| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2019/0088/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/86 |
| Огноо | 2019-10-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/86
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга А.Э,
улсын яллагч Э.Н,
шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогтой Н Дд холбогдох эрүүгийн 1917001280072 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Д овогтой Н Д /РД:ЕЙ/, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1996 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын........ дугаар баг, .... тоотод оршин суух, Т Газарт а ажилтай, бүрэн бус дунд боловсролтой, Гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 7, аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Н.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Ш сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 21 дүгээр зөрлөгийн орчим 08-94 ГСЗ улсын дугаартай Д маркийн мотоциклийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1.а, 3.3.в, мөн дүрмийн 10 дугаар бүлгийн 10.4, 23 дугаар бүлгийн 23.9.а-д заасныг тус тус зөрчсөний улмаас иргэн Н.Пын жолоодож явсан 03-14 ГСЗ улсын дугаартай QINCOL маркийн улаан өнгийн мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гарган зорчигч Г.Д, Т.Т, Т.А, Ц.Л нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Н.Пын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Н.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Ш сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 21 дүгээр зөрлөгийн орчим 08-94 ГСЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1.а, 3.3.в, мөн дүрмийн 10 дугаар бүлгийн 10.4, 23 дугаар бүлгийн 23.9.а-д заасныг тус тус зөрчсөний улмаас иргэн Н.Пын жолоодож явсан 03-14 ГСЗ улсын дугаартай QINCOL маркийн улаан өнгийн мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гарган Н.Пын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр найз Т, А П түүний эхнэр хүүхэд, дүүгийн хамт бид нар 2 мотоцикльтой Хаялага нуур явъя гээд явцгаасан. Тэгээд Хаялага нуураасаа бүгдээрээ Чойр уул явахаар болсон. Тэгээд би Тийн .. ГСЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклийг жолоодон ардаа А, Т нарыг суулгаж явсан. Хаялага нуураас урагшаа 21-р зөрлөгийн ертөнцийн зүгээр баруун урд тал дээр явж байгаад би Пыг буруу талаар, баруун гар талаар нь гүйцэж түрүүлээд урд талд нь гараад хурдаа хасаад мотоциклын рулиэ зүүн гар тал руугаа үл ялиг дарахад П миний зүүн гар талаас ирээд мотоциклиороо миний жолоодож явсан мотоциклийн үрүүлийг мөргөөд 2 мотоцикль хоёулаа зөв тал руугаа унасан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Хохирогч Г.П мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хэдэн найзуудаараа нийлээд хоёр мотоцикльтой Хаялага нуур явахаар болсон юм. Би өөрийн 03-17 ГСЗ улсын дугаартай QINGQL маркийн улаан өнгийн мотоцикльтой явсан бөгөөд миний мотоциклын урд талын бензины банкин дээр манай дүү 4 настай Д, миний ард манай эхнэр Л, манай 1 настай охин Мийг голдоо хийгээд сууж явсан. Нөгөө мотоцикль буюу Тийн 08-94 ГСЗ улсын дугаартай Dayun маркийн мотоциклийг Д жолоодон ар дээрээ А, Т нарыг сундалж явсан...Хаялага нуураас урагшаа 21 дүгээр зөрлөгийн ертөнцийн зүгээр баруун урд тал дээр явж байхад Д миний буруу талаар буюу баруун гар талаар гүйцэж түрүүлээд урд талд гараад хаазаа /хурд/ хасаад мотоциклын рулиэ зүүн гар тал руугаа үл ялиг дараад орж ирсэн. Тэгэхээр нь би зүүн гар талаас нь хөөе Д гэж орилж ирээд мотоциклиороо Дийн мотоциклийн үрүүлийг мөргөөд 2 мотоцикль хоёулаа зөв тал руугаа унасан. Тухайн үед бид нар анх Хаялага нууран дээр очсон байрлалаараа сууж явсан. Д бид хоёр нэг их хурдтай явж байгаагүй. Миний бодлоор 40-50 км/цагийн хурдтай явж байсан гэж бодож байна. Тэгээд осол гараад унах үед миний зүүн хөл дунд чөмгөөрөө хугарсан. Зүүн талын дунд чөмөгт төмөр тавьж хадсан.Миний хувьд гомдолтой байна. Хохирлоо тооцож байгаад мөнгөө нэхэмжилнэ. Энэ хугацаанд надаас 2 000 000 орчим төгрөгний зардал гарсан. Д бид хоёр найзууд бөгөөд Д боломжоороо надад 1 000 000 төгрөг цувуулан өгье гэж тохиролцсон болохоор би эмчилгээний баримтуудаа бүрдүүлээгүй юм. 03-17 ГСЗ QINGQL маркийн улаан өнгийн мотоциклийг 2019 оны 07 дугаар сарын эхээр Г гэж найзаасаа 200 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний мотоцикль байгаа юм.Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь алга болсон гэсэн бөгөөд Гийн аавынх нь төрсөн дүү Д.Оын нэр дээр байдаг гэсэн. Дийн эгнээ байр буруу эзэлж, шахаж орж ирсэн үйлдлээс болж замын осол болсон. Би Дтэй хохирлоо тохироод авчих байх. Надад өгөх ёстой 1 000 000 төгрөгөөс одоогийн байдлаар 200 000 төгрөг өгсөн.Одоо 800 000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 21-25хуудас/
1.3. Хохирогч Ц.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хэдүүлээ нийлээд манай нөхөр П 1 настай М, 5 настай Д бид хэдийг аваад өөрийн 03-17 ГСЗ улсын дугаартай QINGQL маркийн улаан өнгийн мотоцикльтой, Д … ГСЗ улсын дугаартай Dayun маркийн мотоцикльтой А, Т нарыг аваад явсан...Тэгээд явж байгаад 21 дүгээр зөрлөгийн баруун урд талд Д миний буруу талаар орж ирсэн. Урдаас салхилаад байсан болохоор би эсрэг тийшээ хараад явж байсан болхоор яаж мөргөлдсөн талаар би мэдэхгүй. Гэнэт л мөргөлдөөд 2 мотоцикль хоёулаа унасан. Намайг босоод ирэхэд...манай нөхөр П хэвтээд босож чадахгүй, Д яаж байгаа юм бэ гээд орилоод байсан. Тэгээд би Дийн гар утсаар аймгийн эмнэлэг рүү түргэний эмч дуудсан. Миний биеийн байдал хэвийн байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 30-31 хуудас/
1.4. Хохирогч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр манай найз Д, А, П түүний эхнэр хүүхэд, дүүгийн хамт бид нар 2 мотоцикльтой Хаялага нуур явсан. Тэгээд...Чойр уул руу явахаар болоод 14 цагийн үед миний өөрийн эзэмшлийн …. ГСЗ улсын дугаартай Dayun маркийн улаан өнгийн мотоциклийг Д унаад голд нь А суугаад би ард нь суугаад хөдөлсөн. Нөгөө .. ГСЗ улсын дугаартай улаан өнгийн мотоциклийг П унаад дүүгээ банкин дээрээ суулгаад эхнэр хүүхдээ сундлаад хөдөлсөн. 21 дүгээр зөрлөгийн баруун талд явж байхад Д тэр хэдийг буруу талаар нь гүйцэж түрүүлээд зөв тал руугаа буюу зүүн гар тал руугаа дарсан. Тэгсэн П давхиж орж ирээд миний сууж явсан мотоциклийн хажуу талаас руль шүргэлцээд 2 мотоцикль хоёулаа зөв тал руугаа унасан. Дээрх … ГСЗ улсын дугаартай Dayun маркийн улаан өнгийн мотоцикль миний өөрийн мотоцикль байгаа юм. Би мотоцикльд учирсан 190 000 төгрөгийг Дээс нэхэмжлэхгүй. Ослоос болж миний биед зүүн гарын бугалганд хөхөрсөн, цээжинд зулгаралт үүссэн. Би эмчилгээний зардал гэж мөнгө нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй. ” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 35-36 хуудас/
1.5. Хохирогч Т.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр..бид нар бүгдээрээ хоёр мотоцикльтой Хаялага нууран дээр очсон. Тэнд жоохон байж байгаад уул явъя гээд бүгдээрээ хөдөлсөн. Тэгээд Пын араас Д бид нар мотоцикльтой очоод гүйцэж түрүүлсэн. Яг осол болохыг би мэдэхгүй байгаа юм. Нэг мэдсэн чинь осол болчихсон газар сууж байсан. Надад гомдол санал байхгүй. Би Дээс мөнгө нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 40-42 хуудас/
1.6. Насанд хүрээгүй хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би П агаатай мотоцикльтой сундалж явж байгаад унасан. Би агаагийн урд талд, мотоциклын банкин дээр нь сууж явсан. Миний бие зүгээр байна.” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 46-47 хуудас
1.7. Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр П нь эхнэр / Л/, хүүхэд /охин М/, төрсөн дүү /Д/ нарыгаа аваад хаялага нуур явлаа гээд явсан. Тэгсэн тэр өдрийн үдээс хойш нь П хөлөө гэмтээчихээд эмнэлэг дээр ирсэн байна гэж мэдсэн. Тухайн үед П мотоциклын урд талын бензины банк дээрээ Д дүүгээ суулгаад явж байсан юм билээ. Ослоос болж Дын биед нүүр гар нь шалбарсан байсан. Одоо бол Дын биеийн байдал нь зүгээр байгаа.” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 48-49 хуудас/
1.8. Гэрч О.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай найз П …. ГСЗ QINGQL маркийн улаан өнгийн мотоциклыг 2019 оны 06 дугаар сарын сүүлээр билүү 07 дугаар сарын эхээр билүү надаас уг мотоциклыг 200 000 төгрөгөөр бодож авсан юм. Уг мотоциклын улсын номер, арлын дугаар нь манай аавын төрсөн дүү Дын О ын нэр дэр бүртгэлтэй байдаг юм. Мотоциклын тээврийн хэрэгслийн гэрчилгээ уг нь байх ёстой боловч хөдөлгөөнд оролцоогүй удсан болохоор одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 61-62 хуудас/
1.9. Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “03-17 ГСЗ QINGQL маркийн улаан өнгийн мотоцикль миний нэр дээр явдаг юм. Манай ах Д.О 2015 онд нас барсан. Түүнээс хойш түүний хүү О.Г эзэмшиж ирсэн. Манай дүү Г 2019 оны 07 дугаар сарын эхээр П гэдэг найздаа мотоциклыг зарсан юм билээ.Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Гд байх ёстой.Би уг мотоциклийг 2012 онд худалдаж аваад 2013 онд талийгаач ахдаа бэлэглэсэн болохоор миний өмч биш” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 63-64 хуудас/
1.10. Шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 8839 дугаар дүгнэлтэнд: Г.Пын биед зүүн дунд чөмөгний дунд хэсгийн зөрөөтэй далд хугарал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Д.Д гэжээ./ х.х-ийн 87 хуудас/
1.11. Шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 49 дугаар дүгнэлтэнд:
1. Уг үйлдэл нь зам тээврийн осол мөн бөгөөд зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учирах явдал юм.
2. QINGQL маркийн 03-17 ГСЗ улсын дугаартай улаан өнгийн мотоциклыг жолоодож явсан. Г.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүмийн 3 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 3.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/:, б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ: гэсэн заалтыг, мөн бүлгийн 3.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/ мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 23 дугаар бүлэг /Хүн тээвэрлэх/-ийн 23.9-т заасан “Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч, е/ 10 хүртлэх насны хүүхдийг мотоциклын арын суудалд” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
3. Даюун маркийн … ГСЗ улсын дугаартай улаан өнгийн мотоциклыг жолоодож явсан Н.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 3.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/:, б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ: гэсэн заалтыг, мөн бүлгийн 3.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/ мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тэвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 10 дугаар бүлэг /Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх/-ийн 10.4-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтыг, мөн дүрмийн 23 дугаар бүлэг /Хүн тээвэрлэх/-ийн 23.9-т заасан “Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
4. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Даюун маркийн … ГСЗ улсын дугаартай улаан өнгийн мотоциклыг жолоодож явсан Н.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 3.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/ , б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ: гэсэн заалтыг, мөн бүлгийн 3.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/ мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тэвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 10 дугаар бүлэг /Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх/-ийн 10.4-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтыг, мөн дүрмийн 23 дугаар бүлэг /Хүн тээвэрлэх/-ийн 23.9-т заасан “Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.
5. Жолооч Г.П нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Жолооч Н.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна.
Дүгнэлт гаргасан: Замын цагдаагийн тамгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Б гэжээ. / х.х-ийн 92-93 хуудас/
1.12. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг / х.х-ийн 3-7 хуудас/
1.13. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл / х.х-ийн 8 хуудас/
1.14. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 9-16 хуудас/
1.15. “Ашид билгүүн” ХХК-ний техникийн үнэлгээний тайлан / х.х-ийн 102-103, 108-109 хуудас/
1.16. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / х.х-ийн 140 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Н.Дг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Н.Дийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
ХОЁР. Шүүгдэгч Н.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Ц.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Миний биеийн байдал зүгээр байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.”гэв. / х.х-ийн 30-31 хуудас/
2.2. Хохирогч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би эмчилгээний зардал мөнгө гэж нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 63 хуудас/
2.3. Хохирогч Т.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би эмчилгээний зардал мөнгө гэж нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 63 хуудас/
2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / х.х-ийн 123 дугаар хуудас/
2.6. Н.Дийн 800 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн баримт /х.х-ийн 150 хуудас/
Шүүгдэгч Н.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эмчилгээний зардал 800 000 төгрөгийг шүүгдэгч Н.Дээс гаргуулж хохирогч Г.Пд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн хорих шийтгэлийг оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогтой Н Дг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Дд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Н.Даээс 800 000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан Говьсүмбэр аймгийн С сумын 3 дугаар баг, Бийн 3-301 тоотод оршин суух хохирогч Г.Пд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ