Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2024/ХШТ/79

 

                                            Д.Н-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Мөнгөншагай, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 347 дугаар магадлалтай, Д.Н-д холбогдох эрүүгийн ___ дугаартай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.О, Ю.Б нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1019 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт Д-ийн Н,

Д.Н нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний шөнийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Ус 15-ийн 3 дугаар байрны 0 тоотод Ю.Г-ийг “агсам тавилаа” гэх шалтгаанаар маргалдан, баруун гараараа амь хохирогчийн зүүн шанаанд 1 удаа алгадсаны улмаас гавал тархины битүү гэмтэл, их тархины суурь ба хүнхрээг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархины аалзан хальсны доорх голомтлог цус харваж нас барсан буюу хүнийг алах санаатай гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Д.Н-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар түүнд 8 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,        

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Н-аас 99,000,000 төгрөгийг гаруулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.О-т олгож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Д.Н-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэж 347 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг 6 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсэгт “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэсэн нэмэлт оруулж бусад заалтуудыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.О, Ю.Б нар хамтран гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ДШМ/347 дугаар магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.Үүнд:

Шийтгэх тогтоолоор Д.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулснаас гадна Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлөх төлбөрт 99,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх, “хэрэгт амь хохирогчийн гэр бүлийн гишүүдээс хэнийх нь сэтгэцэд уг гэмт хэргийн улмаас сэтгэцийн гэм хор учирсан болох нь тогтоогдоогүй, нотлох баримт авагдаагүй байхын зэрэгцээ Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг үндэслэн гэм хорыг арилгах нөхөн төлбөрийг хэмжээг тогтоох боломжгүй. ...амь хохирогчийн гэр бүлийн гишүүдээс сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулах замаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан байна.

Нэгдүгээрт, хэрэгт амь хохирогчийн талаас эхнэр, төрсөн дүү хоёр нь хохирогчоор тогтоогдсон шалтгааныг /эхнэр нь тухайн үед гадаадад байсан/ шүүх хуралдааны явцад тайлбарлаж хэлсэн бөгөөд хоорондоо ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй.

Хоёрдугаарт, амь хохирогчийн гэр бүлийн гишүүдээс хэнийх нь сэтгэцэд уг гэмт хэргийн улмаас гэм хорын хохирол учирсан бэ гэдгийг тогтоох шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, энэ хэргийн улмаас эхнэр, хүүхэд, төрсөн дүү нар нь бүгд сэтгэл санааны хохирол амссан, одоо ч үргэлжилж байгаа, хэзээ ч нөхөн төлөгдөхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-д “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж,

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ын 2.5-д Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” гэж заасан. Тухайлбал, хохирогч нас барсан бол гэр бүлийн гишүүдэд нь сэтгэцийн шинжилгээ хийхгүйгээр хуульд заасан ашигтай нөхцлөөр шүүх тогтоож өгнө гэж тодорхой зохицуулсан байхад үндэслэлгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан байна.

Хохирогчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй шалтгаан нь Д.Н-ын хувьд анхнаасаа хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн гэдэгт итгэсэн учир хүн ёсны үүднээс адилхан үр хүүхэдтэй гэж ойлгож, ар гэрийнх нь амьдралыг бодолцсон, нөгөө талаар шүүгдэгч одоо юу гэж ярьлаа ч бидний хайртай хүн босоод ирэхгүй гэдгээр сэтгэлээ барьж, шүүх үйлдсэн хэрэгт нь тохирох ял шийтгэл оногдуулж, үнэн зөв шийдвэр гаргасан гэдэгт итгэж, хүлээн зөвшөөрсөн. Гэтэл хүнээ алдсан бидний сэтгэлийн шархыг хөндөж, хуульд тодорхой зохицуулсаар байтал хуулийг буруу ойлгон хэрэглэж, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасанд туйлын харамсаж байна. Иймд, шүүх хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх, практик тогтоох үүднээс шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгаж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан шатны шүүхээс Д.Н-д 8 жил хорих ял оногдуулсан. Д.Н давж заалдах шатны шүүхэд “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдол гаргасан. Хэрэгт хоёр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тогтоогдсон учир хэнийх нь сэтгэцэд хохирол учирсан нь тодорхойгүй гэж үзсэн байх. Д.Н-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн даруй хохирогчийн ар гэрт мэдэгдсэн, эмнэлгийн тусламж дуудсан, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг. Мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгт маш их гэмшиж байгаа. Мөн мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Иймд гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэрэгтээ хандсан сэтгэхүй, сэтгэцэд учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор Б.Мөнгөншагай хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Хэргийн үйл баримтад үндэслэж Эрүүгийн хуулийн зохих зүйл, заалтаар эрүүгийн хариуцлага оногдуулсан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх агуулга бүхий гомдол гаргасан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8-д “энэ хуулийн 40.1-д заасан сэтгэцэд учирсан хор уршиг”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэгүний амьд явах эрхийн эсрэг”... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж заасан. Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.4-т сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу зэрэглэлийг тогтоож нөхөн төлбөрийн хэмжээг хувьчилж олгохоор зохицуулсан. Дээрх зохицуулалтуудаас харахад хүний амь нас хохирсон хэрэгт амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирлыг зайлшгүй шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлагатай байна. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан саналын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.7 дугаар зүйлүүдэд тодорхой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хөнгөрүүлэх асуудлыг хуульчилсан. Шүүхээс шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзсэн. Тухайлбал гэмт хэрэгт үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, өөрийгөө илчилсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээг оногдуулсан. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүйгээр тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулсан нь үндэслэл бүхий болсон гэв.

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нэрлэн заасан байна.

Нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн талаар шинжлэн тогтоогдож, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, ялын тэнцвэр, тохироог хангахад чухал шаардлагатай билээ.

2023 оны 09 дүгээр сарын 21-ний шөнийн 22 цагийн үед хохирогч Ю.Г өөрийн гэртээ нас барсан үйл явдлыг мөрдөн шалгах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг хоёр шатны шүүх харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзсэний эцэст хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, Д.Н-ыг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Тухайлбал, шийтгэх тогтоол болон магадлалд дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Б, гэрч Г.А нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зураг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд дээр дурдсан хугацаанд хохирогч Ю.Г-ийн гэрт хамт архи ууж байхдаа “агсан тавилаа” гэх шалтгаанаар Д.Н маргалдан түүний зүүн шанаанд алгадан гавал тархины битүү гэмтэл учруулан (их тархины суурь ба орой хэсгийн аалзан хальсан доор тархмал, бага тархины аалзан хальсан доорх голомтлог цус харваж нас барсан) алсан гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийснээс гадна үүндээ тулгуурлан хэргийг зөв зүйлчилсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан 8-аас 15 жил хорих ялаас 8 жилийн хорих ялыг Д.Н-д оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуульд заасан шудрага ёсны зарчимд нийцсэн байна.

Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт Үндсэн хуулийн энэ заалтыг дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан эдийн гэм хорыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болно.

Харин гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус гэм хорыг хохирогч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасан хэдий ч мөн зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тодорхойлсон бөгөөд аль нэгэн хуульд энэ тухай тусгайлан зохицуулаагүй байсан тул эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр нэхэмжилсэн тохиолдолд түүнийг шүүхээс хянан шийдвэрлэх боломжгүй байсан билээ.

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хурал Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж, мөн хуулийн 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3-511.5 дахь хэсгүүд, энэ хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зарим заалт, Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд 25.8.9 дэх заалт тус тус нэмсэнээр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрджээ.

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилсэн тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан байх бөгөөд энэхүү зохицуулалт нь эрх олгосон бус үүрэг болгосон заалт байна.

Тиймээс дээрх зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн 2023 оны 07 дугаар зүйлийн 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар хамтран баталсан журмын 2.1.1-ээс 2.1.5-д тусгайлан заасан таван төрлийн гэмт хэргээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөн журмын 2.2-т зааснаар шүүх шинжилгээний байгууллага тогтоохоор заажээ.

Шүүгдэгч Д.Н нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял шийтгэгдсэн ба уг хэрэг нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэг буюу хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарч байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй байна.

Дээр дурдсанаар заавал шинжилгээ хийлгэх хуулийн заалтыг мөрдөгч, прокурор биелүүлээгүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн гэм хорын хохиролд 99,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулсан нь үндэслэлгүй болсон талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдвэр нь хууль ёсны болсон байх тул үүнтэй холбогдуулан гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 347 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.О, Ю.Б нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                              ДАРГАЛАГЧ                                    Б.БАТЦЭРЭН

                              ШҮҮГЧИД                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                             Б.ЦОГТ