Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/00436

 

 

     

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/10871 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* дүүрэг *******байр, ******* тоот орон сууц болон 5057 УБС улсын дугаартай автомашины гэрчилгээг *******ын нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн агуулга:

*******ын Англи улс руу явах болсон шалтгаан нь манай аавын дүү болох ******* 2016 оны хавар утсаар холбогдож манай энд ирж, ажиллаж мөнгө хурааж орон гэртэй бол, Монголд хөгжихгүй, энд амьдрах байр, хоол үнэгүй, гол нь манай хүүхдийг хар гэж хэлсэн. 2016 оны 10 сарын сүүлээр Монгол улсаас явж, 2016 оны 12 сараас ажилд орсон. ******* аяллын визтэй учир хараар ажилд орсон. Гэвч харлаж ажилд орсон хүний дансанд цалин өгдөггүй тул манай эгч намайг өөр хүний нэрээр ажилд оруулж ******* эгчийн цалин авдаг дансанд нэг сард 1000-1500 фунт стерлинг, илүү цагаар 2000 фунт стерлинг ордог байсан ба тухайн үед иймэрхүү хэмжээтэй мөнгө цугларч байсан. Асууж үзэхээр чиний мөнгийг 5000-10000 фунт стерлинг болгоод ******* руу шилжүүлж байгаа гэдэг байсан. Англи улсад ажиллаж байсан 4 жил гаруй хугацаанд эхнэр хүүхэдтэй холбоо бариулах дургүй, Монгол улс руу мөнгө явуулъя гэхээр ямар ч эрх мэдэлгүй. 2020 оны 3-4 дүгээр сард корона гарч ажил хаагдаж ажилгүй болсон. 2020 онд сургуульд орох болсон тул үр хүүхдүүд ханиа орон сууцанд оруулчих санаатай эгчид хэлэхэд ямартай ч чиний мөнгө орон сууц, автомашины мөнгө болсон. *******д хэлээд орон сууцаа судлуулаад цалингаараа авч болно гэж ярилцаад 9 сар болохын өмнө 1 дүгээр хороололд 3 өрөө орон сууц 85,000,000 төгрөгөөр *******гийн нэр дээр орон сууц авсан.

******* 2020 оны 09 сарын сүүлээр Монгол улсад ирээд ******* нь ОХУ-аас бараа оруулж ирдэг байсан. Тухайн барааг ч мөн бид худалдан борлуулж өгдөг байсан, мөн өөрсдөө Герман бараа зардаг болж автомашин хэрэгтэй болсон. Энэ үед ******* нь ачаа зардаг ажил хийнэ гэвэл ачааны автомашин авсан нь дээр, чиний цалингийн мөнгөөр авч өгье гэж зөвлөсний дагуу амбаартай бонго 5037 УБС улсын дугаартай автомашин *******гийн нэр дээр авсан. Тухайн үед эхнэр компанидаа өртэй байсан учир хураагдах байх гэсэн айдастай байсан тул ******* нь өөрийн нэр дээр аваагүй. ******* нь 2022 оноос эхлэн *******гаас мөнгөө нэхэж асууж ******* эгч миний бүх мөнгийг танд өгсөн гэсэн, одоо таньтай тооцоо хийж аваарай гэсэн гэж хэд хэдэн удаа асууж, чат, мессеж бичиж байсан боловч ямар нэг шалтгаан хэлээд хойш тавина. Орон сууцанд засвар, цонх, буйдан, хөргөгч авсан гэдэг байсан. Энэ бүгдийнхээ задаргааг өгөөч гэхэд хариу өгөхгүй удсаар 4 жил болсон.

Мөн орон сууцныхаа гэрчилгээгээ шилжүүлж авъя гэхээр ******* нь өгөхгүй, шүүх цагдаагаар явлаа гэхээр явдаг газраараа яв, бид өмгөөлөгч, хуулийн зөвлөх хөлсөлсөн төлбөр, зардлуудаа энэ орон сууцыг худалдан борлуулж гаргаж авч, зарлагаа нөхнө, эсвэл энэ орон сууцыг худалдан борлуулж хандивын байгууллагад өгнө гэх зэргээр айлган сүрдүүлсэн. Тус нэхэмжлэлд дурдсан орон сууц, автомашиныг ******* нь өөрөө ашиглаж, амьдарч байгаа болно.

Иймд *******гийн нэр дээр бүртгэлтэй байгаа ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот орон сууцны гэрчилгээ мөн 5057 УБС улсын дугаартай ачааны Бонго автомашины гэрчилгээг тус тус *******ын нэр дээр шилжүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ******* нь дээр дурдсан орон сууцыг 2020 онд, Бонго автомашиныг 2021 онд өөрийн хөрөнгөөр тус тус худалдан авсан, *******гийн өмч хөрөнгө юм. Нэхэмжлэлд дурдсанчлан *******ын гадаадад ажиллаж олсон цалин хөлсийг хүлээн авч зарцуулсан зүйл байхгүй. ******* руу орон сууц, автомашин худалдан авах болон бусад зорилгоор мөнгө шилжүүлж байгаагүй болно. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар ******* дүүрэг *******, ******* байр, ******* тоот хаягт байршилтай орон сууц болон 5057 УБС улсын дугаартай, Кia Bongo3 /Киа Бонго/ маркийн ачааны зориулалттай автомашины гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгөхийг *******д даалгах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 511,550 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд өгөгдсөн зарим цахим нотлох баримт чат мессежүүдийг хүлээн аваагүй тус хуулийн тус заалтыг зөрчсөн, хуульд зааснаар фунт стерлингийн үлдэгдэл мөнгийг шилжүүлсэн баримт, гэрчийн мэдүүлэг зэрэг олон баримтуудыг огт нотлох баримтууд биш мэт хуулиа зөрчин дүгнэлт гаргаж нэг талыг барьж шийдвэр гаргасан тул Иргэний хууль, Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хүний эрхийн тухай конвенцуудыг тус тус зөрчсөн шийдвэр гаргасан.

...Гэрчүүд бүгд орон сууцаа гадаадад ажилласан мөнгөөрөө ******* руу эгч ******* нь шилжүүлж фунт стерлингээр буюу цалингаараа орон сууц авсан нотлох баримтуудыг огт тооцоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасныг зөрчин *******гийн *******тай харилцсан энэ орон сууц чинийх маргашгүй үнэн чиний байрыг эгч нь аваад тавьчихлаа, эхнэр хүүхдэд чинь хүлээлгэн өглөө гэсэн цахим харилцааны чат, мессежүүдийг сэргээн нотлох баримтаар өгөхөд огт хүлээж аваагүй нь нэг талыг хэт барьсан шийдвэр гаргасан.

Мөн тус шүүхийн туслахуудтай төлөөлөгч нь маш дотно харилцаатай харагдсан бөгөөд шүүхэд нөлөөлсөн байж ч болохыг бид хардаж байна. Хэзээ ч шүүгч нэг талыг хэт барьж шийдвэр гаргаж болохгүй.

...******* нь 2023 онд автомашинаа сайжруулах, бага оврын жийп автомашин болгох яриа өрнөхөд би үлдэгдэл мөнгөө авъя тооцоогоо хийж жижиг автомашинаа болохоо илэрхийлэхэд маргаан үүссэн. Түүнээс хойш орон сууц, ачааны бонго автомашинаа өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл загнасан. Одоо болтол миний цалингаар авсан орон сууцны болон автомашины гэрчилгээг шилжүүлж өгөөгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хугацаа дуусаагүй байгаа тул өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлтэй байгаа тул *******гийн нэр дээр бүртгэлтэй ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот орон сууцны гэрчилгээг, 5037 УБС улсын дугаартай ачааны Бонго автомашиныг тус тус *******ын нэр дээр гэрчилгээг шилжүүлэн хуулийн дагуу шийдвэрлэж *******ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

*******гийн хувьд монгол мөнгийг фунт стерлинг болгон сольж, фунт стерлингийг ханшийн зөрүүгээр тодорхой хэмжээний ашиг олдог, мөн ОХУ-аас бараа оруулж ирж жижиглэнгийн наймаа эрхэлдэг байсан учир өөрийн мөнгөөр маргаан бүхий орон сууц болон автомашиныг худалдаж авсан байхад тухайн баримтыг ******* өөрийнх нь ажиллаж олсон фунт стерлингийн үлдэгдэл гэж буруу тайлбарладаг. Нэхэмжлэгчийн зүгээс хэд хэдэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч тухайн баримтуудын зарим нь хэрэгт огт хамааралгүй, ач холбогдолгүй, зарим нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байсан. Нотлох баримтын шаардлага хангахгүй хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримтуудыг шүүх үнэлээгүй нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн эд хөрөнгө *******гийн өмч учир нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын 2 дахь шаардлага үндэслэлгүй юм. ******* үнэхээр Англи улс руу явж байсан, ямар ажил хийж байсан, сарын хэдэн төгрөгийн цалин авдаг байсан, хэзээ Монгол улсад ирсэн, хэдэн төгрөг цуглуулсан, *******гийн данс руу мөнгө шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч чухам хэдэн төгрөг шилжүүлсэн болон хэдэн төгрөгөөр нь орон сууц авсан эсэхтэй холбоотой ямар нэгэн баримт байдаггүй. Нэхэмжлэгч тухайн чатуудыг зөвхөн фото зураг хэлбэрээр хэрэгт өгсөн буюу уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан, тиймээс анхан шатны шүүх тухайн баримтыг үнэлээгүй нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэл болон давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ******* дүүрэг ******* хороо, ******* байр, ******* тоот орон сууцны гэрчилгээ мөн 5057 УБС улсын дугаартай ачааны Бонго автомашины гэрчилгээг тус тус өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ орон сууцыг Англи улсад 2016 оноос 2020 он хүртэл ажиллаж олсон цалин, орлогоороо худалдаж авсан, тухайн үед цалингаа *******гээр дамжуулж Монгол улс руу *******д шилжүүлдэг байсан, тэр мөнгөөр ******* орон сууцыг худалдаж авсан ... автомашины хувьд би Монголд ирээд *******гийн барааг нь зарахад тусалцаж байсан ба миний цалингаар худалдаж авсан... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч *******ын гадаадад ажиллаж олсон цалин хөлсийг хүлээн авч зарцуулсан зүйл байхгүй, надад орон сууц, автомашин худалдан авах болон бусад зорилгоор мөнгө шилжүүлж байгаагүй гэж маргажээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа ...нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана. гэжээ.

Гэтэл хэрэгт нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн маргаан бүхий орон сууцны талаар хариуцагчтай фейсбүүк чатаар харилцаж байсан гэх баримт авагдсан байх ба уг баримт хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой эсэхийг шүүх тодруулж, үзлэг хийж, нотлох баримтыг бэхжүүлж, нотлох баримтын эрх зүйн үндэслэлийн талаар үнэлэх эсвэл хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй бол нотлох баримтаас хасах эсэх асуудлыг шийдвэрлэх учиртай. Дээрх ажиллагааг шүүх хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.

 

5. Түүнчлэн, нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцыг Англи улсад ажиллаж олсон цалин орлогоор худалдан авсан, энэхүү мөнгөн хөрөнгийг *******гээр дамжуулан *******д шилжүүлж байсан гэж тайлбарлаж, энэ талаарх гадаад валютын гүйлгээ, дансны хуулга зэрэг нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 11 сарын 24-ний өдрийн 192/ШЗ2025/49817 дугаар, мөн 2025 оны 11 сарын 27-ны өдрийн 192/ШЗ2025/50678 дугаартай захирамжаар тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ хүсэлт тодорхойгүй гэх үндэслэлийг заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.

5.1. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид шаардлага, татгалзлын үндэслэл болж буй нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргах эрхтэй бөгөөд уг хүсэлтийг шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд дүгнэлт хийж, шийдвэрлэх үүрэгтэй.

Дээрх хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан байх тул шүүх уг хүсэлт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ямар хамааралтай болохыг тодруулах боломжтой байжээ.

 

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/10871 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Т.ГАНДИЙМАА

 

Ж.ЛХАГВАСҮРЭН