| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 181/2024/05347/И |
| Дугаар | 210/МА2026/00297 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2026/00297
БНХАУ-ын иргэн *******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Б.Азбаяр, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/09927 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч ******* нь *******-тай хамтран ажиллаж байх хугацаандаа ******* аймгийн ******* сум дахь тус компанийн хашаанд өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, *******маркийн экскаваторыг 2016 онд бүрэн бүтэн байдлаар техникийн зогсоолд байршуулж, хамгаалалтад үлдээсэн. Гэвч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас *******-ийн уурхайн техник, тоног төхөөрөмжүүдийг битүүмжлэх ажиллагаа явуулахдаа техникийн бичиг баримтын бүрдлийг шалгалгүйгээр нэхэмжлэгчийн эзэмшлийн дээрх экскаваторыг хамт битүүмжилсэн. Нэхэмжлэгч нь 2018-2019 онуудад уг экскаватораа авах зорилгоор уурхайн зогсоолд очиход хамгаалалтын алба нь шүүхийн шийдвэрээ авч ирээд техникээ авах боломжтой, мөн хамгаалалт, зогсоолын төлбөр төлнө гэж мэдэгдсэн. 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийн дагуу тус уурхайн зогсоолд шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч ******* хамт очиж үзэхэд уг экскаватор битүүмжлэгдсэн байсан.
1.2. ******* газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн *******тоот тушаалаар ******* байсан банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны нэршлийг өөрчилж, ******* болгон бүтэц, орон тоог шинэчлэн баталсан.
Иймд, нэхэмжлэгчийн эзэмшлийн ******* улсын дугаартай, *******маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
******* ХХК нь их хэмжээний өр төлбөртэй тул ******* газраас шийдвэр гүйцэтгэгчид даалгавар хүргүүлж, түүний дагуу 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор******* аймгийн ******* сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэрт байрлах *******маркийн нэг ширхэг экскаватор, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор ижил маркийн өөр нэг экскаваторыг тус тус битүүмжилсэн. Гэвч дээрх тогтоолуудад битүүмжилсэн экскаваторуудын улсын дугаар тэмдэглэгдээгүй тул уг хоёр экскаваторын аль нь нэхэмжлэгчийн эзэмшлийн техник болохыг тогтоох боломжгүй. Лавлагаа ашиглан шалгахад ******* улсын дугаартай экскаватор нь битүүмжлэлд бүртгэгдээгүй байдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих боломжгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ******* тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-ийн эзэмшил /өмчлөл/-ийн ******* улсын дугаартай, арлын ******* дугаар бүхий *******маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлөхийг хариуцагч ******* газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. *******маркийн экскаватор нь төлбөр төлөгч *******-ийн барьцааны гэрээний үүргийн биелэлтийг хангуулах техник, тоног төхөөрөмжийн жагсаалтад дурдагдсан бөгөөд******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт *******маркийн экскаватор 3 ширхэг байсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...битүүмжилсэн тогтоолд эд хөрөнгийн шинж байдлыг зааглан тусгаагүй нь тухайн эд хөрөнгийг ялган таних боломжийг хязгаарласан.. гэх боловч тухайн битүүмжлэгдсэн *******маркийн экскаватор нь улсын дугаар байхгүй, мөн арлын дугаар тодорхойлох боломжгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
4.2. 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн *******маркийн экскаватор нь төлбөр төлөгч *******-ийн өмчлөлийн хөрөнгө байх бөгөөд тус экскаватор нь нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтыг гаргаж өгөөгүй.
4.3. Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичиг болон түүнд хавсаргасан лавлагааг анхан шатны шүүх үндэслэсэн хэдий ч Төрийн мэдээлэл солилцооны системээс ******* арлын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагааг харахад ******* гэх улсын дугаартай байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл эргэлзээтэй байгааг харуулж байна.
Төлбөр төлөгч *******-аас 45,491,354,932 төгрөгийг гаргуулж, төлбөр авагч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн ******* маркийн экскаваторыг битүүмжилсэн. Гэтэл тус хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг зөрчин шүүхийн шийдвэр биелүүлэхэд саад учруулж байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар эд хөрөнгийг битүүмжлэхдээ түүнийг бусад эд хөрөнгөөс ялгах шинж тэмдэг, марк дугаарыг тодорхой бичих үүрэгтэй байдаг. Хариуцагч тал маргаан бүхий эд хөрөнгийг 2023, 2024 оны 2 тогтоолын дагуу битүүмжилсэн гэж тайлбарладаг. Тухайн тогтоолуудтай танилцахад техникийн улсын дугаар, онцлог шинжийг огт тусгаагүй, зөвхөн шар өнгөтэй экскаватор гэх эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл үйлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийн төрлийн шинжээр тодорхойлогдох зүйлийг тусгаагүй, талбай дээр байсан гэх үндэслэлээр *******-ийн эд хөрөнгө гэж үзэж битүүмжилснийг хариуцагч талын алдаатай үйл ажиллагаа гэж үзэж байна.
5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын зүгээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтууд гаргаж өгөөгүй, маргаан бүхий эд хөрөнгийг зөв битүүмжилсэн гэдгээ нотлоогүй атлаа зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг. Түүнээс нийт хэдэн ширхэг экскаватор талбай дээр байсан, 2023, 2024 оны экскаватор нь зөвхөн 1 экскаватор байсан эсэх эсвэл өөр өөр төрлийн ижил маркийн экскаватор байсан эсэхийг нотолсон баримт огт байдаггүй.
5.3. Автотээврийн Үндэсний төвийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар лавлагаагаар ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай экскаваторын хууль ёсны өмчлөгч нь БНХАУ-ын иргэн ******* болох нь нотлогддог. Гэтэл хариуцагч тал энэ лавлагаа эргэлзээтэй гэж давж заалдах гомдолдоо дурдсан боловч ямар баримтаар үгүйсгэж байгаа талаар огт дурдаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт зааснаар гагцхүү төлбөр төлөгчийн өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх ёстой байсан. Гэтэл хариуцагч тал нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг нь битүүмжилж, олон жилийн турш эрх ашгийг нь зөрчиж, өмчид нь халдаж хохирол учруулсан байдаг.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг зөв үнэлж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* нь хариуцагч Нийслэлийн *******т холбогдуулан ******* улсын дугаартай, *******маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ маргаан бүхий зүйлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэлийг тодруулаагүй, нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ өөрийнх нь өмчлөлийн хөрөнгийг *******-ийн төлбөрт үндэслэлгүйгээр хурааж, битүүмжлэх ажиллагаа явуулсан гэж тайлбарласан.
Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан бөгөөд төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалагдсан үндэслэлээр маргаан бүхий хөрөнгийг хурааж битүүмжилсэн гэж татгалзсан.
5. Хэрэгт энэхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон шүүхийн шийдвэр нь бүрэн авагдаагүйгээс хариуцагч нь маргаан бүхий хөрөнгийг чухам ямар үндэслэлээр хурааж, битүүмжилсэн болох нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүх тус тээврийн хэрэгслийг барьцаалагдсан байсныг үндэслэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн эсэх, аль эсхүл барьцаалаагүй боловч төлбөр төлөгчийн өмч бөгөөд санхүүгийн тайланд бүртгэгдсэн байсан тухайн хөрөнгийг төлбөр авагчийн төлбөрийг барагдуулах зорилгоор хурааж, битүүмжлэхээр хуульд заасан ажиллагаа хийсэн эсэхийг анхан шатны шүүх нягтлан тодруулахгүйгээр зөвхөн Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийг үндэслэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 10 сарын 30-ны өдрийн 191/ШШЗ2025/45922 дугаар захирамжаар хариуцагч ******* газрын харьяа ******* газраас ******* улсын дугаартай, ******* маркийн, арлын *******дугаар бүхий экскаватор битүүмжлэгдсэн эсэх, ямар шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн, ямар тогтоолоор битүүмжилсэн болох, энэ талаарх мэдээллийг холбогдох шийдвэр, тогтоол, бусад баримт бичгийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Хариуцагчаас уг захирамжийн дагуу ******* дугаар албан бичиг, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг ирүүлж, харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон шүүхийн шийдвэрийг ирүүлээгүй байна. Иймд, анхан шатны шүүх шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцэхгүй.
Мөн хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай шүүхийн шийдвэрийн хуудас дутуу байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг нэмж дурдана.
7. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэргийн үйл баримыг сэргээн тогтоох боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/09927 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Ч.БАТЧИМЭГ