Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 993

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Б.Энхбат, шүүгдэгч Н.Б, нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш овогт Н-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний шийдвэрээр хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал тогтоолгож ирүүлсэн эрүүгийн 1908 03267 1124 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш овогт Н-ын Б, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Томбат” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл гурав, эх, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар **********, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-ын Манжуур хотын “Интернэт” гэх зочид буудалд иргэн Ө.Г-ыг зодож, эрүүл мэндэд нь “хамрын яс, таславчид хугарал, хамрын нуруу, хоёр зовхины дотор булан, зүүн мөр, зүүн бугалга, цээжинд цус хуралт, хамрын нуруу, хүзүү, хэвлий, зүүн шилбэнд зулгаралт, 3 шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Ш овогт Н-ын Б нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна буюу БНХАУ-ын Манжуур хотын “Интернэт” гэх зочид буудалд “хужаа явдалтай хэмээн доромжиллоо” гэсэн шалтгаанаар хохирогч Ө.Г-ыг зодож, түүний бие махбодод “хамрын яс, таславчид хугарал, хамрын нуруу, хоёр зовхины дотор булан, зүүн мөр, зүүн бугалга, цээжинд цус хуралт, хамрын нуруу, хүзүү, хэвлий, зүүн шилбэнд зулгаралт, 3 шүдний эмтрэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсанүйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хэргийн үйл баримт, учирсан хохирлын хэр хэмжээ, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

 2. Иргэн Ө.Г-оос Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..Батхуяг гэх хүнд зодуулсан...” тухай гэмт хэргийн шинжтэй гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 15-16 дугаар хуудас);

 3. Хохирогч Ө.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ажлын газрын надаас гадна 9 хүний хамтаар БНХАУ-ын Манжуур хот руу 5 өдөр, 4 өдөр аяллаар явсан юм. Тэгээд Манжуур явах замдаа автобусанд архи дарс ууцгааж явсан. Автобусанд дотор бол хэрэлдэж, маргалдаагүй бүгд эвтэй найртай явцгааж байгаад маргааш өдөр нь Манжуур хотод ирж зочид буудалд байрласан, тэнд 3 хонох үедээ 2019 оны 06 дугаар сарын 16-ны орой хамт олонтойгоо Ш-ийн өрөөнд орж архи хувааж ууцгаасан, тэр үед би хамт ажилладаг Б-ийн өөдөөс хараад юм яриад нэг, нэгнийгээ тоглоом, шоглоомоор маазарч байтал Б өөдөөс харж байгаад миний нүүрэнд 1-2 удаа мөргөж авах үед би босоод ирсэн чинь миний өмсөж байсан цамцнаас зуураад авахаар нь би зөрүүлээд хүзүүг нь 2-3 удаа гараараа маажих үед хамт байсан хүмүүс салгасан. Ийм л асуудал болсон...”, “...Надад эмчилгээний төлбөрийг төлж, барагдуулсан учраас одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32-34 дүгээр хуудас);

 4. Гэрч Б.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар хоорондоо юм ярилцаад сууж байхад гэнэт чанга чимээ гараад харахад Б, Г-д хоёр бие биеэ заамдчихсан байж байсан. Маш хурдан хугацаанд болоод өнгөрсөн. Тэр үед Г-ын хамраас цус гарч байсан Б-ийн духны хэсэгт зурагдчихсан, Б-ийн нүдний шил хагарсан байсан. Тэр хоёр заамдалдчихсан байхад нь бид нар хоёр тийш нь татаж юу болоод зодолдоод байгаа юм одоо боль гээд салгасан. Маргааш нь Б Г-ыг мөргөөд өөрийнхөө нүдний шилийг хагалчихсан байсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 41-42 дүгээр хуудас);

 5. Гэрч Б.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “..Г Б-ийг чи хужаа шиг явдаг гэж хэлсэн. Тэгсэн чинь Б тэрэнд нь гомдоод уурлаад эхэлсэн. Мөн тэр Б бид хоёр, хоёулаа дараа шампанск буудуулна гээд тоглоом болгоод ярьж байсан. Тэгээд Б, Г хоёр хоорондоо ярьж байсан шоглоомоосоо болоод маргалдаж байгаад ширээний хоёр талаас барилцаад авсан. Тэд заамдалцаж байгаад ширээнээс холдох үед Б, Г-ын хамар руу мөргөсөн. Дараа нь гараараа хамар руу нэг удаа цохисон, тэгээд футболкны захаар нь хоолойг нь боогоод байсан. Г урдаас нь самардаад, заамдаад байсан. Тэгээд тэр хоёрыг бид нар бүгдээрээ очоод татаад салгасан. Салгах үед Г-ын хамраас нь их цус гараад байсан, Б-ийн биед гэмтэл харагдаагүй. Тэгээд бүгдээрээ тараад өрөө, өрөөндөө ороод амарсан. Маргааш өдөр нь тэр хотдоо өдрийг өнгөрөөчхөөд 16-17-нд шилжих шөнө 03 цагийн үед зочид буудлаас гараад Монгол руу явсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 45- 46 дугаар хуудас);

6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 7676 дугаартай: “...Ө.Г-ын биед хамрын яс, таславчид хугарал, хамрын нуруу, хоёр зовхины дотор булан, зүүн мөр, зүүн бугалга, цээжинд цус хуралт, хамрын нуруу, хүзүү, хэвлий, зүүн шилбэнд зулгаралт, 3 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-ийн 49 дүгээр хуудас);

 7. Гэмт хэрэг Монгол Улсын гадна үйлдэгдсэн болохыг нотолсон яллагдагч Н.Б, хохирогч Ө.Г  нарын гадаад паспортын хуулбар (хх-ийн 22-23, 25-26 дугаар хуудас), Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 430 дугаартай “Шүүхийн харьяалал тогтоох тухай” захирамж (хх-ийн 86 дугаар хуудас);

8. Шүүгдэгч Н.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 56 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57 дугаар хуудас);

9. Шүүгдэгч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэр өрөөндөө бөөнөөрөө суугаад архи ууцгаасан. Архи ууж байгаад буюу 15-16-ны өдөрт шилжих шөнө 02-03 цагийн үед өрөөнд Ш, Б, О, Ө, Г, Х нар болон зүс таних нэрийг нь мэдэхгүй 2 жолоочийн хамтаар байж байхад манай компанид үйлдвэрт технологич ажилтай Г надад хандаад дарамтлах байдал гаргаж эхэлсэн. Архи ууж байхдаа ширээ тойрч сууцгаасан байсан ба яг зодоон болохын өмнө Г бид хоёр зэрэгцээд суучихсан байсан. Надтай зэрэгцэж сууж байгаад “чи хэзээ ийм том болчихсон юм гээд миний нүүр рүү гараараа мангасдаж түлхсэн. Тэр үед нь би дээрэнгүй хандаад байхаар нь уур хүрээд сууж байхдаа Г-ын нүүр рүү нь духаараа нэг удаа мөргөсөн. Тэр үед дээр хэлсэн хүмүүс бүгдээрээ л байсан. Би Г-ыг мөргөсний дараа хамраас нь цус гараад эхэлсэн чинь уурлаж босож ирээд бид хоёр зууралдаад авах үед Г миний хүзүүний ар хэсэг болох хоолойн хэсгийг гараараа маажсан. Энэ үед хамт байсан хүмүүсээс Ш, Б, Ө нар бид хоёрыг салгасан. Тэгээд Ө бид хоёр нэг өрөөнд хамт буусан байсан учир өрөөндөө орж амарсан. Г өөрийнхөө өрөө рүү явсан гэсэн. Маргааш өглөө нь босоод өглөөний цайгаа уучхаад хөтөлбөрийн дагуу аялж байгаа шөнө нь бүгдээрээ Монгол руу буцсан. Тэр өдөр Г надтай юм яриагүй. Монгол улсад ирснийхээ дараа над руу утсаар яриад би эмнэлэгт үзүүлмээр байна гэхэд нь би эмчилгээний зардалд нь АТМ ашиглаж 120,000 төгрөг, 100,000 төгрөг, 50,000 төгрөг шилжүүлсэн, мобайл банк ашиглаж 20,000 төгрөг шилжүүлсэн, мөн сүүлд нь ахыгаа хамт явуулж 35,000 төгрөг төлсөн. Нийтдээ 325,000 төгрөг шилжүүлсэн. Тэр үедээ надад гомдол санал гээд байх зүйл байхгүй, эмнэлгийн зардал өгчихвөл болно гэж хэлээд мөнгө авч байсан. Тэгээд хэд хоногийн дараа цагдаад өгчихсөн байсан ба цагдаагаас намайг дуудсан. Одоо Г надаас нэмж 1,000,000 төгрөг нэхэмжилж байгаа гэсэн. Би Г-ын биед үзлэг хийсэн шинжээч эмчийн дүгнэлтийг уншиж танилцлаа. Тэр өдөр бид хоёр хоорондоо зодолдсон учраас эдгээр гэмтлүүдийг би учруулсан. Манай ажилчдаас өөр хүмүүс хоорондоо зодолдоогүй. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуух зүйл байхгүй. Би Г-ын нэхэмжилсэн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Өөрт холбогдох хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Надад гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 55 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн ... гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээгээгүй болох нь тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйн хэрэг.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ө.Г-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Н.Б-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ө.Г-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ө.Г нь эмчилгээний зардлаа бүрэн авсан талаар хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн (хх-ийн 69 дүгээр хуудас) байх тул шүүгдэгч Н.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлсэн эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Хамгийн доод хэмжээгээр торгох ял оноож өгнө үү. Манай ажлын цалин бага. Мөн эхнэр маань удахгүй амаржих гэж байгаа зэргийг харгалзан үзнэ үү...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ш овогт На-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тустай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Н.Б-т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Б-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА