| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0393/Э/Н |
| Дугаар | 2019/ШЦТ/101 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ
Өсвөр насны шүүгдэгч О.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Нд холбогдох эрүүгийн 1825005690427 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Н
Орхон аймгийн Прокуророос өсвөр насны шүүгдэгч О.Ныг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамын 11-03 тоотод үйл ажиллагаа явуулдаг Н.Мөнхтөрийн өмчлөлийн “Шинэ өглөө" хүнсний дэлгүүрт нэвтэрч тамхи, пиво зэрэг эд зүйл хулгайлж 362,100 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн Толгодын 25-32 тоот хашаанаас Б.Нямдаваагийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн Чансаа маркийн мотоциклийг хулгайлан 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч О.Ны мэдүүлсэн: Мэдүүлэг өгөхгүй, би гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг болон хавтаст
хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- хохирогч Н.Мөнхтөрийн ... “2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн өглөө миний төрсөн дүү Очирханд над руу утсаар яриад дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн. Үүний дагуу дэлгүүртээ очсон чинь манай дэлгүүрийн хашаан дотор байрлалтай ертөнцийн зүгээр хойд зүгт харсан цонхны хамгаалалт төмрийг хөшиж аваад модон рамтай цонхны салхивчийн шилийг нь хага цохиж хулгай ороод дэлгүүрээс парламент тамхи 9 хайрцаг, кастер тамхи 9 хайрцаг, кент тамхи 10 хайрцаг, гаатай эссэ тамхи 12 хайрцаг, энгийн эссэ тамхи 12 хайрцаг, ЛД тамхи 20 хайрцаг, сэнгүр пиво 62 лааз, 2.5 литрийн нийслэл, сэнгүр пиво 8 савыг хулгай хийж авсан байсан. Тухайн үед бид нар хэнийг ч гэх билээ гээд цагдаагийн байгууллагад хандаагүй үлдээсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6-р хуудас/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд.
- “Бан Хас” ХХК-ний шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №2018/э-0246 дугаартай ... “тамхи, пиво зэрэг эд зүйлүүд 362100 төгрөгөөр үнэлэгдсэн” гэсэн дүгнэлт. /хх-ийн 33-34-р хуудас/
- Гэрч Н.Очирхандын ... “Маргааш өглөө нь 06 цаг өнгөрч байхад боссон чинь манай дэлгүүрийн хойд зүгт харсан цонхны хамгаалалт төмрийг нь салгаад цонхны салхивчийг нь хагалж хулгай орсон байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-р хуудас/
- Гэрч Д.Бадрахын ... “2018 оны 4 дүгээр сард байсан санагдаж байна. Би одоо өдрийг нь яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Миний ажиллаж байгаа дэлгүүрийн хойд талын цонхны хамгаалалт төмрийг нь авч хулгай орж эд зүйл алга болсон юм. Тэр үед нь Мөнхтөр өөрөө ирж үзээд, харж үзээгүй юм чинь хэнийг гэж явах юм бэ гээд цагдаагийн байгууллагад хандаагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн10-р хуудас/
- Насанд хүрээгүй гэрч Г.Гарьдшувуугийн ... “Нямсайхан пиво өгч байгаагүй. Харин тамхи өгч байсан. Одоо миний санаж байгаагаар манай ангийн Батсуурь, Пүрэвдорж бид нарыг сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байхад Нямсайхан ганцаараа ирээд тэнд байсан хүүхдүүдэд эссэ, парламент нэртэй тамхи хайрцаг, хайрцагаар нь задлаад тараагаад байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-р хуудас/
- Насанд хүрээгүй гэрч Д.Батсуурийн ... “2018 оны хавар яг хэдэн сарын хэдний өдөр байсныг нь мэдэхгүй байна. Найз Пүрэвдорж болон танихгүй хүүхдүүдийн хамт сургуулийн хажуу талын сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байхад Нямсайхан ганцаараа ирээд тэнд байсан хүүхдүүдэд эссэ, парламент нэртэй тамхи хайрцаг хайрцагаар нь задлаад тараагаад байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-р хуудас/
- Насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвдоржийн ... “2018 оны 4 сарын эхээр Нямсайхан хичээл тарж байхад сургуулийн гадна хүүхдүүдэд тамхи өгөөд байсан. Батсуурь бид хоёр Мөнхзул, Гарьдшувуу нарын хамт сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байсан чинь Нямсайхан ирээд бид нарт эссэ, парламент, ЛД нэртэй тамхи тарааж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/
-Хохирогч Б.Нямдаваагийн “...2018 оны 08 дугаар сарын 13-ны орой 19 цагийн орчим ажлаасаа очиход гэрийн хажуу талд байсан мотоциклийн байрлал нь өөрчлөгдсөн байсан. Тэгээд би гайхаад өнгөрсөн. Нөхөр Баяртогтох руу залгаж асуухад мэдэхгүй би хүн амьтанд аваарай, унаарай гэж яриагүй гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 20 цаг өнгөрөөгөөд гэртээ очиход мотоцикль алга болсон байсан. Манай мотоцикль бичиг баримт байхгүй. 2017 онд хөдөөнөөс найзаасаа 600.000 гаран мянган төгрөгөөр авч байсан санагдаж байна. Авахдаа бичиг баримтгүй авсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/
-Гэрч Б.Бямбабаярын “...Миний жолоодож явж байгаа мотоцикль манай хойд аав Бямбацогтын найзын хүүхэд Хосбаяр ахаас эмээгийн бие муудаад унаа хэрэгтэй болчихоод машинаас бага иддэг юм даа гэж бодоод 2018 оны 10 сарын 27-ны өглөө аваад үлдсэн. Надад Хосбаяр ах хэлэхдээ Их залуу багийн самбарын тэнд байдаг Хангай хүнсний дэлгүүрийн наад талд байдаг дугуй засвараас худалдаж авсан гэж ярьсан, хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаараа хэлээгүй...гэсэн мэдүүлэг /42-43-р хуудас/
-Гэрч Х.Хосбаярын “...2018 оны 09 дүгээр сард авсан өдрөө сайн санахгүй байна. Дархан нэхийгээс ертөнцийн зүгээр зүүн тийшээ явахад замынхаа хойно байдаг дугуй засвартай төмөр авдаг газарт манай найз Батка ажилладаг юм тэгээд төмрийн хогон дээр тухайн мотоцикль хэвтэж байхаар нь авсан юм. Батка надад хэлэхдээ энэ мотоциклийг манай нэг дүү авчирч өгсөн юм, асахгүй байгаа юм чи асаагаад авбал ав гэхээр нь би асаагаад авсан юм. Мотоциклийн нэг юмыг нь буруу харуулаад хийчихсэн байна лээ тэгээд зүгээр асаасан... гэсэн мэдүүлэг /хх- ийн 44-45-р хуудас/
-Гэрч Г.Ариунбатын “...Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянтал багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан нэхий дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд хоёрдогч түүхий эд авдаг газар ажиллаж байсан. Тухайн өдрийг би сайн санахгүй байна манай ажлын арын гудамжинд амьдардаг 15-16 настай эрэгтэй хүүхэд цагаан мотоцикль нэг хоног унасан. Тэгээд хоёр дахь хоног дээрээ мотоцикль нь эвдэрсэн байдалтай манай ажлын граж түшүүлээд тавьсан байж байгаад тэр өдрийнхөө 19 цагийн үед ирээд мотоцикль авах уу гээд ирэхээр нь хулгайн юм уу гэсэн чинь тэр залуу би 150.000 төгрөгөөр хүнээс аваад мотоциклоо эвдчихлээ 40.000 төгрөгөөр зарна гэхээр нь худалдаж авсан юм. Тэгээд бараг нэг сарын дараа эвдэрхий чигээр нь найз Хосоог сонирхоод байхаар нь нэг машин модонд явж өгөөд авахгүй юу даа гэсэн чинь Хосоо аваад явсан...Би хулгайн мотоцикль гэж огт бодоогүй, гуйгаад байхаар нь итгээд өгсөн. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг/хх-ийн 22, 46-47-р хуудас/
-“БАН ХАС” ХХК-ийн 2018-08-16-ны өдрийн 2018/Э-0241 дугаартай шинжээчийн мотоциклийн үнэ 600 000 төгрөг гэх дүгнэлт/хх-ийн 25-26-р хуудас/
-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 50-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Эдгээр хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч О.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамын 11-03 тоотод үйл ажиллагаа явуулдаг Н.Мөнхтөрийн өмчлөлийн “Шинэ өглөө" хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч тамхи, пиво зэрэг эд зүйлийг авч 362100 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн Толгодын 25-32 тоот хашаанаас Б.Нямдаваагийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн Чансаа маркийн мотоциклийг нууцаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нарт 962,100 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.
Шүүгдэгч О.Ны эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах болон хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж бусдын өмчлөх эрхэнд хууль бусаар халдаж, бусдын эд хөрөнгийг нууцаар авч хохирол учруулжээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд дүгнэлт гаргахдаа: Шүүгдэгч 2 удаагийн үйлдлээр хулгай хийсэн гэм буруу тогтоогдсон тул орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 дахин бууруулж эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож сургалт хүмүүжлийн байгууллагад эдлүүлэх саналтай гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав шүүх хуралдаанд дүгнэлт гаргахдаа: Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Зүйлчлэлд маргах зүйлгүй. Өсвөр насны байдал, хохирлоо төлсөн, анх удаагийн хэрэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, эцэг эх сургуулийн хараа хяналтад сурч боловсрох боломж олгоно уу гэжээ.
Хохирогч Н.Мөнхтөр, Б.Нямдаваа нар нь шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгджээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Ныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн насны байдал, сургуульд суралцаж байгаа зэрэг хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж үүрэг хүлээлгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу,хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Н-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Ныг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлэх ялыг 2 дахин багасгаж 1 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар О.Ны эдлэх ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан О.Нд 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жил 3 сарын хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 2,3 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан үүргийг биелүүлээгүй, эсхүл хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Н-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Ныг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлэх ялыг 2 дахин багасгаж 1 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар О.Ны эдлэх ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан О.Нд 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жил 3 сарын хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 2,3 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан үүргийг биелүүлээгүй, эсхүл хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ