Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 536

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ч” ХХК,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Э, О.Ц,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Э, О.Ц  нарын 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 250011280 дугаар актаар  тавигдсан  худалдан авалтын  өртгийг 28.073.241.10 төгрөгөөр илүү тооцсон зөрчилд ногдох 842.197.20 төгрөгийн торгууль, 4.749.90 төгрөгийн алданги, мөн татвар ногдох орлогоос хасагдах зардлын дүнд 18.727.800.00 төгрөгийн оюутны сургалтын төлбөрийг оруулан тооцож, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд  ногдох 561.834.00 төгрөгийн торгууль, 7.041.70 төгрөгийн алданги нийт 1.404.031.20 төгрөгийн торгууль, 11.761.60 төгрөгийн алданги нийт 1.415.822.20 төгрөгийн төлбөрийг Монгол Улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан чөлөөлүүлэх мөн тус актаар тавигдсан 2013 онд 23.247.200.00 төгрөгийн  бусдад олгосон тогтмол бус гэрээний  дагуу  олгосон үйл ажиллагаанд ногдох 2.324.720.00 төгрөгийн  нөхөн татвар, 697.461.00 төгрөгийн торгууль, 8.740.90 төгрөгийн алданги, нийт 3.030.876.90 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч О.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.2."Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. 74.3.Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.” гэж зааснаас үзвэл хүү, торгууль, алданги нь захиргааны шийтгэл байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь зарим этгээдийг, захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэгт “Хууль тогтоомж зөрчиж, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хүчин төгөлдөр болсон захиргааны шийтгэл ногдуулах тогтоогдсон байна гэж тус тус заажээ.

Иймд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 09 ний өдрийн актаар тогтоосон, худалдан авалтын өртгийг 28,073,241.10 төгрөгөөр илүү тооцсон зөрчилд ногдох 842,197.20 төгрөгийн торгууль, 4,749.90 төгрөгийн алданги, татвар ногдох орлогоос хасагдах зардлын дүнд 18,727,800.00 төгрөгийн оюутны сургалтын төлбөрийг оруулан тооцож, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд ногдох 561,834.00 төгрөгийн торгууль, 7,041.70 төгрөгийн алданги нийт 1,404,031.20 төгрөгийн торгууль, 11,761.60 төгрөгийн алданги нийт 1,415,822.20 төгрөгийн төлбөрийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, чөлөөлөх боломжтой байна.

Хоёр дахь шаардлагын хувьд мөн 25/0011280 актаар “Ч” ХХК нь 2013 онд төгрөгийн бусдад олгосон тогтмол бус гэрээний дагуу олгосон үйл ажиллагааны орлогоос татварын хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 т заасны дагуу “тогтмол үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна” гэж заасан байдаг. Мөн хуулийн 26.дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 4.1.4 т заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална гэсэн үндэслэлээр нийт 3,030,876.90 төгрөгийн төлбөр ногдуулсныг дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “суутгагч” гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг, 26 дугаар зүйлийн 26.1-д энэ хуулийн 4.1.4-т заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална. 26.1.1. энэ хуулийн 11 дүгээр зүйл, 12.2 гэх хуулийн заалтууд байгаа.

Манай байгууллага нь 2013 оны 08 дугаар сард Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Эрүүл мэндийн яаманд холбогдох, “Эрүүл мэндийн яамны 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, гэрээний дагуу нийлүүлэгдэх тоног төхөөрөмжийг хүлээн авахыг Эрүүл мэндийн яам, Сангийн яам тэдгээрийн албан тушаалтанд даалгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульч Л.Бээс хууль зүйн туслалцаа авсан болно. Уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь 2013 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 0493 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэгдсэн.

Манай байгууллага нь шүүхэд хууль ёсны эрх, ашгаа хамгаалуулах нэхэмжлэх гаргахдаа мэргэжлийн хуульчаас хууль зүйн туслалцаа авсан бөгөөд хуульч Л.Б нь хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 д заасан эмч, хуульч, өмгөөлөгч, архитектурч, нягтлан бодогч, багш зэрэг мэргэжлээр ажиллаж олсон үйлчилгээний орлого буюу үйл ажиллагааны орлогод хамаарах орлого олсон байх ба мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 т заасны дагуу албан татвар төлөгч энэ хуулийн 11.1.6, 12 дугаар зүйл, 13.1.1, 14.1.2, 14.1.3-т заасан орлого олж байгаа бол уг орлогод энэ хуулийн 23.1-д заасан хувиар, 8.1.6-д заасан орлого олж байгаа бол уг орлогод энэ хуулийн 23.2.2-т заасан хувиар тус тус албан татвар ногдуулан төлж, албан татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэрт тухай бүр бүртгэн харьяа татварын албаар баталгаажуулах бөгөөд татварын жилийн эцэст уг албатай татварын тооцоо хийнэ гэж заасны дагуу татварын тооцоо хийх ёстой байсан. Хуульч Л.Б нь Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 т заасны дагуу олсон орлогын албан татвар төлсөн тайланг хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсаар гаргадгаараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлэх үүрэгтэй. Гэтэл татварын улсын байцаагч нар нь хуульч Л.Бийн хийх ёстой байсан татварын тооцоог манай компанид оногдуулсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Манай компани нь 2015 онд нийтдээ 416234000 төгрөгийн нэмэн өртгийн албан татвар, 19226000 төгрөгийг аж ахуй нэгжийн орлогын албан татвар,11374792 төгрөгийг хувь хүний орлогын албан татвар, нийт 479320249 төгрөгийг татвар төлсөн. 2016 онд 916712200 төгрөгийн татварын төлсөн. 2017 оны 05 дугаар сарын 01-ний байдлаар 636749314 төгрөгийн татварын төлсөн байгаа. Манай компани хуулийн дагуу төлөх ёстой төлбөр, шимтгэл, хураамжийг хугацаанд нь төлж үйл ажиллагаа явуулдаг.

Иймд 23 247 200 /хорин гурван сая хоёр зуун дөчин долоон мянга хоёр зуун/ төгрөгийн зөрчилд оногдуулсан. 2,324, 700 төгрөгийн нөхөн татвар, 697,416.00 төгрөгийн торгууль, 8,740.90 төгрөгийн алданги, нийт 3,030,876.90 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагч О.Ц 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулах дараах тайлбарыг гаргаж байна. Монгол Улсын анхны ардчилсан хууль байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан баталсан “Өршөөлийн тухай” хуульд хамруулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ямар нэгэн тайлбар гаргаагүй бөгөөд хуулийн дагуу шийдэгдэнэ гэж бодож байна.

Хоёр дах нэхэмжлэлийн шаардлагын хувьд татварын улсын байцаагч Н.Этэй ярилцаж байгаад тухайн үедээ хуульч, өмгөөлөгч Л.Б гэдэг хүнд 2013 онд олгосон 23247200 төгрөгийг бусдад олгосон тогтмол бус үйл ажиллагааны орлого гэж үзэж, түүнээс татвар төлөөгүй зөрчил үүссэн. Тус компанийн бусдад шилжүүлсэн тогтмол бус орлого нь үйл ажиллагааны орлогод хамаарах бөгөөд Хувь хүний орлогын албан татварын хуулийн 27.2 “Албан татвар төлөгч энэ хуулийн 11.1.6,12 дугаар зүйл, 13.1.1,14.1.2,14.1.3-т заасан орлого олж байгаа бол уг орлогод энэ хуулийн 23.1-д заасан хувиар, тус тус албан татвар ногдуулан төлж, албан татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэрт тухай бүр бүртгэн харьяа татварын албаар баталгаажуулах бөгөөд татварын жилийн эцэст уг албатай татварын тооцоо хийнэ.” гэж заасан байхад иргэн Л.Бд бэлэн мөнгөөр олгосон 23,247,200.0 төгрөгийн орлогыг иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэрт тухай бүр бүртгэх ажиллагааг хийхгүй орхигдуулж тухайн иргэнд татвараас зайлсхийх боломжийг олгосон учир 23,247,200.0 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,324,720.0 төгрөгийн нөхөн татвар, 697,461.0 төгрөгийн торгууль, 8,740.9 төгрөгийн алданги, нийт 3,030,876.9 төгрөгийн төлбөрийг тус компанид ногдуулсныг буруу гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв уг иргэнд олгосон орлогыг иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэрт бичилт хийн баталгаажуулсан бол тухайн иргэн өөрөө татварын албанд очиж татварын тооцоогоо хийх нөхцөл шалтгаан үүсэх байсан.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 27.2-т зааснаар тухайн байгууллага татварын бүртгэлийн дэвтэрт тухай бүр бүртгэх ажиллагааг хийх ёстой. Хэрвээ тухайн үед татварын бүртгэлийн дэвтэр дээр Л.Б гэж хүн 23 сая төгрөг олсон гэдгийг бичсэн байсан бол бидэнд акт тавих үндэслэл бүрдэхгүй байсан. Л.Бийг татвараас зайлсхийх боломжийг тухайн байгууллага үүсгэсэн. Учир нь Л.Бийн бүртгэлийн дэвтэр дээр тухайн орлогын тэмдэглэлийг бичээгүйн улмаас татварын алба тооцоо хийгээгүй. Энэ нь манай талаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуульд заасан татвар төлөгчийг үүргийг биелүүлээд татварын бүртгэлийн дэвтэр дээр орлогыг заавал бичиж өгөх ёстой байсан. Хэрвээ бичиж өгсөн байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Татварын хяналт шалгалт хийх томилолт, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу “Ч” ХХК-ийн 2012 оноос 2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын улсын байцаагч Н.Э, О.Ц нар хяналт, шалгалт хийж 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 250011280 дугаар актаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дахь заалтыг үндэслэн 26.332.849.4 төгрөгийн нөхөн татвар, 7.899.854.8 төгрөгийн торгууль, 388.068.6төгрөгийн алданги, нийт 34.620.772.8 төгрөгийн төлбөр тогтоожээ.

1.  Нэхэмжлэгч тус актаар тавигдсан худалдан авалтын  өртгийг 28.073.241.10 төгрөгөөр илүү тооцсон зөрчилд ногдох 842.197.20 төгрөгийн торгууль, 4.749.90 төгрөгийн алданги, мөн  татвар ногдох орлогоос хасагдах зардлын дүнд 18.727.800.00 төгрөгийн оюутны  сургалтын төлбөрийг  оруулан тооцож, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд  ногдох 561.834.00 төгрөгийн торгууль, 7.041.70 төгрөгийн алданги нийт 1.404.031.20 төгрөгийн торгууль, 11.761.60 төгрөгийн алданги нийт 1.415.822.20 төгрөгийн төлбөрийг Монгол Улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай  парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан  гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан чөлөөлүүлж өгөхийг хүсчээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэжээ.

Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д “татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.2-т “татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-т “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заасны дагуу татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил, түүнд хүлээлгэж байгаа хариуцлага болох торгууль, алданги нь захиргааны шийтгэл байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан торгууль, алданги нь захиргааны шийтгэлд хамаарах ба нөхөн татварыг төлөх үүрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй гэж шүүх үзлээ. Иймд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу татварын улсын байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 250011280 дугаар актаар тогтоосон худалдан авалтын өртгийг 28.073.241.10 төгрөгөөр илүү тооцсон  зөрчилд ногдох  842.197.20 төгрөгийн торгууль, 4.749.90 төгрөгийн  алданги, татвар ногдох орлогоос хасагдах зардлын дүнд 18.727.800.00 төгрөгийн оюутны  сургалтын төлбөрийг оруулан тооцож, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд  ногдох 561.834.00 төгрөгийн торгууль, 7.041.70 төгрөгийн алданги нийт 1.404.031.20 төгрөгийн төлбөр тогтоосноос1.404.031.20 төгрөгийн торгууль, 11.761.60 төгрөгийн алданги, нийт 1.415.822.20 төгрөгийн шийтгэлээс “Ч” ХХК-ийг өршөөн хэлтрүүлж  шийдвэрлэв.

2.  Татварын улсын байцаагчийн актаар “Ч” ХХК-ийг 2013 онд 23.247.200.0 төгрөгийн бусдад олгосон тогтмол  бус үйл ажиллагааны  орлогоос татварыг суутгаж төсөвт төлөөгүй  зөрчилд  2.324.720.0 төгрөгийн нөхөн татвар, 697.461.00 төгрөгийн  торгууль, 8.740.90 төгрөгийн  алданги, нийт 3.030.876.90 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Тус компани 2013 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Эрүүл мэндийн яаманд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, тус   хэрэгт өмгөөлөгчөөр Л.Бээс хууль зүйн туслалцаа авч, ажлын хөлсөнд нь 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 23.247.200 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан  кассын баримтаар тогтоогдож байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр бие даан мэргэжлийн үйлчилгээ, үйлдвэрлэл, арилжаа эрхэлж олсон дараахь орлогыг хамруулна”, 12.1.1-т “эмч, хуульч, өмгөөлөгч, архитекторч, нягтлан бодогч, багш зэрэг мэргэжлээр ажиллаж олсон үйлчилгээний орлого”, 12.2-т “Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “суутгагч” гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг” хэлнэ гэж зааснаас үзэхэд “Ч” ХХК нь  өмгөөлөгчийн үйл ажиллагааны орлогоос татвар төлөх болон энэ орлогод татвар ногдуулан суутгаж орон нутгийн төсөвт шилжүүлэх эрх бүхий этгээд биш байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Э, О.Ц нарын 2014 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 250011280  дугаар актаар   тогтоосон 1.404.031.20 төгрөгийн торгууль, 11.761.60 төгрөгийн алданги, нийт 1.415.822.20 төгрөгийн шийтгэлээс “Ч” ХХК-ийг өршөөн хэлтрүүлж, мөн актаар 2013 онд  23.247.200 төгрөгийн бусдад олгосон үйл ажиллагааны орлогоос татвар суутгаж төсөвт төлөөгүй гэсэн үндэслэлээр “Ч” ХХК-д ногдуулсан 2.324.720.00 төгрөгийн нөхөн татвар, 697.461.00 төгрөгийн торгууль, 8.740.90 төгрөгийн алданги нийт 3.030.876.90 төгрөгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЧАНЦАЛНЯМ