| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 302/2025/00783/И |
| Дугаар | 212/МА2026/00012 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 212/МА2026/00012
“Т**********” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 302/ШШ2025/00763 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д*****-У** аймгийн Д***** сумын [**] дугаар баг, 24 дүгээр хороолол, 39-[**] тоотод үйл ажиллагаа явуулах, регистрийн [*******] дугаартай, “Т**********” ХХК /захирал Л.Э/-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар баг, Ах хустай 10 дугаар гудамж [**] тоотод оршин суух Н***** овогт А****** Е***** холбогдох,
“Зээлээр авсан барааны үлдэгдэл төлбөр 34,998,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Ө илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О /цахим сүлжээгээр/, хариуцагчийн өмгөөлөгч С.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Хариуцагч А.Е нь 2022 оны 4 дүгээр сараас эхлэн 2023 оны 9 дүгээр сарыг дуустал манай компаниас бараа зээлээр худалдан авч, зарж борлуулан борлуулалтын урамшуулал авдаг байсан. 2023 оны 9 дүгээр сараас хариуцагч нь борлуулалтын орлого болон бусад төлбөр тооцоог хийхээ больж, энэ талаар тодруулахаар удаа дараа холбоо барихад хариу өгөхгүй, харилцаа холбоогоо тасалсан.
1.2. Манай компани Д*****-У** аймагт байдаг учраас бид удаа дараа утас болон фейсбүүк чатаар харилцаж, хохирлоо барагдуулах гэсэн боловч чадаагүй тул 2024 оны 3 дугаар сард Баян-Өлгий аймагт захирал Л.Э миний бие биечлэн очиж хариуцагчтай уулзсан. И***** уулзахад А.Е үлдэгдэл бараа огт байхгүй, мөн зарсан барааны мөнгө байхгүй байсан. Ингээд А.Е тооцоо нийлж тухайн үед байх ёстой үлдэгдэл бараа болон борлуулсан барааны орлогод нийт 52,498,000 төгрөгийн авлагатай болохыг тооцоолон гаргасан. А.Е нь энэхүү үнийн дүнг хүлээн зөвшөөрч, хурдан хугацаанд хуваан төлж барагдуулахаа илэрхийлж, тухайн үед 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн.
1.3.Үүнээс хойш хариуцагч нь 2024 оны 6 дугаар сарын 13-нд 1,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 2,500,000 төгрөгийг тус тус дансаар төлсөн. 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс хойш дахин төлөлт хийхгүй, утсаа авахгүй, холбоо барихгүй байсан тул тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өгсөн боловч А.Е нь очоогүй.
1.4.Иймд Л.Э миний бие 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр дахин Баян-Өлгий аймагт биечлэн ирж, хариуцагчтай уулзаж, өр авлагаа барагдуулах талаар ярилцахад 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Ингээд нийт өр төлбөр болох 52,498,000 төгрөгөөс А.Е нь 14,500,000 төгрөгийг барагдуулсан ба 2023 оны 07, 08, 09 дүгээр сарын борлуулалтын урамшуулалд 3,000,000 төгрөгийг хасаж тооцож байна. Э***** байдлаар хариуцагч нь 34,998,000 төгрөгийг төлөх ёстой ба үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа боловч хэрхэн яаж төлөх нь тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлагчид хандахад очихгүй талаараа илэрхийлсэн. Мөн өр төлбөр барагдуулах талаар гэрээ хэлцэл хийх санал тавихад хийхгүй байгаа учраас шүүхэд хандаж байна.
1.5. Иймд хариуцагч А.Е 34,998,000 төгрөгийг зээлээр авсан барааны үлдэгдэл төлбөр 34,998,000 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. Миний бие “Т**********” ХХК-ийн төлөөлөгч, борлуулалтын ажилтнаар 2022 оны 4 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл ажилласан. Миний ажил үүрэг бол “Т**********” ХХК-ийн Баян-Өлгий аймагт ирсэн тамхийг хүлээн авч хадгалаад, гэрээт борлуулагч дэлгүүрүүдэд хүргэлт хийж тооцоог нь “Т**********” ХХК-нд буцаан шилжүүлэх ажлыг хийдэг байсан ба гэрээний цалин хөлсөнд 1 сая төгрөг авдаг байсан.
2.2.Би энэхүү үүргээ зөрчөөгүй, дэлгүүрүүдээс барааны төлбөрийг удаашруулж тамхийг жижиглэнгээр борлуулсны дараа тооцоогоо хийдэг байсан тул тэдний тооцоо хийсэн хугацаанд “Т**********” ХХК-ийн дансанд аваад тушааж ирсэн. Х****** сүүлийн мөнгийг энэ жилдээ хийсэн. “Т**********” ХХК-ийн захирал Л.Э нь надтай ямар нэгэн байдлаар тооцоо нийлүүлээгүй, миний цалин хөлсийг огт өгөөгүй, бичгээр гэрээ байгуулж өгнө, нийгмийн даатгалыг чинь төлж өгнө гэх боловч бичгээр гэрээ ч байгуулаагүй, миний цалин хөлсийг ч өгөөгүй өдий хүрсэн. Харин би ямар ч хөлс аваагүй ч гэсэн хариуцлагатай ажиллаж ирсэн.
2.3.”Т**********” ХХК-ийн өөрийн борлуулалтын апликейшн байдаг. Би өөрийнхөө нэрээр тухайн апликейшнд борлуулсан бараа болон төлбөр тооцоогоо хийгээд явсан. 2023 оны 9 дүгээр сараас “Т**********” ХХК-аас бараа явуулах боломжгүй болсон гэж хэлсэн. Ө**** борлуулалтын үлдэгдэл төлбөрүүдийг цуглуулж өгөөрэй гэх үед би дэлгүүрээс ирсэн төлбөрүүдийг тэдэнд шилжүүлж ажилласан. О*** надад ямар нэгэн тооцоо байхгүй.
2.4.Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн фейсбүүк чат, тооцоо нийлсэн баримт, барааны падаан зэрэг баримтуудтай танилцахад би тухайн баримтуудад гарын үсэг зураагүй, падаанд бичсэн барааг хүлээн аваагүй, чатыг би бичээгүй, хэн нэгэнтэй тооцоо нийлээгүй болно. Энэхүү баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
2.5. Би түүнээс тамхи худалдан авч зардаг ажил хийгээгүй. Би тэр компанийн ажилтан байсан. Н***** гэрээ хийгээгүй нь миний эрхийг дордуулах ёсгүй. Би үүргээ зохих ёсоор хийж ирсэн боловч надад хөлс, цалин өгөхгүйгээр хохироосонд гомдолтой байна.
2.6. Иймд “Т**********” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 302/ШШ2025/00763 дугаар шийдвэрээр:
3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т********** ХХК-ийн хариуцагч А.Е холбогдуулан гаргасан зээлээр авсан барааны үлдэгдэл төлбөр 34,998,000 (гучин дөрвөн сая есөн зуун ерэн найман мянган) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
3.2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Т********** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,940 (гурван зуун гучин хоёр мянга есөн зуун дөчин) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд:
4.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 302/ШШ2025/00763 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулгаар гомдол гаргаж байна. Үүнд:
4.2. Шүүхийн шийдвэрт: Зээлээр авсан барааны үлдэгдэл төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэв гэжээ. Гэтэл би шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон цахимаар оролцсон шүүх хуралд А.Е нь надаас бараа ямар нэг байдлаар бараа худалдан аваагүй, харин манай барааг борлуулж өгөөд сард 1,000,000 төгрөгийн урамшуулал авдаг байсан гэдгийг тайлбарласан. Гэтэл шүүх А.Е нь манайхаас бараа худалдаж авсан мэтээр бидний хоорондын асуудлыг буруу ойлгож, нэхэмжлэлийн үндэслэлийн талаар буруу дүгнэлт хийсэн байна.
4.3. Би шүүхэд А.Е чатаар харилцсан зурвас, түүнд бараа материал явуулж байсан баримтууд зэрэг маш олон хуудас баримтуудыг өгч хэрэгт хавсаргуулсан. Шүүх миний өгсөн баримтуудыг хүлээж авсан хэрнэ шийдвэртээ тухайн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д зааснаар үнэлэхгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж бичсэн нь миний эрх ашгийг хохироож байна. Ү********, нотлох баримт болохгүй баримтыг надад хэлж сануулахгүй хэрэгтээ хавсаргаад байсныг нь гайхаж байна, надад энэ баримтууд чинь үнэлэгдэхгүй шүү гэдгийг хэлсэн бол би яавал үнэлэгдэх тэр шаардлагыг нь хангуулаад шүүхэд өгч болох байсан. Надад миний эрх үүргийг танилцуулаагүй, хэргийн материалыг ч танилцуулаагүй
4.4. Би А.Е 2022 оны 4 сараас эхлэн хамтарч ажилласан. А.Е нь эхний 1 жил гаруй хугацаанд манай байгууллагын итгэлийг олж ажиллаж байгаад сүүлдээ их хэмжээний барааны мөнгийг шилжүүлэхгүй манайхыг хохироосон. М***** эд хөрөнгө төдийгүй сэтгэл санаагаараа маш их хохирол амссан байхад манай гаргасан баримтыг үнэлэхгүй, шаардлага хангахгүй гэдэг хоёрхон үгээр бүх бодит байдлыг үгүйсгэсэнд гомдолтой байна.
4.5. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд өгсөн тайлбарт:
5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох асуудал ярьж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нь 7 үндэслэл заасан. 7 үндэслэл дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл зааж өгсөн. Нэхэмжлэгч талын анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоё гэдэг гомдол дээр тулгуурлаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ямар нэгэн үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байгаа. Яагаад гэхлээр анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид эрх, үүргийг танилцуулж өгсөн, мөн шүүх хуралдаанд оролцох боломжийг нь хангасан, тэднээс гаргаж өгсөн нотлох баримтыг хүлээж авсан шүүх өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд тухайн баримтыг үнэлж дүгнэж, талуудын эрх тэгш зарчмын үндсэн дээр шийдвэрээ гаргасан.
5.2. А***** зохигчдын, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан эсхүл хуулийг ноцтой буруу тайлбарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан асуудал нь 7 үндэслэлийн аль алинд нь хамаарахгүй байгаа гэдгийг хэлье. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолд дурдаагүй ч гэсэн зарим нэгэн зүйлийг буруу тайлбарлаж байгаа, огт маргаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаа зөвшөөрч байгаа юм шиг буюу харилцаагаа тодорхойлохдоо бас буруу тайлбар гаргаж байгаад нь би дараах тайлбарыг гаргая.
5.3. Н*********, нэхэмжлэл гаргахдаа харилцааны хувьд хөдөлмөрийн шинжтэй харилцааны маргаан байсан. Гэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй. Баян-Өлгий аймгийн төлөөллийн ажилтан гэсэн нэрээр Е**** гэдэг ажилтныг ажиллуулж байсан. Е****** зүгээс “Т**********” гэдэг компанийн бүтээгдэхүүн, барааг түүний гэрээ хийсэн гэрээт дэлгүүр, худалдааны нэгж, иргэд, аж ахуйн байгууллагуудад хүргэж өгөх үүрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл 2023 оноос нэг жил 5 сарын хугацаанд тогтвортой ажиллаж байсан. И**** ажиллахдаа түүний цалин хөлсийг нь тохиролцсон байсан 1,000,000 төгрөгийн цалин авахаар байсан. Е**** ажиллах хугацаандаа цалин хөлс өгөөгүй гэдэг шалтгаанаар цаашид үргэлжлүүлэн ажиллахаас нь татгалзсан байдаг. А*** олгогч компанийн зүгээс чи бидэнд ажиллаагүй гэдэг шалтгаанаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нөхцөл байдал тогтоогддог. Н******** байгаа үнийн дүнгийн асуудлын хувьд ямар бараа бүтээгдэхүүн яагаад Е******* нэхэмжилж байгаа гэхээр Е**** гэдэг хүн ажилтны хувьд барааг хүргэдэг, аваачиж өгдөг, зарим нэгэн төлбөрийн хувьд өөрөө дансаараа эсхүл шууд компанийн дансаар буцааж өгдөг, тооцоог хийдэг асуудал ажиглагдсан. Т****** биш Е**** гэдэг хүний хувьд “Т**********” компаниас эд зүйл, бараа зээлээр худалдаж авдаггүй. Б***** хүргэж өгдөг, авалцдаг, 1,000,000 төгрөгийн цалин авдаг, ажилтан байсан.Е****** хувьд тооцоо хийгдээгүй бараануудын хувьд ямар ч үүрэг хүлээхгүй, яагаад гэхээр энэ хүн худалдаж аваагүй, чи заавал энийгээ бидэнд авч өгөх ёстой, төлүүлэх ёстой байсан гэдэг үүднээс хандах боломжгүй. Я***** гэхээр ажилтантай ажил олгогчийн байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ эсхүл хөлсөөр ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээ ч байгуулаагүй, бөгөөд төстэй ямар нэгэн гэрээ хийгээгүй үүрэг хүлээлгэсэн, хуваарилсан асуудал дээр бичгээр байгуулсан гэрээ байхгүй. “Т**********” компанийн нэг программ гэдэг зүйл байдаг юм байна. Т** барааг чинь тэр дэлгүүрт хүргэгдлээ, тэр дэлгүүр нь төлөх ёстой гэдэг байдлаар программ дээр чиглэлт хийнэ. Т** дэлгүүр нь тооцоогоо хийсний үедээ өглөг авлага дууссан, дуусаагүй гэдгийг харах боломжтой байсан. Тэгээд сүүлдээ Е****** программд нэвтрэх эрхийг хаасан.
5.4. Тэгээд хэнд хэдэн төгрөгийн өглөгтэй, тооцоотой гэдгийг Е**** мэдэхгүй, тэрийг мэдэх ч боломжгүй. Е****** хувьд бараа зээлээр худалдан авч байгаа этгээд биш. Т******* яагаад Е******* энэ мөнгийг нэхэмжилж байгаа юм бэ. Харин дэлгүүр, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад борлуулсан, хүлээлгэж өгсөн барааны төлбөрийг нь нэхэмжлэх гээд байвал Е****** гэрч болгож болно. Гэтэл өөрийнхөө ажилтныг шүүхэд нэхэмжлэл гаргаад, хариуцагч болгож орж ирсэн. Мөн мөнгө төгрөг гэж нэхэмжилж байгаа нь хаанаас ямар тооцоо үндэслэлтэй гарч ирсэн нь тодорхойгүй. П******* байгаа гэж байна. П******* бол нотлох баримт юм, энийг нотлох баримтаар үнэл гэж байгаа. Т** хаанаас яаж бэхжүүлж аваад шүүх байгаа нотлох баримтыг байгаа газраас нь үзлэг хийх ч юм уу өөр нотариатчийн тусламжтайгаар тэрийг нотлох баримтаар тооцуулж бэхжүүлж одоо үнэлэх бас боломжгүй нөхцөл байдал үүссэн. Н***** баримтын шаардлага хангахгүй баримтыг Е**** зөвшөөрч байгаа гэдэг байдлаар ирүүлсэн. Е****** мессеж гэж байгаа нь Е****** бичсэн мессеж мөн эсэх нь тодорхой бус юм. Т***** заавал үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангах ёстой байсан гэж үзэж байгаа нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
5.5. Мөн “Т**********” ХХК-ийн бусдаас авах ёстой өр авлагын асуудлыг цаашид авах ямар ч боломжгүй боллоо, хохирох гэж байгаа гэдэг асуудал маш үндэслэлгүй. Тухайн үедээ барааг зээлээр авсан хүмүүсийг бол шүүхэд өгвөл энэ асуудал шийдэгдэх боломжтой. Тиймээс Е**** зүгээр ажилтан байсан. Тиймээс Е****** хувьд энэ мөнгийг хариуцан гарган шийдвэрлэх боломжгүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
ХЯНАВАЛ:
6. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хэргийн үйл баримт бодитой тогтоогдоогүйгээс маргааныг Иргэний хуулийн холбогдох заалтаар зүйлчлэн, эрх зүйн үр дагаврын талаар шийдвэр гаргах боломжгүй, шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй тул дараах үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
7. Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Т**********” ХХК нь хариуцагч А.Е холбогдуулан “зээлээр худалдаж авсан” гэх барааны үнээс үлдсэн 34,998,000 төгрөгийг шаардсан бол хариуцагч А.Е нэхэмжлэлийг эс зөвшөөрч тус компанид гэрээт борлуулагч хийдэг байсан, нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймагт ирүүлсэн тамхийг хүлээн авч хадгалаад, борлуулагч дэлгүүрүүдэд хүргэлт хийж, тооцоог “Т**********” ХХК-д буцаан шилжүүлэх ажлыг гүйцэтгэдэг, ажлын хөлсөнд 1,000,000 төгрөг авдаг, тамхи худалдан авч зардаг ажил хийгээгүй, харин тухайн компанийн ажилтан байсан, үүргээ зохих ёсоор гүйцгэсэн боловч цалин хөлс өгөлгүй хохироосон зэргээр шүүхэд хариу тайлбар ирүүлжээ.
8. Нэхэмжлэлийн үндэслэл болон хариуцагчийн тайлбараас дүгнэвэл талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааны талаар нэхэмжлэгчээс хариуцагчтай зээлээр худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж байсан гэж, хариуцагчаас хөлсөөр ажиллах, эсхүл хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тодорхой ажил, үүргийг гүйцэтгэсэн гэж тус тус зөрүүтэй мэдүүлжээ. Харин анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээнээс үүдэлтэй иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн талаар нотлох үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримт Иргэний хуулийн холбогдох хэм хэмжээнд нийцэж буй талаар хангалттай үндэслэл заагаагүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.
9. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтууд хуульд заасан шаардлагыг хангаагүй, тухайлбал хэргийн 6-17, 19 дэх талд хуулбар баримтуудыг гаргаж өгснөөс гадна 21-50 дугаар талд авагдсан баримтуудын эх сурвалжийг тодорхойлох, магадлах боломжгүй, хэргийн 18 дахь талд авагдсан талуудын хоорондын тооцоо нийлсэн баримтыг хэрэгт цугларсан, нотлох баримтын шаардлага хангахуйц бусад баримтуудтай харьцуулан үнэлж, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэх бололцоогүй буюу хэрэгт цугларсан нотлох баримтууд талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааны төрлийг тодорхойлоход хүрэлцээгүй учраас давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар маргааныг шийдвэрлэх боломжгүй байна.
10. Анхан шатны шүүх “талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн боловч худалдан авагчийн үүргийн зөрчлийн талаар худалдагч нотлох үүргээ биелүүлээгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийхдээ хэрэгт цугларсан баримтуудыг хуульд заасан журмаар үнэлэх журмыг зөрчсөн, учир нь хэргийн оролцогчоос нотлох баримтын хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах, түүнчлэн үзлэг хийх шаардлагатай бол нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх журмыг тус тус хэрэгжүүлээгүй байна. Шүүх энэ талаар нэхэмжлэгчид эрх, үүргийг нь танилцуулж тайлбарлаагүйгээс гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн хариу тайлбарын үндэслэлийг тус тус хангалттай тодруулаагүй нь маргааны үйл баримтыг бодитой тогтооход сөргөөр нөлөөлжээ.
11. Хэрэгт хавсаргасан баримтуудаар талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааны төрлийг, тодруулбал бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой, эсхүл ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон үүргийн зөрчил үүссэн эсэхийг тогтооход хангалтгүй буюу хүрэлцээгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан “шүүх ... бидний хоорондын асуудлыг буруу ойлгож, нэхэмжлэлийн үндэслэлийн талаар буруу дүгнэлт хийсэн” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.
12. Хэргийн 54 дэх хуудаст хавсаргасан баримтаас үзвэл нэхэмжлэгч “Т**********” ХХК-ийн захирал Л.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийн талаар “утсаар танилцуулсан” гэж, 72 дахь хуудаст хэргийн материалыг “цахим шуудангаар нь танилцуулсан” гэж тус тус тэмдэглэл үйлдсэн бөгөөд хэрэг үүсгэсэн шүүгч нэхэмжлэгч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт заасан “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх” ажиллагааг утсаар болон цахим сүлжээгээр хангалттай танилцуулж, тайлбарлаж өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгчид эрх үүргийг танилцуулаагүй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Энэхүү нөхцөл байдал нь анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтаар хүчингүй болгох үндэслэлд хамаарсныг тэмдэглэж байна.
13. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь заалтад зааснаар хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3 дахь хэсэгт зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт “Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж, 118.5 хэсэгт “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шийдвэр гүйцэтгэх арга, журмыг зааж, хүний орон байр, бусад газарт нэвтрэх, төлбөр төлөгчийн бие, орон байр, бусад газар, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгоно” гэж, 118.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 118.5-д заасан тогтоох хэсэг захиран тушаах хэлбэртэй байна” гэж тус тус хуульчилсан байхад анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 302/ШШ2025/00763 дугаар шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1, 2 дахь заалт нь мөн хуулийн 118.6 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн буюу захиран тушаах хэлбэртэй бус, түүнчлэн тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 302/ШТ2025/00052 дугаар /хэргийн 116-117 дахь тал/ шүүхийн тогтоолын удиртгал хэсэгт гомдол гаргасан этгээдийг “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О” гэж тодорхойлсон атлаа тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “…нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б гомдлыг…” гэж буруу ташаа бичсэн зэрэг зөрчлүүдийг дахин давтан гаргахгүй байхад анхаарах нь зүйтэй.
15. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 332,940 төгрөгийг төрийн сангийн зохих данснаас шүүгчийн захирамжаар гаргуулж, Э.О буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 302/ШШ2025/00763 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О давж заалдах гомдлыг хүлээж авсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,940 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК