| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 191/2025/04809/И |
| Дугаар | 210/МА2026/00101 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2026/00101
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/08751 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Марч констракшн” ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, учирсан хохирол буюу гэрээгээр шилжүүлсэн 129,259,000 төгрөг, орон сууц хөлсөлсөн зардал 33,800,000 төгрөг, олох ёстой орлого 26,048,273 төгрөг, нийт 189,107,273 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. “Марч констракшн” ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаартай Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ******* хаягт байрлах, 64,27 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц захиалан бариулах, мөн оны 03 дугаар сарын 31-ний өдөр ******* дугаар бүхий автомашины зогсоол захиалан бариулах гэрээг тус тус байгуулж, уг гэрээнүүдийн дагуу “Марч констракшн” ХХК-ийн Голомт банкны ******* тоот дансанд шилжүүлсэн. Миний бие дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, мөнгийг цаг тухайд нь төлсөн.
Хариуцагч “Марч констракшн” ХХК нь гэрээний 3.2-т заасан үүргээ зөрчиж, орон сууцыг гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулаагүй. Барилгын явц ямар явж байгаа талаар байнга асууж, тодруулж, очиж үзэхэд барилгын ажил эхлээгүй байсан. 2023 онд айлаа нүүлгэж, газар чөлөөлж, суурийг ухсан боловч өнөөдрийг хүртэл барилгын ажил явагдаагүй. Мөн Улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэх гэхээр суурь нь баригдаагүй барилгад бүртгэл хийх боломжгүй гэх хариу өгдөг. “Марч констракшн” ХХК нь гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй, цаашид гүйцэтгэж чадах эсэх нь тодорхойгүй, өнөөдрийг хүртэл барилгын ажил эхлээгүй зэрэг нөхцөл байдлаас үүдэн гэрээгээ цуцалж байгаа бөгөөд өөрийн зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
1.2. Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой надад учирсан хохирол буюу 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр capыг дуустал орон сууцны хөлсөд 33,800,000 төгрөг төлсөн. Орон сууцны үнэд төлсөн мөнгийг хадгалуулсан тохиолдолд 2023 оны 07 дугаар сараас 2025 оны 04 дүгээр capыг дуустал 22 сарын хугацаанд 26,048,273 төгрөгийн орлого олох боломжтой байжээ.
Иймд “Марч констракшн” ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээ, автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээг цуцалж 129,259,000 төгрөг буцаан гаргуулж, хохирол 59,848,273 төгрөг, нийт 189,107,273 төгрөгийг гаргуулна гэжээ.
2. Хариуцагч анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар Марч констракшн ХХК-иас 129,259,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 59,848,273 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,176,377 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Марч констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 804,245 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэж хуульчилсан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан бодит хохирол болох 59,848,273 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон талаар дүгнэлт хийгээгүй.
4.1.Талууд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 31- ний өдөр ******* дугаартай автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ тус тус байгуулснаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгч ******* нь гэрээгээр тохирсон үнэ болох нийт 129,259,000 төгрөгийг хариуцагч “Марч констракшн” ХХК-д бүрэн төлсөн.
Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн учраас нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсан. Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үүргийн зөрчил ба хохирлын хооронд шалтгаант холбоотой байж, хариуцагчийн гэм буруу тогтоогдсон нөхцөлд хохирлыг хариуцагч хариуцаж арилгах, нөхөн төлөх учиртай. Иймээс нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзэж гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан бодит хохирол болох 59,848,273 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь өөрт учирсан бодит хохирлыг нотлох баримтаар нотолж шаардсан байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.
Шүүх нэхэмжлэгчийн шаардсан хохирол 59,848,273 төгрөгийг баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа яагаад “... гаргуулах үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нь тодорхойгүй. Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг шүүх хэрхэн үгүйсгэж байгаа талаараа шийдвэртээ тусгаагүй.
4.2. Нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс иргэн *******, ******* нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ******* орон сууцыг өнөөдрийг хүртэл хөлслөн хүүхдүүдийнхээ хамт амьдарч байна. Хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх хугацаа болох 2023 оны 06 сарын 30-ны өдрөөс хойш буюу 2023 оны 07 сараас хойш орон сууц хөлсөлсөн зардалд нийт 33,800,000 төгрөгийг төлсөн. Захиалсан орон сууц нь хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаас нэхэмжлэгч ******* нь орон сууц хөлслөн амьдарч 33,800,000 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт хавсаргасан орон сууцны өмчлөгч нартай байгуулсан гэрээ, мөнгө төлсөн баримт, дансны хуулга, бэлэн мөнгө хүлээлцсэн баримт зэргээр нотлогддог. Анхан шатны шүүх ямар үндэслэлээр зардлыг хариуцагчаас гаргуулахгүй гэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй.
4.3. Нэхэмжлэгч ******* нь Худалдаа хөгжлийн банкны ******* тоот хугацаатай хадгаламжийн данс эзэмшдэг байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн мөнгөн хадгаламжийн гэрээ 6 сарын хугацаатай, жилийн 7.40 хувийн хүүтэй, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн мөнгөн хадгаламжийн гэрээ 12 сарын хугацаатай жилийн 10.50 хувийн хүүтэй. Энэхүү дансны хугацааг нь цуцалж өөрийн Хаан банкны ******* тоот данс руу шилжүүлж, тус данснаасаа хариуцагч руу мөнгийг шилжүүлсэн.
Хариуцагч нь гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй, нэхэмжлэгч *******ы мөнгөн хөрөнгийг 2023 оны 07 дугаар сараас 2025 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд ашигласан. Энэ хугацаанд мөнгийг арилжааны банкинд хадгалсан тохиолдолд олох байсан хадгаламжийн хүүгийн орлогыг тооцсон. Арилжааны банкуудын дундаж хүү 11 хувь орчим байсан болох нь Монгол банкнаас гаргасан “банкуудын төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн лавлагаа”-аар нотлогддог. Иймд сарын 0.916 хувь буюу 1,184,012 төгрөг, нийт 26,048,273 төгрөгийг нэхэмжлэгч ******* олох боломжтой.
4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3, 42 дугаар зүйлийн 42.4-т тус тус зааснаар хариуцагч “Марч констракшн” ХХК нь 2025 оны 07 сарын 08-ны өдөр нэхэмжлэлээ гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Анхан шатны шүүхээс энэхүү нөхцөл байдлуудад дүгнэлт хийж, хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэж чадаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “Марч констракшн” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, учирсан хохирол буюу гэрээгээр шилжүүлсэн 129,259,000 төгрөг, орон сууц хөлсөлсөн зардал 33,800,000 төгрөг, олох ёстой орлого 26,048,273 төгрөг, нийт 189,107,273 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх1-3/ Хариуцагч “Марч констракшн” ХХК нь нэхэмжлэлийн хувийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гардан авсан байх бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд буюу мөн сарын 22-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар үйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардлагын талаар маргаагүй гэж үзнэ. /хх59/
3. *******, “Марч констракшн” ХХК нар 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр “Марч констракшн” ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах ******* тоот, 64,27 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, ******* нь орон сууцны үнэд 109,259,000 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх6-9/
3.1. Мөн талуудын байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ******* дугаартай Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээгээр, “Марч констракшн” ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Поларис Апартмент 3” хотхоны хотхоны Д блок, зогсоол 05 тоот, 12 м.кв талбайтай автомашины зогсоолыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, ******* нь автомашины зогсоолын үнэд 20,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх10-12/
3.2. ******* нь өөрийн эзэмшлийн ******* дугаартай ХААН банк ХК дахь данснаас “Марч констракшн” ХХК-ийн эзэмшлийн ******* дугаартай Голомт банк ХК-ийн дахь данс руу 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөгийг “*******” гэсэн, мөн сарын 31-ний өдөр 69,259,000 төгрөгийг “******* *******” гэсэн, мөн өдөр 10,000,000 төгрөгийг “******* *******” гэсэн гүйлгээний утгаар нийт 119,259,000 төгрөгийг шилжүүлжээ. /хх77-80/
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ, ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл зэрэг нотлох баримтуудыг үндэслэн дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, гэрээ цуцлагдсантай холбогдон түүний үр дагаврыг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй зэрэг алдаа гаргасан. Мөн гэрээнээс учирсан хохирол буюу олох ёстой орлого нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан дүгнэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Учир нь худалдах, худалдан авах гэрээний хувьд нэгэнт бий болсон эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх, үнэ төлөх үүрэг талууд хүлээдэг бол ажил гүйцэтгэх гэрээний хувьд нийлүүлэх зүйлийг шинээр бүтээсэн ажлын үр дүнг хүлээлгэж өгөх, ажлын хөлс төлөх үүрэг тус тус хүлээнэ. ******* нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах ******* тоот, 64,27 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авах хүсэл зоригоо илэрхийлэн “Марч констракшн” ХХК-тай гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох тухайн орон сууц бий болоогүй, гүйцэтгэгч нь тодорхой хугацаанд орон сууцыг барьж дуусган захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байна.
4.2. Нэхэмжлэгч *******ы “гэрээний дагуу орон сууцыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй, барилгын суурь ч цутгагдаагүй тул гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн 129,259,000 төгрөгийг буцаан гаргуулна” гэж тайлбарлажээ.
Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “... талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу орон сууц болон автозогсоолыг 2023 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлээгүй, түүнээс хойш 2 жилийн хугацаанд барилга ашиглалтад оруулах нэмэлт хугацаа олгосон боловч өнөөдрийг хүртэл барилга баригдаагүй. Иймд гэрээнүүдээс татгалзаж, орон сууц болон автозогсоол захиалахдаа төлсөн мөнгийг буцаан гаргуулж, өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн.” гэх мэдэгдэх хуудсыг хариуцагч “Марч констракшн” ХХК-д хүргүүлсэн байна. /хх17/
Хариуцагч “Марч констракшн” ХХК нэхэмжлэлийг гардан аваад нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
Иймээс хариуцагчийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх тул нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч ******* нь ажлын хөлсөнд 119,259,000 төгрөг хариуцагч “Марч констракшн” ХХК-д шилжүүлсэн байна. /хх77-80/
Анхан шатны шүүх, дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 129,259,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн, энэ шийдвэрт хариуцагч “Марч констракшн” ХХК давж заалдах гомдол гаргаагүй тул хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.
4.3. Нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохиролд 59,848,273 төгрөг нэхэмжилсэн үндэслэлээ “... хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарыг дуустал орон сууцны хөлсөлж, 33,800,000 төгрөгийн хөлс төлсөн. Мөн хариуцагч ажлын хөлсөнд төлсөн мөнгөн хөрөнгийг 22 сарын хугацаанд ашигласан, уг мөнгийг банкинд хадгалсан бол 26,048,273 төгрөгийн орлого олох боломжтой байсан...” гэж тайлбарлажээ. /хх2/
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Хэрэгт иргэн *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 04 сарын 09-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн дотоод шилжүүлгийн маягт, ХААН банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, Төрийн банк ХК-ийн харилцах дансны хуулга зэрэг нотлох баримтууд авагдсан байна. /хх26-28, 32-35, 40-42, 81-82/
Нэхэмжлэгч ******* нь өөрийн амьдарч байсан хашаа, байшингаа худалдан борлуулж, гэрээний төлбөр төлсөн гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Түүнчлэн, хариуцагч “Марч констракшн” ХХК гэрээний үүргээ ноцтой зөрчсөний улмаас нэхэмжлэгч ******* орон сууц хөлслөх зайлшгүй нөхцөл үүссэн, үүний улмаас 33,800,000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримтыг дээрх хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээгүй нотлохгүй байна. Иймд хохиролд 33,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
4.4. Харин нэхэмжлэлээс 26,048,273 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүх, хэргийн нотлох баримтыг үндэслэн уг нэхэмжлэлийг 13,357,008 төгрөгийн хэмжээнд хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээний үнэд 119,259,000 төгрөг төлсөн, хариуцагч тал орон сууцыг барьж, 2023 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгөх үүргээ ноцтой зөрчсөн үйл баримтын талаар дээр дүгнэсэн.
Нэхэмжлэгч ******* нь ажил гүйцэтгэх гэрээний үнэд төлсөн төлбөрийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч “Марч констракшн” ХХК ашигласан гэх үндэслэлээр банкны хугацаагүй хадгаламжийн жигнэсэн дундаж хүүг 6.76 хувиар тооцон хохирол нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Хэргийн 24-25 дахь талд авагдсан Монгол банкны “Банкуудын төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн лавлагаа нотлох баримтаар 2023 оны 07 сард банкны хугацаагүй хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 6,76 хувь байсан нь тогтоогдож байна.
Иймд хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа болох 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 20 сарын хугацаагаар хохирол тооцон, 13,357,008 /119,259,000 х 6.76%х20 сар/ төгрөгийг хариуцагч “Марч констракшн” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,691,265 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/08751 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Марч констракшн” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд нийт 142,616,008 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46,491,265 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “804,245” гэснийг “871,030” гэж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,192 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Ч.ЦЭНД