| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2024/04979/И |
| Дугаар | 210/МА2026/00451 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00451
2026 02 27 210/МА2026/00451
*******-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******гол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/10851 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 274,666,800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийг төлөөлж гүйцэтгэх захирал [U1] *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Иргэн *******, ******* нар 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй ******* захын бүтээн байгуулалтад зориулж, 115,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй зээлсэн.
1.2.Хариуцагч нартай удаа дараа уулзаж, зээлээ төлөхийг шаардаж, төлбөрийн мэдээллийг өгч байсан боловч гэрээний хугацаанд зээлийн хүүд 3,988,300 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн.
1.3.Зээлдэгч нар 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 115,000,000 төгрөг, зээлийн хүү 144,845,900 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,820,900 төгрөг нийт 274,666,800 төгрөгийг төлөөгүй байх тул гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаж байна.
1.4.Хариуцагч талын тайлбартай холбогдуулан нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 14,820,900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.*******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг зээлийг төлөх асуудалтай холбоотой хөрөнгө оруулалтын ажлыг хөөцөлдсөөр ирсэн. *******ын нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг аав ******* барьцаалж зээл авч бизнестээ ашигласан.
2.2.Нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа мөнгөн дүнг зөв буруу эсэхийг сайн мэдэхгүй, зээлийн хүү өндөр байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаа олгох, эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас 259,845,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* 14,820,900 төгрөгийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч *******, ******* нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн хороо, , байр, , давхар, хаягт байршилтай, 115,65 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууц, автомашины зогсоолын зориулалттай 18 м.кв авто зогсоол үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,650,818 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдгийн хураамжид 1,527,380 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүний ээж гэдгээ илэрхийлж, хуульч өмгөөлөгчөөс зөвлөгөө авч эрхээ хамгаалуулах талаар хүсэлт гаргасан боловч өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхийг хангаагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан.
4.2.Хамтран хариуцагч ******* шүүх хуралдаанд ирээгүй шалтгааныг тодруулахгүйгээр хуралдааныг үргэлжлүүлэн явуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
4.3.Шүүх нэхэмжлэгчийн шаардсан зээлийн хүүг буруу тооцсон.
Хариуцагч нар *******-иас 2021 онд 115,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний хүү сарын 3.220.000 төгрөг, 24 сар буюу 2 жилийн хугацааны зээлийн хүү 77,280,000 төгрөг байна. Гэтэл шүүх буруу тооцож хариуцагч нараас зээлийн гэрээний хүүд 144,845,900 төгрөг гаргуулах шийдвэр гаргасан. Зээлийн гэрээний хүүг үндэслэлгүйгээр нэмж, гэрээнд заасан үүргээс илүү төлбөр гаргуулах шийдвэр гаргасныг эс хүлээн зөвшөөрч байна.
Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч нарыг шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч авч эрхээ хамгаалах нөхцөл бололцоогоор хангаж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч байсан. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагатай бүрэн танилцаж, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хариуцагч ******* хүндэтгэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй. *******ын эхнэр болох *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон тул хүний эрхийг хөндөөгүй.
5.2.Өмгөөлөгч авах эрхийг шүүхээс хангаж хойшлуулж байсан. Мөн өмнөх шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцож байсан.
5.3.Зээлийн гэрээний хугацаа буюу 24 сараар зээлийн хүүг тооцож гомдол гаргасан байна. Бид хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардаж, эвийн журмаар асуудлаа шийдвэрлэх боломжийг удаа дараа олгосон. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 1 жил 6 сарын хугацаанд үргэлжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлж зээлийн хүүг 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл тооцсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 115,000,000 төгрөг, зээлийн хүү 144,845,900 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,820,900 төгрөг, нийт 274,666,800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар зээлийн хүү өндөр, хэт их үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
2.1.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү 14,820,900 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.******* болон *******, ******* нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ЗГ21/42 тоот гэрээгээр: Зээлдүүлэгч болох ******* нь 115,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, Зээлдэгч болох *******, ******* нар нэг сарын 2,8 хувийн хүүтэйгээр, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөхөөр тохирсон, /хх 4-6/
3.2.Дээрх гэрээний үүргийг *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн хороо, , байр, , давхар хаягт байршилтай, 115,65 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууц, автомашины зогсоолын зориулалттай 18 м.кв авто зогсоол зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирч *******, ******* нарын хооронд БГҮ21/42 тоот барьцааны гэрээ байгуулсан. /хх 7-8, 9/
3.3.Зээлдэгч мөнгөн хөрөнгө болох 115,000,000 төгрөгийг хүлээн авсан, энэ хугацаанд зээлийн хүүд хоёр удаагийн төлөлтөөр 3,988,300 төгрөгийг буцаан төлсөн, 2021 оны сараас хойш зээл төлөөгүй үйл баримтад талууд маргаагүй. /хх 15-21/
4.Талуудын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцсэн байна.
5.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д ... банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зохицуулсан.
5.1.Нэхэмжлэгч анх шүүхэд 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл 115,000,000 төгрөг, хүү 107,582,100 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хоёр удаа нэмэгдүүлж, 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн байдлаарх төлөгдөөгүй үндсэн зээл 115,000,000 төгрөг, хүү 144,845,900 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан байх бөгөөд ийнхүү шаардлагаа нэмэгдүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нийцжээ.
5.2.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч болох *******, ******* нар хугацаанд нь мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул зээлдүүлэгч ******* нь олгосон зээлээ гэрээгээр тохирсон хэмжээний хүү, хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамтаар буцаан шаардах эрхтэй.
Иймд анхан шатны шүүх хариуцагч нараас үндсэн зээл 115,000,000 төгрөг, гэрээний хугацаанд төлөгдөөгүй хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 70,741,800 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хэтэрсэн хугацааны хүү 74,104,100 төгрөг, нийт 259,845,900 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг тухайн маргаанд зөв тайлбарлаж хэрэглэсэн, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Дээрх үндэслэлээр хүүг буруу тооцсон, хэтэрсэн хугацааны хүү төлөхгүй талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6.Талуудын хоорондох барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр тул зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.
7.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.
7.1.Анхан шатны шүүх нэхэмжлэлд 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, шүүхээс нэхэмжлэлийг хувийг хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгсөн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа байсан ба эрхээ хэрэгжүүлэхэд нь шүүхээс хориглосон, саад болсон нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүхээс хууль зүйн туслалцаа авах хамтран хариуцагчийн хүсэлтийг хангаж 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн товлон зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулж байжээ.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хууль зүйн туслалцаа авах үндэслэлээр хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд 192/ШЗ2025/53845 дугаар шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. Тодруулбал, хариуцагч талаас эрх зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа өнгөрсөн байх бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхэд шүүхээс хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүх хуралдааны шатанд уг хүсэлтийг гаргасан нь ямар хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлоогүй байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.
7.2.Хариуцагч *******ад 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдэж баримтаар баталгаажуулсан боловч хүрэлцэн ирээгүй тул шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.
8.Харин, анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагыг бие даасан шаардлагын хэмжээнд салгаж тусдаа 2 дахь заалтаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталсан, мөн тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийг давхар баримталсан зэрэг нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байгааг дурдах нь зүйтэй. Гэвч энэ нь шүүхийн шийдэлд нөлөөлөхөөргүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.
9.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.*******гол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/10851 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,457,179 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
[U1]Нэхэмжлэгчийн төлөөлөгч