Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 225/МА2026/00006

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 225/МА2026/00006

 

 

Ш.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 320/ШШ2025/00057 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:Ш.Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын тамгын газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж бичилт хийхийг Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын тамгын газарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч С.Мын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.О, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр, хариуцагчийн төлөөлөгч С.М, түүний өмгөөлөгч Д.Буяндалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.О нь Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын үйлчлэгчийн ажилд анх 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр томилогдож өдийг хүртэл тус байгууллагад нийт 11 жил тасралтгүй ажилласан. Тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа буюу мэргэжлийн үйл ажиллагаандаа хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, үйлчилгээний стандарт зэргийг чанд мөрдөж ажиллаж, байгууллагынхаа цэвэрлэгээ, ариун цэврийн үйлчилгээг хурдан шуурхай, чанартай үзүүлэхэд өөрийн чадвар мэдлэг туршлагыг бүрэн зориулж, хүнлэг энэрэнгүй, шударга ёсны зарчмыг баримталж, байгууллагынхаа зорилго зорилтыг тууштай дэмжин, идэвх санаачлагатай ажилласаар ирсэн, тиймдээ ч сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй.

Түүнчлэн хариуцсан ажилдаа чин сэтгэлээс хандаж, ажлын байр, хамт олон болон үйлчлүүлэгч нартай эелдэг зөв зан харилцааг эрхэмлэж, ажилтны ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажил хэрэгч соёлтой хувцаслан өөрийн хариуцсан ажлаа нэр төртэй гүйцэтгэн ажил үүргээ хангалттай сайн биелүүлж ирсэн.

Гэтэл байгууллагын удирдлагын зүгээс 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ш.О намайг гэнэт дуудаж, ажлаас халж байгаа талаар мэдэгдэн Б/62 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг гардуулсныг хүлээн аваад маш ихээр гайхан, гүн цочролд орсон. Тус тушаалд ...Төрийн албаны бүтэц зохион байгуулалтыг сайжруулж, чиг үүргийн давхардлыг бууруулж, чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэх дээд шатны байгууллагуудын шийдвэрүүдийн дагуу... гэх үндэслэлийг тавьсан байдаг. Гэвч тус тушаалд дурдаад байгаа дээд шатны байгууллагуудын шийдвэрүүд гээд байгаа нь чухам ямар шийдвэрүүд байгаа, тус шийдвэрүүдэд үнэхээр миний эрх зүйн байдлыг дордуулах үүрэг, чиглэл байгаа эсэхийг би үнэхээр мэдэхгүй.

Ажил олгогчийн энэхүү шийдвэр нь Монгол улсын Үндсэн хууль болоод Хөдөлмөрийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн. Миний бие уг шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан бөгөөд тус хорооноос миний өргөдлийг 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд №14 дугаартай шийдвэрээр ...Х сумын Засаг даргын тамгын газрын гаргаж буй шийдвэр нь хуульд заасан процесс ажиллагааг зөрчөөгүй. Хөдөлмөрийн тухай хууль болоод холбогдох бусад хуулиудыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна... гэж Ш.О миний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг үл тоомсорлосон шийдвэр гаргасан учир хуульд заасны дагуу шүүхэд хандахаас өөр аргагүй боллоо. Иймд нэгэнт миний бие үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн учир өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай өргөдөл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын дарга С.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 74 дүгээр тогтоол, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1/1695 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/134 дүгээр захирамжийн хавсралт, сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/14 дүгээр тушаалын хавсралт, Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Х сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооноос 3 орон тоог хасаж төсвийн тодотгол хийсэн.

Х сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/134 дүгээр захирамж (хавсралт), сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/14 дүгээр тушаал (хавсралт) аар баталсан. Дээрх шийдвэрийн хүрээнд Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоонд ажил үүргийн хуваарь, ажлын байрны давхардал, албан тушаалын тодорхойлолтуудад чиг үүргийн шинжилгээг дараах албан тушаалууд дээр хийсэн. Төрийн захиргааны жинхэнэ албан тушаалын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн-2 орон тоо, Нягтлан бодогч-2 орон тоо, Архив, бичиг хэрэг-2 орон тоо, Үйлчлэгч-2 орон тоо гэсэн албан тушаалуудад хийж ажилласан. Х сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоонд батлагдсан 2 үйлчлэгч (үндсэн орон тоо)-г 1 орон тоо болгон бууруулах зохицуулалт хийж сумын 3, 4, 7, 9, 10, 11, 12, ,13, 14 дүгээр багийн хөгжлийн төвүүдийн дотор, гадна цэвэрлэгээ үйлчилгээг багийн зохион байгуулагч, хэсгийн ахлагчдаар баталсан хуваарийн дагуу гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж цэвэрлэгээ, үйлчилгээ хийх талбайн хэмжээг багасгаж 1 үйлчлэгчийн цэвэрлэх талбайн хэмжээгээр багасгаж зохицуулалт хийсэн.

Орон тооны цомхотголыг хийхдээ Засаг даргын Тамгын газрын 2 үйлчлэгчийн ажлын үр дүн, ажилдаа хандах хандлага, цэвэрлэгээ үйлчилгээний чанар, 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үнэлгээ, 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн үнэлгээ, Засаг даргын тамгын газрын албан хаагчдаас цахимаар авсан сэтгэл ханамжийн судалгааны дүнг (ёс зүй зан харилцаа, багаар ажиллах, санал санаачилга, ажлын цаг ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээний чанар, идэвх оролцоо) нэгтгэн үнэлж үнэлгээг хувиар тооцон гаргасан.

Орон тооны цомхотголоор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоход ажлын байрны давхардлыг арилгах зорилгоор ажлын байранд чиг үүргийн шинжилгээ хийх зохицуулалттай ба уг зохицуулалтыг хэрэгжүүлэн шаардлагатай албан тушаалд чиг үүргийн шинжилгээ хийж төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд ажлын үзүүлэлт, хамт олноос ирүүлсэн саналыг харгалзан Засгийн газраас хэрэгжүүлж буй орон тооны цомхотгол хийсэн. Сонсох ажиллагааны тэмдэглэлд ажил олгогч нь хуульд заасны дагуу өөр ажилд зуучлах үүргийн хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр өөр ажилд шилжүүлэн өгөх талаар ярилцаж ажилд зуучилсан ба 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ангилал зэрэглэл нэгэн адил ажилд орсон байгаа нь сонсох ажиллагаанд дурдагдсан байсан ажил олгогч болон гомдол гаргагчийн тохиролцсон ажил мөн болон сонсох ажиллагааны тэмдэглэлд дурдсан байгаа. Мөн 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ба уг тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж түүний хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Ажил олгогч буюу Х сумын Засаг даргын Тамгын газар нь орон тооны цомхотголыг хийхдээ хуульд заасны дагуу процесс ажиллагаа болох чиг үүргийн шинжилгээ хийж, хамт олны саналыг авч орон тооны цомхотгол орж буй албан хаагчид хуульд заасны дагуу өөр ажилд зуучлах саналыг тавьсан болон давхар гомдол гаргагчийн 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох саналыг зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

Х сумын Засаг даргын Тамгын газрын гаргаж буй шийдвэр нь хуульд заасан процесс ажиллагааг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хууль болоод холбогдох бусад хуулиудыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 320/ШШ2025/00057 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Оийг Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газраас 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6,973,180 (зургаан сая есөн зуун далан гурван мянга нэг зуун ная) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 221,381 (хоёр зуун хорин нэгэн мянга гурван зуун наян нэг) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Оийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын Тамгын 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод, 126,520 (нэг зуун хорин зургаан мянга таван зуун хорь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Од тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.М давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа бөгөөд давж заалдах гомдлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.Нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн талаар:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8.3-т ... шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч тэрээр 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасантай нийцсэн. Талууд энэ талаар маргаагүй. гэжээ.

Нэхэмжлэгч Ш.О нь Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/62 дугаартай тушаалыг мөн өдөртөө хүлээн авч 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо-д хандан өргөдөл гаргасан байдаг.

Гурван талт хороо уг өргөдлийг хэлэлцээд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Х сумын Засаг даргын Тамгын газрын шийдвэр нь хуульд заасан процесс ажиллагааг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулиудыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн шийдвэр гаргасныг нэхэмжлэгч Ш.О эс зөвшөөрч 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Ш.О нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацааны дотор Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан байх боловч гурван талт хорооны шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 22 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 154.9 дүгээр заалтуудад нийцээгүй, хуульд заасан гомдол нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.

2.Орон тоо цөөрсөн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй талаар:

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 2025 оны 07 дугаар сарын 09-ны өдөр батлагдсан бөгөөд уг хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор аймгийн төсөвт тодотгол хийсэн.

Монголын Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь Үндсэн хуульд нийцсэн бөгөөд Монгол Улсын нийт иргэд, байгууллагад даган мөрдөх ёстой эрх зүйн дээд үйлчлэлтэй бичиг баримт юм.

Тус хуулиар Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол хийж төрийн алба хаагчдын орон тоог бууруулах чиглэл баримтлан цалингийн санг багасган баталсан байдаг.

Тодруулбал Монгол Улсын хэмжээний бүх төрийн алба хаагчдын орон тоог цөөрүүлсэн шийдвэр гаргасан бөгөөд үүнийг нь төсвийн хүрээний бүх байгууллага албан тушаалтан дагаж мөрдөх хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа юм.

...Төрийн эрх барих дээд байгууллагаас гарсан хууль, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсвөөр сумын Засаг даргын Тамгын газрын орон тооноос 3 орон тоог цөөрүүлсэн, тухайн орон тооны хэмжээгээр ногдох цалингийн сан буурсан тохиолдолд тухайн ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулж цалинжуулах боломжгүйн дээр төсвийн өөр зардлаас санхүүжүүлэх нь Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчих, цаашлаад төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдэл болно.

Ажлын байр цөөрсөн нөхцөл байдал бүрэн тогтоогдож байхад ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй талаар Улсын дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 00035 дугаартай тогтоолд заасан байдаг.

3.Ажил олгогч ажлаас чөлөөлөх шийдвэрийн талаар 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэх талаар: Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарч сумын төсөв батлагдаж Засаг даргын Тамгын газрын орон тоог 3-аар цөөрсөн шийдвэр гарсны дараа буюу 2025 оны 08 дугаар 20-ны өдөр Засаг даргын Тамгын газрын дарга Г.Нэргүй Ш.Отэй уулзаж өөрийнх нь ажиллаж байгаа ажлын байр цөөрч байгаа үндэслэлийн талаар танилцуулж санал хүсэлтийг сонссон байдаг.

Энэ нь хэдийгээр сонсгох ажиллагааны хуудас нэртэй үйлдэгдсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан бичгээр мэдэгдэж байгаа ажиллагаа юм.

...Нэхэмжлэгч Ш.О өөрийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй нөхцөл байдлыг бүрэн ухамсарлаж чөлөөт хүсэл зоригийн дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож нэмэлтээр 2 сарын хугацаатай тэнцэх хэмжээний тэтгэмж авах хүсэлт илэрхийлж ажил олгогчийн зуучилсан өөр ажлын байранд ажиллах хүсэлтийг тавьж байгаа нь тухайн хүнийг өөрийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлж байгаа явдал гэж үзнэ.

Тодруулбал Ш.О нь өөрийн чөлөөт хүсэл зоригийн үндсэн дээр ажил олгогч Х сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тавьсан саналыг хүлээн зөвшөөрч нэмэлтээр өөрийн саналыг мөн тусгуулж байгаа нь Иргэний хуулийн 40.1-д заасан Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэсэн заалтын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр ажилтны өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэлд үндэслэсэн хүчин төгөлдөр шинжтэй болохыг нотолж байна.

4.Ш.Од ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн тухайд:

Анхан шатны шүүхээс Ш.Оийн ажилгүй байсан хугацааг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хамруулан тооцож 6,973,180 төгрөгийг гаргуулж мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэсэн.

Х сумын Засаг даргын тамгын газраас Ш.Од Хөдөлмөрийн тухай хуулийн 110.3-т заасны дагуу ээлжийн амралтын олговорт 1,916,421 төгрөгийг олгож Хөдөлмөрийн тухай тухай хуулийн 82.1.4-т зааснаар 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 5,724,000 төгрөгийг олгосон байгаа нь Ш.Од цалин хөлстэй холбоотой эрх нь зөрчигдөөгүй болохыг нотолж байна.

Ш.О нь өөрийн хүсэлтээр төрийн өмчийн байгууллага болох Д сургуульд өмнө нь ажиллаж байсантайгаа ижил албан тушаалын ажилд орж 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилласан бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байдаг.

Энэ хугацаанд Х сумын Засаг даргын Тамгын газраас 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд 1,916,421 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс2025 оны 10 дугаар сарын 01-ний хугацаанд Д сургуулиас 1,259,242 төгрөгийн цалин авч 2025 оны 8, 9 дүгээр саруудад дээрх байгууллагуудаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлсэн болох нь хэргийн материалд авагдсан баримтуудаар бүрэн нотлогддог.

Ш.О нь Д сургуульд 2025 оны 09 дүгээр сарын 01-ээс 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллах тушаалтай байсан.

Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өөрөө хүсэлт гарган ажлаас чөлөөлөгдсөн байтлаа үүндээ Х сумын Засаг даргын Тамгын газрыг буруутгаж энэ хугацааныхаа цалин хөлсийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл цалин хөлс гаргуулах шаардлагад дурдсан хугацаа нь Ш.Оийнх нь өөрийнх нь хүсэл зориг, санаачилгын дагуу ажил эрхлэхгүй байсан хугацаа тул үүнд Х сумын Засаг даргын Тамгын газар огт хамааралгүй юм.

Гэтэл анхан шатны шүүх Ш.Оийн ажил эрхлээгүй, цалин хөлс аваагүй байсан хугацаа нь өөрийнх нь хүсэл зоригоос шалтгаалсан болохыг анхаараагүйн зэрэгцээ дээр дурдсан 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 01-ний хооронд төрийн байгууллагуудаас ээлжийн амралтын цалин авч, ажил эрхлэн цалин хөлс авч, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлж байсан байхад давхардуулан хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 320/ШШ2026/00057 дугаартай шийдвэртэй иргэний хэргийг бүхэлд нь хянан үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Ш.О давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан тайлбартаа: ...Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч намайг ...нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн... хэмээн гомдолдоо дурдсан байх боловч миний хувьд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны №14 дугаартай 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэрийг хүлээн авсны дараа 9 хоногийн дараа буюу 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд багтаан нийцүүлж тус шүүхэд гаргасан юм.

Гэтэл анхан шатны шүүгч Н.Бн нь 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №3854 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг гаргасан бөгөөд тус захирамждаа ...нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх хуулийн шаардлагыг хангаагүй....үндэслэлийг заасан байдаг.

Миний хувьд дээрх зөрчлийг арилган дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул гомдлын шаардлага гаргах хугацаагаа хэтрүүлээгүй гэж үзэж байгаа.

Мөн дээрх үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон нийтэд илэрхий үйл баримт байх тул миний хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр дахин нотлуулах шаардлагагүй гэж үзсэн болохоо үүгээр мэдэгдэж байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

1.Нэхэмжлэгч Ш.О нь Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7,194,561 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ ...2025 оны 1 дүгээр улирал, хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээгээр хангалттай сайн үнэлэгдсэн ба манай байгууллага 3 үйлчлэгчтэй байхад ямар шалтгаан, шалгуураар илүү, чадварлаг, бүтээмжтэй гэж үзэж нөгөө хоёрыг үлдээж байгаа нь ойлгомжгүй. ... гэх байдлаар тодорхойлжээ.

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын тамгын газар нь дээд шатны байгууллагын шийдвэрүүдийн дагуу Засаг даргын Тамгын газрын үйлчлэгчийн 2 орон тоог 1 болгон цөөрүүлж ажлын байр хасагдсан учир тухайн хоёр үйлчлэгчийн ажлын үр дүн, ажилдаа хандах хандлага, цэвэрлэгээ үйлчилгээний чанар, 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үнэлгээ, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдаас цахимаар авсан сэтгэл ханамжийн судалгааны дүнг нэгтгэн үнэлж үйлчлэгч Ш.Оийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэх агуулгаар маргажээ.

3.Анхан шатны шүүх ...Ажил олгогчийн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой атал уг тушаал хуулийн шаардлага хангаагүй... гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд болон маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа цуцлах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлээ бүрэн нотолж, холбогдох хууль, журмын зохицуулалтыг оновчтой сонгон хэрэглэх, уг шийдвэр эрх зүйн акт болохын хувьд хуульд заасан шаардлагыг хангасан байх учиртай бөгөөд гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөлд шүүх хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасан ба үүнд 80.1.1-д ...ажлын байр хасагдсан нөхцөл хамаарахыг хуульчилжээ.

Ажлын байр хасагдсан гэдэг нь тухайн байгууллагын зохион байгуулалтын өмнөх бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болсныг ойлгох бөгөөд энэ талаархи шийдвэрийг байгууллагын эрх бүхий этгээд тодорхой үндэслэл, журмын дагуу шийдвэрлэсэн байхыг шаардана. 

Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газраас ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.3, 83 дугаар зүйлийн 83.2, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 83.5, 83.6, дахь заалтууд, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.1, 40.2.2, 40.2.3, 40.2.4, 40.2.5, Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит YII дугаар хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Аймгийн 2025 оны төсөвт тодотгол хийх тухай 74 дүгээр тогтоол, Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит YI хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Сумын 2025 оны төсөвт тодотгол хийх тухай 01 дүгээр тогтоол зэргийг үндэслэсэн байх боловч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилтны эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлсон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын аль зохицуулалтаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж буй нь тодорхойгүй, ажилтанг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д заасны дагуу мэдэгдээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасан ажлын байр хасагдсан шалтгаанаар ажлаас чөлөөлөх тохиолдолд ажилтанд энэ тухайгаа 30 хоногийн өмнө мэдэгдэх тухай үүрэгжүүлсэн зохицуулалт нь ажилтан өөрийгөө ажлаас чөлөөлөгдөх болж буйг урьдчилан мэдэж, дараагийн ажил олох боломж нөхцөлийг олгох зорилготой.

Гэтэл хэргийн 54 дүгээр талд авагдсан Сонсох ажиллагааны хуудас гэх баримтад сонсох ажиллагаа явуулсан хугацаа нь 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байх ба хариуцагч байгууллага мөн өдрөөр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гаргаж ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь дээрх хуулийн зорилготой нийцээгүй буюу сонсох ажиллагаанд оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангаагүй байна.

6.Зохигчийн мэтгэлцээн, хэргийн үйл баримтаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай бичгээр мэдэгдээгүй, мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

7.Ажил олгогч гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөлд ажил олгогчийн дээрх тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуулийн шаардлагыг хангаагүй, баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохироогүй гэж дүгнэх үндэслэл бүрдэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журамд заасны дагуу хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох эрх зүйн үр дагавар үүснэ.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан ...анхан шатны шүүх Ш.Оийн ажил эрхлээгүй, цалин хөлс аваагүй байсан хугацаа нь өөрийнх нь хүсэл зоригоос шалтгаалсан болохыг анхаараагүйн зэрэгцээ дээр дурдсан 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 01-ний хооронд төрийн байгууллагуудаас ээлжийн амралтын цалин авч, ажил эрхлэн цалин хөлс авч, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлж байсан байхад давхардуулан хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн... гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн төлөөлөгчийн Нэхэмжлэгч Ш.О нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацааны дотор Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан байх боловч гурван талт хорооны шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 22 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 154.9 дүгээр заалтуудад нийцээгүй, хуульд заасан гомдол нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн... гэх гомдлын тухайд:

Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх бөгөөд тус хорооноос уг өргөдлийг 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хэлэлцэж шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн авч 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасныг зөрчөөгүй байна.

Нөгөө талаар шүүх 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гаргасан болох нь хэргийн 9 дүгээр талд авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх ба шүүхийн энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр нийтэд илэрхий үйл баримт тул үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, ...бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. гэж, мөн хуулийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно. гэж заасан тул нэхэмжлэгч Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжид дурдсан үндэслэлийг арилган 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлд хамаарахгүй.

8.Төсвийн байгууллагын нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан бөгөөд хариуцагч байгууллага давж заалдах журмаар гомдол гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад нэгэн адил хамаарах тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 196,720 /нэг зуун ерэн зургаан мянга долоон зуун хорь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас буцаан гаргуулж олгох нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч С.Мын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн төлөөлөгч С.Мын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 320/ШШ2025/00057 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 196,720 /нэг зуун ерэн зургаан мянга долоон зуун хорь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                Н.БАЯРХҮҮ

Л.ЭРДЭНЭБАТ