Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1176

 

“Бишрэлт пропертиз" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2016/02873 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Бишрэлт пропертиз" ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Төр засгийн үйлчилгээг эрхлэх газарт холбогдох

Агуулахын барилгыг буулгуулах, хариуцагчийн газраар дамжин нийтийн эзэмшлийн зам талбайд гарах боломжоор хангахыг даалгуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэвээнпүрэвийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа, өмгөөлөгч Д.Түвшинтамир

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулансайхан, Б.Мягмаржав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч “Бишрэлт пропертиз" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа, өмгөөлөгч Д.Түвшинтамир нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эзэмшлийн газар дээр байгаа агуулахын барилга нь хэнийх болох нь мэдэгдэхгүй байгаа тул энэ шаардлагаа түр татан авч байна. “Бишрэлт пропертиз" ХХК нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Ажилчны гудамж 61/1 тоотод байрлах 11290 м.кв талбайтай агуулах, аж ахуйн зориулалттай газрыг эзэмшдэг. Манайх анхнаасаа Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын газар дээгүүр явж орж гарч, төв зам руу ордог байсан. Тэгтэл тэдний удирдлага солигдоод нэхэмжлэгчийг оруулж гаргахгүй болсон. Нэхэмжлэгчийн баруун талаар жалгатай, Гурвалжингийн гүүрийн зам явдаг, хойд талаар төмөр замын саравчтай, зүүн талд хувийн компаниуд, тэдгээрийн контейнерүүд байрласан байдаг ба төв зам руу орж гарахад хол байдаг. Хариуцагчийн газраар дамжин өөрийн газар руу орохоос өөр аргагүй ба орц гарцаар хангахыг хүсэж, хүсэлт шаардлагыг 2015 оны 06, 11 дүгээр саруудад явуулж байсан боловч татгалзаж байгаа болно. Анх газар дээгүүрээ оруулж гаргаж байсан үед барилгын материал аваачиж агуулахдаа хийсэн, түүнийгээ авч ашиглаж чадахгүй байгаа болно. Нэхэмжлэгч хариуцагч нарын газар хөрш залгаа эд хөрөнгө ба ийм эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч нь нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй. Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй бол газар эзэмшигч хөршийн газраар дамжин өнгөрч холбогдох зам, шугам хоолойг тавих байрлуулах эрхтэй болон талууд нэг удаагийн нөхөн төлбөр төлөх байдлаар тохиролцож болох талаар заасан. Нэхэмжлэгчийг өөрийн газар руу нэвтрэх боломжоор хангахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч төлөөлөгч Б.Цэвээнпүрэв шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гурвалжингийн гүүрний зүүн доод талд Ерөнхийлөгчийн болон, Улсын их хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Засгийн газрын байруудын нэгдсэн захиргаа зэрэг 10-аад төрийн байгууллагын эд хогшил, өмч хөрөнгийг хадгалж хамгаалдаг 21 агуулах, 13 объект бүхий аж ахуйн нэгдсэн хашаа нь 2.5 га газартай байсан. 2000 онд Засгийн газрын шийдвэрээр тус газрын харьяанд байсан Барилга анги хувьчлагдаж, Цагаан бэлчир компани болсон. Энэ компани 2002 онд Нийслэлийн засаг даргын 565 дугаар захирамж гаргуулан 11 290 м.кв газрыг нь өөрийн нэр дээр болгуулж, улмаар 20069 онд гэрчилгээ авсан байдаг. Улмаар 2013 онд энэ газрыг “Бишрэлт пропертиз” ХХК-д шилжүүлсэн байна. Үүнийг хариуцагч зөвшөөрөхгүй одоог хүртэл явж байгаа болно. Газар эзэмшиж авахад орц гарцыг заавал кадастрын зурагт тусгаж шийдвэрлэдэг. Гэтэл үүнийг шийдвэрлээгүй ба энэ нь газрыг хууль бусаар авсныг харуулж байгаа. Нэхэмжлэгчийн газар баруун хойд талдаа хаалгатай. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт баримтлан “Бишрэлт пропертиз” ХХК-ийг нийтийн эзэмшлийн замд хүрэх орц гарцаар хангаж, газар дээгүүрээ дамжин өнгөрүүлэхийг Төр засгийн үйлчилгээг эрхлэх газарт даалгаж,

Төр засгийн үйлчилгээг эрхлэх газарт холбогдуулан гаргасан агуулахын барилгыг буулгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч татан авсныг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 140 400 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70 200 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэвээнпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Манай 21 агуулах, 13 объект бүхий гурван ээлжийн 24 цагийн харуул хамгаалалт бүхий аж ахуйн нэгдсэн хашаа нь 2,5 га газартай /талбай 26125 м.кв/ нэгдмэл объект бөгөөд доторх барилга байгууламж, эд хөрөнгө нь Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын тайлан балансад бүртгэлтэй төрийн эзэмшлийн газар юм. "Цагаан бэлчир" ХХК нь газрын маргаантайг мэдсээр байж "Бишрэлт пропертиз" ХХК-д эрхээ шилжүүлсэн байдаг. Үүнийг бид зөвшөөрөхгүй өдий хүртэл явж байгаа. Газар эзэмшихэд орц гарцын асуудлыг заавал шийдвэрлэдэг. Гэтэл үүнийг шийдвэрлээгүй нь энэ газрыг хууль бусаар авсныг  харуулж байна. Хууль бусаар газар эзэмшсэн байхад "Бишрэлт пропертиз" ХХК-ийг нийтийн эзэмшлийн замд хүрэх орц гарцаар хангаж, газар дээгүүрээ дамжин өнгөрүүлэхийг хариуцагчид даалгасанд гомдолтой. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч “Бишрэлт пропертиз” ХХК нь хөрш газар эзэмшигч Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын эзэмшил газрыг нийтийн эзэмшлийн зам талбайд нэвтрэх орц гарц маягаар өөрт нь ашиглуулахыг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “…нэхэмжлэгчийн газар эзэмших эрх маргаантай байгаа. Нэхэмжлэгчийн эзэмшил газрын хашаа нь баруун хойд талдаа хаалгатай” гэсэн тайлбар гарган маргажээ.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар газар эзэмшигч нь газраа зориулалтын дагуу чөлөөтэй ашиглах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй байтал нэхэмжлэгч нь хөршийн эзэмшил газрыг өөрт нь хязгаартайгаар ашиглуулахыг даалгуулахаар шаарджээ. Ийнхүү шаардахдаа нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан ямар үндэслэлээр шаардаж буй нь тодорхой бус, уг үндэслэлийг тодруулж талууд мэтгэлцээгүй байхад анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр үндэслэлтэй зөв гарсан гэж дүгнэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь хөршийн газраар дамжин төв замруу гарах талаарх нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ хөрш залгаа эд хөрөнгийн өмчлөгчийн зүгээс  эрхийг нь зөрчиж байгаа гэж, Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын зам хүрэх гарцгүй учраас хөршийн газраар дамжин өнгөрөх замтай холбох зэргээр өөр өөр эрх зүйн үндэслэлүүдийг заан тайлбарласан байна. Гэтэл нэхэмжлэгчийн шаардаж буй хариуцагчийн хашаагаар дамжин гарах боломж олгохыг хүссэн агуулгатай байх бөгөөд энэ тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн эрхийг өөрийн эд хөрөнгөө ашиглах ашиг сонирхлын үүднээс  хязгаарлах буюу сервитут үүсгэх эсхүл өмнө байсан сервитутын харилцааг үргэлжлүүлэх шаардлага гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулснаар талуудын хоорондын маргаан, мэтгэлцээний зүйл тодорхой болох юм. Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар зохих ёсоор мэтгэлцэх, шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болно.

Нэхэмжлэгч нь нийтийн эзэмшлийн замд хариуцагчийн газраас өөр газраар дамжин өнгөрөх огт боломжгүй, эсхүл энэ нь хол, зардал шаардагдахаар байгаа зэргийн аль нь болох талаарх нөхцөл байдал тодорхой бус байна.

Нэхэмжлэгч нь цахим хэлбэртэй нотлох баримт болох СД-ийг шинжлэн судлуулсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд дурдсан байх боловч хэргийн 93 дугаар талд “…СД-д ямар нэгэн яриа байхгүй, зөвхөн газрын байрлалын талаарх зургийг үзэж танилцав” гэснээс өөр тэмдэглэл алга байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт шүүх хуралдааны тэмдэглэлд илэрсэн нөхцөл байдлыг бичих ёстой бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл нь өөрөө нотлогооны хэрэгсэлд хамаарч байна. Гэтэл шүүх Цахим хэлбэртэй нотлогооны хэрэгслийг бичгэн хэлбэрт оруулж бэхжүүлээгүй атлаа уг  нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хэсэгчлэн хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2016/02873 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                         ШҮҮГЧИД                                  Т.ТУЯА

                                                                                            Ш.ОЮУНХАНД