| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0169/Э |
| Дугаар | 168 |
| Огноо | 2019-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 168
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,
улсын яллагч Д.Сүрэнхор,
шүүгдэгч Ц.А , П.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А , П.М нарт холбогдох 163/2019/0169/Э индекстэй, эрүүгийн 1915003290171 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ц.А .
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч, нярав мэргэжилтэй, малчин, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт П.М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.А , П.М нар нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.М ы өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
1915003330198 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч П.М ы өгсөн: “...Ц.А нь “чи ямар даварсан гичий вэ, хүний машин унаад хүмүүстэй нийлээд архи уугаад явах юм” гэж хэлсэн. Ингээд би уурлаж бид хоёр хэсэг маргалдсан. ... Ц.А намайг эхлээд алгадсан. Манай нөхөр ахыгаа өмөөрч над руу дайрсан. Ц.А нь миний шүдийг хуга цохисон. Намайг үсдэж, дарж байгаад олон удаа дэвсэж зодсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.А ийн өгсөн:”...Бэр дүү гэрийнхээ гадаа над руу дайрч бид хоёр ноцолдсон. Миний биед энд тэнд, хэд хэдэн хөхрөлт үүсч гэмтэл авсан байсан. Биедээ учирсан гэмтэлд ямар нэгэн гомдол санал байхгүй. Би эхлээд дүүгээ алгадсан ба үүнээс болж надтай зууралдаад ноцолдож байхад ийм хөхрөлтүүд үүссэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Ц.А ийн өгсөн: “... Ц. А ах архи үнэртүүлж орж ирээд эхнэр П.М ы нүүрэн тус газар нь цохиж байгаа харагдсан. Тэгээд тэд хоорондоо барилцаж аваад хашгирахаар нь би очиж салгасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/
Ц.А яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Д.М машины ард шээсэн байсан болохоор нь би түүнд “чи эмэгтэй хүн байж, ингэж явахдаа яадаг юм бэ” гэхэд тэр “чиний машинд шээхэд яадаг юм бэ” гэж хэлээд бид хоёр хэрэлдэж эхэлсэн. Тэгээд би уурандаа бэрийнхээ нүүр лүү нь зүүн гарынхаа араар 1 удаа алгадсан чинь миний өөдөөс зодоон хийгээд эхэлсэн. Зодолдох явцдаа цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. ...гэх мэдүүлэг /хх-ийн 47-50 дугаар хуудас/,
П.М яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Манай хадам ах бид хоёрын амьдралд үргэлж оролцдог болохоор нөхөр бид хоёр муудалцах үе байдаг. 2014 онд хадам ах намайг зодсон асуудлаар цагдаад шалгагдаж байгаад би гомдол саналгүй гэснээр зүгээр өнгөрч байсан. .. Ц.А ах надтай дэлгүүрт таараад хэл амаар доромжилсноос ийм хэрүүл үүссэн. ... Би Ц.А ийг зодож, цохих гэмтэл учруулах ямар нэгэн үйлдэл хийгээгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 213 тоот: 1. Магадлуулагч Ц.А ийн биед зүүн шанаа, зүүн чихний хөхлөг сэртэн, эрүү, зүүн хацар, цээж, зүүн мөр, зүүн хөх, өвчүү, баруун, зүүн бугалга, зүүн баруун шуу, зүүн сарвуунд цус хуралт, баруун шуунд шарх, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 218 тоот: П.М ы биед зүүн 2 дугаар хавирганы хугарал, дээд үүдэн зүүн, баруун 1 дүгээр шүднүүдийн булгарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун бугалга, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө. 4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,
яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 34-35 дугаар хуудас,/ иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлын талаархи /хх-ийн 56-57, 60-62, 65 дугаар хуудас/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 58, 63 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-52 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.А , П.М нар нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч Ц.А ийн шүүгдэгч нарын хохирогчоор болон яллагдагчаар зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Ц.А ийн биед зүүн шанаа, зүүн чихний хөхлөг сэртэн, эрүү, зүүн хацар, цээж, зүүн мөр, зүүн хөх, өвчүү, баруун, зүүн бугалга, зүүн баруун шуу, зүүн сарвуунд цус хуралт, баруун шуунд шарх, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 213 дугаартай дүгнэлт, П.М ы биед зүүн 2 дугаар хавирганы хугарал, дээд үүдэн зүүн, баруун 1 дүгээр шүднүүдийн булгарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун бугалга, баруун шилбэнд цус хуралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 218 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ц.А , П.М нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч нарт 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Ц.А , П.М нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Ц.А , П.М нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ц.А , П.М нарын хэн аль нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ц.А , П.М нар нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ц.А , П.М нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.А , П.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.А , Х овогт П.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А , П.М нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч нар нь торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүйг дурьдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.А , П.М нарт сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.А , П.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А , П.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.А , П.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН