Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 540

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э

Хариуцагч: Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингаа нөхөн гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

 Нэг.  Нэхэмжлэгч Б.Э 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О овогтой Б.Э нь төрийн албанд 26 жил ажилласан. 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр  удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн, 2013 оны 2 дугаар сарын 20-ны  өдөр Хүүхэд, гэр бүл Хөгжлийн хэлтсийн даргаар томилогдсон. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 9-ний ******* тоот тушаалаар намайг хэлтсийн даргын албан тушаалаас ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Байгууллагыг  өөрчлөн байгуулсан гэсэн нэрээр төрийн албан хаагчийг  үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулсан, миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, илт үндэслэлгүй тушаал гэж үзэж  байгаа тул Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын  2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” ******* тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө аймгийн хуучин Хүүхдийн төлөө газар гэж байсан. Одоо бол Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн төв болсон.  Миний үйлчлүүлэгч Б.Э 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Ө аймгийн Засаг даргын 07 тоот захирамжаар энэ газрын даргаар томилогдоод 2016  оны 12 дугаар сарын 09-ний 282 тоот тушаал гартал уг ажлыг гүйцэтгэж байсан. Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа ямар нэг сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Харин бүр идэвхтэй ажиллаж байсан. Сайдын гаргасан 282 дугаар тушаал өөрөө хууль зөрчсөн гэж харагддаг. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 “Төрийн алба мэргэшсэн тогтвортой байна” гэдгийг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасныг зөрчсөн. Сайд баримталсан зүйлдээ харин ч төрийн албан хаагчийн баталгаа гэсэн заалтыг баримтлан тушаалаа гаргасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд ажилтныг ажлаас халах үндэслэлийг заасан, сайд бол 27 дугаар зүйлийг баримтлаад төрийн албан хаагчийн баталгаа гэсэн заалтаар ажлаас нь чөлөөлсөн байдаг. Өөрөөр хэлбэл үндэслэлгүй гэж маргаж байгаа. Хариуцагчийн зүгээс тайлбар гаргахдаа хуулийн этгээдийг өөрчлөн байгуулсан гэсэн зөвхөн нэр дээр залуучуудын гэдэг үг нэмэгдсэнээр байгууллагыг өөрчлөн байгуулсан гэж үзэхгүй. Иргэний хуулийн 30, 31 дүгээр зүйлд хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах талаар тодорхой заасан. Энэ өөрчлөн байгуулсан тохиолдолд бүтэц орон тоо нь хэвээрээ байгаа буюу даргын албан тушаал хэвээрээ байгаа. Харин ч бүр орон тоо нэмэгдүүлсэн. Албан газрын нэршлийг бага зэрэг өөрчилснийг далимдуулж Н.Н сайдын тушаалаар төрийн албан хаагчдыг удаа дараа хоморголно халсан байдал харагдаж байна. Иймээс 2016 оны 12 дугаар 09-ний өдрийн ажлаас халах тухай 282 дугаар тушаалыг хүчингүй болгоод ажилдаа эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шаардлага гаргаж, нэхэмжлэлийг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байна” гэв.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, тайлбараа бичгээр өгсөн. Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Ө аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн батлах тухай 9 дүгээр тогтоол гарсан. Энэ 09 дүгээр тогтоолоор Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс гэж байсан энэ байгууллагыг өөрчлөн зохион байгуулж Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар болгосон. Ийнхүү өөрчлөн зохион байгуулагдсантай холбоотойгоор Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Б.Э гэдэг хүнийг чөлөөлсөн.

Харин шинээр байгуулагдсан Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргаар томилохоос сайд татгалзсан. Ийнхүү чөлөөлөхдөө хуулийн үндэслэл нь Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 буюу 24.2 , Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолыг тушаалынхаа үндэслэх хэсэгт баримталж шийдвэрээ гаргасан. Ийнхүү шийдвэр гаргах эрх хэмжээний хувьд хуучин Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль гэж байсан энэ нь 09 дүгээр сарын 01 ээс эхлээд хүчингүй болсон хууль байгаа. Энэ хуулиар хуучин Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс аймгийн, нийслэлийн засаг даргын дэргэдэх хүүхдийн төлөөх байгууллага гэдэг зүйл байсан.

Өөрөөр хэлбэл томилгоог аймаг, нийслэлийн засаг дарга хийдэг байсан. Засаг даргын бүтцийн байгууллага юм. Гэтэл энэ 09 дүгээр сарын 01 нд хууль өөрчлөгдсөнтэй холбоотой 2016 оны 09 дүгээр тогтоол гараад цоо шинээр буюу төсвийн ерөнхийлөн захирагч нь Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд байхаар хүүхдийн төлөө байгууллага, Хүүхдийн төлөө сувилал дээрээс нь Залуучуудын асуудлыг хариуцсан байгууллагыг шинээр зохион байгуулж сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамруулж өгсөн. Иймээс сайдад шинэ байгууллагын удирдлагыг томилох чөлөөлөх эрх хэмжээ нь бий болсон. Үүнийг би яагаад тайлбарлаад байна вэ гэхээр нэхэмжлэгч эрх хэмжээгүй этгээдийн гаргасан хууль бус асуудал гээд байгаа. Энэ талаар 2 шүүхийн шийдвэр гарсан. Энэ дээр сайд эрх хэмжээтэй юм байна. Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т өөрийн эрх мэдлийн хүрээнд хамаарах төрийн байгууллага албан газрын дарга, захирлыг чөлөөлөх эрхтэй байна. Энэ хүрээнд гарсан шийдвэрийг шийдвэрлэх эрх хэмжээтэй юм байна гэж үзсэн шийдвэрүүд гарсан байдаг. Яг чөлөөлсөн үндэслэлийн тухайд төсвийн ерөнхийлөн захирагч нь хуучин аймаг, нийслэлийн засаг дарга байсан гэтэл одоо сайд болчихсон. Дээрээс нь шинэ асуудлууд нэмэгдэж ирсэн.

Залуучуудын хөгжлийн тухай хууль батлагдсан, бодлого батлагдсан,  Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль батлагдсан, чиг үүрэг нь өөрчлөгдсөн иймээс шинэ байгууллага гэж үзсэн. Энэ байгууллагын даргаар Б.Э гэдэг хүнийг яагаад томилоогүй юм гэхээр Б.Э гэдэг хүний талаар ажилчдаас нь 09 сард гомдол ирсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан. Энүүгээр бол ёс зүйн хувьд боломжгүй нөхцөл байдлуудыг тавьсан байдаг. Энэ асуудлуудыг судлаад үзэхэд Төрийн албаны тухай хуулиар энэ хүнийг үргэлжлүүлэн томилж ажиллуулах ямар ч шаардлагагүй гэж үзсэн. Яагаад гэхээр энэ газрын даргаар сайд ажил олгогч, сайдын хувьд бол Төрийн албаны тухай хуульд заасан сонгоно шалгаруулалтыг явуулаад тухайн ажилд орон тоог нөхөх боломжтой. Учир нь шинэ байгууллага болохоор сонгоно шалгаруулалт явагдана. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх боломжгүй бөгөөд ажиллаж байгаа ажилд эргүүлэн томилох гэдэг маань хуучин 2006 оны 09 дүгээр тогтоолоор хүчингүй болчихсон Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн даргаар томилогдох шаардлага болж хувиран гэсэн үг гэтэл хэлтэс байхгүй цоо шинээр байгуулагдсан газар ажиллаж байгаа. Тэгэхээр хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар Б.Эийг томилон ажиллуулах боломжгүй учир нь сонгон шалгаруулалтад нэгээр гарч ирсэн хүн уг ажлын байранд ажиллах ёстой.

Дараагийн үндэслэл нь энэ хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал байна. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч буюу Б.Эийг ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гарсан. Энэ шийдвэрээ 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр албан бичгээр өгсөн байдаг. Энэ дээр Б.Э тухайн үед эсэргүүцсэн хариу тайлбар ирүүлээгүй байгаа юм. Тиймээс энэ хугацаанаас хойш тоолоод үзэхэд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах хугацаа, Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн байна энэ талаар нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ дээр няцаалт өгөхгүй байна. Иймээс дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ““Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын  09-ний өдрийн  “Ажлаас чөлөөлөх тухай” ******* тоот тушаалыг хүчингүй болгуула гэж тодорхойлж байгаад, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалингаа нөхөн гаргуулах” гэж нэмэгдүүлжээ.

        Нэхэмжлэгч 1998 онд  Төрийн захиргааны албан хаагчийн  тангараг өргөж, 2014  оны 7 дугаар сарын 31-ний өдөр удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд 77.9 оноогоор тэнцсэн байна. Ө аймгийн  Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн б/07 дугаар захирамжаар тус аймгийн Хүүхэд, гар бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар томилжээ.

           Монгол Улсын Их хурлын  2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолооор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн баталж, уг тогтоолын хавсралтаар “Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-ыг харъяалуулж, 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоожээ.

            Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын  яамнаас 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Засгийн газрын “Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 2016 оны 9 дүгээр тогтоолын дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг өөрчлөн байгуулсантай холбогдуулан Б.Эийг шинэчлэн байгуулагдсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд ажиллуулах боломжгүй болохыг мэдэгджээ.

            Хөдөлмөр, Нийгмийн  хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн  “Ажлаас чөлөөлөх тухай” ******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Ө аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажлаас чөлөөлжээ. Нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандаж гомдол гаргасан байх бөгөөд  Төрийн албаны зөвлөл 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн албан бичгээр“ шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн  өргөдлийн хариуг өгч, шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

             Нэхэмжлэгч тал байгууллагыг өөрчлөн байгуулсан гэдэг нэрээр төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж, хариуцагч тал  Ө аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн  ажилчдаас Б.Эийн  санхүү болон ёс зүйн зөрчлийн талаар сайдад гомдол ирсэн тул томилох шаардлагагүй гэж үзсэн гэж маргажээ.

           Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас халах тухай” ******* дугаар тушаалаар Б.Эийг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Монгол Улсын Засгийн газрын  2016 оны  “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолыг үндэслэл болгосон байна.

          Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заажээ. Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолын 15-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ...” гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд 31.1.Хуулийн этгээдийн хөрөнгийг өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллага, түүнчлэн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно” гэж заажээ.

            Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолоор Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг болох Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс байсан бөгөөд Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 4 дэх заалтаар Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг ажиллуулахаар тогтоосноос үзвэл өмнө байсан байгууллагыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэй болгосноос биш хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх зэргээр өөрчлөн байгуулаагүй байна. Мөн уг байгууллагуудын өмнө болон одоогийн бүтэц, орон тоог баталсан аймгийн Засаг даргын захирамж болон ажлын байрны тодорхойлолтуудаас үзвэл орон тоо нь хэвээр, гэр бүл, залуучуудын боловсрол, хөгжил төлөвшил, эрүүл мэнд, бие даан амьдрах ур чадварын өнөөгийн нөхцөл байдлыг судлан дүгнэж, дэмжих үйлчилгээг хөгжүүлэх цаашдын бодлого, төлөвлөлтийг боловсруулан батлуулж, талуудтай хамтран хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагаа нь хэвээр байх бөгөөд залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа өмнө нь хэрэгжиж байсан байх тул байгууллагын нэрэнд “залуучууд” гэсэн нэр нэмж орсноор тухайн байгууллагыг өөрчлөн байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

        Мөн нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, байгууллага нь өөрчлөн байгуулагдаагүй байх тул түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, эрх зүйн зөрчилтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Эийг Ө аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 5.942.929 /таван сая есөн зуун дөчин хоёр мянга есөн зуун хорин есөн/ төгрөгөөс ажилгүйдлийн тэтгэмжид авсан 1.658.335 /нэг сая зургаан зуун тавин найман мянга гурван зуун гучин таван/ төгрөгийг хасаж нийт 4.284.594 /дөрвөн сая хоёр зуун наян дөрвөн мянга таван зуун ерэн дөрвөн/ төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж, Б.Эт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн CD дуу дүрсний шаардлага хангахгүй байсан болохыг дурьдах нь зүйтэй байна.           

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн 27.2.1, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн 36.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Эийг Ө аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Эийн  ажилгүй байсан хугацааны цалин 5 .942.929 /таван сая есөн зуун дөчин хоёр мянга есөн зуун хорин есөн/ төгрөгөөс ажилгүйдлийн тэтгэмжид авсан 1.658.335 /нэг сая зургаан зуун тавин найман мянга гурван зуун гучин таван/ төгрөгийг хасаж нийт 4.284.594 /дөрвөн сая хоёр зуун наян дөрвөн мянга таван зуун ерэн дөрвөн/ төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЧАНЦАЛНЯМ