Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1175

 

Л.Оюунцэцэг, Т.Басар, Т.Билгүүн нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

    

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2016/02855 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч  Л.Оюунцэцэг, Т.Басар, Т.Билгүүн нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Гийгиймаад холбогдох

 

2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн газар өмчлөлөөс хамтран өмчлөгчийн хасах хэлцэл, газар өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Эрдэнэцэцэг, түүний өмгөөлөгч Д.Батнаран нарын гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Оюунцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу нэхэмжлэгч Т.Билгүүн, Т.Басар нарын өмгөөлөгч Т.Урангэрэл

Нэхэмжлэгч буюу нэхэмжлэгч Т.Билгүүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Басар

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Эрдэнэцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Л.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хүү  Т.Басар, Т.Билгүүн нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 45 дугаар гудамжны 35 тоот дахь гэр бүлийн хэрэгцээний 507 м.кв газрын өмчлөгчөөр 2007 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт Г-2201006935 дугаарт бүртгүүлэн гэрчилгээ авсан. Чингэлтэй дүүргийн нотариатч Б.Гийгиймаа 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бидний зөвшөөрлийг авалгүй, бид нотариатч дээр очоогүй байхад газар өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл хийж Т.Басар. Т.Билгүүн нарыг гадаадад суралцах болсон тул хэмээн газрын хамтран өмчлөгчөөс хассан хэлцэл хийж  мөн өдрөө уг газарт хамтран өмчлөгчөөр Л.Эрдэнэцэцэгийн охин Б.Цэлмэгийг нэмж оруулах хэлцэл хийжээ.  Б.Гийгиймаагийн  үйлдэл нь нотариатын тухай хуулийг зөрчсөн. Т.Басар, Т.Билгүүн нарын төрсний гэрчилгээг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргаас олгосон байхад нотариатчийн ашигласан төрсний гэрчилгээ нь Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар олгожээ. Миний бие 2006 онд иргэний үнэмлэхээ гээгдүүлж 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдөр УБ0738035 дугаартай иргэний үнэмлэх дахин авсан байхад УБ0401272 дугаартай хүчингүй болгуулсан иргэний үнэмлэхээр нотариатын үйлдэл хийсэн байна. Т.Басар нь 2007 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 16 нас хүрч мөн оны 07 дугаар сарын 25-ны өдөр УБ0868218 дугаартай иргэний үнэмлэх авсан байхад хуурамч төрсний гэрчилгээ ашиглаж хэлцэл хийсэн гэжээ.

 

            Нэхэмжлэгч Т.Билгүүн, Т.Басар нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нотариатын үйлдэл хийхэд оролцоогүй. 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний үнэмлэхээ авсан байхад төрсний гэрчилгээг үндэслэж нотариатын үйлдэл хийсэн. Нотариатын үйлдэл хийх үед бид хөдөө болон гадаад улс руу яваагүй байсан. Иймд 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн газар өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл, газар өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Гийгиймаа шүүхэд гаргасан  тайлбартаа:  2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 45 дугаар гудамж 35 тоот дахь Г-2201006935 дугаартай 507 м.кв газраас өмлөгч болох Т.Басар, Т.Билгүүн нарыг газар өмчлөлөес хасах хэлцлийг баталсан. Хуульд заасны дагуу Т.Басар, Т.Билгүүн нар насанд хүрээгүй байсан тул тэднийг төлөөлөн эх Л.Оюунцэцэг гэрээ болон нотариатын дэвтэрт гарын үсэг зурсан. Мөн тухайн өдөр үйлчлүүлэгч Л.Оюунцэцэг газар өмчлөлд нэмэх хэлцэл хийж Б.Цэлмэгийг нэмэгдэж орохыг зөвшөөрч гарын үсэг зурсан. Б.Цэлмэг мөн насанд хүрээгүй байсан тул хамтран өмчлөгчөөр нэмэх хэлцэлд түүний эх Л.Эрдэнэцэцэг төлөөлөн зурсан. Нотариатын дээрх үйлдэл нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

             Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Эрдэнэцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2002 онд Л.Оюунцэцэгтэй тохиролцож Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 45 дугаар гудамж 35 тоот дахь Г-2201006935 дугаартай 507 м.кв газрыг авсан. Уг газрын авахад Л.Оюунцэцэгийн оруулсан хувь нэмэр байхгүй. Олон удаа учирлаж гуйсны эцэст 2007 оны 09 дүгэзр сарын 18-ны өдөр нотариат дээр хамт очиж гэрээ хийсэн. Т.Басар, Т.Билгүүн нарын төрсний гэрчилгээ хуурамч эсэх талаар мэдэхгүй. Нотариатч хуулийн дагуу гэрээг баталсан тул нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэжээ.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Цэлмэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнаран шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн газрын өмчлөлөөс хамтран өмчлөгчийг хасах хэлцэл, газар өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хийхэд Л.Оюунцэцэг болон Л.Эрдэнэцэцэг нар байлцсан бөгөөд Чингэлтэй дүүргийн нотариатч Б.Гийгиймаа гэрчилсэн. Б.Цэлмэг нь 1992 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн 17 настай, иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй учраас түүнийг эх нь төлөөлж оролцсон. Нотариатч Б.Гийгиймаа нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй. Л.Оюунцэцэг нь нотариатын үйлдэл хийхэд очоогүй гэх боловч 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 14 дүгээр тойргийн нотариатч уг газарт хамтран өмчлөгчөөр Л.Болдбаатарыг нэмж, Л.Оюунцэцэгийг хассан. Л.Оюунцэцэг нь өөрөө хасагдсан гэдгээ мэдсэн учраас 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Л.Болдбаатар өмчлөгчөөс хасагдсан. Энэ нь Улсын бүртгэлйн газрын лавлагаагаар нотлогдоно. Л.Оюунцэцэгийн иргэний үнэмлэхийг харьцуулан харвал 2 өөр гарын үсэгтэй байдаг бөгөөд баруун, зүүн аль гараараа хэрхэн гарын үсгээ зурсан талаар мэдэхгүй ч илт өөр байна. Мөн ургийн овог 2 өөр бөгөөд хүчингүй болсон иргэний үнэмлэх УБ0401272 гэдэг дугаартай, Боржигон гэдэг овогтой гарын үсэг баруун тийш налуу байдаг, харин дахин авсан үнэмлэх УБО738035 гэсэн дугаартай Өөлд гэдэг ургийн овогтой байдаг. Энэ талаарх баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсээс гаргуулахаар шүүгчийн захирамж гарсан боловч захирамжид заагдсан ажиллагааг бүрэн ирүүлээгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний гэр бүлийг бүртгэх тухай иргэдэд олгосон зөвлөмж байдаг бөгөөд үүнд ургийн овог, эцэг, эхийн нэрийг хэрхэн яаж өөрчилж бүртгэдэг талаар дурдсан байсан. Гарын үсэгтэй холбоотой шинжээчийн дүгнэлт нийт 4 удаа гарсан бөгөөд 3 дахь шинжээчийн дүгнэлтээр Л.Эрдэнэцэцэгийн бичгийн хэвийг аваагүй атлаа Л.Эрдэнэцэцэгийн гарын үсэг гэж дүгнэлт гаргасан. Т.Басар 2010 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчний 45-35 тоот орон сууцны 2 өмчлөгчийн хамтаар өмчлөх эрхээ 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хамтран өмчлөгчөөр хасуулсан хэлцлээр тус тус шилжүүлжээ. Л.Оюунцэцэг нь 2012 онд хэлцэлтэй холбоотой асуудлыг мэдсэн нь үндэслэлгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, Нотариатын тухай /1997 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 1-ийн 3 дахь хэсэгт зааснаар 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 45 дугаар гудамжны 35 тоот дахь гэр бүлийн хэрэгцээний 507 газраас Т.Басар, Т.Билгүүн нарыг газар өмчлөлөөс хамтран өмчлөгчийг хасах хэлцэл, 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 45 дугаар гудамжны 35 тоот дахь гэр бүлийн хэрэгцээний 507 газарт Б.Цэлмэгийг хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцлийг хүчин төгөлдөр бус болгохыг тогтоож, дээрх гэрээ хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч нарын 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Гийгиймаагаас 70 200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.  

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Л.Оюунцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул үүнийг нотлох баримтыг гаргуулахаар шүүхэд удаа дараа хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан. Мөн бидний гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй. Л.Оюунцэцэг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 45 дугаар гудамжны 35 тоот газрыг нэрийг шилжүүлснийг 2012 онд анх мэдсэн гэж шүүхэд худал мэдүүлэг өгсөн. Гэтэл 2010 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Л.Оюунцэцэг, 2010 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Т.Басар, Т.Билгүүн нарт Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн архиваас гаргасан эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаанд маргааны зүйл болсон газрыг 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр болон 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн тухай бичсэн. Л.Оюунцэцэг 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн газрын албанд гаргасан өргөдөлдөө “өөрийн газаргүй” гэж бичсэн байдаг. 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр маргааны зүйл болсон газрыг шилжүүлэх 2 дахь хэлцэлд Сонгинохайрхан дүүргийн нотариатч дээр Л.Оюунцэцэг бичиг баримттай ирж гарын үсгээ зурсан. Энэ үед Л.Оюунцэцэг 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн нотариатын үйлдлийн талаар мэдэж байсан боловч юу ч хэлээгүй. “Л.Оюунцэцэг 2006 онд иргэний үнэмлэхээ гэрээсээ алдсан” гэж хүү Т.Басар нь мэдүүлсэн боловч Иргэний бүртгэлийн газраас ирүүлсэн баримтад “автобусанд цүнхээ зүслүүлээд алдсан” гэж зөрүүтэй мэдүүлсэн. Иргэний үнэмлэхээ гээгдүүлээгүй байж худал мэдүүлсэн. Ургийн овгийг өөрчлөхөд ижил ургийн овогтой хүмүүсийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийг нотариатаар баталгаажуулан, цагдаа болон ШШГЕГ-н тодорхойлолт гэх мэт нэлээд бичиг баримт хавсаргах журамтай атал Л.Оюунцэцэг ямар ч бичиг баримт бүрдүүлээгүй ургийн овгийг солиулсан байна. Яг үүнтэй адил Т.Басар, Т.Билгүүн нарын Баянзүрх дүүргээс хэн хэзээ, ямар материал бүрдүүлэн авсан нь тодорхойгүй байна. Л.Оюунцэцэг нь гарын үсэг дуурайлган зурж сурсан нэгэн. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, гарын үсгийн дүгнэлт үнэн зөв гараагүй юм. Шүүх нотариатын үйлдэл 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хийгдсэн бөгөөд Нотариатын тухай /1997 оны/ хуулийг баримталж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 104 тоот тушаалаар нотариатын тойргийг харьялалыг дүүрэг тус бүрээр байсныг нийслэл нэг тойрогтой байхаар зохицуулсны дагуу нийслэлийн нотариатчид нийслэлийн 9 дүүргийн үл хөдлөх хөрөнгийг дүүрэг хамааралгүй гэрчилдэг болсон талаар шүүх хуралдаанд тайлбарласан боловч 1997 оны хуулийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Цэлмэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнаран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй. Нотариатын үйлдэл хийхэд ашигласан Т.Басар, Т.Билгүүн нарын бичиг баримт болох төрсний гэрчилгээг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас олгосон байсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх ББНШАЗК-ын 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаар хурлаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн иргэний баримтын хадгалах хугацаа дууссан, лавлагаа мэдээллийн ач холбогдолгүй баримтыг устгахаар ялгасан актын тоонд 1994-2008 оны иргэний үнэмлэх үрэгдүүлсэн иргэдийн жагсаалт орсон, Т.Басар, Т.Билгүүн нарт Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас олгосон гэх бичиг баримт устгагдсан болох нь Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 8/1658 тоот албан бичгээр нотлогдож байна гэж шүүх дүгнэсэн. Гэтэл уг албан бичигт “2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 79/24ч дугаартай захирамжид дурдсан акт устсан болохыг дурдан устгах хэргийн акт 2013.04.18 гэсэн мэдээллийн ач холбогдолгүй дараах актыг устгахаар болов гээд 2 дахь хэсэгт 1994-2008 гэсэн огноотой хэргийг доогуур нь зурж 2012 оны нийт 330 кг хэргийг устгахаар тогтов” гэсэн акт ирүүлсэн. Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн албан бичиг нь чухам ямар баримт устгасан болох нь тодорхойгүй байхад шүүх албан бичгээр нотлогдож байна гэж дүгнэсэн. Мөн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан хойшлуулах тухай 7924/Ч дугаар захирамжид хариуцагч Б.Гийгиймаа шүүх хуралд ирээгүй байх тул 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 13 цаг хүртэл хойшлуулахаар тусгасан байхад уг захирамжийн үндэслэн УБЕГ болон БЗДБХ-т чухам ямар захирамжийг хүргүүлсэн нь ойлгомжгүй, шүүх хурал хойшилсон захирамжид лавлагаа баримт гаргуулах талаар тусгагдаагүй байхад Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэс нь 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 8/1685 тоот албан бичгийг шүүхэд ирүүлсэн. Шүүх энэхүү албан бичгийг нотолгооны ач холбогдолтой гэж үзсэн нь хууль зөрчмж авсан баримтаа иш үндэс болгож нотолгооны хэрэгсэл болгосон. Нэхэмжлэгч Л.Оюунцэцэг нь 2014 оны анхан шатны шүүх хуралд 2006 онд иргэний үнэмлэхээ гэрээсээ алдсан” гэж тайлбарласан атал Иргэний бүртгэлийн газраас ирүүлсэн баримтад “автобусанд цүнхээ зүслүүлээд алдсан” гэж зөрүүтэй байна. Л.Оюунцэцэг нь иргэний үнэмлэхээ алдсан, алдаагүй мэтээр 2 өөр зүйлийг ярьж шүүхийг төөрөгдүүлж үнэн зөв тайлбар өгөх үүргээ биелүүлээгүй. Л.Оюунцэцэг 2 өөр овогтой, илт 2 өөр гарын үсэг бүхий 2 иргэний үнэмлэх хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч Л.Оюунцэцэгийн энэхүү 2 өөр гарын үсгүүд илт өөр зурагдсан байдаг. Л.Оюунцэцэг нь 2012 онд газар шилжсэн гэдгийг мэдээд шүүхэд хандсан гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын ЭХЭБГ-ын 2010 онб 02 дугаар сарын 19-ний өдрийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, хилчний 45-35 тоотод орих газрын хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцлээр шилжүүлсэн байна гэсэн лавлагааг Л.Оюунцэцэг өөрөө гаргуулан авснаас үзэхэд мөн л шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүргээ биелүүлээгүй. Анх 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр эхний хэлцэл хийгдсэн байдаг, дараагийн 2 дахь хэлцэл буюу 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14 дүгээр тойргийн нотариатчийн гэрчилсэнээр хамтран өмчлөгчөөс Л.Оюунцэцэг өөрөө хасагдсан атал өмнөх хэлцлийг яагаад мэдэхгүй байх үндэслэлгүй. Гэтэл шүүх энэхүү шалтгаан нөхцөлийг зөв тогтоохгүй нэхэмжлэлийг хангасанд  гомдолтой байна. 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн УБЕГ-ын ЭХЭБ-н архиваас гаргаж өгсөн баримтад Л.Оюунцэцэг 2007 оны 08 дугаар сарын 29-ний өдөр УБЕГ-т бүрдүүлэн өгч энэхүү газрын гэрчилгээг гаргуулсан байдаг. Энэ нотлох баримтаас үзэхэд 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нотариатч Б.Гийгиймаагийн гэрчилсэн Л.Оюунцэцэгийн бичиг баримттай таарч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

   Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

  

   Нэхэмжлэгч Л.Оюунцэцэг нь хариуцагч Б.Гийгиймаад холбогдуулан 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар өмчлөлөөс хамтран өмчлөгчийг хасах хэлцэл”, “Газар өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах” хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцлээр тогтоолгох, уг хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нотариатын үйлдлийг хуулийн дагуу, хэлцэл хийгч талуудын байлцуулан хийсэн гэж маргажээ.

 

   Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ газрын өмчлөлөөс хамтран өмчлөгчийг хасах, газар өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлүүдийг  байгуулахад өөрөө биеэр байлцаж хүсэл зоригоо илэрхийлээгүй, өөрийнх нь гарын үсгийг дурайлган зурсан, хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцлүүд байхаас гадна нотариатч Б.Гийгиймаа нь Нотариатын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, хэлцлийн нэг талыг байлцуулахгүйгээр хууль зөрчсөн хэлцлийг гэрчилсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ. 

 

   Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 45 дугаар гудамжны 35 тоот, 18630311242259 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 507 м.кв газрын өмчлөгчөөр Л.Оюунцэцэг, Т.Басар, Т.Билгүүн нар бүртгэгдсэн болох нь хэргийн 15 дугаар талд авагдсан гэрчилгээгээр тогтоогдсон байна.

 

   Газрын өмчлөлөөс  хамтран өмчлөгчийг  хасах тухай  2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хэлцлээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 45 дугаар гудамжны 35 тоот газрын өмчлөгчөөс Т.Басар, Т.Билгүүн нарыг хасаж, мөн өдрийн хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл хийн уг газрын хамтран өмчлөгчөөр Б.Цэлмэгийг нэмж бүртгэсэн үйлдлийг нотариатч Б.Гийгиймаа гэрчилсэн байна./1 дүгээр хавтас 12,16х/

  

   Нэхэмжлэгч Л.Оюунцэцэг нь газар өмчлөлөөс хамтран өмчлөгчийг хасах, газар өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлүүдэд гарын үсэг зураагүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

   Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргахаар заасан. Дээрх хэлцэлд тавигдах хэлбэрийн шаардлагын дагуу нотариатч Б.Гийгиймаа нь хэлцлүүдийг гэрчлэхдээ  Нотариатын тухай /1997 оны/ хуулийн 28 дугаар зүйлд зааснаар үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 4-т зааснаар нотариатаар гэрчлүүлэх  бичиг баримтын үнэн зөв эсэхийг хянах болон уг хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн сайдын баталсан Нотариатын үйлдлийг эрхлэн хийх заавар зэргийг зөрчсөн гэж үзэж нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Гагцхүү анхан шатны шүүхээс нотариатын үйлдлийг хүчингүйд тооцохдоо Нотариатын тухай хуулийн /1997 оны/ 32 дугаар зүйлийн 1-ийн 3 гэх тухайн маргаанд хамааралгүй заалтыг шийдвэрийн хууль зүйн үндэслэлд болгон заасныг залруулж Нотариатын тухай /1997 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

  

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Л.Эрдэнэцэцэг, Б.Цэлмэг нар оролцжээ.

 

Нэхэмжлэгч нь дээр дурдсан газар өмчлөлөөс хамтран өмчлөгчийг хасах, газар өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тодорхойлсон нь нэхэмжлэлийн шаардлага гэхээсээ илүү, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хамаарах бөгөөд энэ үндэслэл нь нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагад шууд хамааралгүй  байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдлийг хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байдаг. Хэрэв нэхэмжлэгч буюу хэлцлийн нэг тал болохын хувьд Л.Оюунцэцэг, Т.Басар, Т.Билгүүн нар нь хэлцэл хууль зөрчсөн тул үр дагаврыг арилгуулах агуулгатай шаардлага гаргаж байгаа бол уг шаардлага нь нотариатчид хамааралгүй бөгөөд хэлцлийн талуудад хамааралтай юм.

  

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт “шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй” гэж заасныг анхан шатны шүүхээс зөрчиж, маргаан бүхий хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байхыг тогтоож шийдвэрлэснийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2016/02855 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нотариатын тухай /1997 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 45 дугаар гудамжны 35 тоот дахь гэр бүлийн хэрэгцээний 507 м.кв газраас Т.Басар, Т.Билгүүн нарыг газар өмчлөлөөс хамтран өмчлөгчийг хасах хэлцэл, 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 45 дугаар гудамжны 35 тоот дахь гэр бүлийн хэрэгцээний 507 м.кв газарт Б.Цэлмэгийг хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Эрдэнэцэцэг, түүний өмгөөлөгч Д.Батнаран нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Эрдэнэцэцэгийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                             Т.ТУЯА

                                                               Ш.ОЮУНХАНД