Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00490

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/08490 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох,

 

5,250,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

...2022 оны 08 дугаар сараас эхлэн төмөр замын экспортын тээвэр явж эхлэн хэвийн горимд шилжсэн. Энэ үеэс эхлэн хариуцагчийн зүгээс ...Ковидоос шалтгаалан улс орны нөхцөл хүнд байдалд орсон тул энэхүү тулгамдсан бэрхшээлээс гарах хүртэл нийгмийн хариуцлагын хүрээнд вагоноо үнэ төлбөргүй ашиглуул гэх чиглэлийг өгч манай компанийн хувийн вагонуудыг үнэ төлбөргүйгээр ашиглахаар болсон. Тодруулбал, эхлээд 3/2 зарчмын дагуу тээвэрлэлт хийгдэж байсан. Энэ нь нийт 5 удаагийн тээвэрлэлт хийхэд 3 удаагийн тээврийг *******-ийн зүгээс ямар нэгэн вагон ашигласны төлбөр төлөхгүй /үнэ төлбөргүй/-ээр тээвэр хийнэ. 2 удаагийн тээврээр манай компани нь харилцагч компаниудын тээвэрлэлтийг хийж байсан. Энэ зарчмын дагуу хариуцагч нь нийт 8 удаагийн тээвэрлэлт хийж, манай компанийн вагонуудыг үнэ төлбөргүйгээр ашигласан. 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ******* болон хувийн вагон эзэмшигч байгууллагуудын хооронд уулзалт, хурал болсон бөгөөд ...тухайн уулзалтаар хариуцагчийн зүгээс вагон түрээсийн төлбөргүйгээр тээвэрлэлт хийж буй үйл ажиллагааг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс зогсож, цаашид хувийн вагон эзэмшигч байгууллагуудын вагон хуваарилалтад хөндлөнгөөс оролцохгүй байх тухай шийдвэрийг гаргасан. Хариуцагчийн зүгээс өөрсдийн гаргасан шийдвэрээ зөрчиж, манай компанийн вагоныг үнэ төлбөргүйгээр ашигласаар байсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 7 удаагийн үнэгүй тээвэр хийсэн байна. Тухайн хугацаанд бидний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд буюу улс орны эдийн засагт эерэг нөлөөлөл үүсгэх үүднээс манай байгууллагын вагоныг ашиглаж байна гэж үзэж байсан тул бүх алдагдлыг компани өөртөө хүлээн ажиллаж байсан. ...Үүний улмаас манай байгууллагын зүгээс үндсэн гэрээт компаниуд болох ******* ХХК, ******* ХХК-иудын төлөвлөгөөт тээврийг явуулж чадаагүй тул хугацаа хэтэрч дээрх компаниуд нь манай компанийг Улсын мөрдөн байцаах газарт болон хуулийн байгууллагад хандан өргөдөл, гомдлоо гаргасаар байна. Хэрэв *******-ийн зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс үнэ төлбөргүй тээвэрлэлт хийх үйл ажиллагаагаа зогсоож, манай байгууллага нь хэвийн горимын дагуу үйл ажиллагаа явуулсан бол дээр дурдсан байгууллагуудын тээвэрлэлтийг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэн тээвэрлэлтийн алдагдал болон гэрээний алдагдлыг хүлээхгүй байсан. Манай байгууллагаас нэг удаагийн тээвэрлэлтийг дунджаар 350,000,000 төгрөгийн үнэ ханштайгаар хийж гүйцэтгэж байсан бөгөөд хамтран ажилладаг байгууллагуудын гэрээгээр нотлогдоно. Иймд, ******* нь хүчээр, хууль бусаар тулган шаардаж манай компанийн вагонуудыг ашиглан 15 удаагийн тээвэрлэлтийг үнэ төлбөргүйгээр гүйцэтгэн төлбөрийг өөртөө авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул 15 удаагийн тээвэрлэлтийн төлбөр болох 5,250,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн тайлбараас харахад Улаанбаатар төмөр зам бусдын эзэмшлийн ачааг нэхэмжлэгчийн вагонуудаар зөөвөрлөхийг өөрсдөө хүлээн зөвшөөрч, улс орны эдийн засагт ковидоос шалтгаалаад үүссэн нөхцөл байдалд уялдуулан манай эзэмшлийн вагоноор бусдын ачааг тээвэрлэхэд татгалзах зүйлгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч нөгөө талдаа эсрэгээр тайлбар өгөөд байна. ******* ямар хугацаанд нэхэмжлэгчийн вагонуудыг дур мэдээд ашиглачихсан гэдэг баримтгүй, нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын болон өөрийн ачаа тээврийг хийсэн гэдэг баримтгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. Манайх нэхэмжлэгч компаниас аливаа хөрөнгийг шилжүүлж аваагүй, хууль бусаар олж аваагүй, нэхэмжлэгч компани манайд гэрээгээр хүлээсэн үүрэг, эсвэл манайхтай гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ямар нэг эд хөрөнгө солилцоогүй, хөрөнгө шилжүүлээгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг Иргэний хуулийн урьдчилсан нөхцөл болох хөрөнгө шилжүүлэх нөхцөл бүрдээгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар 5,250,000,000 төгрөг нэхэмжлээд байгаа нь тооцооллын алдаатай буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн үнэ өөрөө алдаатай, түүнийгээ нэхэмжлэгч баримтаар нотолж чадахгүй, зөвхөн аман хэлбэрээр тайлбарладаг, өгсөн, авсан, шилжүүлсэн, тээвэр хийсэн тооцоолол дүнгээр Улаанбаатар төмөр зам 5,250,000,000 төгрөгийн хэмжээнд орлого олчихсон гэдэг нь нотлогдохгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч *******-аас 5,250,000,000 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 21,407,950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс вагонуудыг зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулж, хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох үүднээс хариуцагчаас *******, , хяналтын дугаартай вагонуудын ачилт хийсэн судалгааг гаргуулахаар хүсэлт гаргасан бөгөөд шүүх хангаж шийдвэрлэсний дагуу хариуцагчийн зүгээс 2025 оны 06 дүгээр сарын 19-ний өдрийн 03/424 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн ачилт хийсэн судалгаанаас үзэхэд *******, вагонууд нь нийт 29 удаагийн тээвэрлэлт хийсэн болох нь нотлогдон тогтоогддог.

Уг нийт 29 удаагийн тээвэрлэлтээс 18 нь нэхэмжлэгч байгууллагын хүсэлтийн дагуу хийгдсэн тээвэрлэлт юм. Үлдэгдэл 11 тээвэрлэлтийг хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн вагонуудыг бусдад ашиглуулсан тээвэрлэлт юм. Хариуцагчийн зүгээс дээрх 11 удаагийн тээвэрлэлтийг нэхэмжлэгч байгууллагын зөвшөөрлөөр тээвэрлэсэн гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлж чадаагүй. Гэтэл хариуцагчийн зүгээс өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байхад тээвэрлэлт хийгдсэнийг нотлох баримтыг үндэслэж нэхэмжилж буй нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зохимжгүй юм.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн вагонуудыг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/589 дугаар шийтгэх тогтоолын 22 дугаар хуудас ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 24 дүгээр хуудас гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 25 дугаар хуудас гийн мэдүүлэг гэх баримтуудаар давхар нотлогдон тогтоогддог.

2. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс өөрсдийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүднээс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №21/27 дугаар тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 21/28 дугаар тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ болон дансны хуулганууд, мөн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01-21А вагон түрээсийн гэрээ, давхар түрээсэлсэн вагон №1/2022 ба нийлүүлэлтийн гэрээ зэрэг баримтуудыг өгсөн болно. Эдгээр баримтуудаар Жи Ар Капитал Логистик ХХК нь нэг удаагийн тээвэрлэлтийг дунджаар 350,000,000 төгрөгөөр тээвэрлэдэг болох нь хангалттай, бүрэн дүүрэн нотлогдон тогтоогддог.

Дээрх бүгдээс нэгтгэн үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам бидний зөвшөөрөлгүйгээр өөр компаниудад вагон ашиглуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх агуулгаар шүүх хуралдааны явцад амаар тайлбар өгдөг. Гэхдээ тайлбараа нотлох баримтаар нотолж чаддаггүй. Хэрэгт 2 компанитай байгуулсан тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээг хавсаргасан байдаг. Гэрээнд ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулсан гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дууссан байдаг. Маргаж буй цаг хугацаа нь 2022 оны 08 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сар юм. Гэтэл компаниудын хооронд хийгдсэн гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа дууссанаас 1 жилийн дараах үйл явдал дээр нэхэмжлэгч маргадаг. ...Түүнчлэн ******* зөвшөөрөлгүйгээр вагоныг ашигласан гэдэг нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 29 тээвэрлэлтийн баримтаар нотлогдсон гэж тайлбарладаг. Энэ нь ******* нь дээрх компаниудад хэзээ, яаж, хэрхэн ******* ХХК-ийн вагонуудыг зөвшөөрөлгүйгээр ашигласан гэх баримт биш бөгөөд вагонуудыг зөвшөөрөлгүйгээр ашигласан гэдгийг нотлох баримт байдаггүй.

Нэхэмжлэгч, *******-ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн бол үүнийг нотлох баримтаа өөрөө гаргах үүрэгтэй. Нэхэмжлэгч нотлох баримт өгөөгүй хэр нь хариуцагчийг нотол гэдэг. Бид шүүхэд зөвшөөрөхгүй гэх хариу тайлбараа өгсөн. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа 15 удаагийн тээвэрлэлтийн нэг тээвэрлэлтийг 350,000,000 төгрөгөөр үнэлж 5,500,250,000 гэж нэхэмжлэл гаргасан хэр нь өнөөдөр 11 тээвэрлэлт гэж тайлбарладаг. Үүнээс хэд нь зөвшөөрөлтэй, хэд нь зөвшөөрөлгүй тээвэрлэлт вэ гэдгийг анхан шатны шүүх хуралдаан дээр ч тайлбарладаггүй, өнөөдрийн шүүх хуралдаан дээр ч энэ талаар тайлбарлаагүй. ...Нэхэмжлэгч, *******-тай байгуулсан тээвэрлэгчид үл харьяалагдах ачааны вагоныг тээвэрлэлтэд үл оролцуулах гэрээнд манайхтай ачааны замналыг тохиролцоогүй гэдэг. Тус гэрээний 3.1.3-т сар болгон ачааны хэмжээ замналыг тохиролцоно гэх заалт байдаг. Үүнээс сар бүр ачааны хэмжээ замналыг тохирдог гэдэг нь харагддаг.

...******* 5,250,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг нь нотлогддоггүй ба энэ нь үндэслэлгүй. Манайх дээрх дүнгээр орлого олоогүй учраас үүнийг нотлох боломжгүй. Нэхэмжлэгч нотлох үүргээ хариуцагчид хамаатуулж байгаа нь үндэслэлгүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан 5,250,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Тодруулбал,

 

нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа ...2022 оны 08 дугаар сараас төмөр замын экспортын тээвэр хэвийн горимд шилжиж эхэлсэн үеэс эхлэн *******-ийн зүгээс Ковид-19 цар тахлаас шалтгаалан улс орны нөхцөл хүнд байдалд орсон тул энэхүү тулгамдсан бэрхшээлээс гарах хүртэл та бүхэн нийгмийн хариуцлагын хүрээнд вагоноо үнэ төлбөргүй ашиглуул гэх чиглэлийг өгч, манай компанийн хувийн вагонуудыг үнэ төлбөргүйгээр ашиглахаар болсон. ...2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ******* болон хувийн вагон эзэмшигч байгууллагуудын хооронд уулзалт зохион байгуулж, тухайн уулзалтаар түрээсийн төлбөргүйгээр тээвэрлэлт хийж буй үйл ажиллагааг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс зогсоох шийдвэрийг гаргасан. Хариуцагчийн зүгээс өөрсдийн гаргасан шийдвэрээ зөрчиж, манай компанийн вагоноор 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 7 удаагийн үнэгүй тээвэр хийсэн байна. Үүний улмаас манай байгууллагын зүгээс үндсэн гэрээт компаниудын төлөвлөгөөт тээврийг явуулж чадаагүй, хэрэв хариуцагчийн зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс үнэ төлбөргүй тээвэрлэлт хийх үйл ажиллагаагаа зогсоож, манай байгууллага нь хэвийн горимын дагуу үйл ажиллагаа явуулсан бол гэрээт байгууллагуудын тээвэрлэлтийг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэн тээвэрлэлтийн алдагдал болон гэрээний алдагдлыг хүлээхгүй байсан... гэсэн бол,

 

хариуцагч нь ...бид ямар хугацаанд нэхэмжлэгчийн вагонуудыг дур мэдээд ашиглачихсан гэдэг баримтгүй, нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын болон өөрийн ачаа тээврийг хийсэн гэдэг баримт байхгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. Манайх нэхэмжлэгч компаниас аливаа хөрөнгийг шилжүүлж аваагүй, хууль бусаар олж аваагүй, нэхэмжлэгч компани манайд гэрээгээр хүлээсэн үүрэг, эсвэл манайхтай гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ямар нэг эд хөрөнгө солилцоогүй, хөрөнгө шилжүүлээгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг Иргэний хуулийн урьдчилсан нөхцөл болох хөрөнгө шилжүүлэх нөхцөл бүрдээгүй, өгсөн, авсан, шилжүүлсэн, тээвэр хийсэн тооцооллын дүнгээр манай байгууллага 5,250,000,000 төгрөгийн хэмжээнд орлого олчихсон гэдэг нь нотлогдохгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлжээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаа хийгээгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасантай нийцээгүй байна.

 

3.1. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг манай компанийн вагоныг зөвшөөрлийн үндсэн дээр 2022 оны 08 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 3/2 гэсэн зарчмаар үнэ төлбөргүйгээр тээвэр хийхэд ашиглаж байсан боловч үүнээс хойш бидний зөвшөөрөлгүйгээр ашигласнаар 5,250,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн.

 

Тодруулбал, хэрэгт нэхэмжлэгч ******* ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч *******-тай байгуулсан тээвэрлэгчид үл харьяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулах тухай гэрээ, мөн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ХХК-тай байгуулсан тээвэр зуучийн гэрээ болон 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ******* ХХК-тай байгуулсан тээвэр зуучийн гэрээг тус тус өгч, эдгээр гэрээг үндэслэн 1 удаагийн тээвэрлэлтээр 350,000,000 төгрөг олдог байсан гэж маргасан байна.

 

Энэ тохиолдолд анхан шатны шүүх хариуцагчийг нэхэмжлэгчтэй тохирсон хугацаа дууссан байхад нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, улмаар захиран зарцуулсан /тээвэрт ашигласан/-аар нэхэмжлэлд дурдсан мөнгийг олсон, аль эсхүл нэхэмжлэгчийн вагоныг зөвшөөрөлгүй эзэмшсэн, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь өөрийн өмч хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж чадаагүйгээс улбаалан ийм хэмжээний орлого олох боломжтой байсан зэргийн чухам аль нь болохыг тодруулах ёстой байжээ.

 

3.2. Түүнчлэн нэхэмжлэгч нь ...хариуцагчийн ажилтан ийг хувийн вагон эзэмшдэггүй компаниудтай үгсэн хуйвалдан манай компанийн вагоныг хүчээр тээвэрт оруулсан, үүний улмаас бид гэрээт компани болох ******* ХХК, ХХК нарын төлөвлөгөөт тээврийг явуулж чадаагүй... гэснээс үзвэл хариуцагч байгууллагын ажилтны учруулсан хохирлыг ажил олгогчоос нэхэмжилж байгаагийн аль нь болох нь тодорхой бус байна.

 

Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь талуудын тохиролцоог зөрчсөн гэсэн үндэслэлээр хохирол шаардаад байгаа, аль эсхүл бусдын хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж тухайн орлогыг олсон буюу ийм хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн, эсхүл бусдын хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашигласнаас хохирол учирсан болон ажилтны учруулсан хохирлыг ажил олгогчоос шаардаж байгаагийн аль нь болох нь тодорхойгүй бөгөөд үүнийг тодруулснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас хохирол шаардах эрхтэй эсэх, тийнхүү шаардах эрхтэй тохиолдолд хэдэн төгрөгийн хохирлыг ямар үндэслэлээр шаардах эрхтэй болохыг шүүх нэг мөр тогтоож, хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой болно.

 

Анхан шатны шүүх зохигч энэ талаар бүрэн мэтгэлцээгүй, тухайн үйл баримтыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

4. Мөн нэхэмжлэгчийн өмчлөлийн вагон хариуцагч *******-ын төмөр замаар ямар цаг хугацаанд хэдэн удаагийн тээвэрлэлт хийсэн, үүнтэй холбоотой хэдэн төгрөгийн тээвэрлэлтийн зардал төлсөн, хэдэн төгрөгийн орлого олсон болон олох боломжтой байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн дүүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлийн гэх 3 ширхэг вагон /*******, 55258323, 94383338/-ыг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл тээвэрт ашигласан гэсэн судалгаа байхад эдгээр 3 ширхэг вагоныг хэзээ, хэний ачааг, хэн тээвэрлэсэн /нэхэмжлэгч аль эсхүл хариуцагч/ болохыг тодруулах ёстой байжээ. /2-р х.х-ийн 58/

Үүнээс гадна нэхэмжлэгчийн өмчлөлийн 2 ширхэг вагон /, /-ыг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 9 удаагийн тээвэрт ашигласан гэсэн тооцоо өгсөн байхад мөн адил тус вагонуудыг хэний ачааг, хэн тээвэрлэсэн /нэхэмжлэгч аль эсхүл хариуцагч/ болохыг тодруулаагүй байна. /2-р х.х-ийн 89/

 

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг манай өмчлөлийн вагоныг зөвшөөрөлгүй ашигласан гэж байгаа, хариуцагчийн зүгээс тодорхой хугацаанд ашигласныг зөвшөөрдөг боловч үүнээс хойш ашиглаагүй гэж маргаж байгаа энэ тохиолдолд зохигч хэзээнээс аль хүртэлх хугацаанд хэдэн вагоныг үнэ төлбөргүй ашиглахаар тохирсон, тийнхүү тохирсон хугацаанаас нэхэмжлэгчийн хэдэн вагон хэдэн удаа, хэний ачаа тээврийг хэн тээвэрлэж орлого олсон талаар зохигчийг мэтгэлцүүлж энэ талаарх баримт бүрдүүлэх ёстой байжээ.

 

Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулаагүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэгт шаардлагатай нотлох баримт авагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу бөгөөд давж заалдах шатны шүүх нөхөн гүйцээх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/08490 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгчийг давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхийг давж заалдах шатны шүүхээр тус хэргийг хянан хэлэлцэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулсан болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  Н.ГЭРЭЛТУЯА

 

Б.МАНДАЛБАЯР