цагдан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Халбин овогт Энхчимэгийн Эыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Эыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Эт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Эын цагдан хоригдсон 24 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР