Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 146/ШШ2016/00280

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Монгол Улсын иргэн, 1918 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 98 настай, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнэтолгой баг, Сайр, 2 гудамж, 2 тоотод оршин суух, ЙР18120865 дугаарын регистртэй, Боржигон овгийн Жанцангийн Нанжийгийн

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Нанжий шүүхэд гаргасан хүсэлтэдээ:

“...Ж.Нанжий миний бие нь 1961 оны 04 дүгээр сарын 01-нээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд малчнаар 1964 оны 12 дугаар сарын 30-ныг өдрийг дуустал ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй улмаас ажилласан хугацаа тогтоогдохгүй байна. Иймд миний 1961 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1964 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтэдээ:

“…С.Даваасүрэн миний бие нь Ж.Нанжийгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Миний бие шүүх хуралд оролцох боломжгүй байгаа учир намайг байлцуулалгүйгээр яаралтайгаар хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Нанжий ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ж.Нанжий нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд 1961 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1964 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №542 дугаартай архивын лавлагааны хуулбар, гэрч С.Сосорбурамын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Боржигон овгийн Жанцангийн Нанжийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд 1961 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1964 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ж.Нанжийгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдсан болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Жанцангийн Нанжийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд 1961 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1964 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Нанжийгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ц.ДАГИЙМАА