| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/07685/И |
| Дугаар | 210/МА2026/00405 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2026/00405
2026 02 16 210/МА2026/00405
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ч.Цэнд, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/11224 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч:*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 46,049,680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* \цахимаар\, хариуцагч *******, хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Миний бие Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* байр, ******* тоот хаягт байрлах гэр бүлийн өмчлөлийн орон сууцыг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр REMAX компанийн зуучлалаар хариуцагч *******тай 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж, нэг сарын төлбөр 1,750,000 төгрөгөөр тохиролцсон.
1.2.******* орон сууцны хөлс 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх 6 сарын хөлс 8,750,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх 6 сарын хөлс 16,800,000 төгрөгийг тус тус төлөөгүй. 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр байрны хөлсний бүх төлбөрийг барагдуулж тооцоо дуусгахаар гар бичвэр үйлдсэн боловч өдий болтол нэг ч төлбөр төлөөгүй тул дээрх хугацааны төлбөр нийт 25,550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.3.Мөн 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаанд байрнаас тавилга, эд хогшлоо аваагүй. Үүний улмаас орон сууцыг бусдад хөлсөлж чадаагүй тул энэ хугацааны төлбөрийг нэг сарын 2,800,000 төгрөгөөр тооцож 19,600,000 төгрөгийг гаргуулна. Түүнчлэн 7 сарын СӨХ-ийн төлбөр 534,680 төгрөг, дулааны мөнгө 365,000 төгрөгийг тус тус гаргуулна.
Иймд нийт 46,049,680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Нэхэмжлэгчтэй 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж, байр хөлсөлж байсан. Орон сууцны хөлсийг төлөхгүй санаатайгаар зугтаасан зүйл байхгүй. Харин хөлслүүлэгч хууль бус үйлдэл гаргаж, гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгон 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр орон сууцнаас хүчээр хөөж гаргасан.
2.2.Нэхэмжлэгч миний эд хөрөнгө, хувийн хэрэгсэл, хүүхдийн сургалтын хэрэглэл, гээд бүх зүйлийг байрнаас гаргалгүй барьцаалсан нэрээр авч үлдсэн.
Хөлслүүлэгч байрандаа өөрийн дураар дайран орж ирдэг байсан. Хөөгдөхөөс 7 хоногийн өмнө огт хэлж яриагүй хаалганы цоожийг сольсон ба тухайн үед бид дотор нь байсан. Хаалганы голыг солиод түлхүүр өгөөгүйн улмаас 10 хоног гарч чадаагүй, ажил төрлөө тодорхой хэмжээнд алдсан. Бид зөвхөн өмссөн хувцастайгаа хөөгдсөн. Энэ үйлдлийн улмаас өвлийн хүйтэнд орох оронгүй орцонд 3 хоносон. Түүнээс гадна тарааж дуусаагүй барааны үлдэгдэл, гадаадаас захиалсан бараа, хүүхэд цагаар харж байсан айлын түлхүүр зэргийг учирлаж хэлээд авах гэсэн боловч өгөөгүйн улмаас захиалагч болон айл нь найдваргүй, хулгай хийх санаа агуулсан гэж үзэж асуудал үүсгэсэн ба үүнээс болж төлбөрт орсон. Мөн төгсөх курсийн оюутан байсан хүүхэд өмсөх хувцасгүй, дэвтэр номгүй хичээлдээ явж чадахгүй, эмнэлгийн тусламж авахад хүрч улмаар 14 хоног эмнэлэгт хэвтсэн.
Түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөхөд хүндрэл гарсан ч нэхэмжлэгч хуулийн дагуу шүүхэд хандахын оронд хүч хэрэглэн байрнаас гаргаж, эд хөрөнгө саатуулж, хүүхдийн эрхийг маш бүдүүлгээр зөрчсөн.
2.3.Гар бичмэлийг нэхэмжлэгч нь түрээслэгч миний үгээр байх ёстой миний хэлснээр бич гэж дарамталж бичүүлж авсан боловч 7 хоногийн дараа ирээд зөвшөөрөхгүй гээд хөөж гаргасан. Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлд гэрээ, баримт бичиг нь дарамт албадлагагүй байх ёстой гэсэн заалтыг зөрчиж байна.
2.4.Нэхэмжлэгчийн хууль бус үйлдлийн улмаас бидний эд зүйл тасралтгүй 9 cap түүнд саатуулагдсан. Эд зүйлээ байрнаас авч чадаагүй нь нэхэмжлэгчийн байрнаас албадан гаргасан, цоожоо солиод түлхүүрээ авсан, эд зүйлийг барьцаалсан зэрэг хууль бус, буруутай үйлдэлтэй холбоотой тул 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 7 сарын хугацааны түрээсийн төлбөр, тухайн хугацааны СӨХ-ийн болон бусад төлбөр төлөхгүй, эдгээр зардлыг ашиглаагүй тул 20,499,680 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.5.Орон сууцыг хөлслөн амьдарч байх хугацаанд сарын 1,750,000 төгрөгөөр тооцон, 18,938,500 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 289 дүгээр зүйлийн 289.2.1-т заасныг баримтлан хариуцагч *******аас 24,430,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 21,619,680 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /285,700+260,448/ 546,148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 280,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх 25,550,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь бодит нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримт болон хуулийн зохицуулалтад нийцээгүй ноцтой процессын болон хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна. Зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт тулгуурлаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105, 118 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна.
4.2.Эд хөрөнгө авахтай холбоотой асуудлыг огт шийдвэрлээгүй.
Миний хувийн болон ажлын эд зүйлс, хүүхдийн хичээл ном, бичиг баримтыг 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл өгөөгүй, шүүхийн шийдвэргүйгээр барьцаалсан хэвээр байна. Энэ талаар анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргахдаа тусгаж шийдэж өгөхийг хүссэн ч ямар нэг шийдвэр гаргаагүй, дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Шүүх хурлаас хойш авах гэсэн боловч 1 өдрийн дотор нүүлгэлт дуудаад ав гэж хугацаагаар боож дарамталж байна. Би хугацаа өгөхийг хүсэхэд эхлээд өгнө гэсэн боловч өгөөгүй.
4.3.Дарамтаар бичүүлсэн гар бичмэлийг харилцан тохиролцоо гэж үнэлсэн.
Түрээслүүлэгч байрнаас байнга хөөж, орж ирэн хамаг юм авч шидлэн хаалганы цоож хэлэлгүй солих зэргээр дарамталж, төлөх хугацаа, төлбөрийг нэмэгдүүлснээр төлнө гэж бич, түрээслэгч миний үгээр байх ёстой гэж дарамтлан бичүүлсэн.
2025 оны 9 дүгээр сард түрээсийн 1,750,000 төгрөгийг 2,800,000 төгрөг болгон огцом нэмэх тухай мессеж ирсэн. Энэ талаар утсаар тодруулахад төлбөрөө төлөх тэр үедээ болно биз дээ гэж хэлж байсан тул тус гар бичмэлийн дор төлбөр төлөх үед 2,800,000 төгрөгийг ярилцан тохиролцохоор болов гэж бичсэн. Мөн бичигт 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлнө гэж бичсэн боловч 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бичгийг зөвшөөрөхгүй, хүчингүй одоо гар гээд хөөж гаргасан. Өөрөөр хэлбэл тэр бичгийг өөрсдөө хүчингүй болгосон нь бичигт бичсэн хугацаа болон хөөгдөж гарсан хугацаагаар батлагдана. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд Хүч хэрэглэсэн, заналхийлсэн, дарамталсан нөхцөлд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж заасан боловч анхан шатны шүүх дарамтын нөхцөл байдлыг шалгалгүй, уг бичмэлийг шууд хүчин төгөлдөр хэлцэл мэт дүгнэсэн.
Гар бичмэлийг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол доод талд бичсэн "төлбөр хийх үед үнийг ярилцан тохиролцохоор болов гэсэн нь үнийг тохиролцоогүй болохыг харуулж байгааг авч үзэх ёстой.
4.4.Гэрээ хуульд заасан хэлбэрээр сунгагдаагүй байхад сунгагдсан гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхээс гэрээний сунгалт болон үнийн талаар хуулийн дагуу яагаад баталгаажуулаагүй талаар тодруулсан боловч сунгагдаагүй гэрээ болон төлбөрийг нэг талын санаачилгаар нэмэгдүүлсэн зэрэг хэрэгт ач холбогдолтой хэсэгт дүгнэлт хийгээгүй.
4.5.Шүүх хуралдаанд миний гаргасан тайлбарыг тэмдэглэлд ... хүүхдийн утсыг шүүрч авч ирж охинд өгсөн гэж буруу тусгасан. Би шүүх хурал дээр хүүхдийн утсыг өгсөн гэж огт хэлээгүй, одоо хүртэл нэхэмжлэгчид байгаа болно.
4.6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжаас 280,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа шүүхийн зардлыг зөв хуваарилаагүй, тэмдэгтийн хураамжийн 50 хувийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Эд хөрөнгийг гаргуулах асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн гэрээний үнийн дүнгээр тогтоож, төлбөр гүйцэтгэх хугацааг тодорхой хугацаагаар тогтоож, хэсэгчлэн төлөх боломж олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.Би *******г хөөгөөгүй, та түрээсийн төлбөрөө төл гэсэн. ******* өөрөө зугтаасан. Цаг хугацаа хожих гэж мөнгө өгнө гээд худлаа яриад байсан. Байр түрээсэлж эхлээд 3 сарын дараагаас дандаа түрээсийн хугацаа хэтрүүлдэг байсан. Тухайн үед би манай байрны түрээс өндөр байна, та өөр байр түрээсэлж болно гэхэд хариуцагч танай байр тухтай сайхан байр гэж хэлсэн.
5.2.Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээг сунгасан талаар маргаагүй гэдгийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхойлсон. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг. Хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ч энэ эрхээ эдлээгүй сөрөг нэхэмжлэл гаргаагүй.
5.3.Талууд харилцан тохирч нэг сарын хөлсийг 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс нэмсэн. Энэ талаар хариуцагчийн бичсэн баримт хэрэгт авагдсан. Дарамталж бичүүлсэн зүйлгүй.
5.4.Мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг хянаад хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 46,049,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 18,938,500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг талууд хэлэлцэн тохирч үнэд өөрчлөлт оруулаагүй, гэрээг нэхэмжлэгч цуцалсан тул түүнээс хойшхи 7 сарын хугацааны хөлс, зардлыг хариуцахгүй гэж эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.Талууд 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр хөлслүүлэгч болох ******* Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах орон сууцыг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, Хөлслөгч болох ******* нэг сарын 1,750,000 төгрөг байхаар, төлбөрийг 3+1 нөхцөлөөр төлөхөөр тохиролцсон, /хх 7-9/
3.2.Гэрээний зүйл болсон Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай хөрөнгийн өмчлөгч ******* болох нь үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдсон, нэхэмжлэгч *******, ******* нар нэг гэр бүл гэдэгт талууд маргаагүй. /хх 11/
3.3.Хөлслөгч нь 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнөх хугацааны хөлсийг төлсөн, мөн 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр орон сууцнаас гарсан үйл баримтад талууд маргаагүй.
4.Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн хэмээн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэсэн байна.
Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууцыг хөлслөгчийн эзэмшилд тодорхой хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэг тус тус хүлээнэ.
5.Талууд гэрээг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан боловч хугацаа дууссанаас хойш хөлслөгч орон сууцыг үргэлжлүүлэн эзэмшиж ашигласаар байсан, үүнийг хөлслүүлэгч татгалзаагүй, хөлс хүлээн авч байсан үйл баримт тогтоогдсон тул гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасан гэж үзэх нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4, 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт нийцнэ.
5.1.Харин нэхэмжлэгч хөлсийг хэлэлцэн тохирсон хугацаандаа төлөөгүйгээс хариуцагчийг 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр орон сууцнаас гаргаснаар энэ өдрөөс гэрээг цуцалсан гэж үзэх бөгөөд ийнхүү гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар гэрээг цуцлах талаарх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцыг бодитоор эзэмшиж ашиглаж байсан хугацааны хөлсийг шаардах эрхтэй хэмээн дүгнэхдээ Иргэний хуулийн холбогдох хэм хэмжээг тухайн маргаанд зөв тайлбарлаж хэрэглэжээ.
6.Зохигчдын маргааны гол үндэслэл нь талууд хөлсийг хэлэлцэн тохирч нэг сарын 1,750,000 төгрөгийг 2,800,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн эсэх болжээ.
6.1.Хэрэгт авагдсан хариуцагч ******ийн бичсэн гар бичмэлд 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс хойшхи хугацаанд хөлсийг тооцохдоо нэг сарын хөлс 2,800,000 төгрөгөөр тооцож хариуцагч нийт 25,550,000 төгрөг төлөөгүй байгаа талаар тусгажээ.
Анхан шатны шүүхээс дээрх баримтад тулгуурлаж талууд 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс хойшхи хугацааны хөлсийг нэмэгдүүлэхээр тохирсон, үүнийг хөлслөгч хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь ...талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчим болоод Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийн бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасантай нийцнэ. Шүүх хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.
6.2.Тухайн баримтын доод талд жич, байрны төлбөр хийх үедээ 2,800,000 төгрөгийг ярилцахаар тохиролцов гэж тусгасан нь орон сууцны хөлсийг төлөх үедээ нэгж үнийг бууруулах эсэх асуудлыг дахин шийдвэрлэх агуулгаар тусгагдсан байна.
Дээрх байдлаар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс гэрээ сунгагдаагүй, төлбөрийг нэг талын санаачилгаар нэмэгдүүлсэн нөхцөлийг анхаараагүй, үнийг нэмэгдүүлэхээр тохиролцоогүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх хариуцагчийн гомдолд эрх зүйн дүгнэлтийг өгөв.
7.Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг мөн хангахгүй.
7.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр маргааныг шийдвэрлэх учиртай.
Хариуцагч үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн хууль бусаар хураасан эд хогшил, хөрөнгө, хувцсаа буцаан авах асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэхгүй. Хариуцагч хөлслөн авсан орон сууцанд байсан хөдлөх эд хөрөнгө, эд хогшлоо нэхэмжлэгчээс жич шаардах эрх нээлттэй.
7.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасан, хэргийн баримтаар хариуцагч шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах талаар хүсэлт гаргасан баримтгүй тул тэмдэглэл алдаатай бичигдсэн гэх гомдол үндэслэлгүй.
7.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж заасан.
Анхан шатны шүүх хариуцагч *******аас нийт 24,430,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 280,100 төгрөгийг гаргуулсан нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нийцсэн, шүүх хуулийг зөв хэрэглэсэн байна.
8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/11224 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
О.ОДГЭРЭЛ