| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2022/01201/И |
| Дугаар | 210/МА2026/00133 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2026/00133
2026 01 16 210/МА2026/00133
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/08636 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* /цаашид ТӨААТҮГазар гэх/-т холбогдох,
Өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 175,766,770 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. *******ийг Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанд Аюулгүй ажиллагааны мэргэжилтнээр ажиллаж байхад Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/390 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, ажлаас халсан.
Уг тушаалдаа “******* нь “******* агаарын тээвэрлэгч компанийн ажилтнуудаас шан харамж шаардсан болох нь нотлогдсон” гэж гүтгэн ажлаас халсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэж зохицуулсан. “*******” компанийн онгоцны дарга ******* менежер ******* нартай Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга ******* нар нь “намайг 6,000,000 төгрөг асуусан” гэх яриа үүсгэж, ажлаас халах шалтгаан болгосон. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хуралд оролцож, “тухайн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг дурдаж, намайг гүтгэн цагдаад өгч эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулсан. 2018 оны 12 дугаар сарын эцсээр Авлигатай тэмцэх газраас тус хэргийг үргэлжлүүлэн шалгана гэж мэдэгдсэн.
Миний бие энэхүү хэргийн үнэн мөнийг олуулахын тулд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Авлигатай тэмцэх газарт өргөдөл, гомдол гаргасан. Нийслэлийн Прокурорын газраас ямар нэгэн хариу өгөхгүй байсаар 2021 оны намар хүргэсэн тул би таньдаг хүнээрээ дамжуулан тухайн хэргийн талаар сураглуулахад надад холбогдох хэргийг хаасан гэдгийг олж мэдсэн. Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 149 дугаартай хэрэг бүртгэлтийг хаах тухай прокурорын тогтоолыг олж авсан. Энэхүү тогтоолд дурдсанаар эрүүгийн хэрэг нээн 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагааг явуулж, 2019 оны 04 дүгээр сард хэргийг хаасан болохыг, 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “*******” компанийн С-208 дугаартай агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаанд миний бие ямар ч буруутай үйлдэл гаргаагүй болох нь тогтоогдсон.
Иймд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/390 дугаартай тушаалыг хууль бус гэж үзэж, нэхэмжлэл гаргаж байна.
1.2. Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх үүргээ хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газар биелүүлээгүй, зөрчиж ирсэн тул ******* нь Нисэхийн хөдөлгөөний үйлчилгээний албаны аюулгүй ажиллагааны мэргэжилтнээс халагдсан болохоо Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мэдэх боломжгүй байсан. Мөн “Ковид-19” цар тахлын хорио цээрт орж, ******* нь гэр бүлээрээ ковид өвчин туссан зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан. Иймд хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тушаалаар ******* нь бусад байгууллага, этгээдээс шан харамж шаардсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Мөн хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ноцтой зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулж, ажилтны ёс зүйн дүрмийн 7.1-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Уг шийдвэрийг ажилтан *******эд хүлээлгэж өгч, шийдвэрлэсэн. Тухайн үеийн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар шийдвэрийг хүлээж аваад ажилтан шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй.
Гэтэл 2022 оны 03 дугаар сард буюу 36 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Тухайн үед ковидын нөхцөл байдал, хорио цээр байсан, мөн тухайн иргэнийг Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан хэдий ч иргэний хэргийн шүүхийн ажиллагаа хэвийн үргэлжилсэн.
******* нь 2018 оны 09 дүгээр сараас хойш нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй. Ковидын нөхцөл байдлын улмаас хөл хорионд орсон, өвчтэй байсан нь 3, 4 жил үргэлжлэх бодит нөхцөл байдал гэж үзэж хугацаа сэргээх үндэслэлгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй. Мөн цахилгаан холбоо, шуудан тээвэр аль аль нь ажиллаж байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан.
2.2. Хуулийн байгууллагаас тухайн иргэнд холбогдуулж ажиллагаа явуулж байсан эсэх нь Хөдөлмөрийн тухай хуульд олгогдсон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээгүй. ******* нь шийдвэрийг хүлээн авсан гэдэг нь ажил хүлээлцсэн тухай тэмдэглэл, тушаал гарсан өдрөөс хойш 4 хоногийн дараа 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тушаалыг нотариатаар гэрчлүүлсэн баримт зэргээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 175,766,770 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлээгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан дүгнэлтийг биелүүлээгүй атлаа нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хэмээн дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Тухайн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй талаараа мэдэгдсэн. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хэргийг хянан хэлэлцсэний улмаас мэтгэлцэх зарчим хэрэгжих боломжгүй болсон талаар шийдвэрт дүгнээгүй нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг буцаах, эсхүл эзгүйд шийдвэрлэх тохиолдолд шүүгчийн захирамж гаргах буюу шүүхийн шийдвэрт зайлшгүй дүгнэх ёстой.
4.2. Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн хэргийн материалтай танилцах, тайлбар гаргах эрхийг ноцтой зөрчсөн. Учир нь 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүй шүүх хуралдааныг явуулж, түүний гэрчийн мэдүүлэгтэй танилцах, холбоотой баримт гаргах, хүсэлт гаргах, гэрчээс маргаан бүхий нөхцөл байдлыг тодруулах зэрэг боломжийг олгоогүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчил гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт зааснаар гэрчүүдийн худал мэдүүлэг зөрүүтэй байхад зохигч нарыг байлцуулан залруулах ёстой. Мөн гэрчээс мэдүүлэг авч тэмдэглэл үйлдэн, гэрчээр гарын үсэг зуруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2, 51.3, 51.5, 51.6 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн.
4.3. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн тухай хүсэлтийг шүүх мөн хуулийн 129.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлээгүй орхигдуулсан нь хэт нэг талыг баримталж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
4.4. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь бусдаас шан харамж аваагүй болох нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх нь уг үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Мөн хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг нэхэмжлэгчид гардуулан өгсөн гэдгээ нотлох үүрэгтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийг байлцуулалгүйгээр, гэрчийн мэдүүлэг авч тус мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй хэмээн дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна.
4.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хүсэлт гаргаагүй байхад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16448 дугаартай захирамжийн үндэслэх хэсэгт хүсэлт гаргасантай адилтган үзэж, “... Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч ******* хуулбар үнэн зөвийг гэрчлэв” гэх тэмдэгтэй хэмээн бичиж, захирамжлах хэсгийн 3-т “Хан-Уул дүүргийн нотариатч *******д даалгасан. Гэтэл Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч *******гаас биш нотариатч ын үйл баримтыг шийдвэрийн үндэслэх хэсэгт нь тус хэсгийн 6-д тодруулах нь” хэмээн бичиж хэргийг шийдвэрлэсэн байх тул хууль бус болжээ.
Нэхэмжлэгч нь Б/390 дугаартай тушаалыг нотариатч *******, нараар гэрчлүүлж байгаагүй. Хэрэгт авагдсан нотариатын бүртгэлд байгаа *******ийн гарын үсэг хуурамч болох нь нотлогдоно. 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/390 дугаартай тушаалд дарагдсан “хуулбар үнэн” тэмдэг нь хуулбар байдгаас гадна хуулбар үнэн тэмдгийг баталгаажуулсан Иргэний нисэхийн ерөнхий газрын албан тушаалтны гарын үсэггүй байхад нотариатч гэрчилсэн. Шүүх тушаалын эх хувийг шаардан авах эрхийг хэрэгжүүлээгүй хэргийг шийдвэрлэсэн. Нөгөөтэйгүүр, хэргийн материалд авагдсан нотариатын бүртгэлийн дэвтэрт зурагдсан гэх гарын үсгийг нэхэмжлэгч зураагүй гэж тайлбарладаг бөгөөд энэ тохиолдолд нотариатчаас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаанд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай.
4.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх уг хүсэлтийг хэлэлцэж шүүгчийн захирамж гаргалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:
5.1. 2018 онд болсон үйл явдалтай холбогдуулан анх 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь хуульд зааснаар шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг хэтрүүлсэн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. ******* нь 2018 онд тушаал, шийдвэрийг гардаж авч, ажлыг хүлээлцсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог тул шүүх эдгээр баримтуудыг үндэслэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан.
Нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тохиолдолд тухайн үед нь гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой боловч нэхэмжлэгч нь энэ талаар гомдол гаргаж байгаа атлаа өнөөдрийн шүүх хуралдаанд үндэслэлгүй тайлбар гаргасан.
5.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилсон. Би 2 гэрчийг шүүх хуралдаанд оролцуулахаар 3 удаа авчирсан учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах саналтай байсан.
5.3. Прокурорын тогтоолд “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан 2020 оны баримтыг нэхэмжлэгч тал өөрөө гаргаж өгсөн атлаа одоо энэ талаар мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх агуулгаар дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн хугацаа сэргээлгэх хүсэлтийг шүүх шийдвэрлэсэн.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газар ТӨААТҮГазарт холбогдуулан өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 175,766,770 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай гомдлын шаардлагыг хөдөлмөрийн эрхийн маргааны гомдол гаргах хугацааг сэргээх хүсэлтийн хамт гаргасан байна. Хариуцагч дээрх гомдлын шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ “... ******* нь өөрөө ажлаас халсан тушаалыг гардаж аваад, тушаал гарсан өдрөөс хойш 4 хоногийн дараа нотариатын байгууллагаар тушаалыг гэрчлүүлсэн болох нь нотлогддог. Уг баримтаар нэхэмжлэгчийн ажлаас халсныг мэдээгүй, тушаал шийдвэрийг гардуулаагүй гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна ..., ... хуулиар тогтоосон хугацаанд гомдлоо гаргаагүй ...” гэж тайлбарлан, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд зөв тул хэвээр үлдээнэ. Харин давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн алдаатай дүгнэлтийг дараах байдлаар залруулан дүгнэв.
3.1. Талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, ******* нь нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Аюулгүй ажиллагааны мэргэжилтний албан тушаалын үүрэг гүйцэтгэж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. /1хх30-35/
3.2. Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/390 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 4.2.3.11-д тус тус заасныг үндэслэн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Аюулгүй ажиллагааны мэргэжилтэн *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна. /1хх9/
4. Дээрх Б/390 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэл болон гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн эсэх талаар талууд маргажээ.
5. Талуудын хооронд үүссэн маргаанд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт үйлчилнэ гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Харин нэхэмжлэгч *******ийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил үйлдсэн болох нь хэргийн нотлох баримтуудаар тогтоогдсон, хариуцагч байгууллагын даргын Б/390 дугаартай тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй” гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг харьцуулан үзээд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцэхгүй байна.
5.1. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй.
Талууд хөдөлмөрийн гэрээний 4.2.3-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцох тохиолдол нэг бүрийг харилцан тохиролцсон байх тул уг нэрлэн заасан нөхцөлийг ажилтан зөрчсөн болох нь тогтоогдсон тохиолдолд дээрх хуульд заасан эрх ажил олгогчид үүснэ. /1хх34/
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/390 дугаартай тушаалд “ ... ******* нь “*******” агаарын тээвэрлэгч компанийн ажилтнуудаас шан харамж шаардсан болох нь Иргэний нисэхийн ерөнхий газрын ёс зүйн хорооны 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны мөн оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, “*******” агаарын тээвэрлэгч компанийн ажилтнуудын мэдүүлгээр тус тус нотлогдсон” гэж дүгнэсэн байна. /1хх36-37, 15-17/
Иргэний нисэхийн ерөнхий газрын ёс зүйн хороо нь тус газрын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга *******ын гаргасан гомдлыг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд “... мэргэжилтэн *******ийн гаргасан үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журам, мөн газрын ажилтны ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээний 4.2.3.11-д заасныг тус тус зөрчиж, байгууллага, иргэдтэй харилцахдаа байгууллагын нэр хүндийг эрхэм болгоно” гэж хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтны ёс зүйн дүрмийн 8.6-д заасны дагуу Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэст асуудлыг тавьж шалгуулах” гэсэн дүгнэлт гаргажээ. /1хх36-37/
Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргасан гомдлын дагуу *******эд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх бөгөөд Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 149 дугаартай прокурорын тогтоолоор “Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Аюулгүй ажиллагааны хэсгийн мэргэжилтэн ******* нь “*******” компанийн нисгэгч *******ын гаргасан зөрчлийг аргалж өгөхөөр ажиллаж 6,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэх нөхцөл байдал нь тогтоогдоогүй.” гэж дүгнэн, хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. дэх заалтад заасан үндэслэлээр хаасан байна. /1хх98-99/
Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгч ******* хөдөлмөрийн гэрээний 4.2.3.11-д заасан хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байхад хариуцагч нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдож байна. Иймээс хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/390 дугаартай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцээгүй гэж үзнэ.
5.2. Гэвч, нэхэмжлэгч ******* нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
Талууд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/390 дугаартай тушаалыг *******эд гардуулсан эсэх талаар маргаж, хариуцагч талаас “Ажил хүлээлцүүлэх акт” нотлох баримтыг шүүхэд гарган өгч, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга *******, ажил хүлээлцэх комиссын дарга, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Аюулгүй ажиллагааны хэсгийн дарга нараас гэрчийн мэдүүлэг авхуулсан байна. /1хх130, 2хх152-156/
Хэргийн 1 дэх хавтасны 130 дахь талд авагдсан “Ажил хүлээлцүүлэх акт” нотлох баримтад талууд хэзээ ажил хүлээлцсэн нь тодорхой бус буюу он, сар, өдөр бичигдээгүй байна.
Гэрч *******, нар “ажлаа хүлээлцэх талаар *******эд мэдэгдэж байсан”, “ажил хүлээлцсэн” гэх агуулга бүхий мэдүүлэг өгснөөс тухайн цаг хугацааг тодорхой мэдүүлээгүй байна. Эдгээр нотлох баримтуудыг үндэслэн гомдлын шаардлага гаргах хугацааг тоолох боломжгүй.
Харин, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар нь нэхэмжлэгч *******ийн хөдөлмөрлөх эрхийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хязгаарласан болох нь нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан “... 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тайлангаа гаргаж, 08 дугаар сарын 04-ний өдөр тайлангаа илтгэж, 08 дугаар сарын 10-ны өдөр ажлаас халлаа гээд ажлаас хөөж гаргаад бичиг баримт хориотой бүсэд орох үнэмлэхийг хураан авсан ... бүх холбогдох бичиг баримтыг хураан авсан. Тэрнээс хойш нэхэмжлэгчийг ажиллуулаагүй ...” гэх тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1хх145 ар тал, 2хх196-203, 1хх-20/
Мөн нэхэмжлэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/390 дугаартай тушаалыг хавсаргасан байх бөгөөд уг баримтад 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч “энэ хуулбарын үнэн зөвийг гэрчлэв” гэсэн тамга, тэмдэг дарж, гарын үсэг зурсан байна. /1хх9/
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулж, дээрх нотлох баримт бүртгэсэн нотариатын бүртгэлийг хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангах ирүүлэхийг Хан-Уул дүүргийн тойргийн нотариатчид даалгахдаа “нотариатч *******д” гэж шүүгчийн захирамжид бичсэнийг техникийн алдаа гэж үзнэ. /2хх120-121/
Шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШЗ2025/16448 дугаартай захирамжийн дагуу Нийслэлийн тойргийн нотариатч аас “... Иргэний нисэхийн ерөнхий газар нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалын хуулбарт Иргэний нисэхийн ерөнхий газар нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хуулбар үнэн гэх тамга дарагдсан байсан баримтыг үндэслэн гэрчилсэн. Тухайн баримтыг ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5713 дугаарт бүртгүүлж, нотариатаар гэрчлүүлсэн байна.” гэсэн тайлбарыг, нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбарын хамт хавсарган шүүхэд ирүүлжээ. /2хх124-127/
Тус бүртгэлийн дэвтэрт бичигдсэн ******* гэх гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх тайлбараа нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй байна.
Дээрхээс дүгнэхэд, хэдийгээр хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/390 дугаартай тушаалыг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бичгийн хэлбэрээр гаргасан байгаа боловч *******ийн хөдөлмөрлөх эрх мөн оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс зөрчигдсөн болох нь нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул энэ үеэс гомдлын шаардлага гаргах эрх үүссэн гэж үзнэ. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэл гаргахдаа шүүхэд бүрдүүлж өгсөн нотлох баримтаар ажлаас чөлөөлсөн тухай Б/390 дугаартай тушаалыг гардаж аваагүй гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна.
Мөн нэхэмжлэгч *******ийн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үйлдэлтэй холбогдон эрүүгийн журмаар шалгуулж байсан үйл баримт нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарахгүй юм. Иймээс ******* нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдлын шаардлага гаргах 1 сарын хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
6. Анхан шатны шүүх, гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг нэхэмжлэлийн нэг шаардлага гэж үзсэн нь алдаатай боловч хэргийн нотлох баримтыг үндэслэн уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч ******* нь гомдлын шаардлага гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаж, үндэслэлээ “Нисэхийн хөдөлгөөний үйлчилгээний албаны аюулгүй ажиллагааны мэргэжилтнээс халагдсан болохоо Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мэдэх боломжгүй байсан. Мөн “Ковид-19” цар тахлын хорио цээрт орж, ******* нь гэр бүлээрээ ковид өвчин туссан зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан ...” гэж тайлбарласан байх боловч уг тайлбарыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ковид-19 өвчин тусч эмнэлэгт хэвтсэн, хорио цээрийн дэглэмд орсон, үүний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Анхан шатны шүүх “нэхэмжлэгч ******* нь шүүхэд гомдлоо гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн байдал тогтоогдоогүй, гомдол гаргах хугацааг сэргээх үндэслэлгүй” гэж шийдвэрт дүгнэсэн байх тул “хугацаа сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлээгүй, орхигдуулсан” гэх агуулга бүхий нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
7.1. Тодруулбал, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, талуудын маргаантай холбогдуулан шинээр нотлох баримт шаардан авах ажиллагаа явуулсныг буруутгахгүй. /2хх112-120/
7.2. Нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаж, өөрийн биеэр оролцох тухай хүсэлт шүүхэд ирүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгчийг оролцуулаагүй, мэтгэлцэх зарчим зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.
7.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх тэгш байх, мэтгэлцэх зарчим үйлчилнэ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын хүсэлтээр хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 9 удаа хойшлуулсан байна. /1хх242, 247, 2хх4, 9, 16-17, 98, 104, 137, 143/
2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд *******ын нэхэмжлэлтэй, Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох шүүх хуралдаан 12 цаг 20 минутад товлогдсон, шүүх хуралдаан давхацсан, шинээр өмгөөлөгч авах тул хурал хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлжээ. /2хх149/
Анхан шатны шүүх “... тухайн шүүх хуралдаан дууссан, хүрэлцэн ирэх боломжит хугацаа өнгөрсөн, ... хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон, хурлын тов мэдэгдсэн” гэх үндэслэлээр дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч талын “эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон, энэ талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн” гэх тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Анхан шатны шүүх, хариуцагчийн хүсэлтийг үндэслэн хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Давж заалдах шатны шүүх, анхан шатны журмаар хянан хэлэлцэгдээд гаргасан шүүхийн шийдвэрийг хянах, давж заалдах шатны шүүхэд шинээр нотлох баримт хүлээн авч, дүгнэлт хийх эрхгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хавсарган ирсэн баримтыг үндэслэн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т тус тус заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна.
Анхан шатны шүүх гэрч *******, нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй буюу гэрч нарт хууль сануулсан, гэрчийн мэдүүлгийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй. /2хх151, 152-156/
8. Харин, шүүх 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглээгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Анхан шатны шүүх, шийдвэрийн үндэслэх хэсэгт гомдол гаргах хугацааг сэргээн тогтоох боломжгүй талаар дүгнэлт хийсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүйн гадна хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн зүйл, хэсэг, заалтыг тодорхой заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний буюу найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/08636 дугаартай шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 175,766,770 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ