Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00501

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/10548 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, алданги 66,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн агуулга:

******* нь *******-тай 2021 оны 09 сарын 24-ний өдөр 21/119 дугаартай орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулан ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдах ******* орон сууцны барилгын ******* давхарт ******* тоотод байрлах 66.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалж гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу гэрээний 3.2-т зааснаар дээрх орон сууцны нийт төлбөр 132,600,000 төгрөгийг 2021 оны 09 сарын 24-ний өдөр 124,000,000 төгрөгийг *******-ийн захирал *******ын ******* банкны ******* тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл төлбөр 8,600,000 төгрөгийг 2021 оны 4-р улиралд орон сууц ашиглалтад ороход гэрээний дагуу төлөхөөр тохиролцож, төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн.

******* нь уг гэрээний 2.2-д зааснаар орон сууцны барилгыг 2021 оны 4-р улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулж, захиалагчийн өмчлөлд шилжүүлж өгөх үүрэгтэй байсан боловч одоо болтол ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөөгүй байна. Тухайн үед бэлэн төлөлтөөр 1 м.кв-ыг нь 1,800,000 төгрөгөөр тооцно гэж байрны төлбөрийг төлүүлж гэрээ байгуулаад орон сууцыг ашиглалтад оруулах хугацаандаа оруулаагүй, орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгөөгүй. ******* нь үлдэгдэл 8,600,000 төгрөгийг төлөхөд бэлэн байгаа. Нэхэмжлэгч ******* нь орон сууц захиалгаар барих гэрээний дагуу дээрх орон сууц, автомашины зогсоолын төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тул хариуцагч *******-тай байгуулсан 21/119 дугаартай гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан Гүйцэтгэгчээс шалтгаалж гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэсний дагуу алданги 132,600,000*0.2=265,200 ба өдрийн 265,200 төгрөг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа учир хуульд нийцүүлэн 50 хувь болох 66,300,000 төгрөгийн алданги тооцон нэхэмжилж байна.

Иймд ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа ******* орон сууцны барилгын ******* давхар ******* тоотод байрлах 66.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ийг тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулах, орон сууцыг захиалгын гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй хугацаа хэтэрсний алданги 66,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******, ******* нар шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа ******* орон сууцны барилгын *******тоотод байрлах 66.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах, алданги 66,300,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******өд холбогдох шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,310,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

а. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны доорх ноцтой зөрчлүүдийг гаргасан. Үүнд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд ирээгүй байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байсан байна. Энэ талаар шүүхийн шийдвэрт хэрхэн шийдвэрлэсэн тухай тодорхой бичээгүй байна.

б. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг сахих нь хамгийн чухал үүрэг юм. Тэр ч утгаараа энэ үүргээ зөрчсөн явдлыг ноцтой зөрчил гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр шууд буцаах үндэслэл юм.

Анхан шатны шүүх эрхийг өөртөө эдлүүлэх эрх шүүхэд байхгүй, шүүх хэргийн оролцогч аль нэг талд үйлчлэхгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6, 10, 170 дугаар зүйлийн 170.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн.

Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг яагаад шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрт зааж өгөөгүй байгааг анхаарч үзнэ үү.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн эргэлзээ бүхий мэдүүлэг буюу шийдвэрийн 3 дугаар хуудсанд бичигдсэн тухайн барилгыг ******* гэдэг компани барьж байгаа гэж хүмүүс тайлбарлаж байгаа гэсэн хүмүүсээс сонсож дуулсан зүйлээ ярьсан болохоос бус шууд ******* нь уг барилгыг барихаа больсон гэсэн агуулга илэрхийлэл огт биш юм. Өөрөөр хэлбэл хэрэгт энэ талаар огт баримт байхгүй байхад үндэслэл болгож шийдвэрлэж байгаа нь буруу гэж үзэж байна.

Шүүх нь хэрэг маргаан хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүнийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлээс илүү, наана нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг чанд мөрдөж зөрчихгүй байх үүрэгтэй гэж үзэж байна. Энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хувийн байдал, эд хөрөнгийн шударга эзэмшигч, өмчлөгч гэж үзэхэд хамаарал нөлөөлөх эсэхийг тодруулах нь зүйтэй юм.

Уг барилга баригдсан гэж нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарласан. Барилга баригдсан бол өмчлөгч болно гэж үзэхээр байгаа бөгөөд ашиглалтад ороогүй гэж хуульд байхгүй үндэслэл гаргаж тайлбарласан нь буруу байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг иш татаж хэргийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн ноцтой алдаа байна. Уг зүйл заалт нь ажил гүйцэтгэх гэрээний ойлголт, ерөнхий шинж, талуудын эрх, үүргийн суурь зохицуулалт юм. Харин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох ямар ч зохицуулалтгүй юм.

Дээр дурдсанаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс гадна хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иймд дээрх зөрчлүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил болох ба эдгээр зөрчил нь зайлшгүй анхан шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарах, шийдвэрлэх асуудал байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан ******* дүүрэг ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгын ******* тоот, 2 өрөө, 66.3 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, орон сууцыг захиалгын гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй хугацаа хэтэрсний алданги 66,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ ...гэрээний дагуу 124,000,000 төгрөгийг *******-ийн захирал *******ын дансанд шилжүүлсэн, үлдэгдэл 8,600,000 төгрөгийг орон сууц ашиглалтад ороход төлөхөөр тохиролцсон, хариуцагч орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан барьж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байсан боловч одоо болтол ашиглалтад оруулаагүй, хүлээлгэн өгөөгүй... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар, баримтыг шүүхэд гаргаагүй ба нэхэмжлэгч нь хариуцагч *******өд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

 

5. Талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч байгууллагын үүргийг орон сууцыг өмчлөлд шилжүүлэх гэж, нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүрэгтэй гэж тус тус тодорхойлсон байх ба энэхүү үүргийг нэхэмжлэгч биелүүлсэн гэх үндэслэлээр гэрээний зүйл болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.

Дээрх тохиолдолд хариуцагч байгууллага нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхтэй холбогдох аливаа үйлдлийг хийх эрх бүхий этгээд байх шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгч нь орон сууцны барилга бүрэн баригдаж дуусаагүй, ******* гэх компани барьж байгаа гэх агуулгатай тайлбар гаргасан байхад шүүх энэ талаар тодруулж, холбогдох баримт хэрэгт авагдаагүй нөхцөлд маргааны үйл баримтыг бүрэн тогтоогдсон гэж үзэхгүй.

Энэ нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүйтэй холбоотой. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлага гэдэгт хууль болон гэрээгээр олгосон эрх хэрхэн зөрчигдсөн, уг зөрчлийг хуульд заасан ямар арга хэрэгслээр арилгуулахыг хүсэж буй байдлыг ойлгоно. Харин нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч байгууллага тодорхой үйлдлийг хийх боломжтой эсэх нь тодорхойгүй нөхцөлд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэгтэйн хувьд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж, энэ хүрээнд талуудыг мэтгэлцүүлснээр нэхэмжлэгчийн эрх хэрхэн, ямар байдлаар зөрчигдсөн эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой болох юм.

 

6. Харин нэхэмжлэгчийн гаргасан шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Хариуцагч *******-ийн төлөөлөгч *******д нэхэмжлэлийг 2025 оны 11 сарын 10-ны өдөр гардуулж, хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан боловч хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар, баримтыг шүүхэд гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох шууд үндэслэл болохгүй.

Дээрх журмыг хэрэгжүүлэхэд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, маргааны үйл баримт тодорхой байх, улмаар нэхэмжлэгчийн тайлбар, бусад нотолгоог хуульд заасан журмын дагуу үнэлж, хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

 

7. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө тодорхойлох үүрэгтэй ч тодорхой бус нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан бол нэхэмжлэлийг тодруулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь мөн хуулийн 116 дугаар зүйлд зааснаар шүүхийн чиг үүрэгт хамаарна. Шүүх энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүйг шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/10548 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,310,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ГАНДИЙМАА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН