Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 994

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч А.Мөнхзул, шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Н-гийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 01973 1098 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Н-гийн Ц, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл нэг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Хүнс трейдийн **** тоотод оршин суудаг, регистрийн дугаар нэ73032861, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Н.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Л.Б-ын дүү Л.Т, Л.Г нарыг Солонгос улсад ажиллуулах виз гаргаж өгнө гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Л.Б-аас 5,000,000 төгрөгийг залилж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт Н-гийн Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Л.Б-ын дүү Л.Т, Л.Г нарыг Бүгд найрамдах солонгос улсад ажиллуулах виз гаргаж өгнө гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Л.Б-аас Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанцан дэлгүүр дэх Хаан банкны бэлэн мөнгөний машинаар (ATM) 5,000,000 (таван сая) төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Ц-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү болох Л.Т нь Солонгос улс руу гарах гээд байсан ба тэр надад Солонгос улс руу гэрээгээр ажилтан гаргах виз гаргадаг хүн байна гэж Н.Ц-гийн талаар хэлсэн. Тэгэхээр нь би итгээд өөрөө цалингийн зээл аваад дүү Л.Т, Л.Г хоёрыг Солонгос руу гаргаж ажил хийлгэе гэж бодсон. Тэгсэн чинь Н.Ц нь хоёр хүнийг 10,000,000 төгрөгөөр гаргана, урьдчилгаа 5,000,000 төгрөг өг гэхээр нь би өөрийн данснаас Н гээд Ц-гийн нөхрийн данс руу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн. Тэгээд мөнгөө өгчхөөд хариу ирэхгүй 2-3 сар болсон ба юу болсон талаар Ц руу залгаж асуухад одоо хэд хоногийн дараа гарна гэх зэргээр хэд хэдэн удаа хойшлуулсан. Тэгээд бүр 4 сар хүрээд мөнгөө авъя гэж хэлсэн чинь 2019 оны 03 сарын дундуур ярихад одоо бүтэж байгаа, үлдсэн мөнгөө бэлдээрэй гэж хэлэхээр нь өөрт байсан Хонда маркийн машинаа зараад 5,000,000 төгрөг бэлдчихсэн байж байсан чинь таг болчихсон. Тэгээд аргаа бараад 2019 оны 04 дүгээр сарын эхээр Н.Ц руу залгасан чинь виз бүтэхгүй байна гэж хэлэхээр нь мөнгөө авъя гэж хэлсэн чинь мөнгийг маань өгөхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11-12 дугаар хуудас);

 3. Гэрч С.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай бага хүү Л.Т нь Солонгос улс руу явж ажиллах талаар ярьтал түүний баз нь болох залуу таньдаг хүн байгаа гэсэн гээд Ц гэдэг хүнтэй холбож өгсөн гэсэн. Тэгээд манай хүү Л.Т, Н.Ц гэдэг хүнтэй Сонгинохайрхан дүүргийн урд гэрт нь очиж уулзсан гэсэн. Н.Ц манай хүүхдэд нэг хүнийг 3 жилийн хугацаатай 5,000,000 төгрөгөөр гаргаж өгнө гэж хэлсэн байсан. Тэгээд манай том хүү Л.Б нь дүү нар болох Л.Т, Л.Г нарт урьдчилгаа гэж дунд нь 5,000,000 төгрөг цалингийн зээл хийж байгаад авч өгсөн юм. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай хүү Л.Т, Б-ын Хаан банкны картыг ашиглаж Н.Ц-гийн хаан банкны данс руу 5,000,000 төгрөгийг 2 хувааж, Жанцан дээр байдаг Хаан банкны ATM дээрээс шилжүүлсэн байсан. Н.Ц одоог болтол Солонгос улс руу гаргаж өгөөгүй мөнгөө буцааж авъя гэхээр өгдөггүй хүрээд ир гэж дуудахаар өөрөө байдаггүй, утсаар холбогдохоор одоо мөнгөө буцааж хийх гээд банкин дээр зогсож байна гэх зэргээр худал хэлсээр өнөөдрийг хүрсэн ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14 дүгээр хуудас);

4. Гэрч С.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н.Ц-г танина. Нөхөр М дамжуулж таньдаг байсан. Тэрнээс өөрөөр сайн мэдэхгүй... Би Н.Ц-гаас 2018 оны 09 дүгээр сарын 20-ны үед түүний дүү Б, Ц гэдэг хоёр хүний материал авч байсан. Тэрнээс өөрөөр материал авч байгаагүй... Би Ц-аас Л.Т, Г нарын материалыг Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж авч байгаагүй. Он гарснаас хойш Солонгос улс руу виз гаргуулна гэж хүний материал аваагүй. Би виз гаргаж өгнө гэж хүнээс мөнгө авч байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 60-61 дүгээр хуудас);

 5. Гэрч Л.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Солонгос явж ажил хийх талаар ярьсан чинь Ц гэж хүн гаргадаг хүн байна гэж Баянжаргалаар дамжуулж танилцсан. Тэгээд Ц-тай уулзахад 10,000,000 төгрөг өгчих, 2 хүн гаргаж өгч чадна гэж хэлсэн. Урьдчилгаанд нь 5,000,000 төгрөгийг манай ах Б өөрийнхөө дансаар өөрийнхөө мөнгийг миний өмнөөс шилжүүлж өгсөн. Түүнээс хойш мөнгөө авч чадаагүй. Солонгос улс руу гарах нь ч бүтээгүй. Г энэ асуудлын талаар мэдэх зүйл байхгүй. Солонгос улс руу гарах нь бүтвэл хамт аваад гаръя гэж бодож байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 64 дүгээр хуудас);

 6. Хохирогч Л.Б-ын Хаан банканд эзэмшдэг дансны хуулга (хх-ийн 48 дугаар хуудас),

7. Шүүгдэгч Н.Ц-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 21 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 91 дүгээр хуудас);

8. Шүүгдэгч Н.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би хохирогч Б-аас 5,000,000 төгрөгийг хамтран амьдрагч Н-гийн 5007656572 гэсэн дугаартай дансаар 2 удаагийн үйлдлээр шилжүүлэн авсан. Би хохирлоо барагдуулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 65-66 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Ц-гийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийн “бусдыг хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Харин прокурорын яллах дүгнэлтэд Н.Ц ямар бодит байдлыг яаж нуусан нь тодорхойгүй байх бөгөөд шүүхийн мэтгэлцээнд энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх гэмт хэргийн шинжийг “бусдыг хуурч” гэж зөвтгөн дүгнэсэн болно. Ийнхүү зөвтгөсөн нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй бөгөөд гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйн хэрэг.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Н.Ц нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Ц-г “залилах” гэмт хэргийг бусдыг хуурч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Л.Б нь өөрт учирсан хохирлоо авсан бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн (хх-ийн 82 дугаар хуудас) байх тул шүүгдэгч Н.Ц-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Ц нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн хэдий ч шунахайн сэдлээр, бусдын өмчлөх эрхэд халдаж гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүйг дурдах нь зүйтэй.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-д 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагыг оногдуулахад хэд хэдэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн учруулсан хохирлоо төлж барагдуулсан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байна. Энэ гэмт хэрэг нь бусдад учруулсан хор уршиг нь бага буюу 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээ буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял байна. Шүүгдэгч нь торгох ялын хуулийн шаардлагыг хангаж байна. Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд ганцаараа амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд нийгэмд тодорхой хэмжээний байр суурь эзэлдэг, ажилтай төрөлтэй хүн...” гэв.

Шүүгдэгч Н.Ц нь торгох ялыг дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар, хорих ялыг зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуулийн шаардлагыг хангаж байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-д хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа газарт мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй хэмээн дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй ... бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна.” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж тус тус заасан тул шүүгдэгч Н.Ц-д хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг тогтоолоор сануулав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ц нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Н-гийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах” гэмт хэргийг бусдыг хуурч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Н.Ц-д мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Ц-д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа газарт мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4.Шүүгдэгч Н.Ц-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Ц-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА