Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2026/00010

 

Д.А нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 302/ШШ2025/00938 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч  Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багт оршин суух Х******* овогт Д******* А***** нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн [****] сумын 9 дүгээр багт байршилтай, Баян-Өлгий аймгийн [****] сумын ** дугаар цэцэрлэг /эрхлэгч Х.С/-д холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн [****] сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/32 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, Ж.Ж холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.А намайг [****] сумын ** дугаар цэцэрлэгийн сэтгэл зүйчийн ажилд томилох шийдвэр гаргахыг даалгах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Ө илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч Х.С, түүний өмгөөлөгч Х.З, гуравдагч этгээд Ж.Ж нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:   

1.1. Миний бие Д.А нь 2016 онд [ХОТ] хотод Э**** Их сургуулийг сэтгэл судлал нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн ба улмаар ажилгүй байж байгаад 2024 оны 9 дүгээр сард тус цэцэрлэгт үйлчлэгчээр орж ажиллаж байгаа болно. Гэтэл 2024 оны сүүлд тус цэцэрлэгт хүүхдийн сэтгэл судлаачийн орон тоо нэмэгдэж миний бие мэргэжлийн дагуу тус орон тооны ажилд томилж өгөхийг цэцэрлэгийн эрхлэгчээс хүссэн боловч намайг томилохгүйгээр мэргэжлийн бус Ж.Ж гэх хүнийг томилж мэргэжлийн дагуу ажиллах миний эрх ашгийг хохироосон болно.

1.2. Аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд өргөдөл гаргаж маргаан бүхий асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч тус хорооны дарга А.К нь манай харьяаллын хэлэлцэн шийдвэрлэх асуудал биш байна, хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөн хариу өгсөн болно.

1.3. Миний маргааны үндэслэл бол намайг уг орон тооны ажилд томилон ажиллуулж байгаа мэтээр аймгийн боловсролын газар болон боловсролын яамны хүний нөөцийн мэдээллийн системд байршуулан намайг мэргэжлийн дагуу томилсноор мэдээлсэн боловч уг орон тоонд өөр хүнийг ажиллуулж байгаад гомдолтой байна.

1.4. Н***** аймгийн хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороо нь манай хорооны хэлэлцэх асуудал биш гэж хорооны хурлаар оруулаагүй тул дахин шүүхэд хандаж байгаа болно.

1.5. Иймд намайг тус 6 дугаар цэцэрлэгийн хүүхдийн сэтгэл зүйчийн ажилд мэргэжлийн дагуу томилох шийдвэр гаргахыг тус 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.С даалгаж шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Баян-Өлгий аймгийн [****] сумын ** дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн "А**** томилох тухай" 5/32 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.А тус цэцэрлэгт өөрийн хүсэлтээр үйлчлэгчийн албан тушаалд, Ж.Ж сэтгэл зүйчийн албан тушаалд тус тус томилж, 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллуулж байгаа бөгөөд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш сургуулийн өмнөх болон ерөнхий Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 2024-2025 оны нэг хичээлийн жил дуусаж, одоогийн байдлаар бүтэн 11 сарын хугацаа болж байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл 30 хоногийн дотор маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй" гэдгийг зөрчсөн тул гомдол гаргах эрхийг нэхэмжлэгч Д.А алдсан байна.

2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэг, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх хянан шийдвэрлэх хэргийн харьяалалтай. Харин Д.А гаргасан "...А**** томилох шийдвэр гаргахыг даалгах тухай" нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй. Б********** Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийн 33.3.2-д "Тухайн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг томилж, чөлөөлөх" эрх нь захирал, эрхлэгч нарын эрх хэмжээний асуудал тул тус цэцэрлэгт урьд нь тогтвортой ажиллаж байсан, Ховд Их С********* "Х**** хэлний орчуулагч" мэргэжлээр төгссөн дээд боловсролтой бакалавр зэрэгтэй, [ХОТ] хотод "Б" сургалтын төвд суралцаж "туслах багш" мэргэжлийн 71120 дугаартай "Ч******** гэрчилгээ" авсан, мөн Монгол Улсын Б********** Их дугаартай "Ч******** гэрчилгээ" авсан, мөн Монгол Улсын Б********** Их С********* [**********] дугаартай диплом бүхий С********* өмнөх боловсролын багш мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй Ж.Ж тус цэцэрлэгийн "сэтгэл зүйч"-ийн албан тушаалд томилон ажиллуулж байна.

2.3. Ж.Ж нь [ХОТ] Э**** Их С********* "сэтгэл судлалын" мэргэжлийн ангийн төгсөх курст "Э****"-ээр суралцаж байгаа тул "мэргэжилгүй" гэж үзэх боломжгүй байна. Ж.Ж "сэтгэл зүйч"-ийн орон тооны ажлын байранд томилохдоо ажлын дадлага туршлага, боловсролын түвшин, монгол хэлний бичгийн болон ярианы чадвар, ажлын ур чадвар зэргийг давхар харгалзсан болно. Нэхэмжлэгч Д.А хувьд урьд [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгт угаагч, туслах багш зэрэг албан тушаал эрхэлж байсан бөгөөд багш, сурган хүмүүжүүлэх чиглэлийн мэргэжилгүй, ажлын дадлага, туршлагагүй, "сэтгэл зүйч" мэргэжлээр ажиллаж байгаагүй, монгол хэл бичгийн чадварын хувьд шаардлага хангах түвшинд биш байсан тул Б********** Ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд заасан сургалтын агуулга, төрийн албан ёсны хэлээр үйл ажиллагаа явуулах болзлыг хангахгүй байгаа юм.

2.4. Нэхэмжлэгч Д.А нь анх 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тус цэцэрлэгт ажилд томилогдох өргөдлийг гаргахдаа үйлчлэгчийн орон тооны ажлын байранд томилогдох хүсэлт гаргасан тул түүний хүсэлтийг харгалзан үйлчлэгчээр томилох томилгоо хийгдсэн болно. Улсын Дээд Шүүхийн 2006 оны "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "А****** мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсон гэдэг нь тухайн салбарын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. Харин боловсролын үнэмлэхгүй, мэргэжилгүй, ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзэх, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм. Т***** тус цэцэрлэгт "сэтгэл зүйч" албан тушаал эрхэлж байгаа Ж.Ж тухайн нэхэмжлэлээр "сэтгэл зүйч мэргэжилгүй" гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, түүнийг ажлаас чөлөөлж Д.А томилох боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Ж хариу тайлбарт: 

3.1. Миний бие Ж.Ж 2006-2010 онуудад Ховд их сургуулийн гадаад хэл соёлын сургуульд суралцан тус сургуулийг Х**** хэлний мэргэжлээр Б******* зэрэгтэй төгссөн. Дараа нь 2011 оны 7 дугаар сард [ХОТ] хотод үйл ажиллагаа явуулдаг "Б**** К***" сургалтын төвд 14 хоног суралцан туслах багшийн, 2023-2025 онуудад Монгол улсын чадамжийн гэрчилгээ авсан. Дараа нь Б********** их сургуулийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Б****** сургуульд суралцан, багш, сургуулийн өмнөх боловсролыг Б******* зэрэгтэй төгссөн. Би [ХОТ] эрдэм Их сургуульд 2024 онд сэтгэл судлалын мэргэжил эзэмшихээр элсэн ороод одоо тус сургуулийн төгсөх дамжаанд суралцаж байгаа ба 2026 оны 6 дугаар сард сэтгэл судлаач мэргэжлээр төгсөх юм.

3.2. Ж.Ж би [****] сумын Х******* ** дугаар цэцэрлэгт 2021 оны 04 дүгээр сард үйлчлэгчийн ажилд томилогдон 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Ж.Ж би Баян-Өлгий аймгийн [****] сумын Х******* ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/32 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт сэтгэл зүйчийн албан тушаалд томилогдон ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан одоо 2 дахь жилдээ ажиллаж байна.

3.3. Ө******* хугацаанд Ж.Ж би эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Ж.Ж би уг албан тушаалд томилогдох үед Д.А нь уг албан тушаалд ажиллахгүй буюу үйлчлэгчийн ажлыг хийнэ гэж байгууллагын захиргаанд өргөдөл гаргасан байсныг би сайн мэднэ. Иймээс байгууллагын захиргаа нь Д.А тус цэцэрлэгт үйлчлэгчийн ажилд томилон ажиллуулж байна. Өөрөөр хэлбэл Д.А нь тус цэцэрлэгт үйлчлэгчээр хоёр дахь жилдээ ажиллаж байна.

3.4. Иймээс түүний тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Д.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

 4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 302/ШШ2025/00938 дугаар шийдвэрээр:

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А Баян-Өлгий аймгийн [****] сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/32 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, Ж.Ж холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.А намайг [****] сумын 6 дугаар цэцэрлэгийн сэтгэл зүйчийн ажилд томилох шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

4.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэхүү гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Д.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.   

 

5. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М бид Баян өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 302/ШШ2025/[**] тоот шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

5.2. Анхан шатны шүүхийн [**] тоот шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байж чадаагүй байна. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтүүдийг шийдвэрлэх явцад удаа дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэн нэхэмжлэгчийн нотлох баримт бүдүүлэх, гаргуулах эрхийг доордуулсаар байсан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар гомдол хүсэлт гаргасан боловч хүлээж авахаас татгалзсан хариуг удаа дараа өгч байлаа.

5.3. Нэхэмжлэгч шүүхэд өөрөө бүрдүүлж өгөх боломжгүй нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулахаар гаргасан хүсэлтүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг, мөн 105 дугаар зүйлийн 105.1 д заасныг тус тус удирдлага болгон хэрэгсэхгүй болгож, хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар гомдол гаргах эрхгүйгээр захирамж гаргаж байлаа. Энэ талаар миний бие гомдол гаргасан боловч шүүгч хуралдааны дэргэд гаргасан хүсэлтийг шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.1 зүйл заалт, 38.6 дахь хэсгийг тайлбарлаж хэрэглэдэг гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.1-т “Шууд нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч даруй шийдвэрлэнэ”, 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр байгууллага хувь хүний нууцтай холбоотой зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэжээ. Хэрэв  шүүх оролцогчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтэд дурдсан нотлох баримт нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзвэл хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-ийг удирдлага болгон захирамж гаргах ёстой байлаа.

И******** нэхэмжлэгч хуулийн 170.1 зүйл заалтад зааснаар гомдол гаргах эрхээр хангагдах байсан. Тийм учраас шүүгч хэрэг хянан шийдвэрлэх явцад хуулийг буруу зөрүү, хольж хутган тайлбарлан хэрэглэн нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

5.4. Анхан шатны шүүхийн шүүгч К.Б хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзэн татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээж авсангүй. Энэ хүсэлтэд мөн шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 зүйлийн заалтуудыг буруу хэрэглэж байгаа талаар дурдаж тайлбарласан боловч ерөнхий шүүгч 2025.10.31-ний өдрийн [**] тоот захирамжаар энэ талаар дүгнэлт хийгээгүй болно. Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүх нь хуулийг буруу зөрүү хэрэглэн тайлбарласан асуудлыг анхаарч үзнэ үү.

5.5. [**] тоот шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн хувьд: Шийдвэрийн 11.5. Нэхэмжлэгч Д.А нь 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/[**] тоот тушаалыг эс зөвшөөрсөн гомдлыг шүүхэд 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргаж хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Энэ хугацааны дундуур хөдөлмөрийн маргаан таслах комисс, мөн Б********** байгууллагад гаргасан гомдлын хугацааг тооцож үзээгүй явдалд харамсаж байна. Хариуцагч талын тайлбарлаж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг маргаан таслах комисст хандах хүртэлх хугацааг тоолохоос шүүхэд хандах хугацааны талаар зохицуулалт байхгүй байна. Нэхэмжлэгч Д.А нь маргаан бүхий Б/[**] тоот тушаалаар Ж.Ж сэтгэл зүйчийн албан тушаалд томилох үед түүний ямар мэргэжилтэй байсныг мэдэх боломжгүй байсан ба хууль бус томилгоо хийгдсэн талаар 2025 оны 5 дугаар сард Боловсролын яамны Хүний нөөцийн удирдлагын газрын мэдээллийн сангийн сайтаас олж мэдсэн ба энэ талаарх нотлох баримтуудыг тухайн үед шүүхэд гаргаж өгч байсан.  Үүнийг анхан шатны шүүх үнэлээгүй.

5.6. Шийдвэрийн 11.6. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хугацаа сэргээлгэх тухай хүсэлт хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргасан ба үүнийг шүүгч хэрэг шийдвэрлэх үед талууд мэтгэлцэх журмаар шийдвэрлэнэ гэж дүгнээд [**] тоот захирамжаар хэрэгсэхгүй болгосон бол [**] тоот шийдвэрээр хүсэлтээ нотлох баримтаар нотолж шүүхэд ирүүлээгүй тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн байна. У***** хүсэлтэд хэрэгт авагдсан нотлох баримтыг зааж хүсэлт гаргасан байсан. Иймд шүүгч нэхэмжлэгчийг төөрөгдүүлэн хоёрдмол байдалтай дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

5.7. Шийдвэрийн 11.12. Нэхэмжлэгч Д.А хувийн мэдээллийг Боловсролын яамны Хүний нөөцийн удирдлагын газрын www.esis.edu.mn гэсэн мэдээллийн сайтад ** дугаар цэцэрлэгийн сэтгэл зүйчээр ажиллуулж байгаа талаар мэдээллийг оруулсан, албан ёсоор татаж авсан баримтыг хавсаргаж өгч шүүх хуралдааны үед уг баримтыг хуурамчаар бүрдүүлээгүй гэдгийг тайлбарласан. Д****** дурдахад энэ сайтад цэцэрлэгийн эрхлэгчээс өөр хүн нэвтрэх боломжгүй гэдгийг тайлбарлаж байна. /ХХ-ийн 13 дугаар тал/ Нэхэмжлэгч гаргасан гомдол, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд өөрөө гаргаж авах боломжгүйгээс бусад нотлох баримтуудыг гаргаж өгсөн болно.Тухайн үед 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн гаргасан Б/32 тушаал хууль бус гэдгийг Улсын байцаагч дүгнэлт гаргасан байдаг /ХХ-ийн 62 дахь тал/.  Энэ эрхийн актыг хариуцагч тухайн үед зөвшөөрсөн байгаа нь нотлогдож байгаа юм. Хариуцагч Д.А хөдөлмөрийн гэрээг сүүлд 2025 оны 10 сард дарамталж байгаад байгуулсан талаар миний бие шүүх хуралдаанд тайлбарласан байгаа. /Т*********** 7 дахь тал/.

5.8. Шийдвэрийн 13. энэ хэсгийн үндэслэл хууль бус бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэг нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх хэрэглээний хууль болохоос Хөдөлмөрийн хуулийг хэрэглэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Шүүгч гомдол гаргагчийн гаргасан гомдлыг хүлээж авсан атлаа өөрөө сайн дураараа өөрчлөн түүнийг хуульд заасан гомдол биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Харин шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар гомдлоор хэлэлцэх хэрэг гэж дүгнээд УТХ-ыг буцаан олгосон нь сонин санагдаж байна. Нэхэмжлэгчийн хүсэл зорилго тус цэцэрлэгийн эрхлэгчийн Б/[**] тоот тушаал нь хууль бус болохыг  тогтоож, түүнийг хүчингүй болгуулах талаар гомдол гаргасан байсныг шүүх гомдол гаргагчийн хүсэл зорилгыг өөрчлөх эрхгүй баймаар юм. Шийдвэрийн энэ хэсэгт дүгнэлт хийхдээ нэхэмжлэгчийн гомдлын “6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн Б/[**] тоот тушаал нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” гэсэн хэсгийг орхигдуулан гомдлын агуулгыг өөрчлөн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан гомдол гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

5.9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Шүүх гомдлыг хэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж цагаан дээр хараах бичжээ.

5.10. Иймд анхан шатны шүүхийн хууль бус, үндэслэлгүй гарсан [**] тоот шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн “[****] сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/[**] тоот тушаалын Ж.Ж холбогдох хэсэг нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, тус сэтгэл зүйчийн албан тушаалд Д.А томилох шийдвэр гаргахыг тус цэцэрлэгийн эрхлэгчид даалгах” гэсэн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. 

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэд:

6.1. Хариуцагч болох [****] сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.С нь нэхэмжлэгч Д.А гаргасан гол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б/[**] тоот тушаалаар маргаан бүхий Х******* 6 дугаар  цэцэрлэгийн хүүхдийн сэтгэл зүйчийн албан тушаалд томилон хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учраас нэхэмжлэгч Д.А нь анх шүүхэд гаргасан гомдол, нэхэмжлэлээс татгалзсанд тооцож, анхан шатын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний  өдрийн [**] тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Одоо хүсэлтийг тодруулснаар анх гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Д.А тус орон тоонд томилсон шийдвэр гаргахаас өмнө миний гаргасан гомдолтой холбоотой шүүх хуралдааны бичлэгийг гаргуулахаар хүсэлт гаргасан байсан. Учир нь шүүх хуралдааны тэмдэглэл дээр  намайг хариуцагчийн өмгөөлөгчийн  тайлбарыг дэмжсэнээр бичсэн байсан. Тэгээд би хариуцагчийн өмгөөлөгчийн эсрэг, дэмжээгүй байр суурьтай байсан. Тэгээд бичлэгийг харъя гэсэн чинь бичлэг нь дундаасаа тасарсан болохоор үзэж чадаагүй байсан. О*** нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийг шийдвэрлүүлэх шаардлага байхгүй.

 

7. Хариуцагчийн төлөөлөгч Х.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Би зөрчлөө арилгаж, Д.А тухайн орон тоонд томилж тушаал гаргасан.

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

8.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолтой нь танилцаад дараах тайлбарыг хэлж байна. Би 2006-аас 2010 оны хооронд Ховд их сургуульд элсээд хятад хэлний орчуулагч бакалавр зэрэгтэй төгссөн. Монгол Улсын их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбарт 2023 онд элсэж 2024 онд цэцэрлэгийн багшийн бакалавр зэрэгтэй төгссөн. 2024 онд элссэн 2026 оны 2 дугаар сард сэтгэл судлаач мэргэжлээр бас төгсөх гэж байгаа. Би 3 бакалаврын дипломтой.

8.2. Мөн тус цэцэрлэгт 2021 оноос 2024 он хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан. Д*** нь цагаан хэрэглэл угаагчаар ажилласан. А**** тушаалаа дээшлүүлээд ажилласан, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эрхлэгч Х.С сэтгэл зүйч гэсэн ажлыг санал болгож, сэтгэл зүйчээр томилсон. Түүнээс хойш сэтгэл зүйчээр ажиллаж байгаад 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр жирэмсний амралт авсан. 

8.3. Би жирэмсний амралт авсан тул 4 сарын дараа өөрийн орон тоонд буцаж орно.  Анхан шатны шүүхийн шийдвэр надад ашигтай гарсан. Анхан шатны шүүхтэй адилхан миний талд шийдвэр гаргаж өгөөч гэж хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

9. Давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь “Хариуцагч болох [****] сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.С нь нэхэмжлэгч Д.А гаргасан гол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б/[**] тоот тушаалаар маргаан бүхий Х******* ** дугаар  цэцэрлэгийн хүүхдийн сэтгэл зүйчийн албан тушаалд томилон хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учраас нэхэмжлэгч Д.А нь анх шүүхэд гаргасан гомдол, нэхэмжлэлээс татгалзсанд тооцож, анхан шатын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний  өдрийн [**] тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Одоо хүсэлтийг тодруулснаар анх гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж, хариуцагчийн төлөөлөгч Х.С нь “Би зөрчлөө арилгаж, Д.А тухайн орон тоонд томилж тушаал гаргасан.” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ. 

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн  168.2 дахь хэсэгт “Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж хуульчилсан, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй бөгөөд уг эрхээ хэргийн оролцогч, эсхүл бусад хэн нэгний зөвшөөрөлгүйгээр хэрэгжүүлэх боломжтой туйлын эрх мөн байна. Нэхэмжлэгч Д.А нь өөрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үед эдлэх бүх эрхээ итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх нь хэрэгт хавсаргасан итгэмжлэлээр батлагдаж байна. И******** хуульд заасан шаардлагыг хангажээ.

 

11. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуульд заасан нэхэмжлэгчийн эрхийг эдэлж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсанаа бичгээр болон амаар илэрхийлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Х******* овогт Д******* А***** нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн [****] сумын ** дугаар цэцэрлэг /эрхлэгч Х.С/-д холбогдох “Баян-Өлгий аймгийн [****] сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/32 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, Ж.Ж холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.А намайг [****] сумын ** дугаар цэцэрлэгийн сэтгэл зүйчийн ажилд томилох шийдвэр гаргахыг даалгах тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлах хууль зүйн үндэслэл тогтоогдов.

 

12. Нэхэмжлэгч сайн дураар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг давж заалдах шатны шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үр дагаврыг, мөн давж заалдах шатны шүүхийн тус шийдвэрт хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй талаар зохигч, гуравдагч этгээдэд давж заалдах шатны шүүх тайлбарлаж, танилцуулсныг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг хуульчилсан, энэ тохиолдолд мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргах бөгөөд тухайн магадлалын хууль зүйн үндэслэлээс үл хамаарч түүнд хяналтын журмаар гомдол гаргах хэргийн оролцогчийн эрхийг мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт хуульчилсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг улмаас анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн тус магадлалд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарлах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

13. Хэргийн 25 дугаар талд авагдсан 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэгч Д.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М өгсөн итгэмжлэл нь 3 жилийн хугацаатай, төлөөлүүлэгч энэхүү итгэмжлэлийн дагуу Д.А нэхэмжлэлтэй [****] сумын Х******* **-р цэцэрлэгийн эрхлэгч Х.С холбогдох “М********* ажилд томилохыг даалгах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүх шатны шүүхэд бүрэн төлөөлөн нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах, нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх, хэргийн материалтай танилцах, хуулбарлаж авах, хүсэлт, тайлбар, гомдол гаргах, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах, шүүх хуралдаанд оролцох, шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гардан авах, давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх, эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 12-13-р зүйл, 22-р зүйлд заасан эрх эдлэх, гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, эрэн сурвалжлуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас хүлээн авах, Улсын тэмдэгтийн хураамж төлөх, улсын тэмдэгтийн хураамж буцаан хүлээн авах, хүсэлт, өргөдөл гаргах, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах, үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгчид олгосныг тэмдэглэх нь зүйтэй.

 

14. Тус хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр давж заалдах шатны шүүх хүлээн авсны  дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь “2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болсон анхан шатны шүүх хуралдааныг бичлэгийг гаргуулан хавтаст хэрэгт хавсаргуулах тухай” хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан боловч  давж заалдах шатны шүүх хуралдаанд “Д.А тус орон тоонд томилсон шийдвэр гаргахаас өмнө миний гаргасан гомдолтой холбоотой шүүх хуралдааны бичлэгийг гаргуулахаар хүсэлт гаргасан байсан. Учир нь шүүх хуралдааны тэмдэглэл дээр  намайг хариуцагчийн өмгөөлөгчийн  тайлбарыг дэмжсэнээр бичсэн байсан. Тэгээд би хариуцагчийн өмгөөлөгчийн эсрэг, дэмжээгүй байр суурьтай байсан. Тэгээд бичлэгийг харъя гэсэн чинь бичлэг нь дундаасаа тасарсан болохоор үзэж чадаагүй байсан. Одоо нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийг шийдвэрлүүлэх шаардлага байхгүй” гэж шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзсан тул түүний уг хүсэлтийг шийдвэрлээгүй буюу нэхэмжлэгч тал хүсэлтээсээ татгалзсаныг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

15. Хуульд зааснаар Д.А нэхэмжлэл болон давж заалдах гомдол /гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул/ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал тэрээр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 70,200 төгрөг, давж заалдах журмаар гомдол гаргахдаа 70,200 төгрөг, нийт 140,400 төгрөгийг Төрийн сангийн холбогдох дансанд тушаасан байна. Хуульд чөлөөлөхөөр заасан үйлчилгээнд нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийг тус тус төрийн сангийн зохих данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 302/ШШ2025/00938 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч  Х******* овогт Д******* А***** хариуцагч Баян-Өлгий аймгийн [****] сумын ** дугаар цэцэрлэг /эрхлэгч Х.С/-д холбогдох “Баян-Өлгий аймгийн [****] сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/32 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, Ж.Ж холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.А намайг [****] сумын ** дугаар цэцэрлэгийн сэтгэл зүйчийн ажилд томилох шийдвэр гаргахыг даалгах тухай” нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалт, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтыг тус тус баримтлан Төрийн сангийн 100020000941 дугаар данснаас 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.А буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК