| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2019/0036/Э |
| Дугаар | 169 |
| Огноо | 2019-09-12 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 169
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга М.Долгор,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л.Э т холбогдох 1915001190194 дугаартай, 163/2019/0036/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, Н овгийн Л.Э .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Э нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн “Од” хүнсний дэлгүүрийн гаднаас такси авч гэртээ хүргүүлэх явцдаа таксинд гээгдүүлсэн гээгдэл эд хөрөнгө болох “Самсунг галакси жи3” маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж авч, завшсны улмаас 320000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э нь өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед машинаасаа гар утас олоод хэний утас гэдгийг мэдээгүй учраас эзэнд нь өгч чадаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1915001190134 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч М.О ийн өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын 26-ны орой Булган аймгийн Булган сумын Од төвийн урдаас 2030 -2100 цагийн орчим гэртээ харих гээд **-** БУА улсын дугаартай таксинд суусан. Тэр үед Н ийн хамт явсан ба түүнийг буух хүртэл би өөрийн гар утсаараа ярьж явсан. Тэгээд би гэрийнхээ гадаа хүргүүлээд буусан. Тэгээд гэртээ ороод утсаа үзтэл байхгүй байсан ба уг орой 00 цаг өнгөртөл утас руу залгасан боловч хүн авахгүй, дуудаж байгаад холбогдохгүй болсон. Маргааш өглөө нь таксины жолоочтой таараад гар утсаа асуутал мэдэхгүй, өөрийн чинь дараа 2 хүүхэн суусан” гэсэн. ... 2018 оны 06 дугаар сард авч байсан “Samsung galaxy-J3” маркийн цэнхэр өнгийн ямар нэгэн эвдрэлгүй гар утас байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
Гэрч Б.Н ийн өгсөн: “...О нь 2018 оны 06 дугаар сард Мобикомоос “Samsung galaxy J3” загварын гар утас худалдаж авсан гэж байсан. 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажлаа тараад гэртээ харих замдаа таксинд утсаа гээгдүүлсэн гээд уйлаад ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Л.Э ын яллагдагчаар өгсөн: “ Би 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр машинаа цэвэрлэж байгаад цэнхэр өнгийн мэдрэгчтэй гар утас машинаасаа олсон. Би гар утсыг ашиглахгүй далд хийж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Гашуун сухайт боомтод ажиллаж байх үедээ өөрийн ******** дугаарын сим картыг хийн ашиглаж байсан. Тэгээд тэндээ ашиглаж байгаад удалгүй тэр утсыг хаясан байсан. Тэр утсыг тэндээс хайж байгаад олоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/,
“Бан Хас” ХХК-ний хөрөнгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт “Samsung Galaxy” J3 маркийн гар утас 320000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-26 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 39 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Э нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн “Од” хүнсний дэлгүүрийн гаднаас такси авч гэртээ хүргүүлэх явцдаа таксинд гээгдүүлсэн гээгдэл эд хөрөнгө болох “Самсунг галакси ж3” маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж авч, завшсны улмаас 320000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас 320000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож, тогтоогдсон байна.
Шүүгдэгч Л.Э ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Л.Э нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 320000 төгрөг төлсөнөөр хохирогч М.О нь шүүгдэгчтэй эвлэрч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Л.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Л.Э ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч, хохирогч нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овгийн Л.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүйг дурьдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Э т сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН