| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2016/00279/И |
| Дугаар | 146/ШШ2016/00281 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 146/ШШ2016/00281
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг, Арцат 4-6 тоотод оршин суух, 1955 онд төрсөн, 61 настай, Багш овгийн Самданэгийн Ичинхорлоо,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг, Арцат 4-6 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, 57 настай, Баатар овгийн Авирмэдийн Батболд нарын хүсэлттэй,
Үрчлэлт хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Ичинхорлоо, нарийн бичгийн дарга Б.Хулангоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Ичинхорлоо, А.Батболд нар шүүхэд гаргасан хүсэлтэдээ: “...Авирмэд овогтой Батболд, Самдан овогтой Ичинхорлоо бид нар 2011 оны 08 дугаар сарын 01-нд Боржгон овогт Ёндонгийн Бямбадорж, Балган овогтой Буянцогийн Нарантуяа нарын хүү 2010 оны 08 дугаар сарын 02-нд төрсөн Бямбадоржийн Билгүүнийг амьдралын шаардлагаар үрчлэн авсан билээ. Төрсөн ээж аав нь БНСУ-д ажиллаж амьдарч байгаад одоо эх орондоо ирсэн тул төрсөн хүүг нь эх эцэгт нь буцааж өгөх шаардлагатай болсон тул үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү. Мөн төрсөн эцэг эх нь үрчлэлтийг хүчингүй болохыг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзээд үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
Хүсэлт гаргагч С.Ичинхорлоо шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2006 онд миний охин Нарантуяа Солонгос улсад ажиллахаар явсан. 2010 онд хүү төрүүлсэн. Төрчихөөд сар гарангийн дараа халуураад бие нь өвдөөд хүүхдээ надруу явуулсан. Эмнэлэгт үзүүлсэн чинь хийсвэр хийсэн тариа нь нуруундаа идээлээд нурууны ясны сүрьеэ болсон гэсэн. 3 жил Солонгост эмчлүүлж арай хийж босч ирсэн. 2010 оны 10 дугаар сарын 10-нд 2 сартай байсан хүүхдийг авч өсгөсөн. 2013 онд Нарантуяа Монголд ирсэн. Одоо үргэлжлүүлээд эмчлүүлж байгаа. Ажил хийх чадвараа алдсан. Тэр үед нь эмч нар ээжийнх нь бие муу бараг өнгөрчих байх гэж ярьдаг байсан. Тэгээд бид нар хүүхдийг нь очиж уулзуулъя гээд везинд орсон чинь овог өөр болохоор явуулахгүй байсан. Нэг хараар даруулсан. Тэгээд өөрийн хүүхдээ болгоод үрчилж аваад ээжтэй нь уулзуулж байсан. Иймд одоо үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Б.Нарантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: “...Буянцог овогтой Нарантуяа миний бие Бүгд найрамдах Солонгос улсад 2010 оны 08 дугаар сарын 02-нд хүү Билгүүнийг төрүүлсэн. Тэгээд төрөлтийн улмаас хүндээр өвдөж хүүхдээ асрах боломжгүй болж 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн ээж С.Ичинхорлоод Бүгд найрамдах Солонгос улсаас явуулсан билээ. Тэр үеэс биеийн байдал улам муудаж хэвтэрт орж өвдсөн тул ээжийгээ хүүхэдтэйгээ Бүгд найрамдах Солонгос улсын визинд оруулж Солонгос руу явах гэсэн боловч зөвшөөрсөн хариу гаргаагүй билээ. Ингээд өөрийн хүү Билгүүнийг өвөө эмээ нь болох А.Батболд, С.Ичинхорлоо нарт өргүүлсэн. Учир нь Солонгос улс руу визинд оруулах гэж мөн бие маань муу байсан тул хүүхэдтэйгээ уулзах гэж овгийг нь сольж өргүүлсэн нь үнэн билээ. 2013 оны 06 дугаар сард миний бие эх орондоо ирж өөрийн хүү Билгүүнийг өөрөө асран хамгаалж байгаа тул хүсэлтийг минь харгалзан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсье. Мөн Билгүүнийг төрсөн эцэг С.Бямбадорж нь одоог хүртэл Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа тул төрсөн эх Б.Нарантуяа миний бие төлөөлөн хүсэлт гаргаж байна. Бидний хүү Билгүүнийг төрсөн эцэг Бямбадорж төрсөн эх Нарантуяа бидэнд буцаан үрчлүүлэх шийдвэр гаргаж өгч туслана уу...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Ичинхорлоо, А.Батболд нар нь “Үрчлэлт хүчингүйд тооцуулах” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг дараахь үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Үүнд:
Б.Нарантуяа нь хүү Билгүүнийг 2011 онд үрчлүүлсэн болох нь хүсэлт гаргагч нарын шүүхэд гаргасан тайлбар, №0007978 дугаартай хүүхэд үрчлэлтийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.
Б.Нарантуяа нь төрсөн эцэг А.Батболд, эх С.Ичинхорлоо нарт Билгүүнийг үрчлүүлсэн ба одоо төрсөн эх Б.Нарантуяатай өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа болох нь А.Батболд, С.Ичинхорлоо нарын шүүхэд гаргасан тайлбар болон хүсэлт гаргагчийн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан тайлбар зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар Б.Билгүүнийг Авирмэдийн Батболд, Самдангийн Ичинхорлоо нарт 2011 оны 08 дугаар сарын 01-нд үрчилснийг хүчингүйд тооцсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН