| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 181/2023/03900/И |
| Дугаар | 210/МА2026/00404 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2026/00404
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/11316 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт нийт 44,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* дугаартай маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ******* ХХК-ийн үйлдвэрлэдэг Домч бор брэнд бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх маркетингийн стратеги буюу нөхцөл байдлын шинжилгээ, идэвхжүүлэлтийн төлөвлөгөө, медиа төлөвлөгөө, сошиал медиа төлөвлөгөө, маркетингийн төсөв болон эдгээр ажлын гүйцэтгэлийн хяналт хийлгүүлэхээр нийт 36,575,000 төгрөгөөр тооцон, 01 сарын 16-ны өдрөөс 04 сарын 30-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож, 01 сарын 26-ны өдөр урьдчилгаа төлбөрт 18,000,000 төгрөгийг хариуцагчийн ******* дахь ******* тоот дансанд шилжүүлсэн.
******* дугаартай маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ******* ХХК-ийн үйлдвэрлэдэг Bирусайд (Virucide) брэнд бүтээгдэхүүний ребрэндинг хийж, зах зээлд өрсөлдөх дахин байршуулах маркетингийн ажлыг нийт 89,000,000 төгрөгөөр тооцон, 01 сарын 09-ний өдрөөс 06 сарын 20-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож, 01 сарын 26-ны өдөр урьдчилгаа төлбөрт 26,700,000 төгрөгийг хариуцагчийн ******* дахь ******* тоот дансанд шилжүүлсэн.
Энэхүү 2 гэрээний төлбөрт нийт 44,700,000 төгрөгийг манай компани гэрээний дагуу дагуу шилжүүлсэн. Гэтэл ******* ХХК нь ******* дугаартай маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний хувьд гэрээгээр тохиролцсон ажил болох Домч бор брэнд бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх маркетингийн стратеги буюу нөхцөл байдлын шинжилгээ, идэвхжүүлэлтийн төлөвлөгөө /медиа төлөвлөгөө, сошиал медиа төлөвлөгөө, маркетингийн төсөв/-г 30 хоногт хийж гүйцэтгэх, гүйцэтгэлийн хяналт буюу дээрх ажлын төлөвлөгөөнд мониторинг, хийж, мэргэжлийн зөвлөгөө өгөх нь 60 хоногт хийж гүйцэтгэх ёстой байсан ч эхний 30 хоногийн ажлын үр дүн болох ямар нэгэн мэргэжлийн шаардлага хангах, ашиглагдахуйц материалыг ирүүлээгүй.
******* дугаартай маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний хувьд, гэрээгээр тохиролцсон ажил болох Вирусайд брэнд бүтээгдэхүүнийг ребрэндинг хийж, зах зээлд өрсөлдөх дахин байршуулах маркетингийн ажлыг 60 хоногт хийж гүйцэтгэх ёстой байсан ч огт материал ирүүлээгүй. Дээрх хоёр гэрээт ажлыг үр дүнтэй болгох талаар хэд хэдэн удаагийн 2 талын маркетингийн албаны хамтын уулзалтыг зохион байгуулж, гэрээний хугацаа дууссан хэдий ч гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэж бидэнд ирүүлэхийг хүлээж байсан. Гэтэл ямар нэгэн материал ирүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан ******* болон ******* дугаартай маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний 6.4, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч талд урьдчилан төлсөн нийт 44,700,000 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулан ******* ХХК-д олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Талууд харилцан тохиролцож 2022 оны 12 сарын 28-ны өдөр *******, ******* дугаартай маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. ******* дугаартай гэрээний ажлыг бүрэн хийсэн гэж үзэж байгаа. Дээрх гэрээний дагуу Домч бор календарчилсан төлөвлөгөө, Домч бор Идэвхжүүлэлтийн төлөвлөгөө, Домч бор Зурагт постер, Домч бор зураг авалтын төлөвлөгөө зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд дээрх ажлуудыг нийтэд нь 25,575,000 өөр үнэлж байгаа болно.
Нэхэмжлэлийн шаардлагаас ******* дугаартай гэрээний дагуу шаардаж байгаа 26,700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас нийт 32,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 381,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Учир нь хариуцагч гэрээ байгуулсан 2022 оны 12 сарын 28-ны өдрөөс 2023 оны 01 сарын 28-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд Домч бор брэндийн Идэвхжүүлэлтийн төлөвлөгөө, Медиа төлөвлөгөө, Сошиал медиа төлөвлөгөө зэрэг ажлуудын аль алийг нь захиалагчийн захиалсан хэлбэр хийц, өнгө төрх, шинэлэг санаа агуулсан байдлаар хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөөгүй, танилцуулаагүй байхад шүүх эдгээр ажлыг хийсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Түүнчлэн, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс 12,500,000 төгрөг шаардах эрхгүй.
4.2. Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3, 222 дугаар зүйлийн 222.1, 224 дүгээр зүйлийн 222.4 дэх хэсэгт тус тус зааснаар ******* дугаартай гэрээний дагуу урьдчилан төлсөн 18,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.
Гэрээний үүргийг үүрэг гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн, бүрэн бус гүйцэтгэл гэсэн ангиллын хүрээнд үүрэг зөрчигдсөн байдлыг тодорхойлдог. Гэтэл шүүх хариуцагчийг гэрээгээр хүлээсэн хугацаа хэтрүүлсэн үйл баримт болон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь хариуцагчийн хийсэн ажлыг хүлээж аваагүй бөгөөд гомдолд дурдсанчлан ямар хэлбэр, хийц, өнгө төрх, шинэлэг байдлаар хийлгэхийг хүсэж байгаа талаараа санал солилцож, хамтарч ажиллаагүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3, 222 дугаар зүйлийн 222.1, 222.4 дэх хэсэгт тус тус зааснаар урьдчилж төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй. Талуудын байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг Иргэний хуулийн 367 дугаар зүйлд заасан үндэслэлээр цуцалсан тохиолдолд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасан үндэслэлийг хангасан байх ёстой. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасан нөхцөлүүд бий болоогүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.4 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй эсэх нь эргэлзээтэй учир нэхэмжлэгч нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж үүргийн зөрчлийг гаргасан гэж үзэж байна.
Талуудын хооронд 2022 оны 10 сарын 21-ний өдөр гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь тус гэрээ байгуулагдсанаас 2 хоногийн дотор 50 хувийн урьдчилгаа төлбөрийг төлөх үүрэгтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дараа буюу 2023 оны 01 сарын 26-ны өдөр урьдчилгаа төлбөр 18,000,000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш гэрээт ажлын гүйцэтгэл эхэлсэн ба гэрээний 3.10-д гэрээнд заасан хугацаанд төлбөр тооцоо хийгдээгүй тохиолдолд төлөвлөгөөнд тусгасан ажлыг түр хугацаанд хойшлуулахдаа энэ хугацаанд хийгдээгүй ажлуудыг хугацаандаа гүйцэтгээгүй гэж үзэхгүй гэж тохиролцсон. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт нийт 44,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...******* дугаартай гэрээний дагуу эхний 30 хоногийн ажлын үр дүн болох ямар нэгэн мэргэжлийн шаардлага хангах, ашиглагдахуйц материалыг ирүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, ******* дугаартай гэрээгээр тохиролцсон ажлыг огт гүйцэтгэж ирүүлээгүй... гэжээ.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас ******* дугаартай гэрээгээр шаардаж байгаа 26,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, харин ******* дугаартай гэрээний дагуу нийт 25,575,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, маргасан.
4. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
4.1. Талуудын хооронд 2022 оны 12 сарын 28-ны өдөр ******* дугаартай маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь ******* ХХК-ийн Домч бор брэндийн зах зээлд өрсөлдөх маркетингийн стратеги, идэвхжүүлэлтийн компанит ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн хяналтын ажил үйлчилгээ үзүүлэх, ******* ХХК нь ажлын хөлсөнд нийт 36,575,000 төгрөг төлөх,
мөн 2022 оны 12 сарын 28-ны өдөр ******* дугаартай маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ******* ХХК нь ******* ХХК-ийн Вирусайд (Virucide) бүтээгдэхүүнийг ребрэндинг хийж зах зээлд дахин байршуулах маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ******* ХХК нь ажлын хөлс болох 89,000,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. /1хх-7-11, 12-16/
4.2. Гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь ******* дахь өөрийн эзэмшлийн ******* тоот данснаас 2023 оны 01 сарын 26-ны өдөр 18,000,000 төгрөгийг ******* ХХК гэрээ урьд 50% гэсэн утгатайгаар, мөн өдөр 26,700,000 төгрөгийг ******* ХХК гэрээ урьд төлбөр гэсэн гүйлгээний утгатайгаар хариуцагч ******* ХХК-ийн ******* тоот дансанд тус тус шилжүүлсэн. /1хх-100-101/
5. Дээрх нотлох баримтыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх тодорхойлсныг буруутгахгүй.
Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээ цуцлагдсан үйл баримтад маргаангүй. Мөн хариуцагч ******* ХХК нь ******* дугаартай гэрээний үүрэг биелэгдээгүй байдлыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 26,700,000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт маргаагүй. /2хх-4/
Харин ******* дугаартай гэрээний үүрэг биелэгдсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
6. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт Ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ гэж тус тус заасан.
7. 2022 оны 12 сарын 28-ны өдрийн ******* дугаар гэрээний хавсралтад хариуцагчийн гүйцэтгэх ажлыг тодорхойлсон байх ба ******* ХХК-ийн Домч бор брэндийн маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд нөхцөл байдлын шинжилгээ, зах зээлд өрсөлдөх стратеги, идэвхжүүлэлтийн төлөвлөгөө, медиа төлөвлөгөө, сошиал медиа төлөвлөгөө, маркетингийн төсөв хийх гэсэн ажлууд багтсан.
8. Эдгээр ажлуудаас хариуцагч нь идэвхжүүлэлтийн төлөвлөгөө, медиа төлөвлөгөө, сошиал медиа төлөвлөгөө хийх ажлыг хийж гүйцэтгэж, харин нөхцөл байдлын шинжилгээ, зах зээлд өрсөлдөх стратеги, маркетингийн төсөв гэсэн ажлуудыг хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй буюу тухайн 6 төрлийн ажлаас 3 ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хариуцагчаас нэхэмжлэгчид 2023 оны 02 сарын 13-ны өдрийн и-мэйлээр илгээсэн Домч бор-Зураг авалтын төлөвлөгөө, 2023 оны 02 сарын 14-ний өдрийн и-мэйлээр Домч бор идэвхжүүлэлтийн төлөвлөгөө зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
9. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу и-мэйлд үзлэг хийж, бэхжүүлсэн нотлох баримтыг үндэслэн гэрээний дагуу гүйцэтгэх дээрх 6 төрлийн ажлаас 3 ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэж, ажлын хөлс 25,000,000 төгрөгийн тал хувь болох 12,500,000 төгрөгийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцнэ. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. /1хх-112-158, 181-204/
10. Гэрээний 1.2.1-д Гүйцэтгэгч талд гэрээний дагуу заагдсан ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, гүйцэтгэгчтэй нэг баг болж үр ашигтай хамтран ажиллах, мөн гэрээний 4.1-д зааснаар захиалагч нь гэрээнд заагдсан ажлуудыг цаг тухайд нь хийгдэж буйд хяналт тавих эрхтэй байхаар тусгасан.
Хариуцагч гэрээгээр тохирсон ажил болох идэвхжүүлэлтийн төлөвлөгөө, медиа төлөвлөгөө, сошиал медиа төлөвлөгөөг гүйцэтгэж 2023 оны 02 сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид цахимаар илгээсэн, нэхэмжлэгч ажлыг хүлээн авсан боловч тухайн хугацаанд хариуцагчийн гүйцэтгэсэн ажилтай холбоотой аливаа гомдол, санал гаргаж байсан гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Мөн нэхэмжлэгч мэргэжлийн шаардлага хангах, ашиглагдахуйц материалыг хариуцагч ирүүлээгүй гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
11. Дээрхээс дүгнэхэд, ******* дугаартай гэрээний хувьд хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг 12,500,000 төгрөг гэж үзэж нэхэмжлэгчээс урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 18,000,000 төгрөгөөс хасаж тооцон, үлдэх 5,500,000 төгрөг, ******* дугаартай гэрээний үүрэгт 26,700,000 төгрөг, нийт 32,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хариуцагчийг гэрээгээр хүлээсэн хугацаа хэтрүүлсэн үйл баримт болон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй.
Шүүх хариуцагчийг ийнхүү гэрээгээр тохиролцсон ажлын зарим хэсгийг гүйцэтгэсэн гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлсэн байх ба хариуцагч ажлыг 2023 оны 02 сарын 13-ны өдөр хүргүүлсэн нь хариуцагчийн буруугаас болоогүй, ажлыг гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
13. Учир нь 2022 оны 12 сарын 28-ны өдрийн ******* дугаартай гэрээний 2.1-д Гүйцэтгэгч захиалагчийн ажлыг 2023 оны 01 сарын 16-ны өдрөөс 2023 оны 04 сарын 30-ны өдрүүдэд хийж гүйцэтгэнэ, гэрээний 3.10-д Гэрээнд заасан хугацаанд төлбөр тооцоо хийгдээгүй тохиолдолд төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг түр хугацаанд хойшлуулах ба энэ хугацаанд хийгдээгүй ажлуудыг хугацаандаа гүйцэтгээгүй гэж үзэхгүй гэж тусгажээ.
Гэтэл нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний урьдчилгаа төлбөрийн 50 хувь 18,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 2 хоногийн дотор шилжүүлэх үүргээ зөрчиж 2023 оны 01 сарын 26-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн, үүнтэй холбоотойгоор гэрээнд заасан хугацаа хойшлогдсон болох нь хэргийн баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зааснаар хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/11316 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Ж.ЛХАГВАСҮРЭН