Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2019/0886/З |
Дугаар | 221/МА2020/0315 |
Огноо | 2020-05-12 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2020/0315
“Б т” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч И.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Т.Э, Б.Т, Б.Д, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 120 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор “Б т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 120 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, Ашигт малтмалын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/15 дугаартай дүгнэлтийг, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 429 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол цуцлахаар хуульчилсан. Дээрхи хуулийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дүгнэлт ирүүлсэний дагуу Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 429 дүгээр шийдвэрээр “Б т” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МҮ-020855 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хяналт, шалгалтын байгууллага биш бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “...Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ...” гэж заасан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “...Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...” гэж заасан бөгөөд 16.2.4-т “...нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх...гэж, 16.2.10-д “...байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах”...гэж тус тус заасан. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-д “...Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...” гэж заасан бөгөөд 17.2.4-д “...нутаг дэвсгэриинхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх...”, 17.2.8-д “...байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах...” гэж тус тус заасан. Эдгээр зохицуулалтыг шүүгч судалж хараагүй, орон нутгийн удирдлага байгаль орчны талаар ямар эрх, үүрэгтэй нь тодорхой байгаа төдийгүй шүүхэд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхийг нь эдлүүлээгүй. Ашигт малтмалын харилцаа нь нутгийн иргэд, нутгийн өөрөө удирдах байгууллага, нутгийн захиргааны байгууллага, БОАЖЯ, УУХҮЯ, АМГТГ гэсэн 6-7 этгээдийн хооронд явагддаг. Харин шүүгч хамгийн чухал буюу ашигт малтмалын харилцаанд өдөр тутам хяналт тавьж ажилладаг этгээдээс төлөөлөл оролцуулахгүй байгаа нь хууль бус байна. Нутгийн иргэдийг төлөөлж байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалж байгаа, төрийн нэрийн өмнөөс ажиллаж, байгаль орчны хууль тогтоомжийг биечлэн газар дээр нь хэрэгжүүлж байгаа субъектүүд албан ёсны байр сууриа илэрхийлж байхад яам дүгнэлт гаргахгүй байх хуулийн зохицуулалт байхгүй юм. Шүүгч яамны дүгнэлтэд хэт их ач холбогдол өгч харин нутгийн удирдлагын албан бичиг саналд хайхрамжгүй хандаж байна. Өөрөөр хэлбэл хэт нэг талыг барьж хуулийн дээрх зохицуулалтуудыг буруу тайлбарлаж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль хэрэглэх зарчмыг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “Б т” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 429 дүгээр шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/15 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/15 дугаар дүгнэлтээр “Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 дугаар албан бичгийг тус тус үндэслэн “Б т” ХХК-ийн эзэмшдэг МV-020855 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт гаргасан байх бөгөөд дээрх дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 429 дүгээр шийдвэрээр “Б т” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-020855 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 дугаар албан бичигт “...Шинээр уурхай нээгдэхтэй холбоотой аж ахуйн нэгж, иргэдийн дунд үл ойлголцох байдал үүсч зарим нэг зөрчил гарч байгаагийн дээр үйл ажиллагаа эхэлсэнээр Гурвантэс, Номгон сумдын нутаг дэвсгэрт байгаль орчны тулгамдсан асуудлууд үүсэх эрсдэлтэй байна. Тус аймгийн нутаг дэвсгэр дэх стратегийн 3 ордод явагдаж буй уул уурхайн үйл ажиллагаа нь энэ цаг үед хангалттай, өөр уул уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхгүй байх талаар аймгийн нийт иргэд санал бодлоо илэрхийлж байгаа бөгөөд энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газрын тэргүүнтэй аймгийн төр захиргааны байгууллага ч мөн адил байр суурьтай байна. Иймд үйл ажиллагаа эхлээгүй байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, ирээдүйд бодлого төлөвлөлттэйгөөр ашиглуулах шийдвэр гаргах хүсэлтийг хүргүүлж байна” гэсэн бол Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшинд хүргүүлсэн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 дугаар албан бичигт “...нэг сумын нутаг дэвсгэрт 20-25 ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр нэгэн зэрэг уул уурхайн олборлолт явуулж байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, байгаль орчны тэнцвэрт байдал алдагдаж, бэлчээрийн хомсдол бий болж, нутгийн иргэдийг ихээр бухимдуулж байгаа учир цаашид шинээр уурхай нээх гэж буй болон хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, ирээдүйд ашиглалт болох магадлалтай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хуулийн хүрээнд судалж цуцлах шийдвэр гаргах саналыг хүргүүлж байна” гэж тус тус дурдсан байх ба мөн өдрөөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/15 дугаар дүгнэлт гарсан үйл баримт тогтоогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасныг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь холбогдох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж ойлгох бөгөөд хариуцлагын хэм хэмжээг өөртөө агуулж буй зохицуулалт болох талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.
Гэтэл маргаан бүхий дүгнэлтийн үндэслэл болсон нутгийн захиргааны байгууллагын санал нь нутаг дэвсгэртээ уул уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхгүй байх талаар аймгийн ард иргэдийн санал бодлыг илэрхийлсэн, нутгийн иргэдтэй үл ойлголцол үүсч байгаагаас шалтгаалж үйл ажиллагаа эхлээгүй байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахыг хүссэн хүсэлт байх бөгөөд Засаг дарга нар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлсэн, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар гаргасан санал гэж үзэхээргүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д зааснаар “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” бүрэн эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нэхэмжлэгчийг хуулиар хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүй болохыг тогтоогоогүй, байгаль орчны төрийн хяналт шалгалт хэрэгжээгүй байгаа энэ тохиолдолд Засаг дарга нараас ирүүлсэн албан бичгийн агуулгаас зөрүүтэй “байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй” гэдэг үндэслэл заан нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасантай нийцээгүй байна.
Иймд зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/15 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд байгаль орчинд ямар аргаар хортой нөлөөлж байгаа, нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан ямар үүргээ хэрхэн биелүүлээгүй талаар захиргааны байгууллага тогтоогоогүй энэ тохиолдолд хуульд заасан үүргээ биелүүлсэн эсэх талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй.
Харин зохих ёсоор шалган тогтоож дахин дүгнэлт гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.
Түүнчлэн, дээрх хууль бус дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 429 дүгээр шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй тул хүчингүй болгосон нь зөв бөгөөд хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуульд заасан мэдэгдэх ажиллагаа хийгээгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргах тайлбар, нотлох баримттай танилцах үүргээ биелүүлээгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй ч маргаан бүхий шийдвэрийг хүчингүй болгох тэргүүн ээлжийн үндэслэл болж чадахгүй болно.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагч байгууллагуудаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон үг зүйн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 120 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Б т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/15 дугаар дүгнэлтийг, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 429 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.Лхагвасүрэн
ШҮҮГЧ О.НОМУУЛИН