| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 320/2025/00757/И |
| Дугаар | 225/МА2026/00005 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 225/МА2026/00005
| 2026 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 225/МА2026/00005 |
Г.Өы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 320/ШШ2026/00006 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Г.Өы нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 155/ШШ2024/00952 дугаар шийдвэрээр тогтоогдсон хүүхдийн тэтгэлгийн хэмжээг өөрийн гар дээр авдаг цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээтэй болгон багасгаж, өөрчлөн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Г.Өы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхээр шийдвэрлэсэн тэтгэлэг болох 1,222,250 төгрөгийг төлөхөөр үлдэгдэл 60,750 төгрөг үлдэх ба уг мөнгө нь миний өдөр тутмын хэрэглээний зардалд хүрэлцэхгүй байх нөхцөл үүсээд байна. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул тэтгэлгийг хэмжээг өөрчлүүлэх хүсэлтэй байна. ...Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 155/ШШ2024/00952 дугаартай шийдвэрээр Г.Ө Г бидний гэрлэлтийг цуцалж, 3 хүүхдийг ээж Гийн асрамжид үлдээж, Г.Ө би 3 хүүхдийн тэтгэмжийг амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хуульд зааснаар тэжээн тэтгэхээр шийдвэрлэсэн. ...Миний эрүүл мэнд тогтмол эмчилгээ хийлгэснээр сайжирч, би Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газарт ажилд орсон бөгөөд ТЗ-9 шатлалаар 1 сард 000төгрөгийн цалинтай, үүн дээр алба хаасан хугацааны нэмэгдэл 115,470 төгрөг, хоолны хөнгөлөлт 240,000 төгрөг гэсэн нэмэгдэл цалин хөлс дээр нэмж бодогддог. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвар зэргийг суутгаж, хүүхдийн тэтгэлгийн төлбөрт сар бүр 1,222,250 төгрөг суутгаад миний гарт 300,000-400,000 орчим төгрөг цалин болж надад олгогддог. Энэ гарт олгож байгаа цалин миний 1 сарын амин хувийн хэрэгцээгээ хангахад огт хүрэлцдэггүй, тогтмол хэрэглэх ёстой эмээ ч авч ууж чадахгүй хүнд байдалд байна.
...Иймд ...нийт 1,222,250 төгрөгийн хэмжээг багасгаж Г.Ө миний цалингийн 50 хувиар суутгаж хүүхдийн тэтгэлгийн хэмжээг төлүүлж, тэжээн тэтгүүлэхээр хүүхдийн тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоож өгнө үү гэж би хүсэлтийн шаардлагаа тодорхойлж байна. ...нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. 70 хувиар групп тогтоолгосон байсан сунгагдаагүй. Суутган төлдөг хүүхдийн тэтгэлгийн хэмжээг миний гар дээр авч байгаа цалингийн 50 хувиар болгож бууруулан тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмгөөлөгчийн зүгээс уг хүсэлтийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.9-д заасан үндэслэлээр шаардлага, үндэслэлээ тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа учраас онцгой ажиллагааны журмаар хийгдэж байгаа ажиллагаа юм. Тийм учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн буюу хүүхдүүдийн хууль ёсны асран хамгаалагчийн эрх ашиг хөндөгдөж байгаа нөхцөл байдалд түүнийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан нь зөв гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна.
....Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.9-д зааснаар мөн Гэр бүлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан үндэслэлээр хүүхдийн тэтгэмжийн төлбөрийг Г.Өы гарт олгож байгаа цалингийн 50 хувиар суутгаж тогтоож хүүхдийг тэжээн тэтгэх үүргийг ноогдуулж өгч, шийдвэрлэж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж оролцож байна. гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Г.Ө нь Сайхан цагаан гэрүүд гэх компанитай бөгөөд тухайн компанийнхаа 25 хувийг эзэмшдэг. Үүнээс гадна өөрөө хувийн компаниудын ажлыг хийж нэмэлт орлого олдог. Надтай амьдарч байхдаа нэхэмжлэгч нь аймагт дахиад нэг амьдрал зохиогоод олон жил амьдарсан байсан. Тухайн эмэгтэйг орон байраар хангаж, хуулиас гадуур хоёр амьдралаар амьдарч байсан. Нэхэмжлэгчийг үнэхээр гайхаж байна. Гурван хүүхдийнхээ боломжийг, гурван хүүхдийнхээ идэх хоолыг яаж хүний хүүхдэд булааж авч өгөх гээд байгааг үнэндээ ойлгохгүй байна... гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ...Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна. ...Миний үйлчлүүлэгчийн хувьд зөвхөн хүүхдийн тэтгэлгээс өөр санхүүгийн тогтмол орлого байхгүй. Нэхэмжлэгчийн хувьд тогтмол цалин орлоготой. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй биш байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх дүгнэлтийг гаргаж байна. гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 320/ШШ2026/00006 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Өы Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 155/ШШ2024/00952 дугаар шийдвэрээр тогтоогдсон хүүхдийн тэтгэлгийн хэмжээг өөрийн гар дээр авдаг цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээтэй болгон багасгаж өөрчлөн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Өы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г.Ө давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрээр суутгах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн цалин хөлсний 50 хувиас хэтэрсэн эсэхэд шүүх огт дүгнэлт хийгээгүй.
Хүүхдийн эрх ашиг нэн тэргүүнд хангагдах ёстойг миний хувьд ч хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ миний хувьд тархины хүнд өвчтэй, хүнд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүйн улмаас өөрийн эрүүл мэнддээ тохирсон цалин хөлс багатай ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд биеийн эрүүл мэндээс шалтгаалж өөр нэмэлт орлого олох боломжгүй, байнгын эмийн эмчилгээтэй байдаг ...бөгөөд би өөрийн ажиллаад олсон цалин орлогынхоо ядаж 50 хувийг өөрийн амин хувийн хэрэгцээндээ хэрэглэж, эмээ авч тогтмол хэрэглэх, хоол хүнсний хэрэгцээгээ хангах зайлшгүй шаардлагатай байдаг. Гэтэл миний 1 сард ажиллаад олсон цалингаас хүүхдийн тэтгэмжийн төлбөр суутгаад гарт зөвхөн 300,000-400,000 төгрөгийн цалин олгогдож би 1 сард ийм хэмжээний мөнгөөр амьдрахад хүнд, амьд явахад ч хэцүү байдалд хүргээд байгаа тул би энэхүү нөхцөл байдлыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлийн хэмжээг багасгаж өөрчлөн тогтоолгохоор шүүхэд хандсан.
Гэвч шүүх энэхүү нөхцөл байдлын нөгөө талд хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглээд байна гэж би үзэж энэхүү гомдлоо гаргаж байгаа юм.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 сарын 22-ны өдрийн 320/ШШ2026/00006 дугаартай шийдвэрийг өөрчилж хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
Хүсэлт гаргагч Г.Ө болон түүний өмгөөлөгч Б.Амаржаргал нар нь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 155/ШШ2024/00952 дугаартай шийдвэрээр тогтоогдсон хүүхдийн тэтгэлгийн хэмжээг өөрийн гар дээр авдаг цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээтэй болгон багасгаж, өөрчлөн тогтоолгох тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.9-д зааснаар гаргаж хүсэлтийн шаардлагаа тодорхойлжээ.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг хянан хэлэлцээд Г.Өы нэхэмжлэлийн шаардлага, түүнээс үүсэх үр дагавар нь түүний хүүхдүүдийн дээд ашиг сонирхол, эрүүл өсөж бойжих, аж төрөх жам ёсны эрхэд харшлахаар байна гэж дүгнэн онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх хэрэгт хамаарахгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Гэр бүлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч хүсэлт гаргагч Г.Ө ...шүүх хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хүсэлтийг хангаж өгнө үү... гэх агуулгатай давж заалдах гомдол гаргасныг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Учир нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход тухайн үйл явдлыг шүүхээс тогтоолгохоос өөр журмаар уг үйл явдлыг батлах баримт бичиг олж авах боломжгүй болсон эсхүл үрэгдсэн баримт бичгийг шүүхийн бус журмаар сэргээх боломжгүй болсон байх ёстой.
Г.Өы тухайд дээрх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримт болон хүсэлт гаргагч түүний өмгөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдохгүй байх тул түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө тодорхойлдог бөгөөд нэхэмжлэгч нь эрхээ хамгаалахын тулд юу шаардаж байгаагаа тодорхойлж нотлох баримтаар нотлох үүрэгтэй.
Г.Өы тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.9-д зааснаар шаардах эрхийн хууль зүйн үндэслэлээ тодорхойлсон тул түүний хүсэлтийг энэ хуульд зааснаар шийдвэрлэв.
Учир нь Г.Өы хүсэлтийг Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоолгох нэхэмжлэл гэж үзэн Гэр бүлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр тэрээр энэ талаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч уг маргааныг ердийн журмаар шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй гэж дурджээ.
Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд Г.Өы тухайд ердийн журмаар нэхэмжлэл гаргах эрх нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар үүсэхээр байна.
Энэ тохиолдолд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 320/ШШ2026/00006 дугаартай шийдвэр Г.Өы эрхийг зөрчих үндэслэл бүрдэх тул шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хүсэлт гаргагч Г.Өы хүсэлтийг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 320/ШШ2026/00006 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Гэр бүлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д гэснийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.9-д гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар 162.4-т зааснаар хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ
Н.БАЯРХҮҮ