Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 216/МА2026/00004

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 216/МА2026/00004

 

 

 

О.М нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

         Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

           Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 306/ШШ2025/00434 дугаар шийдвэртэй,

           Нэхэмжлэгч О.М нэхэмжлэлтэй

           Хариуцагч А.А,

           Хариуцагч Н.А нарт холбогдох

        Нэхэмжлэлийн шаардлага: Шатахууны төлбөрт 38,400,000 төгрөг, гар утасны төлбөрт 900,000 төгрөг нийт 39,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхмаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхмаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу /цахимаар/, нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

             Би 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс “Г г” ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллаж эхэлсэн. Намайг эрхлэгчээр ажиллах хугацаанд А.А нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 3 тонн түлшийг 3,980 төгрөгөөр, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 3 тонн түлш, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 3 тонн болон 3,4 тонн түлш нийт 6,4 тонн түлш, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 3 тонн түлш, нийт 5 удаа 15,4 тонн түлшийг зээлээр худалдаж авсан байдаг. Үүнээс 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 3 тонн түлшний 11,940,000 төгрөгийг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний орой 400 л түлшний мөнгө 1,560,000 төгрөгийг тус тус төлсөн. Миний хувьд А.А түлш зээлэхдээ хуурай ах гэж итгэсний үндсэн дээр ямар нэгэн гэрээ хийгээгүй бөгөөд 1 л түлшний үнийг 3,850 төгрөгөөр тохирч амаар хэлцэл хийж дур мэдэн зээлсэн байдаг. Намайг манай компани их хэмжээний түлшийг дур мэдэж зээлсэн гэж цагдаагийн байгууллагад хандсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад А.А нь 7,800,000 төгрөгийг төлсөн.  А.А нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хооронд зээлсэн 15,4 тонн түлшнээс 3,4 тонн түлшний мөнгийг төлж, үлдэх 12 тонн түлшний төлбөр нь 46,200,000 төгрөг болсон байсан ба энэхүү асуудлыг цагдаагаас шалгах хугацаанд 7,800,000 төгрөгийг төлсөн. ...Өмнө нь нэхэмжлэл гаргахдаа түлшний төлбөрийг буруу тооцсоны улмаас 2,336,850 төгрөгийг дутуу нэхэмжилсэн учраас нэмэгдүүлсэн байгаа. Одоо зээлсэн түлшний төлбөр нь 38,400,000 төгрөг үлдсэн. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, байгууллагад 36,063,150 төгрөгийн хохирлыг төлөхөөр шийдвэрлэсэн. ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад 7,800,000 төгрөг, 3,500,000 төгрөгөөр нийт 11,300,000 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэлийн дүнгээс 3,500,000 төгрөг хасагдана. Тэгэхээр үлдэгдэл шатахууны төлбөрт 38,400,000 төгрөг нэхэмжилж байна. ...Мөн 2022 онд А.А ах дүүгийн харилцаатай байхдаа түүнд утас зээлээр авах хэрэгтэй байна гэхэд нь ээжээрээ “Балдан засаг” захын гар утасны худалдагчтай яриулж, өөр дээрээ зээл гаргуулж, I phone 12 утсыг 2,900,000 төгрөгөөр авч өгсөн. Энэхүү утасны төлбөрөөс А.А урьдчилгаа 1,500,000 төгрөг, түүний ээж нь төлбөрт 500,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг тус тус төлж үлдэгдэл 900,000 төгрөгийг төлөөгүй тул би түүний өмнөөс төлсөн.

           Иймд, хариуцагч А.А зээлээр худалдсан шатахууны төлбөрт 38,400,000 төгрөг, гар утасны зээлийн төлбөрийн үлдэгдэл 900,000 төгрөг, нийт 39,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч А.А татгалзал, тайлбарын агуулга:

          Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 5 удаагийн худалдан авалт байгаа. Хэзээ хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн талаар тодорхой хэлээд явъя. Нэгдүгээрт, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 3 тонн түлш авсан. Энэ түлшний 11,400,000 төгрөгийн төлбөрийг О.Н гэдэг хүн О.М дансанд шууд хийж төлсөн. Үүн дээр аль аль нь маргаангүй, төлөгдсөн. Хоёр дахь худалдан авалт нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 3 тонн түлшийг Н.Г гэдэг хүнд авч өгч, Н.Г төлбөр болох 10,950,000 төгрөгийг О.М - дугаар дансанд 07 дугаар сарын 27-ны өдрөө шууд шилжүүлсэн. Гурав дахь худалдан авалт 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 3 тонн түлшийг хариуцагч А.А өөрөө авсан. Энэ 3 тонн түлшний үнэ болох 11,300,000 төгрөгөөс 7,800,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, 3,500,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шатахуун түгээгч М бэлнээр хүргэж өгсөн. Дөрөв дэх худалдан авалт 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 3 тонн түлш авч, 10,800,000 төгрөг төлөгдсөн. Үүнийг Н.Г авсан ба 08 дугаар сарын 02-ны өдөр А.А эхнэр Б.Б данс руу хийсэн. Б.Б энэ орж ирсэн мөнгөн дээр нэмээд “Г г” ХХК-ийн - тоот данс руу 12,076,920 төгрөгийг шилжүүлсэн. Энэ дансны хуулгыг өнөөдөр сая гаргаж өгсөн. Тав дахь худалдан авалт 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 3,4 тонн түлш авсан. Энэ түлшний төлөлтийг Б.Б данснаас мөн өдөр нь “Г г” ХХК-ийн - тоот данс руу 7,726,409 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд дээр дурдсан 5 худалдан авалтын төлөлтийн нийт мөнгийг нэмээд үзэхээр нийтдээ 53,453,329 төгрөг буюу 15,4 тонн түлшний төлбөрийг О.М болон “Г г” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Ингэхээр А.А нь ямар нэгэн төлөх төлбөргүй байна. Хоёр дахь худалдан авалтыг төлөгдөөгүй гэж маргаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл бид нарын дансанд орох нь орсон. Гэтэл буцаагаад авчихсан гэсэн зүйл ярьж байна. Энэ тайлбар үндэслэлгүй. Өнөөдөр шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийднэ. Нэхэмжлэлийн шаардлага юу гэж гарсан бэ гэхээр зээлээр авсан түлшний төлбөрөө авъя гэж байгаа. Түлшний мөнгөнүүдийг О.М руу хийсэн байна.  Харин О.М өөрийнхөө дансанд хүлээж авсан мөнгийг эргээд хэрхэн яаж зарцуулах нь өөрийнх нь асуудал. Тийм ч учраас яг энэ үйлдэлдээ О.М ял шийтгүүлсэн. Орсон мөнгийг та данс руу шилжүүлэхгүйгээр буцаагаад бэт тавих, шилжүүлэх болон ямар нэгэн байдлаар үрж шамшигдуулсан, үрэгдүүлсэн байна гэдэг үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээж, ял авсан. Энэ хүний хийсэн бүх үйлдлийн үр дагавар хор хохирлыг А.А нэхэмжлээд байгаа.  О.М гэдэг хүн чинь өөрөө үйлдэл хийгээд байна, үрэгдүүлээд байна, завшаад байна, ийшээ тийшээ шилжүүлээд, бэт тавиулаад, тоглоод үрэн таран хийсэн. А.А хувьд О.М авсан түлшний мөнгийг ямар ч гэсэн О.М буцааж өгсөн байна. О.М өөрийнхөө хүсэл зорилгоор өөрийнхөө данснаас өөрөө гүйлгээ хийх үйлдлийг өөрөө хийж байгаа. Харин О.М дансанд орсон мөнгийг А.А санаачилга гаргаад, А.А түүнийг удирддаг, захиран зарцуулах эрхгүй. ...7,800,000 төгрөг 3,500,000 төгрөг нийт 11,300,000 төгрөгийг сая төлөгдсөн гэдгийг зөвшөөрсөн учраас үүн дээр хэлэх зүйл байхгүй. Ингээд эцэст нь хэлэхэд О.М шийтгэх тогтоол дээр дурдагдсан 36,000,000 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь А.А нэхэмжлэх эрхгүй. ...Гар утасны төлбөрийг зөвшөөрдөггүй. Ямар гар утас ямар шалтгаанаар гарсныг би ойлгохгүй байна гэжээ.

           3. Хариуцагч Н.А татгалзал, тайлбарын агуулга:

        О.М нь А.А холбогдуулан 15,4 тн түлш зээлээр өгсөн тул түлшний үлдэгдэл төлбөрт 38,400,000 төгрөг, гар утасны үлдэгдэл төлбөрт 900,000 төгрөг буюу нийт 39,300,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.А намайг хариуцагчаар татсан байна. Шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардаж танилцахад нэхэмжлэлийн агуулга нь А.А түлш зээлээр өгсөн тул түүнээс төлбөр гаргуулах гэсэн байх бөгөөд Н.А намайг ямар үндэслэлээр хамтран хариуцагчаар татаж юу шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Миний бие О.М гэх хүнийг танихгүй бөгөөд “Г г” ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбараас шатахуун зээлээр авсан удаагүй билээ. Иймд О.М нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

           4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

           Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.М нэхэмжлэлтэй хариуцагч А.А, Н.А нарт холбогдох шатахууны төлбөрт 38,400,000 төгрөг, гар утасны төлбөрт 900,000 төгрөг нийт 39,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч О.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,106 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

        5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхмаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.М нэхэмжлэлтэй хариуцагч А.А холбогдох хэргийг хянахдаа хариуцагчид давуу байдал олгож, хариу тайлбарыг удаан хугацаагаар сонсож мэтгэлцэх шаардлагыг хангаагүй, мөн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэрчүүдээс үнэн бодит эргэлзээгүй байдлыг тодруулсан ч хэрэгт ач холбогдол бүхий үнэ цэнэтэй мэдээллийг орхигдуулсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч миний асуултад гэрч Д “А 3 тонн түлш өгсөн” гэж хариулсан мэдээллийг үнэлэн дүгнэж уялдуулаагүйн улмаас хамтран хариуцагчаар татагдсан хариуцагч А.А аав Н.А үйлдэл нотлогдсон атал хэрэгсэхгүй болгосон нь шүүхэд итгэх итгэл, шударга ёсыг үнэгүйдүүлсэн. О.М зөвшөөрлөөр хариуцагчийн аав Н.А нь зээлээр авсан тул хариуцлагаа үүрч Иргэний хуулийн 9.4 дүгээр зүйлд зааснаар учруулсан хохирлоо төлөх үүрэгтэй. 2022 оны 07 дугаар сарын 26-нд Н авсан 3 тонн түлшний үнэ 11,400,000 төгрөгийг О.М - дансанд орсон ч 2022 оны 08 дугаар сарын 02-ны 21 цаг 29 минутад О.М - данснаас 10,800,000 төгрөгийг шилжүүлж Б.Б - дансанд авсан байна. 2022 оны 07 дугаар сарын 27-нд 3 тонн түлшийг Г гэх хүн 10,950,000 төгрөгийг төлсөн гэдэг ч эхний 2 гүйлгээг О.М - данснаас 11,700,000 төгрөгийг шилжүүлэхдээ А.А эхнэр Б.Б - тоот дансанд орлого хийгдсэн цаг нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны 04 цаг 31 минутад О.М - тоот данснаас нийт 22,500,000 төгрөгийг - тоот данс руу орлогдон авсан нь Хаан банкны депозит дансны хуулгаар нотлогдож буй нь Иргэний хуулийн 47 дугаар зүйлд зааснаар 306/ШЗ2025/01132 тоот захирамжийг баримтлан шүүх ажиллагаа хийгдсэний  үндсэн дээр тогтоосон нь хууль ёсоор олж авсан нотлох баримт болно. Уг нотлох баримт нь хариуцагчийн эхнэр Б.Б хаан банкны дансны 2022 оны 07 дугаар сарын 20-ноос 2022 оны 08 дугаар сарын 10-ны доторх хуулгаар нотлогдоно. 2022 оны 08 дугаар сарын 02-нд 3 тонн түлшийг Б.Б данс руу хийсэн “Г г” ХХК-ийн -, 2022 оны 08 дугаар сарын 04-нд 3 тонн түлшийг түгээгч М хүлээлгэн өгсөн. /7,800,000+3,500,000/ 2022 оны 08 дугаар сарын 03-нд 3 тонн Г г ХХК-ны данс руу шилжигдсэн. Нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол буюу хуулиар олгогдсон хохирлоо барагдуулах эрхээ эдлэх боломжоор хангаагүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нотлох баримт олж авсан, хэрэгт ач холбогдолтой талаас нь асуусан тайлбар, гэрчийн мэдүүлгийг үнэлэгдээгүй нь сөргөөр нөлөөлсөн, үндэслэлд огт тусгагдаагүй байна. ....эрх мэдлийг нь ашиглан зээлж авчхаад өрөнд оруулсан А.А, Н.А нараас ...гаргуулж, ...дахин хянан шийдвэрлэж өгнө. .....анхны нэхэмжлэлийн 15,4 тонн дотор Н.А шаардсан 3 тонн багтаж байгаа. Мөн энгийн нүдээр харахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар гэрээний харилцаа үүссэн гэж байгаа боловч хууль бус баталгаажаагүй харилцааг хүчин төгөлдөр гэрээний харилцаа гэж үзэхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

           6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

          Анхан шатны шүүх хэрэг маргааныг зөв, үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа, өөрөөр хэлбэл давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй. Давж заалдах гомдолтой бичгээр танилцсан. Өнөөдрийн танилцуулж байгаа, тайлбарлаж байгаа гомдлын агуулга нь зөрж байна, гэхдээ ерөнхий агуулгаараа процесс зөрчсөн, нотлох баримтуудыг үнэлсэнгүй гэдэг агуулгатай гомдол гаргасан гэж ойлголоо. Ажиллагааны процессын хувьд ямар нэгэн зөрчил байхгүй, 2 дахь удаагаа давж заалдах шатны шүүхээр орж байна. Өмнө нь нотлох баримт цуглуулах, гэрч асуухтай холбоотой процессын алдаа гаргасныг зөвтгө гэж хүчингүй болж байсан. Энэ ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн, бусдаар зөрчил гаргасан зүйл байхгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй зөв шийдвэр болсон. Хэрэгт авагдсан баримтаар товчхондоо 5 удаагийн үйлдлээр 15 тонн түлшийг бусдад худалдан борлуулсан. Ингэхдээ үүнийг А.А өгсөн гэж А.А нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй, гомдолд дурдсан баримтууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Хэрэгт авагдсан баримтууд болон анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн тул гомдлыг хангахгүй үлдээж өгнө үү. О.М хувьд “Г г” компанийг төлөөлж байсан этгээд, А.А дамжуулж бусдад худалдан борлуулсан түлшнийхээ мөнгийг өөрийн данс болон компанийн данс руу шилжүүлж авсан байдаг. Компанийн хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс бусдаас шаардах эрхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

          Давж заалдах шатны шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

          1. Нэхэмжлэгч О.М нь хариуцагч А.А холбогдуулан 12 тонн түлшний төлбөр 38,400,000 төгрөг, гар утасны төлбөр 900,000 төгрөг нийт 39,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нь “түлшний мөнгийг бүрэн төлсөн, гар утас зээлээр авахуулаагүй” гэсэн үндэслэлээр маргаж, хүлээн зөвшөөрөөгүй.

        2. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Н.Алтанхуягийг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан бөгөөд тэрээр “...намайг ямар үндэслэлээр хамтран хариуцагчаар татаж, юуг шаардаж байгаа нь ойлгомжгүй. Би О.М   огт танихгүй, ”Г г” ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбараас шатахуун зээлээр авч байгаагүй” гэсэн тайлбарыг гаргасан.

            3. Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхмаа эс зөвшөөрч “...хэрэгт ач холбогдол бүхий тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтыг бодитойгоор хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

             4. Анхан шатны шүүх, талуудын хооронд  үүссэн түлшний төлбөр гаргуулах гэрээний үүргийн хууль зүйн үндэслэлийг зөв тогтоосон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар төлбөр төлөх үүргийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            5. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/59 дугаар шийтгэх тогтоолоор О.М “албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан байна.

            6. Нэхэмжлэгч О.М нь “Г г” ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа хариуцагч А.А, Н.А нарт 15,4 тонн түлшийг зээлээр өгсөн бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, Н.Г, А.Д, Т.М, Х.Н-Ө нарын мэдүүлэг, О.М, Б.Б нарын банкны дансны хуулга, цахим баримт болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

               7. Хариуцагч А.А нь нийт 15,4 тонн түлшийг авснаас 2022.07.26-ны өдөр О.Н 3 тонн түлш өгч, түүний үнэ 11,400,000 төгрөгийг О.М дансанд шилжүүлсэн талаар талууд маргаангүй, харин үлдэх 12,4 тонн түлшийг хэнд шилжүүлсэн, төлбөр хэрхэн төлөгдсөн талаар маргаантай.

        8. Хэрэгт авагдсан дансны хуулгууд, банкны шилжүүлгийн баримтыг харьцуулан үзэхэд А.А дамжуулан бусдад түлш шилжсэн, зарим төлбөр төлөгдсөн, А.А эхнэр Б.Б дансыг ашиглан орлого тушаасан гэх дараах үйл баримтууд тогтоогдсон Үүнд:

               8.1. 2022.07.27-ны өдөр 3 тонн түлшийг Н.Г авч, үнэ 10,950,000 төгрөгийг О.М дансанд шилжүүлсэн.

               8.2. 2022.08.02-ны өдөр 3,4 тонн түлшийг Н.Г авч, Б.Б дансанд 10,800,000 төгрөгийг шилжүүлсэн, 2022.08.04-ний өдөр үлдэх 1,560,000 төгрөгийг өөрт нь төлсөн хэмээн нэхэмжлэгч тайлбарласан.     

            8.3. 2022.08.02-ны өдөр А.А өөрөө 3 тонн түлш авч, үнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7,800,000+3,500,000 төгрөг нийт 11,300,000 төгрөг бэлнээр төлсөн гэж тайлбарласан.

          8.4. 2022.08.03-ны өдөр 3 тонн түлшийг А.А нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч хэнд дамжуулан өгсөн гэдэг нь тодорхойгүй. Түлшний үнэ төлөгдөөгүй.

                8.5. Нэхэмжлэгч О.М дансанд - данснаас 2022.08.02-ны өдөр “8-1 orlogo Moogii” гэх утгатай 11,820,000 төгрөг орж ирснээс 2022.08.03-ны өдөр Б.Б данс руу “gor gaz” гэх утгатай 11,700,000 төгрөгийг шилжүүлсэн.

           8.6. Б.Б нь, Н.Г 2022.08.02-ны өдөр шилжүүлсэн 10,800,000 төгрөг, О.М шилжүүлсэн 11,700,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгөөс Гор газын гэх данс руу 16 удаагийн гүйлгээгээр 19,803,329 төгрөгийг шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, О.М шилжүүлсэн 11,700,000 төгрөг нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй төлбөр болох нь тогтоогдсон.

              9. Дээрхээс тооцоход, 2022.07.27, 2022.08.02-ны өдөр Н.Г худалдсан 6,4 тонн түлшний үнэ бүрэн төлөгдсөн. 2022.08.02-ны өдөр А.А авсан гэх 3 тонн түлшний үнээс 250,000 /3тн х 3850= 11,550,000/ төгрөг дутуу. Энэхүү түлшийг хариуцагч А.А өөртөө буюу түүний эцэг Н.А авсан болох нь гэрч А.Д “...Сүүлд авсан түлшийг Андуудын жолооч А гэх хүн авсан. О.М өг гэсэн болохоор өгсөн. Надад мөнгө өгөөгүй. Жижиг шар залуу байсан, би танихгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул хариуцагч Н.А 250,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

          Харин 2022.08.03-ны өдөр 3 тонн түлшийг А.А нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч төлбөрийг төлсөн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул түлшний үнэ /3850 х 3тн/ 11,550,000 төгрөгийг А.А гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзсэн.

            10. Нэхэмжлэгч О.М нь 2022.07.27-ны өдөр Н.Г худалдан авсан 3 тонн түлшний үнэд шилжүүлсэн 10,950,000 төгрөгийг авсан боловч цаашаа А.А хүсэлтээр мөрийтэй тоглоомын дансанд шилжүүлсэн үндэслэлээр шаардсныг хангах үндэслэлгүй.

            Учир нь, нэхэмжлэгч О.М нь албан тушаалын байдлаа ашиглан өөрийн хариуцаж байсан эд хөрөнгөнөөс бусдад шилжүүлсэн бол Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1-т “Тоглоом болон мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй”, 486.3-т “Хуулиар хориглосноос бусад тоглоом болон мөрийний дагуу төлсөн мөнгө, шилжүүлсэн хөрөнгө, бусад зүйлийг эргүүлэн шаардаж болохгүй” гэснээр хариуцагч А.А мөрийтэй тоглоом тоглоход нь зориулж шилжүүлсэн мөнгийг шаардах эрхгүй.   

             11. Хариуцагч талын гаргасан, “нэхэмжлэгч О.М шаардаж буй түлш нь “Г г” ХХК-ийн өмч тул шаардах эрхгүй буюу нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэсэн татгалзал үндэслэлгүй.

Нэхэмжлэгч О.М нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэх явцдаа гэм буруутай үйлдлээрээ ажил олгогчид хохирол учруулсан үйлдэлдээ ял шийтгүүлж, гэм хорын хохиролд 36,063,150 төгрөгийг төлөх үүргийг биечлэн хүлээсэн тул дээрх хохирлын дүнд багтсан, худалдах худалдан авах гэрээгээр бусдад шилжүүлсэн шатахууны үнийг гэрээний үүргийн дагуу худалдан авагчаас шаардах эрхтэй.

            12. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Н.А татан оролцуулахдаа бичгээр нэхэмжлэлээ тусд нь гаргаагүй  боловч шүүх хуралдааны явцад “анхны нэхэмжлэлийн үнийн дүнгээс 3 тн түлштэй холбогдох төлбөрийг түүнээс гаргуулна, үлдсэн хэсэг нь хариуцагч А.А холбогдоно” гэдгийг тодруулж тайлбарласан байх тул шүүх энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хуваарилах боломжтой гэж үзсэн болно.

             13. Нэхэмжлэгчийн шаардсан, гар утасны үлдэгдэл төлбөр 900,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

        Тухайлбал, нэхэмжлэгч дээрх шаардлагаа гэрч Д.Г мэдүүлэгт үндэслэсэн бөгөөд гэрч нь “бусдаас гар утас зээлээр авч өөрийн хүү О.М өгсөн” гэдгийг нотолсон ба хариуцагч А.А нь “...огт гар утас зээлээр авахуулаагүй” гэж маргасан байхад уг гар утсыг цааш нь А.А шилжүүлсэн, үнийг түүний өмнөөс төлсөн тул А.А төлөх үүрэгтэй гэдгийг нотлох үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.  

           14. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг агуулгын хүрээнд хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 306/ШШ2025/00434 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн:

       1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шатахууны төлбөрт хариуцагч Н.А 250,000 төгрөг, хариуцагч А.А 11,550,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.М олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

                2 дахь заалтыг ”Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.А 8,150 төгрөг, хариуцагч А.А 199,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.М олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395,106 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгосугай.      

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.НАРАНЧИМЭГ

                                  ШҮҮГЧ                                                        Н.БОЛОРМАА

                                  ШҮҮГЧ                                                        О.ОДНЯМАА