Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/323

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,  

Улсын яллагч Ч.Бямбажаргал,

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бхолбогдох эрүүгийн 1938007290393 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод өөрийн хадам аав Б.Бэхнэр, хүүхдүүдээ өмөөрч маргалдсаны улмаас түүний хэвлийн зүүн дээд хэсэгт нэг удаа хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод өөрийн хадам аав Б.Бэхнэр, хүүхдүүдээ өмөөрч маргалдсаны улмаас түүний хэвлийн зүүн дээд хэсэгт нэг удаа хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938007290393 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед аав Б.Б их согтуу байсан бөгөөд гэрийн гадаа эхнэр Саруул руу уурлаад томроод байсан. Яг юу гэж эхнэр Саруул руу уурлаад байсныг мэдэхгүй байна. Тэр үед миний уур хүрээд гэрийн шүүгээн дотор байсан шар иштэй хутга аваад гэрээс гарсан. Би гэрийн гадаа гарахад хадам аав Б.Б намайг цохих гээд дайраад байсан. Би аавыг барьж аваад бид хоёр газар унаж ноцолдсон. Тэгтэл хадам аав Б.Б болъё гээд бид хоёр бостол хадам аав чи намайг хутгалсан байна гэж хэлсэн. Би тухайн үед аавын дээлийг нь тайлтал гэдсэн хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд би эмнэлгийн 103 дугаарын утаслуу залгаж дуудлага өгсөн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би их согтуу байсан болохоор одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан манай охин Саруул нөхөр Л.Бтэйгээ хэрэлдээд байсан. Тэгтэл Л.Б охин Саруулруу хутга бариад ална гэж дайрсан. Би тэр үеэр хүргэн Л.Бг гэрийн хаалгаар түлхэж гаргатал миний зүүн талын хэвлий хэсэгт нэг удаа хутгалсан. Тухайн үед би ухаан алдсан байсан. Тэгтэл нэг мэдэхэд манай эхнэр Отгондэлгэр намайг эмнэлэг дээр авчирсан...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9-р хуудас/,

Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл /хх-ийн 17-р хуудас/,

Гэрч О.С-лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Аав Б.Б, нөхөр Л.Б болон манай гурван хүүхэд бид зургаа байж байгаад хүүхдүүдээ үймүүлээд байхаар нь өвөө чинь уурлана шүү, та нарыг ямар үзэх биш гэсэн чинь манай аав хүүхдүүдрүү маань муухай хараад байсан. Тэгээд манай нөхөр та яагаад дандаа ингэж байдаг юм бэ? гэж хэлээд хоорондоо зодолдоод манай нөхөр эрэгнэг дотроос шар өнгийн бариултай хутга гаргаж ирээд зүүн талынх нь урд хавирган тушаа нэг удаа хутгалсан. Тэгээд аавын хэвлий хэсгээс бага зэргийн цус гарсан бөгөөд манай нөхөр алчуур аваад цустай хэсгийг нь алчуураар дарсан. Тэгээд би эмнэлгийн байгууллагад дуудлага өгч байтал манай ээж орж ирээд удаа ч үгүй түргэний машин ирээд ээж аавыг аваад түргэний машинаар эмнэлэгрүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 536 дугаартай:

  1. Б.Бийн биед хэвлийн хөндийрүү нэвтрээгүй шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

...3. Б.Бийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/,

Хохирогч Б.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 52-р хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгэний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-51-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938007290393 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод өөрийн хадам аав Б.Бэхнэр, хүүхдүүдээ өмөөрч маргалдсаны улмаас түүний хэвлийн зүүн дээд хэсэгт нэг удаа хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.Бийн /хх-ийн 23-25-р хуудас/, гэрч О.С-ын /хх-ийн 28-30-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9-р хуудас/,

Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл /хх-ийн 17-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 536  дугаартай дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/,  

Хохирогч Б.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 52-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Л.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Л.Б нь хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Л.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Бнь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Л.Б нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938007290393 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах зүйтэй байна.

Эрүүгийн 1938007290393 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1938007290393 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

      5. Эрүүгийн 1938007290393 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР