Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 472

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Баянмөнхөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор О.Баасанхүү,

Цагаатгагдсан этгээд Ж.Баянмөнх,

Хохирогч Б.Мираа,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 110 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч О.Баасанхүүгийн бичсэн 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцлээр Ж.Баянмөнхөд холбогдох эрүүгийн 2017 2400 0131 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон бодь овгийн Жигмэдсүрэнгийн Баянмөнх, 1974 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 2 дугаар гудамжны 57А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ШЕ74022037/;

 

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Ж.Баянмөнх нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5.2 дахь заалтыг зөрчсөнөөс хохирогч Б.Мираагийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Ж.Баянмөнхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ж.Баянмөнхөд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Баянмөнхийг цагаатгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын шатанд Ж.Баянмөнхийн эзэмшлийн 63-44 УБТ улсын дугаартай, “Тоёота приус” загварын автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хавсаргаж ирүүлсэн Ж.Баянмөнхийн 263070 дугаартай жолоочийн үнэмлэхийг түүнд буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.Баянмөнх нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ж.Баянмөнхөд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

 

Прокурор О.Баасанхүү бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 110 дугаартай цагаатгах тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, улсын яллагчийн зсэргүүцэл бисэн. Үүнд:

1. Ж.Баянмөнх нь гэрэлтүүлэг хангалтгүй замд, шөнийн цагаар 2017 оны 1 дүгээр сарын 31-ний шөнийн 23 цаг өнгөрч байх үед урдаас хойд зүгт замын хөдөлгөөнд оролцож явах үед, явган зорчигч Б.Мираа зүүнээс баруун чигт зам хөндлөн гарахаар явж байгаад уг зам тээврийн осолд орсон тухай хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, бусад хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Ж.Баянмөнхийн жолоодож явсан “Тоёота Приус” загварын, 63-44 УБТ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн жолооны хүрд нь баруун талдаа, баруун гар талын толины гадна талын гэр хагарч сууриараа хугарсан эвдрэл нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн талаар Баянгол Техникийн хяналтын төвийн шинжээчийн дүгнэлтэнд дурдсан.

2. Явган зорчигч Б.Мираа нь зүүнээс баруун тал руу зам хөндлөн гарах гэж байх үедээ, Ж.Баянмөнхийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд мөргөгдсөн байдаг. Жолоочийн талаас мөргөгдсөн нь жолоочийн анхааралгүй, болгоомжгүй болон харанхуй үед гэрлийн тохиргоо алдагдсан нь үзэгдэх орчин хангалтгүй байснаас шалтгаалсан гэж үзэж байна.

3. Хохирогч Б.Мираагийн биед “баруун дунд чөмөгний дунд хэсгийн далд хугарал, баруун дээд зовхинд шарх, цус хуралт, зүүн талд дух ясны зүүн хажуу хэсгээс доош чамархай суурь ясыг хамарсан шугаман хугарал, хугарлын дараах хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэл” болохыг тогтоосон. Хэрэв өөрөө унасан бол ийм амь насанд аюултай гэмтэл биедээ авахгүй байх байсан.

4. Ж.Баянмөнхийн жолоодож явсан “Тоёота Приус 10” загварын, цайвар ногоон өнгөтэй, Япон улсад 1999 онд үйлдвэрлэсэн, 63-44 УБТ улсын дугаартай, баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл нь зүүн болон баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ стандартын шаардлага хангахгүй, гэрлийн тусгал өөрчлөлттэй байгаа нь жолоочид үзэгдэх орчин хязгаарлах байдлаар нөлөөлөх боломжтой” тухай Баянгол техникийн хяналтын төвийн шинжээчийн дүгнэлт гарсан.

Замын цагдаагийн албаны 16 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Жолооч Ж.Баянмөнх нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт “Энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашиныг ашиглахыг хориглоно. 5.2-т “Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан” гэж заасныг зөрчсөн” гэжээ.

Иймд хол, ойрын гэрлийн тохиргоо алдагдсан тээврийн хэрэгслийг ашиглахыг, ийм тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байхад Ж.Баянмөнх нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож, зам тээврийн осол гаргасан байна.

5. Цагаатгах тогтоолд “хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдаж, үзэгдэх орчин багассан, хязгаарлагдсаны улмаас хохирогч Б.Мирааг Ж.Баянмөнх тээврийн хэрэгслээрээ мөргөсөн гэж үйл баримт тогтоогдохгүй, шалтгаант холбоо байхгүй байна” гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад “эвдрэл гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин механизмыг ашиглахыг хориглоно” гэж заасан. Гэмт хэргийн бүрэлдэхүүний шалтгаант холбоо нь гэм буруутай этгээдийн эрүүгийн хууль зөрчсөн гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас учирсан хор уршиг хоёрын хамаарлыг ойлгоно.

Гэмт этгээдийн хууль зөрчсөн үйлдлийн улмаас хор уршиг үүссэн байна. Иймд Ж.Баянмөнхийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд хохирогч Б.Мираа мөргөгдсөний улмаас хүнд гэмтэл авсан, тээврийн хэрэгслийн баруун толь хугарсан нь нэлээд их хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас хохирогчийн биед дээрх гэмтэл тогтоогдсон. Харин шүүхээс “Хохирогч өөрөө явж байсан автомашиныг мөргөж гэмтсэн” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

“Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэл нь бага хурдтай явах үед дуу бараг гардаггүй, тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэг хангалтгүй байдлууд энэ осол хэрэг гарахад нөлөөлсөн.

Тус шүүх хуралдааны үед хохирогч Б.Мираа нь 65 настай, сонсгол муутай, микрофонтой, техник хэрэгсэлтэй харьцаж байгаагүй хүн болох нь ойлгогдож байхад шүүгч Д.Алтанжигүүр нь хохирогчийн өмгөөлөгч авах эрхийг ойлгомжтой, энгийн байдлаар тайлбарлахын оронд микрофоноо чанга болгож, чангаар хашгирч хэлж байсан нь хохирогчийн эрхийг эдлүүлэх биш эрхийг нь зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2 дахь хэсэгт зааснаар тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулсан, 320 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн, 320 дугаар зүйлийн 320.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийг өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

Хохирогч Б.Мираа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний биеийн байдал гайгүй, эмчилгээний төлбөрт 510.000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, энэ хэрэгт миний буруу байсан ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ж.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч гэнэт хаалга руу ойчсон. Би 20-30 киллометр цагийн хурдтай явж байсан ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Ж.Баянмөнхөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн тогтоохын зэрэгцээ, зөвхөн улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгасан, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсаны үндсэн дээр Ж.Баянмөнхийг гэм буруугүй гэж дүгнэж цагаатгах тогтоол гаргасан нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна.

 

Улсын яллагч О.Баасанхүүгийн бичсэн “... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2 дахь хэсэгт зааснаар тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулсан, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгах …” улсын яллагчийн эсэргүүцэл болон хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:

 

Мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн үед хэргийн үйл баримтын талаар хохирогч Б.Мираа “... Нисэхийн байрны буудал дээр Биокомбинатын автобусанд суух гээд замын зүүн талаар 17 дугаар сургуулийн тэр хавиар зам хөндлөн гарах гээд ертөнцийн зүгээр баруун зүгт зам руу алхаж ороод машинд мөргүүлсэн. Би тэр өдөр 200 грамм орчим архи уусан. ... Жолооч өөрөө намайг эмнэлэгт хүргэж өгсөн ...” /хх 23-24, 105/,

Цагаатгагдсан этгээд Ж.Баянмөнх “... 2017 оны 1 дүгээр сарын 31-ний орой 23 цагийн орчим өөрийн эзэмшлийн 36-44 УБТ улсын дугаартай, “Тоёота приус 10” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Нисэхийн 7 дугаар сургуулийн баруун талаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй 20-30 км орчим цагийн хурдтай явж байхад ертөнцийн зүгээр зүүн талд нэг эрэгтэй хүн хойноосоо урагшаагаа чиглэлтэй замын хажуугийн явган хүний замаар алхаад өөдөөс ирж байх шиг байсан. Тэгсэн тэр хүнтэй автомашин зэрэгцээд ирэхэд гэнэт баруун гар талаас нөгөө хүн орж ирээд миний автомашины баруун талын толь хэсэг рүү өөрөө мөргөөд ороод ирсэн. Тэгээд би тэр даруй автомашиныг зогсоож, мөргүүлсэн хүн дээр явж очиход духнаас нь цус гарчихсан, ухаангүй замын хажуугийн шороон хэсэг дээр уначихсан байсан ...” /хх 78-83/,

 

Шинжээч Л.Ганбатын  “... Автомашины зүүн, баруун гар талын их гэрлийн тусгал стандартын шаардлага хангаагүй, мөн тусгал өөрчлөлттэй, доош туссан байгаа нь харанхуй /үдшийн бүрийгээс үүрийн гэгээг хүртэл/ болон үзэгдэх орчин хязгаарлагдсан газарт жолоочийн харах орчинг багасгана. Автомашины урд хоёр их гэрлийн тусгалаас өөр эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхөөргүй байсан ...” /хх 107/  гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... шинжилгээнд ирүүлсэн “Б.Мираа” гэсэн хаягтай цусанд 2.4 промилл спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.4 промилл спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээ хийх техникийн боломжгүй. Шээсний дээж ирүүлсэн тохиолдолд энэ төрлийн шинжилгээ хийх боломжтой ...” гэсэн 1639 тоот шинжээчийн дүгнэлт /хх 54-55/,

 

Замын цагдаагийн албаны Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн техникийн шинжээчийн “... “Тоёота приус” загварын 63-44 УБТ дугаартай автомашины жолооч Ж.Баянмөнх нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5.2-т заасан “Энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикль, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно”, 5.2-т Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

 Явган зорчигч Б.Мираа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна ...” гэсэн 16 тоот шинжээчийн дүгнэлт /хх 71-72/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагджээ.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг судлан үзэхэд, хохирогч Б.Мираа нь 2017 оны 1 дүгээр сарын 31-ний шөнө 23 цаг 10 минутын орчим, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар сургуулийн баруун замд, ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй, зам гарах үедээ тус зорчих хэсгээр хойноос урагш чиглэлтэй явж байсан  Ж.Баянмөнхийн эзэмшлийн, 63-44 УБТ улсын дугаартай, “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийн хажуугаар зөрж өнгөрөхдөө өөрийн анхаарал, болгоомжгүй байдлаас буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”,

 

3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтыг зөрчсөнөөс тухайн автомашины баруун талын толийг биеэрээ цохин унаж, биедээ хүнд зэргийн гэмтэл авсан үйл баримт тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг эргэлзээгүйгээр тогтоож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг хэлэлцэж, Ж.Баянмөнхөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцож, улмаар явж байсан машины хажуу талаас унаж, биедээ гэмтэл авсан М.Бираагийн үйлдэлд Ж.Баянмөнхийн жолоодож явсан машины хол, ойрын гэрлийн тохиргоо алдагдсан байдал нөлөөлсөн нь тогтоогдохгүй байна.

 

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” үндэслэл үүсээгүй тул анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 110 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 110 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагч О.Баасанхүүгийн бичсэн 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧИД                                              Д.ОЧМАНДАХ

 

                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ