| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04147/И |
| Дугаар | 210/МА2026/00434 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00434
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
*******, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/10897 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 430,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 145,979,660 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахим/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Болд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* нь 2019 оны 06 сараас эхлэн ******* дүүргийн ******* хороо *******д амины орон сууцын зориулалттай 18 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө барихаар барилгын ажлыг эхлүүлэн эхний ээлжийн 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 2021 онд ашиглалтанд оруулсан. 2021 онд *******д хөнгөлөлттэй нөхцлөөр ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* тоот хаягт байрлах 236.58 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг м.кв-ыг нь 3,170,000 төгрөг нийт 750,000,000 төгрөгөөр худалдахаар болж *******ын ******* дүүрэгт байрлах ******* дахь 240 м.кв тоосгон байшинг 320,000,000 төгрөгөөр үнэлж бартер хийж, үлдэгдэл төлбөр 430,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. ******* нь манай эхнэрийн компанийн ажилтан, үеэл дүү байсан тул итгэл үзүүлж тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг түүний нэр дээр гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний эх хувийг *******т хадгалуулахаар тохиролцсон. ******* нь 2021 оноос хойш өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг төлөхгүй байгаагаас гадна компаниас их хэмжээний мөнгө, эд хөрөнгө завшсан байж болзошгүй үйлдлийг хууль хяналтын байгууллагад хандсан. Иймд *******аас үл хөдлөх эд хөрөнгө худалдан боруулсны үлдэгдэл төлбөр 430,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* нь 2012 оны 01 сараас *******-д ерөнхий инженерийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. ******* 2018-2019 онд ******* дүүрэг ******* хороо ******* гудамж, *******од байрлах Зуслангийн сууцны зориулалттай, 271.5 м.кв, 3 давхар, 2 автомашины зогсоолтой өөрийн өмчлөлийн хаусанд амьдарч байсан. 2019 онд ******* нь *******д амины орон сууцны зориулалттай барилгын ажил эхлүүлсэн боловч санхүүгийн хүндрэлтэй асуудал гарсан учир *******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авах эсвэл худалдах байдлаар хөрөнгө босгох шаардлага үүслээ, барилгын ажил эхэлсэн тул бүрэн ашиглалтад орохоор нь хуучин хаусаас м.кв нь том амины орон сууцны зориулалттай хаус өгье гэж удаан хугацаанд санал тавьсан. Улмаар ******* удаан хугацаанд санал тавьсан тул туслах зорилгоор саналыг нь хүлээн зөвшөөрч, 2018-2019 онд амьдарч байсан өөрийн өмчлөлийн хаусдаа 35,000,000 төгрөгөөр засвар хийж, давхар болгоны өрөө бүрт бүрэн тавилгатай байдлаар 2020 оны 03 сарын 19-ний өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр ******* эхнэр *******д шилжүүлэн өгсөн бөгөөд өөрөө гэр бүлийн хамт 2 жилийн хугацаанд түрээсийн орон сууцанд амьдарсан. Гэтэл бодит байдалд ******* нь дутуу барилгын ажил нь бүрэн дуусаагүй буюу дотор засвар нь огт хийгдээгүй хаус өгсөн учраас өөрийн зардлаар буюу 200,000,000 төгрөгөөр дотор засварын ажлыг гүйцээж, хүн амьдрах боломжтой болгоод улсын бүртгэлд хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлэн бартерт авсан хаусыг 2021 онд ашиглалтад оруулсан.
...2021 оны 11 сарын 21-ний өдөр ******* нь ******* дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт 200 сая төгрөгийн өртөгтэй АОС барьсан бөгөөд 95 хувийн гүйцэтгэлтэй тул гэрчилгээ олгож өгнө үү гэх хүсэлтийг гаргасны дагуу 236.58 м.кв талбайтай, Аялал жуулчлал, АОС зориулалттай, 95 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул ******* дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн өмлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон.
Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд тусгайлан заасан шаардлагыг хангаж тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр ******* бүртгүүлсэн байдаг. Гэтэл ******* нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг огт үндэслэлгүй тодорхойлсон, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн м.кв-ын үнийн болон нийт үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, бодит байдалд нийцээгүй, энэ талаар нотлох баримтгүй, илтэд худал мэдээлэл зэргийг тусгасан байна.
******* дүүрэг ******* хороо ******* гудамж, *******од байрлах Зуслангийн сууцны зориулалттай, 270 м.кв, 3 давхар, 2 автомашины зогсоолтой хаусыг *******т хөрөнгө оруулах зорилготой, түүний саналыг хүлээн зөвшөөрч хаусаа өгсөн. Гэтэл одоогийн маргаан бүхий ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоотод байрлах 236.58 м.кв хаусыг хүлээн авсан боловч өмнөх өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс м.кв нь багассан, нэмэлт засварын зардалд 200,000,000 төгрөг, түрээсийн орон сууцанд амьдарч байх хугацаанд мөн 60,000,000 төгрөгийн зардал тус тус гаргасан үйл явдал болсон. Иймд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг зохих ёсоор, хуульд нийцсэн байдлаар улсын бүртгэлд бүртгүүлж, мөн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчөөгүй хууль ёсны өмчлөгч учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* нь 2019 онд *******д амины орон сууцны зориулалттай барилгын ажил эхлүүлсэн боловч санхүүгийн хүндрэлтэй асуудал гарсан учир *******ын өмчлөлийн ******* дүүрэг ******* хороо ******* гудамж, *******од байрлах Зуслангийн сууцны зориулалттай, 271.5 м.кв, 3 давхар 2 автомашины зогсоолтой үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авах эсвэл худалдах байдлаар хөрөнгө оруулж босгох шаардлага үүслээ, барилгын ажил эхэлсэн тул бүрэн ашиглалтад орохоор хуучин хаусаас м.кв нь том амины орон сууцны зориулалтай хаус өгье гэж удаан хугацаанд санал тавьсан. Хамтарч бизнес эрхэлдэг байсан тул төсөлд нь туслах зорилгоор саналыг нь хүлээн зөвшөөрч, өөрийн хауснаас 2019 оны 07 сарын 08-ны өдөр гарч, түлхүүрийг *******т хүлээлгэж өгсөн. Мөн энэ хаусдаа 35,000,000 төгрөгөөр засвар хийж, давхар болгоны өрөө бүрд бүрэн тавилгатай байдлаар 2020 оны 03 сарын 19-ний өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр ******* эхнэр *******д шилжүүлэн өгсөн бөгөөд өөрөө гэр бүлийн хамт 2 жилийн хугацаанд түрээсийн байранд амьдарсан. Гэтэл 2021 онд ******* нь барилгын ажил нь бүрэн дуусаагүй буюу дотор засвар огт хийгдээгүй хаус өгсөн учраас ******* өөрийн зардлаар 200,000,000 төгрөгөөр дотор засварын ажлыг гүйцээж, хүн амьдрах боломжтой болгоод, улсын бүртгэлд хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлэн бартерт авсан хаусандаа 2021 оны 12 сарын 01-ний өдрөөс амьдарч эхэлсэн. ******* бид хоёрын тохиролцоо бол орон сууцыг орон сууцаар солих байсан. Шууд нүүгээд орох боломжтой, *******ын хуучин орон сууцын м.кв-ыг нь томсгосон байдлаар шинээр орон сууц өгөхөөр тохиролцсон. ******* тохиролцсон үүргээ биелүүлээгүйн улмаас түрээсийн төлбөрт 17,153,000 төгрөг, хуучин орон сууцны засварт 13,860,400 төгрөг, 114,999,260 төгрөг нийт 145,979,660 төгрөгийн хохирол учирсан.
Иймд *******өөс гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 143,579,660 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:
******* нь 2007 онд Олон улсын тээвэр зуучлалын чиглэлээр ажиллаж ирсэн ба хадам ах ******* 2011 онд ажил дээр *******ыг дагуулан ирж түүнийг цооногийн геофизикийн оператор ажилтай, үеэл дүү гэж танилцуулсан бөгөөд цаашид цооногийн геофизикийн судалгааны салбарт намайг хөрөнгө оруулалт хийж *******ыг авч ажиллахыг санал болгосны үндсэн дээр 2011 онд цооногийн геофизикийн судалгааны *******-ийг үүсгэн байгуулж *******ыг инженерээр ажиллуулсан. ******* өмнө нь ажиллаж байсан компанийн орон сууцанд эхнэр хүүхдийн хамт амьдарч байсан. Мөн Honda FIT маркийн автомашинтай боловч 7,000,000 төгрөгийн банк зээлийн барьцаанд байсан болохоор *******д итгэл үзүүлэн хамтран ажиллаж, шинэ салбарт бизнес эхлүүлж байгаа учраас унаж байсан автомашины зээлийг нь барагдуулж, 2012 онд хадам эх *******ийн өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* байрны ******* тоот хаягт байрлах 69.6 м.кв тайлбай бүхий 2 өрөө орон сууцанд оруулж, 2016 онд төлбөр авалгүй уг байрыг бэлэглэлийн гэрээгээр түүнд шилжүүлэн өгсөн.
******* нь 2019 оноос эхлэн ******* дүүргийн ******* хороо *******д орон сууцын зориулалттай 18 ширхэг барилгын ажлыг эхлүүлсэн ба барилгын ажил эхлэхэд ******* нь үе үе ирж барилгын хийцлэл, загвар, гадна тохижилтыг үзэж байсан бөгөөд уг төслөөс амины орон сууц авах хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн тул өөрийн амьдарч байсан тоосгон хийцлэлтэй байшинг урьдчилгаанд бодож авч үлдэгдэл төлбөрийг цувуулан төлөхөөр болж ингэхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийг дотор засалгүйгээр нийт 750,000,000 төгрөгөөр үнэлж худалдахаар урьдчилгаанд *******ын ******* дахь тоосгон хийцлэлтэй байшинг 320,000,000 төгрөгөөр үнэлэн авч үлдэгдэл төлбөр болох 430,000,000 төгрөгийг компанид ажиллаж байх хугацаандаа хэсэгчлэн төлөхөөр талууд харилцан тохиролцсон. ******* нь ******* эхнэр *******гийн үеэл дүү тул итгэл үзүүлж тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг түүний нэр дээр гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний эх хувийг *******т хадгалуулахаар ярьж *******аас авсан тоосгон байшин нь хийцлэл муутай, чийгтэй, цонх нь байнга цантдаг, дэд бүтцийн завсар хийх шаардлагатай тул *******-аас дотор заслыг 50 орчим сая төгрөгөөр шинээр хийж бусдад борлуулсан ба *******аас удаа дараа үлдэгдэл төлбөрийн талаар асуухад ахаа, та намайг мэдэж байгаа биз дээ, би удахгүй төлж барагдуулна гэдэг байсан тул итгээд өнөөдрийг хүрсэн тул сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан амины орон сууц худалдахдаа дотор засал хийж дуусгаж өгөх байдлаар тохиролцож гэрээ хийгээгүй тул гэрээний үүргээ биелүүлээгүй гэх нөхцөл тогтоогдохгүй ба түрээсийн төлбөр, хуучин орон сууцанд хийсэн засвар гэх үнэн эсэх нь тодорхойгүй мөнгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан гаргасан 430,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч *******ын нэхэмжлэгч *******т холбогдуулан гаргасан 145,979,660 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,307,950 төгрөг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 887,848 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн хийсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсонтой нийцэхгүй байна. Шүүх хуралдааны үед нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн тухайн үеийн үнэлгээг талууд харилцан зөрүүтэй байдлаар тодорхойлж байгаа, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой учраас шүүхийн журмаар шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүх хангаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг хөндсөн төдийгүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хэргийн оролцогчоос нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлэхийн тулд хуульд заасны дагуу шүүхэд хүсэлт гаргахад шүүх хүлээж авахгүй байгааг хянуулахыг хүсэж байна.
Нэхэмжлэгч талаас талуудын хооронд арилжааны гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлттэй маргахгүй боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлэн өгч нэхэмжлэгчээс холбогдох баримтуудыг бүрдүүлэн өгч хариуцагчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2022 оны 11 сарын 22-ны өдөр гарсан, тухайн гэрчилгээг төлбөрийн үлдэгдэлтэй байсан учраас эх хувиар нь нэхэмжлэгчид хадгалуулсан үйл баримтын дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад шүүхийн энэ талаарх дүгнэлт учир дутагдалтай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн бөгөөд мөн талуудын хооронд аман тохиролцоо хийгдсэн байдаг. Арилжааны гэрээгээр талууд үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөөр сольё гэж тохиролцсон болохоос үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус бүр хэдэн төгрөгийн үнийн дүнгээр тооцно гэх тохиролцоо огт хийгдээгүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 430,000,000 төгрөгт холбогдох баримт хэрэгт огт авагдаагүй. Талуудын хооронд 2020 оноос эхэлж маргаан үүссэн боловч нэхэмжлэгч тухайн цаг хугацаанаас хойш 430,000,000 төгрөг нэхэмжилж байсан гэх ямар ч баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч өөрийн шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг 750,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үлдэгдэл 430,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг нотлох үүрэгтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч 2025 оны 05 сарын 01-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч тухайн цаг хугацаанд нэхэмжлэлийн шаардлага болох 430,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариу тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл, хариуцагч анхнаасаа нэхэмжлэлийн шаардлага болох үнийн дүн үндэслэлгүй гэх талаар илэрхийлж байсан. Талуудын хооронд хийгдсэн гэх 430,000,000 төгрөгийн тохиролцоо бодитой эсвэл бодит бус эсэх талаар маргах нь тодорхой байсан боловч нэхэмжлэгч талын зүгээс анхан шатны шүүх хуралдааны явцад энэ хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.
Хөөн хэлэлцэх хугацааны талаар хариуцагч тайлбарласан буюу нэхэмжлэгч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрөө авсан атлаа хариуцагчийг барьцаалсан гэж хэлдэг. Нэхэмжлэгчийг тухайн баримт бичгийг авсан үйл баримтын талаар хариуцагч талын зүгээс маргадаг. Хууль зүйн агуулгаар тайлбарлавал тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан тохиолдолд хуульд заасан тодорхой шаардлага, гэрээ хэлцэл, бүртгэл хийгдэх ёстой. Гэтэл бодит байдал болон хууль зүйн агуулгын хувьд огт ийм үйл баримт болоогүй. Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон нөхцөл байдал байхгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 430,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...*******д хөнгөлөлттэй нөхцөлөөр 2021 онд ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах 236.58 м.кв үл хөдлөх хөрөнгийг 750,000,000 төгрөгөөр худалдаж, төлбөрт түүний ******* дүүрэгт байрлах ******* дахь 240 м.кв тоосгон байшинг 320,000,000 төгрөгт тооцон бартераар авч, үлдэх 430,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй тул үлдэгдэл төлбөрөө шаардах эрхтэй гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...миний бие 2018-2019 онд ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, *******од байрлах зуслангийн сууцны зориулалттай 271.5 м.кв талбайтай, 3 давхар, 2 автомашины зогсоолтой өөрийн өмчлөлийн хауст амьдарч байсан бөгөөд 2019 онд ******* *******д амины орон сууцны зориулалттай барилгын төсөл эхлүүлсэн боловч санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан тул манай хаусыг худалдан хөрөнгө босгож, барилгын төслөө үргэлжлүүлэх хүсэлтийг надад удаа дараа тавьж, уг төслөөс хуучин хаусаас м.кв нь том амины сууцыг өгөх санал тавьсан, бидний хооронд төлбөрийн тохиролцоо огт хийгдээгүй гэж тайлбарлан, нэхэмжлэгчээс авсан болон хуучин өөрийн амины орон сууцанд хийсэн засварын зардал, амины орон сууцыг ашиглалтад орох хүртэл хугацааны түрээсийн төлбөрт нийт 145,979,660 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтуудыг зөв тогтоосон. Үүнд:
4.1. Хариуцагч ******* өөрийн амьдарч байсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, *******, 271.5 м.кв зуслангийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 03 сарын 18-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-гээр нэхэмжлэгч ******* эхнэр *******д шилжүүлсэн. /1хх-89/
4.2. Нэхэмжлэгч ******* нь өөрийн барьж гүйцэтгэсэн ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 236.58 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай 95 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******д 2021 оны 10 дугаар сард шилжүүлж, хариуцагч ******* уг хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2022 оны 11 сарын 22-ны өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн. /1хх-7/
5. Ийнхүү нэхэмжлэгч амины орон сууц барих төсөлдөө санхүүжилт олох зорилгоор хариуцагчаас бэлэглэлийн гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, хариу төлбөрт тооцож өөрийн барих төслөөс амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон нь хэргийн баримт, зохигчийн тайлбараар тогтоогдсон.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
6. Гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан ба талууд гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдал болон солилцсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх харилцан хэн алинд нь шилжиж гэрээний үүрэг биелэгдсэн үйл баримтын талаар маргаагүй.
7. Харин арилжааны гэрээгээр талууд харилцан солилцож байгаа хөрөнгийн үнийг тохиролцсон эсэх буюу нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 236.58 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай 95 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 750,000,000 төгрөгөөр тооцож, хариуцагч зөрүү төлбөрт 430,000,000 төгрөг төлөхөөр талууд хэлэлцэн тохиролцсон эсэх нь маргааны зүйл болжээ.
8. Хэргийн баримтаар талууд харилцан солилцож байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэтэй холбоотой асуудлаар буюу нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүүд хариуцагч 430,000,000 төгрөг өгөхөөр хэлэлцэн тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэрэгжүүлээгүй байна.
9. Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүү 430,000,000 төгрөгийг хариуцагч *******аас шаардах эрхтэй гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв болжээ.
10. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 145,979,660 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ******* нь миний хаусыг худалдаж, өөрийн барилгын төсөлд санхүүжилт хийсэн бөгөөд надад ороод амьдрахад бэлэн хаус өгнө, хувийн сууцыг ашиглалтад орох хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг хариуцна гэж тохирсон боловч энэ үүргээ биелүүлээгүй, манай гэр бүл хоёр жилийн хугацаанд түрээсийн байранд амьдарсан тул засваргүй, хараар хүлээн авсан амины сууцанд хийсэн засварын зардал 114,999,260 төгрөг, түрээсийн төлбөрт 17,153,000 төгрөг, өөрийн хуучин хауст засвар хийсэн зардал 13,860,400 төгрөг, нийт 145,979,660 төгрөгийн хохирлыг шаардах эрхтэй гэж тайлбарласан.
10.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь гэрээний үүрэг зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохирлыг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэгч *******т холбогдуулан гаргасан 145,979,660 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.
11. Нэхэмжлэгч нь шүүх шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
Хэргийн 2 дугаар хавтасны 32-39 дэх талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч шинжээч томилуулах хүсэлтээ хэрэг хэлэлцэх үед буюу хүсэлтийн шатанд гаргаагүй болох нь тогтоогдсон.
Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хэрхэн, ямар байдлаар харилцан тохиролцсон талаар асуудал шинжээчийн тусгай мэдлэг шаардагдах асуудлын хүрээнд тодруулах зүйлд хамаарахгүй бөгөөд шүүх нэхэмжлэгч өөрийн барьж хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх сууцны үнэлгээг 750,000,000 төгрөг гэж тодорхойлсон, уг шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй, энэ эрхээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Энэ талаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
12. Улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлгүй. Харин нэхэмжлэгч нь арилжааны гэрээний дагуу 2021 оны 10 сард үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн байх тул энэ үеэс үлдэгдэл төлбөр байгаа гэж үзвэл түүнийг шаардах эрх үүсэх ба 2021 оны 10 сараас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2024 оны 10 сард дууссан байна.
Иймээс хөөн хэлэлцэх хугацааны талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/10897 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,308,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Ж.ЛХАГВАСҮРЭН