Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 685

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Увс аймаг, Наранбулаг сумын Улаан-Үзүүр багт оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, РД:ОЗ65040402, Тугтан овогт Норовын Чимгээгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ядамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Н.Чимгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1965 онд төрсөн, 51 настай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Би 1981 онд Увс аймгийн Наранбулаг сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хотын Хөдөө аж ахуйн техникумд малын бага эмч мэргэжлээр элсэн суралцаж 1984 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын Шувуун фабрикт бага эмчээр ажиллаж байгаад 1985 оны 4 дүгээр сарын эхээр Увс аймгийн Наранбулаг суманд амьдрахаар ирж, улмаар 1985 оны 4 дүгээр сараас эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн Улаан-Үзүүр бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малын бага эмчээр томилогдон 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал ажилласан. Энэ жил би 51 настай, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн тул 50 настайдаа өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэж, тэтгэврийн бичиг баримтаа цэгцэлж байгаа юм. Миний ажиллаж байхад хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч түүн дээр бичигдсэн тушаал болох 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Пионер нэгдэл хувьчлагдсанаар ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар олдохгүй байгаа, мөн 1991-1992 онд авч байсан цалинг архиваас шүүлгэхэд тухайн үеийн цалингаас цэс архивт шилжиж ирээгүй тул олдохгүй байгаа юм. Иймд шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон тул миний 1985 оны 4 дүгээр сараас 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Улаан-Үзүүр бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ядамсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Чимгээ нь 1985 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн Улаан-Үзүүр бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малын бага эмчээр томилогдон 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал ажилласан. Түүний ажиллаж байхад нь хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч түүн дээр бичигдсэн тушаал болох 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Пионер” нэгдэл хувьчлагдсанаар ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар олдохгүй байгаа, мөн 1991-1992 онд авч байсан цалинг архиваас шүүлгэхэд тухайн үеийн цалингаас цэс архивт шилжиж ирээгүй тул олдохгүй байгаа тул шүүхэд хандсан. Иймд Н.Чимгээгийн 1985 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Улаан-Үзүүр бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Н.Чимгээ нь Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн Улаан-Үзүүр багийн эмчилгээ тэжээлийн цэгт 1985 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1.Норов овогтой Чимгээд 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нээсэн бүрэн бичилттэй Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

2.Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 37 тоот “Ажилд авах тухай” тушаалд “Норов овогтой Чимгээг 1985 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Улаан-Үзүүр бригадын ЭТЦ-ийн эмчээр авч ажиллуулсугай” гэжээ,

3. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж ирүүлсэн Норовын Чимгээгийн  Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн Улаан-Үзүүр багийн эмчилгээ тэжээлийн цэгт 1985 оны 4 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал эмчээр ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

4. Наранбулаг сумын ҮЭ-ийн зөвлөлөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Н.Чимгээг шагнасан баярын бичиг,

5. Аймгийн Мал эмнэлгийн газраас 1989 оны 2 дугаар сарын 02-ны өдөр “Н.Чимгээ эмчтэй Наранбулаг сумын Улаан-Үзүүр бригадын Эмчилгээ тэжээлийн цэгийг хамт олныг шагнасан баярын бичиг,

6. Увс аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн архивын лавлагаа,

7. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргаж ирүүлсэн шимтгэл төлөлтийн лавлагаа,

8. Итгэмжлэл,

9. Гэрч Ш.Сидийн шүүхэд өгсөн: “Би 1976 оноос эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн Адуун чулуун бригадад малын эмчээр ажилд орж 1984 оныг дуустал ажиллаад, 1985 оноос Хужирт багийн бригадын дарга, сумын орлогч дарга, багийн засаг даргаар 2013 он хүртэл тус тус  ажилласан юм. Н.Чимгээ нь 1985 онд Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн Улаан-Үзүүр бригадад малын бага эмчээр 1992 онд тус нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан юм. Би Н.Чимгээг нэг нутгийн хүмүүсийн хувьд, мөн би өөрөө сумын орлогч даргаар ажиллаж байсан  учраас түүнийг сайн таньж мэдэх юм. Түүний аав нь малчин, хадам аав нь Улаан Үзүүр, Хужирт бригадын тоо бүртгэгч хийж байсан. Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн даргаар Т.Цэвээн, н.Доржсүрэн, н.Орших, н.Сайнжаргал гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

10. Гэрч Б.Нордодын шүүхэд өгсөн: “Би 1976 оноос эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын Хүн эмнэлгийн Улаан Үзүүр бригадын эмчээр 2006 он хүртэл ажилласан юм. Н.Чимгээ нь сургуулиа төгсөж ирээд 1985 оноос Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн Улаан-Үзүүр бригадад малын бага эмчээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1992 оны эхээр нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан юм. Би хэдийгээр сумын Хүн эмнэлэгт ажилаж байсан боловч Улаан-Үзүүр бригадыг хариуцаж байсан, мөн зарим жилүүдэд нэгдлийн харьяанд орж, нэглээс цалинжих тохиолдол хүртэл байсан учраас Н.Чимгээг сайн таньж мэднэ. Түүний нөхөр Ж.Цэзэн мөн л нэгдлийн малыг насаараа малласан хүн байдаг юм” гэх мэдүүлэг,

11. Гэрч Ш.Сид, Б.Нордод Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч Н.Чимгээ нь Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн Улаан-Үзүүр багийн эмчилгээ тэжээлийн цэгт 1985 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдр хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан болох нь Н.Чимгээд 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нээсэн бүрэн бичилттэй Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал, Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 37 тоот “Ажилд авах тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж ирүүлсэн Норовын Чимгээгийн  Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн Улаан-Үзүүр багийн эмчилгээ тэжээлийн цэгт 1985 оны 4 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал эмчээр ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, ажиллаж байхдаа шагнуулсан баярын бичгүүд, гэрч Ш.Сид, Б.Нордод нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

      Иймд нэхэмжлэгч Н.Чимгээгийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн Улаан-Үзүүр багийн эмчилгээ тэжээлийн цэгт 1985 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдр хүртэл 6 жил, 11 сар, 18 хоног малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Чимгээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тугтан овогт Норовын Чимгээгийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн Улаан-Үзүүр багийн эмчилгээ тэжээлийн цэгт 1985 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдр хүртэл 6 /зургаа/ жил, 11 /арван нэг/ сар, 18 /арван найм/ хоног малын бага эмчээражиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Чимгээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР