| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 197/2025/35682/И |
| Дугаар | 210/МА2026/00452 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00452
2026 02 27 210/МА2026/00452
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 197/ШШ2026/00978 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,084,978.18 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3,084,978.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: Талуудын хооронд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний 4.8-д худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулахаас өмнөх хугацааны ашиглалтын зардал буюу ус, дулаан, цахилгаан, СӨХ, ...татвар, хураамжийг худалдагч тал төлөх үүрэгтэй гэж заасан боловч ******* орон сууцыг шилжүүлж өгөхдөө 2022 оны 02 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны конторын зардал болох 1,346,301.18 төгрөг, 2023 оны 03 дугаар сараас 2025 оны 01 сар хүртэлх СӨХ-ны зардал болох 1,738,677 төгрөгийг тус тус төлөөгүй байх тул гаргуулна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: орон сууцны конторт өр төлбөргүй, бүрэн төлсөн. СӨХ-ны зардлыг миний төрсөн эхийн эрүүл мэндэд учирсан хохиролд тооцож төлөхгүй байхаар тус СӨХ-ны дарга болон байцаагч нартай тохиролцсон, нэхэмжилсэн үнийн дүн зөрүүтэйгээс гадна анх гэрээ байгуулах үедээ дээрх нөхцөл байдлыг танилцуулсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан гэж тайлбарлаж, талууд маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.Талууд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан, гэрээгээр Худалдагч болох ******* эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* хороо, хороолол, гудамж, байр, байрлах, 76.35 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Худалдан авагч болох ******* орон сууцны үнэ 240,000,000 төгрөг төлөхөөр тохирсон;
3.2.Гэрээний дагуу худалдан авагч үнийг бүрэн төлсөн, худалдагч тал үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг *******д шилжүүлж, орон сууцыг хүлээлгэн өгсөн үйл баримтад зохигчид маргаагүй, хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдсон.
4.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.
Худалдах худалдан авах гэрээний үндсэн үүргийн хэрэгжилт энэ маргааны зүйл болоогүй харин гэрээний 4.8-д заасан зардлыг худалдагч нь худалдан авагчид төлөх үүрэгтэй эсэх нь маргааны үндэс болсон байна.
5.Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж чадаагүй байна. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.
5.1.Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болгосон худалдах худалдан авах гэрээний 4.8 дахь хэсэгт Худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулахаас өмнөх ашиглалтын зардал /ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабель, интернэтийн төлбөр гэх мэт/ болон татвар, хураамжийг худалдагч тал төлөх үүрэгтэй. гэж заажээ.
Гэрээний энэхүү заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан аргаар, үгийн шууд утгаар тайлбарлавал төлөгдөөгүй орон сууцны хэрэглээний зардлыг хариуцагчаас шаардах эрхийг нэхэмжлэгчид үүсгээгүй байна. Тодруулбал: гэрээний уг зохицуулалтаар худалдагч орон сууцны төлөгдөөгүй хэрэглээний зардлыг худалдан авагчид төлөх агуулга тусгагдаагүй, харин худалдагч төлбөл зохих төлбөрийг шаардах эрх бүхий этгээдэд төлсөн байх үүрэг ногдуулсан шинжтэй зохицуулалт байна.
5.2.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дахь хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргийг сууц өмчлөгч хүлээхээр зохицуулсан.
Хуулийн дээрх зохицуулалтаас гадна Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.3, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар сууц өмчлөгч эрх бүхий холбогдох байгууллагад ашиглалтын төлбөрийг төлөх үүргийг хүлээлгэсэн байна.
Нэхэмжлэгч дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 1,738,677 төгрөг, мөн орон сууцны хэрэглэсэн ус, дулааны төлбөр 1,493,578 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч дээр дурдсанаар хуулиар шаардах эрхтэй этгээдээс /контор, СӨХ/ нэхэмжлэгчид шаардах эрхийг шилжүүлж олгосон талаарх баримт авагдаагүй.
5.3.Анхан шатны шүүхээс хэрэглээний зардал төлөгдөөгүй байдлыг худалдах худалдан авах гэрээний доголдол гэж үзэж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тогтмол төлөгдөх хэрэглээний зардлыг төлөөгүй байдал Иргэний хуулийн 251, 252 дугаар зүйлд заасан биет байдлын болон эрхийн доголдлын алинд ч хамаарахгүй.
Иймд нэхэмжлэгч хариуцагчаас орон сууцны хэрэглээний зардлыг шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоос энэ хэсгийг хангана.
6.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 197/ШШ2026/00978 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул *******д холбогдох гэрээний үүрэгт 3,084,978.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 64,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
О.ОДГЭРЭЛ